| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/02170/И |
| Дугаар | 101/ШШ2020/02579 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2020/02579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12б байр, 34 тоотод оршин суух хаягтай Д овогтой Д /............../-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, М овогтой У /РД:........../,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Б овогтой Ч /РД:........../ нарт холбогдох
11,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э****р, хариуцагч У, Ч, нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д нь Утай зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдэгч Уд 6,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр, 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлсэн 6,000,000 төгрөгийг М.Уянгын төрсөн эх Ч бэлнээр хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл У нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрт мөнгө төлөөгүй юм. Иймд үндсэн зээл 6,000,000 төгрөг, 4 сарын хүү 2,400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 6,000,000 төгрөгөөс 2019 оны 3 сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцсон алдангиас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 3,000,000 төгрөг нийт 11,400,000 төгрөгийг Уас нэхэмжилж байна.
2019 оны 9 сарын 30-нд У 500,000 төгрөг төлсөн, үүнийг зээл, хүү, алдангиас хасаж тооцохгүй, 2019.03.19-ний өдрөөс 2019.09.30-ний өдрийг хүртэлх алдангид тооцон авсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх ...” гэв.
Хариуцагч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дгаас огт мөнгө зээлж аваагүй. Би ээжийн найзаас мөнгө зээлсэн байсан. Манай ээж Дгаас 6,000,000 төгрөгийг аваад найздаа өгсөн байсан. Тэгээд Д над уруу утастаад ээж чинь надаас 6,000,000 төгрөг авсан шүү гэхээр нь би Сэлэнгэ аймаг дахь 5 га газраа барьцаалж Дтай зээлийн гэрээ байгуулсан. Миний өмнөөс ээж хүнээс мөнгө зээлсэн учраас би хариуцлагыг нь хүлээнэ гэж өөрийн газраа барьцаалж өндөр хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Д надад тулгаж шаардсан. Тийм учраас би газраа барьцаалсан. Уг зээлийг би хариуцан төлнө...” гэв.
Хариуцагч Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дгаас 6,000,000 төгрөгийг бэлнээр 1-2 сарын хугацаатай зээлж аваад найздаа өгсөн. Би тэтгэврийн хүн учраас охин төлөх байсан боловч ажил нь зогсож төлөх боломжгүй болсон. 2019 оны 1 сарын 15-ны үед мөнгөө төлж чадахгүй болсон учраас Дд хэлээд 2 сарын хугацаагаар сунгаж нийт 4 сарын хугацаатай гэрээг У байгуулсан. Зээл, хүүг зөвшөөрч байна, алдангийг төлөх боломжгүй...” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д хариуцагч Ч, У нарт холбогдуулан “зээлд 6,000,000 төгрөг, хүүд 2,400,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 11,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч У “хүчээр хүү өндөр гэрээ байгуулсан” гэж, хариуцагч Ч “алданги төлөх боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч Чд 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр тохиролцон зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-5/
2019 оны 1 сарын 15-ны өдөр гэрээ дуусахаас 4 хоногийн өмнө зээлдэгч Ч зээл 6,000,000 төгрөгийг, 1,200,000 төгрөгийн хүүгийн хамт төлөх боломжгүйн улмаас 2018.11.19-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгах, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нэмэлт нөхцөл заан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Ч, У нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Хариуцагч У би мөнгө зээлээгүй гэж маргаж байх боловч түүний шүүх хуралдаанд гаргасан ...эх Ч миний бусдад төлөх зээлийг төлөх зорилгоор Дгаас 6 сая төгрөг зээлсэн, би уг зээлийг төлөх юм... гэх тайлбараар няцаагдаж байх ба түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Д өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч Ч, У нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Зээлдүүлэгч Д зээлдэгч Чд шилжүүлэн өгөх 6,000,000 төгрөгийг 2018.11.19-ний өдөр бэлнээр өгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид мөнгө төлөөгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дуусахад зээлдэгч нар үндсэн зээлд 6,000,000 төгрөг, хүүд 2,400,000 төгрөг, нийт 8,400,000 төлөх үүрэгтэй байсан 2019.09.30-ны өдөр 500,000 төгрөг төлөх хүртэл 8,400,000 төгрөг төлөх үүргээ 190 хоног хэтрүүлсэн тул 8,400,000*0.5%*90 хоног=3,780,000 төгрөгийн алданги төлөхөөр байна.
Дээрх алдангийг нэхэмжлэгч үндсэн төлбөр 6,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 3,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул алдангид 3,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Хариуцагч У “хүүг өндөр” гэж, хариуцагч Ч “алданги төлөх боломжгүй” гэж тус тус тайлбарлаж байх боловч нотариатч хүчээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, “алданги төлөх боломжгүй” гэх тайлбарыг үндэслэн алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч нарын татгалзлыг хүлээн авах боломжгүй юм
Хариуцагч Ч, У нар 2018 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 1 сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу үндсэн зээлд 6,000,000 төгрөг, хүүд 2,400,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 11,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч У 2019.09.30-ны өдөр 500,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч Ч, У нараас үндсэн зээлд 5,500,000 төгрөг, хүүд 2,400,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 10,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч, У нараас 10,900,000 /арван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У, Ч нараас 189,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ