Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/02676

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. тоотод байрлах, Э ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... тоотод оршин суух Г******* овогтой У /РД:................/-т холбогдох,

“6,504,569 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э ХХК нь иргэн Э ХХКтэй 2017 оны 9 сарын 21-ны өдөр UBD608 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулсан. Тус гэрээний үндсэн дээр 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон болно. Гэтэл Э ХХК нь зээлийн гэрээнд заасан хугацаа болон хуваарийн төлөлтийг зөрчиж 2019 оны 08 сарын 13-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Э ХХК нь одоогийн байдлаар үндсэн зээлд 1,325,102 төгрөг, зээлийн хүү, алдангид 3,291,025 төгрөг төлсөн байгаа боловч түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцон үзвэл үндсэн төлбөр 3,674,897 төгрөг, хүү 661,481 төгрөг, Зээлийн гэрээний 3.1.1-т заасны дагуу алданги 2,168,189 төгрөг /Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4-т зааснаар/, нийт 6,504,569 төгрөгийг манай байгууллагад төлөх үүрэгтэй байна. Э ХХКтэй байгуулсан фидуцийн гэрээний эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байгаа учраас Э ХХКээс 6,504,569 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгон, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

******* дугаарыг барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан. Миний бие Мобикомоос асуухад эзэмшигчийн нэр манай компанийн нэр дээр бүрэн шилжээгүй байна гэж хэлсэн учраас фидуцийн гэрээний зүйлээр үүргийг хангуулах боломжгүй байгаа тул зээлийг шаардаж байгаа. Захирал М.М*******ийн хариуцагч Э ХХКээс хувьдаа худалдан авсан хувцасны үнэ 315,000 төгрөгийг зээлээс хасах боломжгүй, өөрөөс нь авах нь зүйтэй. Хариуцагч нийт 4,617,000 төгрөг дансаар төлсөнтэй маргаан байхгүй. Хүүг хугацаандаа төлбөл 5 хувь, хугацаа хэтэрвэл 6 хувь байхаар тохирсон ...” гэв.

Хариуцагч Э ХХК  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хариуцагч би зээл авсан өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 11 дүгээр сарын 25- ны өдөр 300,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 480,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 350,000 төгрөг, 02 дугаар сарын 26-ны өдөр 350,000 төгрөг, 03 дугаар сарын 27-ны өдөр, 04 дүгээр сарын 24-ны өдөр, 06 дугаар сарын 12-ны өдөр тус тус 596,000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 12-ны өдөр 350,000 төгрөг тус тус төлсөн. Мөн Э ХХК-ийн захирал М.М******* хариуцагч надаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 315,000 төгрөгийн үнэ бүхий хувцас худалдаж авсан. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ “Энхжин-Инвест” ХХК-ийн Хаан банкан дахь 5026094030, 5176007497 тоот данс уруу тус тус шилжүүлдэг байсан. Миний бие нь “Энхжин-Инвест” ХХК-д нийт 4.933.000 төгрөг төлсөн байна. Үүнээс гэрээний хугацаа дуустал төлөх хүүгийн төлбөрийг бодвол нийт 2,196,873 төгрөг болж байна. Төлсөн мөнгөнөөс уг хүүг хасаж тооцвол үндсэн төлбөр болох 5,000,000 төгрөгөөс 2,736,127 төгрөг төлсөн байна. Одоо миний зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,263,873 төгрөг үлдсэн. Уг мөнгийг хугацаа зааж эвлэрэн хэлэлцэж төлөх боломжтой...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Зээлийн гэрээнд хүүг 2 янзаар бичсэн байна. Фидуцийн гэрээний 2.2.2-т 6 хувь, 2.2.3-т хугацаа хэтэрсэн бол сарын 5 хувь гэж заасан байдаг. Тиймээс хугацаа хэтэрсэн тохиолдолд 5 хувиар тооцвол төлбөр төлсөн сүүлийн өдрөөс хойш сарын хүүг 5 хувиар тооцох учиртай. Тиймээс зээлийн гэрээний хүүг 5 хувь гэж үзнэ. Ийнхүү сарын хүүг 6 биш 5 хувь гэж тооцвол сарын хүү 300,000 биш төгрөг 250,000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн төлсөн мөнгөнөөс зээлийн хүүг хасвал үлдсэн мөнгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасах боломжтой. Тиймээс зээлийн хүүг гэрээнд зааснаар сарын 5 хувиар тооцож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Э ХХКт холбогдуулан “зээлд 3,674,897 төгрөг, хүүд 661,481 төгрөг, алдангид 2,168,189 төгрөг, нийт 6,504,569 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “5 хувиар зээл авсан, гэрээний хугацаанд зохих төлбөр хийсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Э ХХК болон иргэн Э ХХК нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлж, Э ХХКийн эзэмшлийн үүрэн холбооны ******* дугаарыг фидуцийн гэрээгээр Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт 1 зэргээр тогтоогдож байна.

Э ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зохицуулалтад хамаарна.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах шинжтэй байхаар хуульчилжээ.

Зээлдүүлэгч Э ХХК зээлдэгч Э ХХКтэй байгуулсан зээлийн гэрээнд барьцааны аргыг буюу Э ХХКийн эзэмшлийн үүрэн холбооны ******* дугаарыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулахаар байхад фидуцийн гэрээ байгуулж, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т заасан “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.” гэснийг зөрчсөн байна.

Дээр дурдсанаас дүгнэвэл зээлдүүлэгч Фидуцийн гэрээг үндэслэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу дугаарыг шаардах эрхгүй байна.

Харин зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу Э ХХК хуулийн эдгээр заалтуудын дагуу шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний 2.1-д байгаа хаалт доторх “гуч хоног тутамд 6 хувь” гэсний дагуу зээлийн хүүг 6 хувиар тохирсон гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн хүүгийн хэмжээгээр сарын төлөх төлбөрийг тооцох боломжгүй. 

Зээлдэгч Э ХХК зээлийн гэрээний хугацаанд 2017.10.21-нд 300,000 төгрөг, 2017.10.26-нд 300,000 төгрөг, 2017.11.25-нд 300,000 төгрөг, 2017.12.26-нд 480,000 төгрөг, 2018.01.27-нд 350,000 төгрөг, 2018.02.26-нд 350,000 төгрөг, 2018.03.27-нд 596,000 төгрөг, 2018.04.24-нд 595,000 төгрөг, 2018.06.12-нд 596,000 төгрөг, 2018.09.06-нд 300,000 төгрөг, нийт 4,167,000 төгрөг,

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2019.04.05-нд 100,000 төгрөг, 2019.08.12-нд 350,000 төгрөг, нийт 450,000 төгрөг, бүгд 4,617,000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбар, Э ХХКийн Хаан банкны 5011379556 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Гэрээний хугацаа 2018 оны 9 сарын 21-ний өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээлд 5,000,000 төгрөг, 12 сарын хүүд 3,000,000, нийт 8,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас гэрээний хугацаанд төлсөн 4,167,000 төгрөгийг хасахад 3,833,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Алдангийг гэрээний хугацаа дууссан 2018 оны 9 дүгээр сарын 21-нээс зээлийн төлөлт хийгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ныг хүртэл бодоход 3,737,175 төгрөг /3,833,000 төгрөг *0.5 хувь*195 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 3,833,000 төгрөгийн 50 хувиар тооцоход 1,916,500 төгрөг болж байна.

Дээр дурдсанаас дүгнэвэл, хариуцагч Э ХХКээс зээлийн гэрээний үүрэгт 3,833,000 төгрөг, алдангид 1,916,500 төгрөг, нийт 5,749,500 төгрөг төлөхөөс 2019.04.05-нд төлсөн 100,000 төгрөг, 2019.08.12-нд төлсөн 350,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг хасаж 5,299,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,205,069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, талууд оролцуулахгүй шийдвэрлэхэд татгалзахгүй гэснийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХКээс 5,299,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,205,069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХКээс 99,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ