| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0382/3/Т |
| Дугаар | 221/МА2026/0389 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0389
“Мд” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зз, Б.Но
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: “Мд” ХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Зз
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ззгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 416 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уб М.Аг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Но,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0382/3/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр:
Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Мд” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ззгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0416 дугаар шийдвэрийг хариуцагч талаас эс хүлээн зөвшөөрч дараах агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
2.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэрийг гаргасан тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 6, 7 дахь хэсэгт ".....5. Уг маргааны хувьд "Мд" ХК нь иргэн Т.Эчтэй "Автотээврийн хэрэгслийн даатгал"-ын гэрээ, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал"-ын гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргаан үүссэн байхад хариуцагчаас Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан нөхөн төлбөрийг олгоогүй, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй" зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй юм. 6.Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.29.4 дэх хэсэгт "Үргэлжилсэн цагаан шугам давсан", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д "Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно" гэж заасны дагуу өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан талаараа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байхад гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12-т заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. 7. Өөрөөр хэлбэл даатгуулагч нь замын хөдөлгөөний дүрэм болоод гэрээнд тусгайлан заасан заалтыг зөрчиж, даатгалын тохиолдол бий болгосон байх тул түүнд нөхөн төлбөр олгох үүрэггүй." гэж дүгнэсэн.
2.2. Нэхэмжлэгч талаас "Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Ззгийн оногдуулсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий гомдлыг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлдог бөгөөд шүүх уг шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэдэг атал Захиргааны хэргийн анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийг гаргасан. Тухайлбал Хороо даатгалын нөхөн төлбөрийн маргааныг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33.1-т заасны дагуу талуудын ирүүлсэн баримт материалын хүрээнд хянаад, даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгуулахаар урьдчилан шийдвэрлэж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгийг даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн.
"Мд ХК нь Хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй, мөн Даатгалын тухай хуулийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу 1,500,000 төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх “...6.Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.29.4 дэх хэсэгт “Үргэлжилсэн цагаан шугам давсан", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д "Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно" гэж заасны дагуу өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан талаараа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байхад гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12-т заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй...." гэж алдаатай, буруу дүгнэлтийг хийсэн.
Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч талууд Хорооны урьдчилан шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийн үндэслэлтэй, үндэслэлгүй тухайд маргаагүй байхад, Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан нь шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, дээрх байдлаар дүгнэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
2.3. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ", 9.1.4-д “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох", 12 дугаар зүйлийн 12.1-д "Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ.", 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ.", Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй... бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж тус тус хуульчилсан байдаг.
Даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг аливаа этгээд Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдаж болох буюу даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг эхлээд Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх үүрэгтэй, тус байгууллагаас гаргасан шийдвэрийг даатгагч, даатгуулагч хэн аль нь эс зөвшөөрч иргэний хэргийн шүүхэд талууд даатгалын гэрээнээс үүссэн даатгалын нөхөн төлбөрийн маргаанаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Даатгуулагч иргэн Т.Эчээс “Мд" ХК-д холбогдуулан “даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгоогүй" гэх асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 9/3647 дугаар албан бичгээр "...нөхөн төлбөрийг олгож..." гэж урьдчилан шийдвэрлэсэн.
Үүнийг эс зөвшөөрч “Мд" ХК шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн холбогдогч "Мд" ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Убээс авсан мэдүүлэг, "Мд" ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1175 дугаар албан бичгээр бүрэн тогтоогддог.
Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Мд" ХК нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, үүний дагуу даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох үүрэг "Мд" ХК-д үүссэн, уг үүргээ буюу Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэлийг СЗХ-ны улсын байцаагч оногдуулсан нь хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа болно.
Иймд дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, маргааны үйл баримт, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалттай харьцуулан бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэг.Гомдлын шаардлага, үндэслэлийн тухайд:
1.1.Гомдол гаргагч “Мд” ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ззгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан байна.
1.2.Анхан шатны шүүхээс “Мд” ХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхээ хэрэгжүүлсэн, нөхөн төлбөрөөс татгалзсан үндэслэлээ даатгуулагч болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн тул Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хоёр. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:
2.1.Хэрэгт авагдсан баримтаар “Мд” ХК нь даатгуулагч Т.Эчтэй 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 24045199953641 дугаартай “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээ, мөн 90C2410024262 дугаартай “Автотээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээг тус тус байгуулсан байна.
2.2.Улмаар жолооч О.Нх нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр **** УЕА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан бөгөөд уг осолтой холбоотойгоор даатгуулагч даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар “Мд” ХК-д ханджээ.
2.3.“Мд” ХК нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/912 дугаар албан бичгээр автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хувьд гэрээнд заасан “үргэлжилсэн цагаан шугам давсан” гэх нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэл, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөрөөс татгалзсан байна.
2.4.Мөн уг албан бичгээр жолоочийн хариуцлагын даатгалын тухайд жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бий болгосон, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар барагдуулсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
2.5.Даатгуулагч Т.Эч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу тус Хороо гомдлыг хянаж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9/3647 дугаар албан бичгээр жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзэн, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг Хороо болон иргэнд ирүүлэхийг “Мд” ХК-д мэдэгдсэн байна.
2.6.Гэвч “Мд” ХК нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/1091 дугаар албан бичгээр өмнөх татгалзсан байр сууриа хэвээр илэрхийлж, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байна.
2.7.Түүнчлэн “Мд” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан журмаар, тогтоосон хугацаанд шүүхэд эс зөвшөөрч маргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
2.8.Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Зз нь “Мд” ХК-ийг Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргээ биелүүлээгүй, мөн Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан журмаар Хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгээгүй гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Гурав.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлэхээр, 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна. 6.3.Даатгалын төрөл тус бүр нь хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.”, 6.5-д “Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 9.1.4-т “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох” гэжээ.
3.2.Даатгалын тухай хуулийн зохицуулалтаар даатгал нь даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулагдах гэрээний үндсэн дээр хэрэгжих бөгөөд даатгалын гэрээгээр талууд даатгалын эрсдэл, нөхөн төлбөр олгох нөхцөл, татгалзах үндэслэл, эрх, үүргээ хуульд нийцүүлэн тохиролцох боломжтой. Ийм шинжтэй даатгалд даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор даатгалд хамрагддаг бөгөөд гэрээнд заасан нөхцөл, хязгаарлалт, эрсдэлийн хүрээ нь нөхөн төлбөр олгох эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байна.
3.3.Автотээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын үндсэн дээр байгуулагдах, даатгуулагчийн өөрийн эд хөрөнгийн эрсдэлийг гэрээгээр тохиролцсон хүрээнд хамгаалах хувийн эрх зүйн шинж давамгайлсан даатгалын төрөл юм. Ийм төрлийн даатгалд гэрээний талууд хуулийн хүрээнд эрсдэлийн хамрах хүрээ, нөхөн төлбөрөөс татгалзах нөхцөл, даатгагчийн үүргийн хязгаарыг тохиролцох боломжтой.
3.4.Харин жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь дээрх ердийн сайн дурын даатгалтай адилтгах боломжгүй, хуульд заасан үндэслэлээр заавал хийгдэх тусгай даатгалын төрөл юм. Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулийн зорилтыг “жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах”-д оршино гэж тодорхойлжээ.
3.5.Иймээс жолоочийн хариуцлагын даатгалын үндсэн зорилго нь даатгуулагчийн өөрийн эд хөрөнгийн эрсдэлийг хамгаалах бус, харин зам тээврийн ослын улмаас хохирсон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдэхээр байна.
3.6.Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хохирогчид нөхөн төлбөр олгох” зарчмыг, 15 дугаар зүйлийн 15.3-т даатгагч нь хуульд зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлөхөөр, 19 дүгээр зүйлийн 19.3-т хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгохоор тус тус зохицуулсан.
3.7.Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зөвхөн даатгагч, даатгуулагчийн хоорондын гэрээний эрх зүйн харилцаа бус, гуравдагч этгээд болох хохирогчийн эрхийг хамгаалах нийтийн эрх зүйн агуулгатай, нийгмийн хамгаалалтын шинж бүхий тусгай зохицуулалт гэж үзэхээр байна.
3.8.Эдгээр зохицуулалтыг системчлэн тайлбарлавал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын харилцаанд даатгуулагчийн гэм буруу тогтоогдох нь нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэл бус, харин гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгалын журмаар нөхөн төлүүлэх урьдчилсан нөхцөл болдог.
3.9.Тодруулбал, уг даатгалын агуулга нь жолооч огт буруугүй байх үед хэрэгжих даатгал бус, харин жолоочийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учирсан тохиолдолд хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой албан журмын даатгал юм. Иймээс зам тээврийн осол гаргах үед жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үргэлжилсэн цагаан шугам давсан, урсгал сөрсөн гэх үйл баримтыг “даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн” гэж өргөжүүлэн тайлбарлаж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэл болгох нь Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилго, хохирогч хамгаалах зарчимтай нийцэхгүй.
3.10.Учир нь зам тээврийн осол нь ихэнх тохиолдолд жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсдэг. Хэрэв жолоочийн дүрэм зөрчсөн аливаа үйлдлийг даатгагч “санаатайгаар нөхцөл бүрдүүлсэн” гэж үзэн нөхөн төлбөрөөс татгалзах боломжтой гэж тайлбарлавал жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нийгмийн хамгаалалтын зорилго, хохирогчид нөхөн төлбөр олгох үндсэн чиг үүрэг хэрэгжих боломжгүй болно.
3.11.Өөрөөр хэлбэл, сайн дурын автотээврийн хэрэгслийн даатгалын хувьд даатгуулагчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг гэрээний нөхцөл, эрсдэлийн хязгаарлалт, нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэлийн дагуу шийдвэрлэх боломжтой. Харин жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд даатгалын хамгаалалт нь даатгуулагчийн өөрийн эд хөрөнгийг бус, ослын улмаас хохирсон гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахад чиглэдэг тул гэрээний хязгаарлалт, сайн дурын даатгалын татгалзах нөхцөлийг уг харилцаанд шууд адилтган хэрэглэх боломжгүй.
3.12.Энэ хэргийн хувьд “Мд” ХК нь Т.Эчтэй нэг өдөр хоёр өөр гэрээ буюу “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээ болон “Автотээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээг тус тус байгуулсан байна. Даатгагч 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/912 дугаар албан бичгээр автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөрөөс “үргэлжилсэн цагаан шугам давсан” гэх гэрээний нөхцөл болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан үндэслэлээр татгалзсан боловч уг үндэслэлийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрт шууд хамааруулан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
3.13.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд хуулиар хамгаалагдаж буй гол ашиг сонирхол нь даатгуулагчийн гэрээний ашиг сонирхол бус, харин зам тээврийн ослын улмаас хохирсон этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн эрх юм. Иймээс даатгагч нөхөн төлбөрөөс татгалзахдаа зөвхөн Даатгалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт болон сайн дурын даатгалын гэрээний нөхцөлөөр хязгаарлагдахгүй, Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилго, тусгай зохицуулалт, хохирогчид нөхөн төлбөр олгох зарчимд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй.
3.14.Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй гэж заасан. Харин Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр, мөн 82 дугаар зүйлийн 82.1-д даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй байхаар тус тус хуульчилсан.
3.15.Иймд Санхүүгийн зохицуулах хороо даатгуулагчийн гомдлыг хянаж, Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь дээрх тусгай хуулийн зорилго, хохирогчид нөхөн төлбөр олгох зарчимтай нийцсэн байна.
3.16.Үүнийг эс зөвшөөрсөн тохиолдолд “Мд” ХК нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан журмаар шүүхэд хандах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, харин нөхөн төлбөр олгохоос татгалзсан байр сууриа хэвээр хадгалсан байна. Иймээс даатгагч нь хүчин төгөлдөр үйлчилж буй урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
3.17.Анхан шатны шүүх “Мд” ХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан нөхөн төлбөрөөс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн, энэ талаараа мэдэгдсэн тул зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь сайн дурын даатгалын ерөнхий зохицуулалт болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тусгай зохицуулалтын ялгааг зөв тодорхойлоогүй, мөн “үргэлжилсэн цагаан шугам давсан” гэх автотээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын гэрээний нөхцөлийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.18.Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч “Мд” ХК-ийг Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн, зөв тодорхойлоогүй, Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг харгалзан үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Мд” ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ззд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ззгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ