Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2013/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/092/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт Э  овогт ******* , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан гэмт хэрэгт Б  овогт*******  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000135 дугаартай хэргийг 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Э  овогт *******  /регистрийн дугаар: .../, 19..  оны . дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж,

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 187 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

2. Монгол Улсын иргэн, Б  овогт*******  /регистрийн дугаар: ../, 19. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. баг ..тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял шийтгэгдэж байсан.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Арбатын гудамж гэх газар архидан согтуурсан үедээ иргэн Ж.И ын эрх чөлөөнд ялимгүй зүйлээр шалтаглан халдан биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан  гэмт хэрэгт,

Шүүгдэгч*******  нь 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Э ыг хэл амаар доромжлон улмаар түлхэж унагаан хөлнөөс нь чирж, олон нийтийн газар танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ц

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Идэр бааранд найз К.Б , А.Б  нартай караокед суугаад 1 шил архи хувааж уусан. Баарнаас гараад Арбатын гудамжинд А.Б  нэг залуутай маргаж эхэлсэн. Хэл амаар доромжлоод байхаар нь би нүүр рүү 1 удаа цохьсон. Тэгсэн тэр цохиулсан залуугийн эхнэр нь бололтой салгаад нөхрөө аваад явсан. А.Б тай маргаад байхаар нь найзыгаа өмөөрөөд цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэв.

 

Шүүгдэгч*******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “К.Б , *******  хоёр над руу утасдаад, Идэр бааранд хүрээд ир гэсэн. Очоод бид нэг шил архи, нэг шил пиво уусан. Баарнаас гарахад Ж.И  гудамжинд орилоод явж байсан. Би түүнийг таньдаг болохоор яав гээд очиход Ж.И  надтай маргасан. Маргаад зогсож байхад *******  хүрч ирээд Ж.И ын нүүр рүү цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч *******  2013 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Арбатын гудамж гэх газар архидан согтуурсан үедээ иргэн Ж.И ын эрх чөлөөнд ялимгүй зүйлээр шалтаглан халдан биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан болох нь:

Хохирогч Ж.И ын : “…2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 00.00 цаг өнгөрч байхад эхнэр Г.Э , найз П.ын хамт хуучин Дарханы Арбатын гудамжинд байрлах караоке баарнаас гараад толгойт чиглэл рүү явахаар Арбатын гудамжны голын авто зам хөндлөн гарч байтал урдаас үл таних 3 залуу гарч ирээд орилолдохоор нь би урдаас нь зүгээр байхгүй ганц нэг үг хэлчихсэн юм байна лээ. Тэгтэл нөгөө залуучууд хүрч ирээд нэг өндөр туранхай залуу нь намайг мэдэх үү, намайг өндөр Улаан хэн гэлээ нэг нэр хэлээд мэдэх үү гэж орилоод намайг шууд нүүр рүү цохьсон. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан....” гэжээ /хэргийн 7 дахь тал/,

Гэрч П.Б  : “2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз Ж.И ,түүний эхнэр Г.Э нарын хамт Хуучин Дарханы Арбатын гудамжинд байрлах Аялгуу нэртэй бааранд орж гурвуулаа пиво уугаад сууж байгаад баар хаахаар нь буюу 00 цагийн үед баарнаас гараад толгойтын зүг рүү машинд суух гээд Арбатын гудамжаар машин зам дагаад гурвуулаа явж байтал үл таних гурван залуу гарч ирээд нэг нь хүүе банди нараа хол яв гэхэд нь Ж.И  чи намайг банди явахыг хааана харсан юм бэ гэхэд, чи намайг таних уу гээд Улаан Г  гэл үү, Болдоо гэл үү нэг нэр хэлээд нэг залуу нь хүрч ирээд Ж.И ыг заамдаад авахад хоёр цагдаа хүрч ирээд та нар боль гэж хэлээд бид нар явцгаасан. Тэгээд араас нөгөө гурван залуу дахин ирээд Ж.И ыг өндөр залуу нь гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон...гэжээ. /хэргийн 7 дахь тал/

Гэрч К.Б  “...2013 оны 02 дугаар сарын 25-ны 22.00 цагийн үед хуучин Дарханы Арбатын гудамжинд байрлах Идэр бааранд найз ******* ,*******  нарын хамт суугаад нэг шил 0,75 литрийн ерөөл архи хувааж уугаад 1 цаг караокед дуулж байгаад 00.00 цагийн үед баарнаас гарахад баарны эсрэг талд замын цаана хэдэн хүмүүс явж байсан ба нэг залуу нь нэлээн орилоод байхад*******  тухайн залууг таниад очиход тухайн залуу******* тай маргалдан араас нь *******  очоод******* ийг өмөөрч тухайн залуугийн нүүр рүү цохихсон...” гэжээ. /хэргийн 11 дэхь тал/

Гэрч Г.Э  “... 2013 оны 02 дугаар сарын 25-ны орой 23.00-24.00 цагийн хооронд Арбатын гудамжинд байдаг нэг бааранд нөхөр Ж.И , түүний найз П.Батбаатарын хамт гурвуулаа орж суусан. Тэнд ороод манай нөхөр найзтайгаа хоёулаа пиво уусан. Би нялх хүүхэдтэй учир архи дарс уугаагүй, тэгээд тэндээс гарах үед манай нөхөр архи дарс уудаггүй учир 2-3 пиво уугаад согтчихсон. Тэгээд гараад явж байх үед гудамжинд өөдөөс үл таних гурван залуу хүрч ирээд нэг залуу нь манай нөхөртэй сүүлд нэрийг нь мэдсэнээр Хуягаа гэх залуу нь муудалцсан. Тухайн үед тэдгээр залуучууд өөдөөс ирэх үедээ орилолдож хашгираад ирсэн юм. Тэгтэл манай нөхөр дуугуй байгаач гэж хэлсэн юм. Түүнээс болж маргалдсан. Энэ үед Хуягаа гэх залуутай хамт явж байсан *******  гэх залуу манай нөхөрийг гүйж ирээд толгой руу нь нь гараараа нэг удаа цохьсон. Манай нөхөр Ж.И ыг П.Б бид хоёр, хоёр талаас нь сугадаад авч явтал араас нөгөө *******  гэх залуу дахин гүйж ирээд манай нөхөрийн толгой руу нэлээн олон удаа цохьсон...” гэжээ. /хэргийн 50 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 194 тоот актанд “ 1. Ж.И ын тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

      Шүүгдэгч*******  нь бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан болох нь:

      Хохирогч Г.Э “... Тэр Хуягаа гэх залуу нь намайг түлхэж унагаад хөлнөөс чирээл зэвүүн гичийг алчихъя гээд байсан. Харин энэ үед манай нөхөрийн найз П.Батбаатар намайг салгаж авсан юм” гэжээ /хэргийн 49 дэхь тал/,

      Гэрч К.Б , хохирогч Г.Э нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 84-88 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Ц  овогтой Г ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар,******* ийг бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч *******  нь хохирогч нарт төлж барагдуулсан бөгөөд хохирогч Ж.И , Г.Э нар нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* ,*******  нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******  нь урьд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 187 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж,

Улмаар Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3.2-т зааснаар 1 сар 22 хоног хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, хугацааг 1 сар 22 хоногийн хугацаагаар хянан харгалзсан байхад энэхүү хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх тул уг ялын зарим хэсгийг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч*******  урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлж байсан бөгөөд үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар шүүгдэгч*******  ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч *******  нь тэнсэж хянан харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Б  нь урьд ял шийтгүүлж байсан боловч тэрээр ялгүй болсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э  овогт ******* ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд, Б  овогт А.Б ийг бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар  ******* од 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар******* т 1 /нэг/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар ******* од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ялд, өмнөх Нийслэлийн давж заалдах шатны 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 187 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацааг сэргээж, уг ялын зарим хэсэг болох 1/нэг/ сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ******* ын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоног хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ******* ,*******  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* ,*******  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ******* ,*******  нарт энэ хэрэгт 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрвөн / хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Б т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг А.Б т мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах, ******* од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* од авсан цагдан хорих, А.Б т авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   З.ТУНГАЛАГМАА