Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2013/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0094/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Б.Сүрмандах

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт Я  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000204 дугаартай хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 19.. оны .. дугаар сарын .-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Я  овогт *******  /регистрийн дугаар Т.../.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16-17 цагийн орчим согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын... дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух гэртээ эхнэр Л.А тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, бие нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр найз Ө  Г  гээд эмэгтэйтэй манайд ирсэн. Гэрт эхнэр А ийг хоол хийж байгаарай гээд би 0,75 литрийн архи дэлгүүрээс  авч хувааж уусан. Г  гээд эмэгтэй нөхөр П ээг дуудаад дахин 0,75 литрийн архийг хувааж уусан. Би Ө аас болж эхнэртэйгээ муудалцаж маргасан. Тэгээд би архи уусан байсан болохоор эхнэр Л.А ийг зодсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу надад хөнгөн ял шийтгэж өгөөч гэж хүсмээр байна” гэв.

            Шүүгдэгч ******* ын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16-17 цагийн орчим согтуугаар  Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух гэртээ эхнэр Л.А тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, бие нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

\\Z_TUNGALAGMAA\share doc\2013\shitgeh togtool\******* -98.1.docx

            Хохирогч Л.А ийн “... гэнэт нөхөр *******  намайг Ө тэй хардаад “чи яасан их хоол цай барьж, Ө гийн урдуур хойгуур гүйдэг юм чи” гээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо хэвтсэн чинь миний нуруу ер нь бүх биеийн хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд намайг зодож байгаад яв, наад нүүр гараа угаа гэж хэлсэн...” гэжээ эргийн 8-10 дугаар тал/,

Гэрч Б.З  “тэднийд ороход Л.А  эгч жижиг өрөөний орон дээр таталт өгчихсөн хэвтэж байсан, *******  том өрөөний кресло дээр суучихсан байсан. Л.А  эгчийн гар нь татсан, нүүр нь хөхрөөд хавдсан, амнаас нь шүлс гарсан байсан. Тэгэхээр нь цагдаад дуудаад ******* ыг өгөөд явуулсан” гэжээ /хэргийн 12 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б  “...манай аав ******* , манай ээж Л.А ийг ер нь бол зоддог. 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хичээлээ завсарлаад 12 цагийн орчим гэртээ ороход манай гэрт аав, ээж,  хоёр хүнтэй цуг архи уугаад сууж байсан. Тэгээд би буцаад хичээлдээ яваад орой 19 дүгээр сургуулийн зааланд тоглоод байж байхад эгч Б.Золбоо ээж чинь эмнэлэг явна гэж байна, гэртээ оч гэж хэлсэн. Гэртээ ирэхэд аав, Г.Анударь хоёр орон дээр сууж байсан, ээж орон дээр хэвтэж байсан.  Ээжийг харахад нүүр нь хавдсан, баруун нүд нь хавдаад тагларсан байсан. Ээжээс юу болсон бэ гэж асуухад аав чинь цуг архи уусан Ө  гэх залуутай хардаад зодсон гэж надад хэлсэн” гэжээ /хэргийн 15-16 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.А  “2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн том өрөөний хаалганы шил хагарсан байсан. Аав том өрөөнд сууж байсан, ээж ванны өрөөнөөс нүүр нь дээрээ алчуур тавьчихсан гарч ирсэн чинь аав чи наадахаа юуг нь дардаг юм бэ үзүүлээч гэсэн. Тэгсэн ээж нүүр нь дээрээ байсан алчуураа авсан чинь нүүр нь аймар хавдчихсан байсан. Тэгсэн аав сая ээжийг чинь зодчихлоо гэж хэлсэн. Аавын гарнаас цус гараад би дэлгүүрээс архи, аптекаас бинт авах гээд гарах гэтэл ээж надад нэг нүүрний тос авчихаараа гэхэд аав чи муу юу гээд хуцаад байгаа юм бэ гээд аав буцаж очоод миний нүд нь дээр ээжийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Аав бид хоёр гараад буцаад гэртээ орж ирэхэд ээжийн гар нь татаад аавыг дуудахад аав битгий худлаа баашлаад бай гэж хэлсэн. Тэгээд би Б.Золбоо эгч рүү ярьж ахыг дуудсан...” гэжээ /хэргийн 17 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 293 тоот үзлэг хийсэн актанд “...Л.А ийн биед тархи доргилт, нүүр хуйх, хүзүү хоолой, их бие, дээд мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, цээжний эмзэглэлтэй, байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, биеийн нийт гадаргуугийн 40 хувийг хамарсан тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 21 дүгээр тал/,

Шинжээч эмч Д.Туяаг байцаасан “... энэ нь хүний биеийн гадаргуугийн нийт талбайн процентын харьцаагаар  тооцож үзэхэд 45,32 хувийг хамарсан байна. Ийм хэмжээний талбайг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийн 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулна. Хэрэв биеийн нийт гадаргуугийн 50 хувийг хамарсан бол бүр хүнд зэргийн гэмтэл болох байсан. Иймээс гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэргийн гэмтэл гэж гаргасан болно” гэсэн тэмдэглэл /хэргийн 22 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд Я  овогт ******* ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Л.А  нь “Миний хувьд нөхөр ******* аас ямар ч нэхэмжлэл, санал гомдолтой зүйл байхгүй” гэж шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *******  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 37 дугаар тал/.

Шүүгдэгч *******  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Я  овогт ******* ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ******* д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ******* д энэ хэрэгт 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр  хүртэл цагдан хоригдсон 2 /хоёр / хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д анхааруулж мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* д урьд авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА