Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2013/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0101/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б т холбогдох 201309000282 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 49 настай, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Дархан дахь ... дүгээр ангид барилгын мастер ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан сумын .. дугаар баг ... тоотод, оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т... регистрийн дугаартай, М. овогт А.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

А  овогтой Б  нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр "ДТҮ ” ТӨХК уулзварын орчим асфальтан зам дээр ...УБД улсын дугаартай "Ниссан Мистрал" маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, иргэн С.А ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б  мэдүүлэхдээ: “2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад цуг ажилладаг С.А тай машинаа угаах гээд Хараа голд очсон. Тэгсэн 2 залуу хүрч ирээд шаварт суусан машинаа татуулчихаад 2 ширхэг пиво өгсөн юм. Тэгээд наашаа ирж явахад араас нэг машин сигналдаад байхаар нь баруун тал руугаа шахаад урд асфальтан замын ирмэг даваад автомашины баруун урд дугуйг шороон хэсгээр яваад буцаад зам руугаа орсон. Тэгтэл машин баруун гар тал руу руль булаахаар нь зөөлөн тормос гишгээд эсрэг чиглэлд нь дарсан чинь замын шороо мөргөөд замын хажуу руу уначихсан. Тэгээд нэг хэсэг ухаан алдсан байсан” гэв.    

                                                             Б

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Хохирогч С.А ийн “2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би ажлынхаа мастер А.Б ын хамт хараа гол дээр А.Б ын машиныг нь угаах гээд очиход нэг танихгүй залуу хүрч ирээд машин шаварт суучихлаа татаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь А.Б  бид хоёр татаж өгөх гэж байгаад машинаа шаварт суулгаад зам руу гарч, зам дээрээс нэг ЗИЛ-130 машин олж ирээд чирүүлж гаргасан юм. Тэгэхэд шаварт суусан машины жолооч бид хоёрт нэг нэг лааз пиво өгсөн юм. Тэр пивийг А.Б  бид хоёр уучихаад тэгээд Дархан руу орох гээд Төмөрлөгийн үйлдвэрийн уулзвар жоохон өнгөрөөд явж байхад тэнгэр эргээд явсан. Би машины урд талын суудал дээр суудлаа хагас налуулаад хэвтсэн явсан юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй эмнэлэгт сэрсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар тал/,

Гэрч Г.М  “ ...2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 30 минутад нь хичээл нь тарсан хүүхдүүдийг Дарханаас аваад 3-н шар хүргэж өгөхөөр явж байсан чинь 18 цаг 40 минутын орчим Төмөрлөгийн уулзварын цаана цуг ажилладаг А.Б  машинтайгаа замын хажуу руу уначихсан байхаа нь очоод зогссон чинь хажууд нь зогсож байсан А ийн нүүр амнаас нь цус гарчихсан, цус гараад байхаар нь машиндаа суулгаад нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад хүргэж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч А.М “ ...өөрийнхөө ажил дээр сууж байсан чинь 16 цаг 50 минутын орчим гэж санаж байсан. А.Б  ах над руу утсаар яриад ах нь машинтайгаа явж байгаад төмөрлөгийн уулзварын хажууд уначихлаа гэж хэлэхээр нь би ажил дээрээсээ гарлаа гэж хэлээд цуг ажилладаг Нэргүйгийн машинтай шууд Төмөрлөгийн үйлдвэрийн уулзвар дээр очсон чинь А.Б  ахын машин замын хажуу руу уначихсан цагдаагийн машин ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/,

 

Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар дүгнэлтэд:

 “А овогтой Б  2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд ...УБД дугаартай “Ниссан Мистрал” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд хасах арга хэмжээ авна” гэсэн заалт мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 6 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 б “Хамгаалалтын бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а “ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

  А овогтой Б ын “Жолооны хүрд баруун гар тал руугаа булаахаар нь зүүн гар тийшээ дарахад л замын хажуу руу унасан” гэх энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэжээ. /хэргийн 17 дугаар тал/.

Техникийн шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 016 дугаар “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэд:

“Ниссанистрал” маркийн ...УБД улсын дугаартай автомашин осол үйлдэхээс өмнө, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа баруун гар талын урд дугуйны хээ хязгаарлах тэмдэгт хүрсэн газарт тулах хэсгээрээ 1.2 мм байгаа нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5 дугаар зүйлийн 5.14.3 дах заалт, баруун гар талын урд дугуйны хий сул зам, тээврийн хөдөлгөөнд техникийн шаардлага хангахгүй, техникийн хувьд гэмтэлтэй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

...Автомашины баруун гар талын урд дугуйны хээний гүн элэгдсэн, хий султай дугуйтай явсан нь асфальтан хучилттай автозамын ирмэг хэсэгт дотор талаараа шүргэснээс олгой камергүй дугуйны хий гэрч, жолооны хүрд хатуурснаас залагдахаа больсон нь осол гарахад нөлөөлсөн байна...” гэжээ. /хэргийн 19-25 дугаар тал/.

Шүүх эмнэлгийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаар  дүгнэлтэд:

“С.А ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар яс хамрын таславчны хугарал мурийлт, нүүрний шарх, хоёр шүдний үгүй байдал тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн ерөнхий чадвар 10%-иар алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1 ба 2.4.2-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 28 дугаар тал/,

 

Согтуурлын зэргийн шалгасан драйгерээр үлээлгэсэн тайлбар “А  овогтой Б т драйгер үлээлгэн шалгаж эхлэхэд 0.00 заалттай байсан заалт нь 0.90%-ийн согтолттой гэсэн заалт гарсныг тогтоов” гэжээ. эргийн 15 дугаар тал/,

Зам тээврийн  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг үзүүлэлт /хэргийн 5-7 дугаар тал,  Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 13-14 дүгээр тал/,тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны эрхийн үнэмлэхний хуулбар /хэргийн 65 дугаар тал/,

Шүүгдэгчийг ял шийтгүүлж байгаагүй тухай шалгах хуудас /хэргийн 64 дүгээр тал/,

Шүүгдэгч А.Б ын иргэний үнэмлэхний хуулбар, “Дархан сумын .. дугаар баг .. .. тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” багийн Засаг даргын тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангийн даргын “А.Б  нь тус ангийн барилгын бригадын мастераар 2007 оноос одоог хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болохыг тодорхойлсон” тодорхойлолт, А.Б ын ажил байдлын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Б  нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 0.90 хувийн согтолттой байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалтыг зөрчиж, ...УБД улсын дугаартай “Ниссан Мистрал” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр, “ДТҮ ” ТӨХК-ний үйлдвэрийн уулзварын орчим, асфальтан зам дээр явахдаа  мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан  “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, автомашинд хамт явж байсан зорчигч С.А ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл  учруулсан гэм буруутай болох нь хохирогч С.А , гэрч Г.М  нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 416 дугаар  дүгнэлт, шинжээчийн 18 дугаар дүгнэлт, техникийн шинжээчийн 016 дугаар дүгнэлт, Согтуурлын зэргийн шалгасан драйгер, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Б ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, ...учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч С.А  нь “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч А.Б ыг гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хор арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б ын гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг харгалзан шүүх оногдуулах ялын төрлийг тогтоолоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-279.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М  овогт А.Б ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар А гийн Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А гийн Б т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт А гийн Б  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч А гийн Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг А гийн Б т анхааруулж мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А гийн Б т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар А гийн Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн АЯ .. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, .. дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А гийн Б т авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.ТУНГАЛАГМАА