| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0104/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/98 |
| Огноо | 2013-06-11 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0104/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох 201309000156 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны . дугаар сарын ..-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг . тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Т.... дугаартай, Х овогт ******* .
Холбогдсон хэргийн талаар :
******* нь 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр .... ДАР дугаартай Х.Грейс маркийн микроавтобусыг жолоодож яваад Дархан сумын 8 дугаар баг 16 дугаар байрны гадна зогсоол байсан иргэн Г.О ын эзэмшлийн .... СЭА дугаартай Т.Креста маркийн машин болон иргэн Б.Ц ийн эзэмшлийн ....УНТ дугаартай Киа кренс маркийн машиныг давхардуулан мөргөж, зам тээврийн осол гаргаад осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “шүүхэд мэдүүлэг өгөхгүй, болсон бүх зүйл үнэн учир нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
З
Хохирогч Г.О ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт “...2013 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө суманд золголт хийгээд Дарханд гэртээ ирсэн юм. Ингээд микрийн 16 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн .... СЭА улсын дугаартай авто машины гэрийнхээ гадаа тавиад гэртээ орсон юм. Ингээд 20 минутын дараа манай эхнэрийн дүү утсаар яриад гадаа байгаа машиныг чинь машин мөргөчихөөд явчихсан байна гэхээр нь гарч ирээд харсан чинь миний машины баруун хойд хэсэг рүү машин мөргөөд хажууд зогсож байсан баз хүргэн Б.Ц ийн машинтай наачихаад яваад өгсөн байсан. Тэгээд гадаа зогсож байсан нэг хүн сая ногоон өнгийн .... ДАР улсын дугаартай микро автобус мөргөчихөөд яваад өгсөн гэж хэлсэн. Ингээд цагдаа дуудаж үзүүлсэн” гэжээ /хэргийн 17 дугаар тал/,
Хохирогч Б.Ц ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт “2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Дархан-Уул аймагт баз хүргэн О ынд очиж золгосон юм. Би О ын гэрийн гадаа ....УНТ улсын дугаартай машинаа гадаа ил зогсоол дээр тавиад 14 цагийн орчим ороод 14 цаг 15 минутанд гараад ирсэн чинь миний машины урд хаалгыг мөн О ын машины хойд хэсгийг машин мөргөөд явсан байсан. Тэгээд тэр хавьд байсан гурван хүнээс асуусан чинь .... ДАА ногоон өнгийн микро мөргөсөн гэж надад хэлсэн юм. Тэгээд цагдаа дуудаад мэдэгдсэн юм” гэжээ /хэргийн 22 дугаар тал/,
Гэрч Х.Н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр өдөр цагаан сарын шинийн 2-ны өдөр байсан. Би хуучин Дарханд айлд очиж золголт хийгээд ингээд гэрлүүгээ алхаад байрныхаа гадаа ирэхэд манай байрны гадаа зогсоол дээр тавиатай байсан цагаан өнгийн жижиг тэрэг хажуу талынхаа нэг тэрэгтэй наалдаад зогссон байсан. Тэгээд гайхаад харахад манай байрны яг орцны үүдэн дээр зогсч байсан нэг цагаан өнгийн жижиг тэрэг байсан бөгөөд тэрний жолооч нь бууж ирээд надаас та жолооч уу гээд асуухаар нь би үгүй үгүй энэ одоо мөргөчихсөн юм уу?, хаашаа юм бэ гээд хэлэхэд тэр машинаас бууж ирсэн залуу сая энэ дээрээс нэг ногоон өнгийн микро ирж мөргөчихөөд тэгээд буцаж ухраад хөдлөөд яваад өглөө гэж хэлээд номерыг нь .... гэж хэлсэн юм. Тэр микро болохоор намайг байр луу алхаж явахад хажуугаар өнгөрсөн юм. Би өөрөө жолооч болохоор тэр микро дугаарыг .... гэж яг харж байсан юм” гэжээ. /хэргийн 33 дугаар тал/
Шүүгдэгч ******* ий мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр Төв аймгийн Заамар явахаар өөрийн эзэмшлийн .... ДАР улсын дугаартай Грейс маркийн микро автобустай явж байхдаа микро хорооллын 16 дугаар байрны хажуу талаар гараад өгссөн боловч халтиргаа ихтэй байсан болохоор халтираад машин дээшээ гарахгүй байсан юм. Ингээд би машины астарчир муу байсан болохоор 16 дугаар бйарын гадаа байсан овгор мөстэй шороон дээгүүр давуулж машинаа гаргаж уруудуулаад зогссон юм. Тэгээд тэндээс дайгдаж явах ёстой нэг хүн нь гараад ирэхээр нь астачир дарсан чинь асахгүй байсан юм. Тэгэхээр нь машинаа өнхрүүлээд асаая гэж бодож хоёрдугаар араандаа хийгээд карданаа буулгасан юм. Тэгэхэд машин тэр чигээрээ өнхөрөөд хөдөлсөн бөгөөд машин асахгүй халтиргаа ихтэй байсан болохоор тэр чигээрээ гулгаж очоод 16 дугаар байрны гадна зогсоол дээр тавиатай байсан креста маркийн автомашины баруун хойд хэсэг талаас нь очиж мөргөсөн юм. Тэгэхэд тэр машин бас гулгаад цаад талын жижиг тэрэгний хаалганы урд гупер хэсгээрээ мөргөчихсөн юм. Тэгээд би астачираа дахин дартал машин ассан юм. Тэгээд би ухраад бууж мөргөсөн машинуудаа харалгүй шууд хөдлөөд явсан. Ингээд тэр чигээрээ Төв аймгийн Заамар сум руу явчихсан юм” гэжээ /хэргийн 54-55 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг үзүүлэлт /хэргийн 8-9 дүгээр тал, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 10-11 дүгээр тал/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-14 дүгээр тал/, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 15 дугаар тал/, “Капитал зууч” ХХК-ний 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан /хэргийн 41-46 дугаар тал/, гэрчилгээний хуулбар, жолооны эрхийн үнэмлэхний хуулбар /хэргийн 62-63 дугаар тал/,
Шүүгдэгчийг ял шийтгүүлж байгаагүй тухай шалгах хуудас /хэргийн 58 дүгээр тал/,
Шүүгдэгч ******* гийн иргэний үнэмлэхний хуулбар, “Дархан сумын 5 дугаар баг Цагааннуур 1 дүгээр гудамж 3 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр .... ДАР дугаартай Х.Грейс маркийн микроавтобусыг жолоодож яваад Дархан сумын 8 дугаар баг 16 дугаар байрны гадна зогсоол байсан иргэн Г.О ын эзэмшлийн .... СЭА дугаартай Т.Креста маркийн машин болон иргэн Б.Ц ийн эзэмшлийн ....УНТ дугаартай Киа кренс маркийн машиныг давхардуулан мөргөж, зам тээврийн осол гаргаад осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Г.О , Б.Ц , гэрч Х.Нарангэрэл нарын мэдүүлэг, шүүгдэгч ******* гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц , Г.О нар нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч ******* г гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хор арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овгийн ******* г зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар ******* г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д хэсэгт зааснаар ялтан ******* д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ******* гийн эзэмшлийн .... ДАР улсын дугаартай Грейс маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 498 дугаар тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА