| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/00761/и |
| Дугаар | 102/ШШ2020/02438 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2020/02438
| 2020 09 02 | 102/ШШ2020/02438 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:СМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:УБТЗ-д холбогдох,
120 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ж.Ш, гэрч М.О, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СМХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СМ ХХК нь МОХНН УБТЗ2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд СМХХК нь УБТЗ-ын Зүтгүүрийн Аж Ахуйн албаны илчит тэрэгнүүдийн засварт шаардлагатай резинэн втулка, сальник, жийрэг, кольц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэйгээр, МОХНН УБТЗ нь гэрээний дагуу захиалгаар хийгдсэн бараа материалыг хугацаанд нь татан авч төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний хугацаа нь гэрээний 1.6-д зааснаар хүчин төгөлдөр байгаа бөгөөд зүтгүүрийн аж ахуйн албаны харъяа Улаанбаатар татах хэсэг, Дархан Сайншандын татах хэсэг өдий хүртэл гэрээний хавсралт бүхий бараа, материалыг захиалан худалдан авсаар байна. МОХНН УБТЗ-ын Улаанбаатар татах хэсэг нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хос дугуйн цехэд илчит тэрэгний хос дугуйн уян элементийн 8000 ширхэг втулка яаралтай хийлгүүлэх захиалга өгснөөр манай байгууллага уг втулкийг үйлдвэрлэсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн УБТЗ-ын татах хэсгийн 28/404 тоот албан бичгийн дагуу 3200 ширхэг, нийт 5600 ширхэг втулка /уян элемент/-г нийлүүлсэн. Гэтэл УБТЗ-ын Улаанбаатар татах хэсэг нь ашиглалтын явц дунд 32 ширхэг уян элемент бяцарсан гэх шалтгаанаар нийт нийлүүлсэн уян элементийн үнийг төлөхгүй өдий хүрч гэрээний үүргээ зөрчиж байх тул ХХ/16/046 тоот гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 121 816 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:СМХХК нь МОХНН УБТЗ 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд СМ ХХК нь УБТЗ-ын Зүтгүүрийн Аж Ахуйн албаны илчит тэрэгнүүдийн засварт шаардлагатай резинэн втулка, сальник, жийрэг, кольц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэйгээр, МОХНН УБТЗ нь гэрээний дагуу захиалгаар хийгдсэн бараа материалыг хугацаанд нь татан авч төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. МОХНН УБТЗамын Улаанбаатар татах хэсэг нь гэрээний хавсралтад заагдсан 33 нэр төрлийн 125 382 105 төгрөгийн үнэ бүхий 35 920 ширхэг бараа материалыг 2016 оны 10 дугаар сараас хойш татан авахгүйгээр үхмэл байдалтайгаар өдий хүрч байна. Энэхүү бараа материал нь зөвхөн төмөр замын илчит тэрэгний эд ангиудад зориулагдсан байх бөгөөд өөр хаана ч ашиглагдахгүй учраас манай байгууллагад учирсан хохирол, алдагдал гэж үзэж уян элементийн үлдэгдлийн үнэ 2400*11000=26 400 000 төгрөг, гэрээний хавсралтад заагдсан бараа материалын үлдэгдэл 30 нэр төрлийн 30 000 гаруй ширхэг бараа материалын үнэ 93 600 000 төгрөг бүгд 120 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Ж.Бадамханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:СМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь МОХНН УБТЗ 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот бараа бэлтгэх нийлүүлэх гэрээ байгуулсан, энэхүү гэрээгээр УБТЗ-ын татах хэсгүүдэд хэрэгцээтэй төмөр замын илчит тэргэнд шаардлагатай резинэн бүтээгдэхүүнийг захиалж хийлгэсэн, 46 нэр төрлийн 88 900 ширхэг, 380 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, УБТЗ МОХНН–д нийлүүлэхээр гэрээ байгуулсан. УБТЗ нь гэрээний хугацаанд бараагаа татан авч мөнгөн тооцоогоо хийхээр тохирсон боловч 2016 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш захиалсан бүтээгдэхүүнээ татан авахаа больсон. Гэрээний дагуу захиалсан 11 683 ширхэг 182 406 378 төгрөгийн бүтээгдэхүүн, 2017 онд 15 нэр төрлийн 9080 ширхэг 62 227 140 төгрөгийн бүтээгдэхүүн, 2 нэр төрлийн 300 ширхэг 1 190 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч тал авахгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэлтэй байна. Энэ бүтээгдэхүүнээ авах талаар удаа дараа хэлэхэд төлөөлөгч нар нь удирдлагууд дээрээс л битгий ав гээд байна сайн мэдэхгүй гэдэг. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгаан нь 32 ширхэг уян элемент бяцарсан эвдэрсэн үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зөөлөн эд анги буюу 32 ширхэг уфрук гэдэг элементийг 2016 онд 8000 ширхэгийг захиалсан, 2016 оны 01 сардаа зургаа явуулаад, үүний дагуу 96 ширхэгийг эхний ээлжинд үйлдвэрлүүлээд туршиж үзээд бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байна гээд 2016 оны 02 сарын 01-нд 8000 ширхэгийг захиалсан. Мөн 2020 оны 4 сарын 01-нд 3200 ширхэгийг авсан. Нийт захиалснаасаа 5600 ширхэгийг худалдаж авсан, 2016 оны 11 сарын 02-нд 32 ширхэг уфрук бяцарчихлаа гэдэг албан тоотыг хохирлын үнэлгээний хамт явуулсан. Ямар эвдрэл үүссэнийг тогтоохоор 2 талаас комисс томилж 2016 оны 11 сарын 17-ны өдөр очиход тэр эвдэрсэн гэсэн дугуйнууд ажиллагаанд явчихсан, эвдэрсэн 32 ширхэг уфрук байгаагүй, яаж эвдэрснийг мэдэх ажилтан байгаагүй. Үүний дагуу Н.Х-д шаардлага хүргүүлсэн, эвдэрсэн дугуй нь ажиллагаанд гарсан, 32 ширхэг уфрукийг мэдэж байгаа хүн байхгүй байгаа тул манайх үүрэг хүлээхгүй, хэрвээ эвдэрсэн бол 32 ширхэг уфрукаа солиулах ёстой байсан, гэтэл солиулаагүй, манай компаниас 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг захиалахдаа туршилт хийж авдаг байсан. Туршилт хийсний дагуу СМ ХХК-ийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байна гээд захиалгын тоогоо 2013 оноос хойш нэмэгдүүлж ирсэн. СМ ХХК 2003 оноос хойш УБТЗ-тай хамтарч ажиллаж байсан, энэ хугацаанд нэг ч зөрчил гаргаж байгаагүй, 2003 оноос хойш УБТЗ зургаа явуулж, стандартаа явуулж үнийг тохироод хэдэн ширхэгийг хийлгүүлэхээр захиалгын тоогоо өгч ирсэн. Тоо хэмжээ заагаагүй гэж шалтаглаж байна. Иргэний хуулийн 196.1.7-д “ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй” бол гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Тийм учраас тоо хэмжээн дээр маргах үндэслэл байхгүй, чанарын хувьд ч гэсэн ялихгүй шалтаг хэлэх нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 251.3-т “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж заасан, 32 ширхэг уфрук эвдрэлтэй учраас бусад бүтээгдэхүүнийг авах үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ 32 ширхэг уфрук юунаас болж эвдэрснийг нотлоогүй. Шалгах гээд очиход мэдэж байгаа хүн байхгүй байсан. Цаашид гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээгээ цуцалж, иргэний хуулийн 227.1-т зааснаар буюу “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжилж байна. Хэрвээ гэрээ цуцалсан бол үлдэгдэл бүтээгдэхүүнийг хохирол гэж үзнэ гэж заасан байгаа. Иймд гэрээний хавсралтад заагдсан 30 нэр төрлийн 32 500 ширхэг 92 500 000 төгрөгийг бүтээгдэхүүнийг аваагүй. Үүнийг компанид орох ёстой байсан орлого, хохирол гэж нэхэмжилж байна. Энэ уфрукийн хувьд 8000 ширхэгийг захиалсан байдаг гэв.
Хариуцагч МОХНН УБТЗ шүүхэд гаргасан тайлбартаа:УБТЗ ХНН нь СМ ХХК-тай 2016 оны 04 сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээгээр худалдагч тал нь илчит тэргүүдийн засварын ажилд шаардлагатай байгаа резинэн сальникийг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал нь нийлүүлсэн барааг цаг тухайд нь хүлээн авч, хугацаанд нь үнийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэрээний 1.2-т нийлүүлэх барааны нэр төрөл, орос нэршил, зургийн дугаар, хэмжээ, нэг бүрийн үнийг баталгаажуулсан байдаг ба гэрээний 5.3-т зааснаар гэрээний үйлчлэх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн байна. Түүнээс биш тухайн бараа бүтээгдэхүүнээс хэдэн тоо ширхэгийг авах талаар тохиролцоогүй байна. Худалдагч тал гэрээний 2.1-т зааснаар олон улсын чанарын 150 9002 стандарт, ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, гэрээний 3.2-т зааснаар доголдол дутагдал илэрвэл доголдлыг арилгах, эсвэл ижил нэр төрлийн бүтээгдэхүүнээр сольж өгөх мөн гэрээний 3.3-т зааснаар...тохиролцсон хугацаанд “захиалсан” бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн. Худалдан авагч тал нь гэрээний 4.1-т зааснаар...шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийг худалдагч талд албан бичиг болон биеэр ирж хүлээлгэн өгөх, 4.3-т зааснаар худалдагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан баталгаат хугацааны дотор хүлээн авсан бүтээгдэхүүнд гэмтэл согог илэрвэл доголдлыг арилгуулах буюу ижил төрлийн бүтээгдэхүүнээр солиулах эрхтэй, бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 1.4-т баталгааны хугацаа 1 сар ба 6.4-т зааснаар баталгаат хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнд доголдол илэрвэл худалдагч тал өөрийн зардлаар арилгах үүргийг хүлээсэн. Уян элемент нь хос дугуйн арааны голын тэнхлэгийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэгтэй ба арааг хос дугуйнд гол эргэлт дамжуулах хөшүүрэг болдог. Уян элемент гэмтсэнээс хос дугуйн арааны хөндлөн гүйлт ихэсч арааны шүд хөшигдөж хугарах, эсвэл хос дугуйн араат дамжлагын засвар орж гацах, хос дугуй зам төмрөөс гарах цаашлаад илчит тэрэг унах аюулд хүргэдэг. СМХХК-ийн уян элемент үүрнээсээ сугарах, үүрэн дотроо бяцрах гэмтэл гарсан тул цаашид ашиглах нь хүнд гэмтэл, сүйрэлд хүргэх эрсдэлтэй. Улаанбаатар татах хэсэг 2016 оны 02 сарын 06, 18-ны өдрүүдэд зургийн дагуу захиалгыг өгсөн байх ба захиалгын дагуу худалдан авалт борлуулалтын алба нь 5600 ширхэг уян элементийг худалдан авч төлбөрийг 2016 оны 07 сарын 27, 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнээс гологдол гараагүй тул Улаанбаатар татах хэсэг дахин нэмж 380 ширхэг, 96 ширхэгээр тус тус худалдан авч төлбөрийг шилжүүлсэн байдаг. Хүлээн авсан втулкийг илчит тэрэгний хос дугуйд тавихад чанарын шаардлага хангахгүй гологдол гарч, илчит тэрэг нь төлөвлөгөөт бус засварт орж, акт тавигдсан тул нийлүүлэгдсэн бараа нь чанар стандартын шаардлага хангаагүй тул 09, 11 саруудад гологдол гарч, энэ тухай мэдэгдлийг тус компанид өгсөн байдаг. Гэтэл СМ ХХК нь тухайн бүтээгдэхүүнийг захиалгын тоонд хүргэн үйлдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний 3.3-т Худалдагч худалдан авагч талтай тохиролцсон хугацаанд захиалсан бүтээгдэхүүнийг бэлтгэж нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл захиалга өгөөгүй байхад бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэн, нөөцөлсөн нь нөгөөтэйгүүр резинэн эдлэл нь хадгалалт удаан байх тусам стандартын шаардлага хангахгүй цаашид ашиглах боломжгүй гологдол бүтээгдэхүүн болдог гэдгийг худалдагч тал өөрсдөө мэдсээр байж нөөц болгон хадгалсан нь буруу байна. УБТЗ нь СМ ХХК-тай байгуулсан ХХ/16/046 тоот гэрээний дагуу 2016 онд нийт 80 517 670 төгрөгийн, 2017 онд 22 855 540 төгрөгийн, 2018 онд 26 352 000 төгрөгийн, 2019 онд 12 902 800 төгрөг буюу нийт 194 308 970 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:УБТЗ СМ ХХК нар 2016 оны 4 сарын 18-ны өдөр ХХ/16/046 дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Бэлтгэн нийлүүлэх гэрээний гол зорилго нь бэлтгэн нийлүүлэх үүргийг СМХХК өгөөгүй. Манайх стандарт зургаа өгсөн болохоос тоогоо өгөөгүй. Худалдагч тал гэрээний 2.1-т зааснаар ОУ-ын стандартад заасан бүтээгдэхүүн нийлүүлэн доголдол илэрсэн тохиолдолд 3.2, 3.3.-т зааснаар доголдлыг засаж бэлтгэн нийлүүлэх ёстой байсан. Гэрээний 4.3-т зааснаар үүрэг хүлээсэн байсан. Гэрээний 1.4-т баталгаат хугацаа 1 сар гэж заасан. Баталгаат хугацаанд доголдол илэрсэн бол өөрийн зардлаар арилгах үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч талаас танайх ийм тоогоор захиалсан гэж тайлбарлаж байгаа боловч УБТЗ-аас зураг, стандартаа явуулж байснаас биш тоогоо явуулж байгаагүй. УБТЗ үлдэгдэл бараа бүтээгдэхүүн буюу 194 308 970 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан. Үүнийг нэхэмжлэгч байгууллагын Төрийн банкин дахь дансаар нийт 300 042 425 төгрөг, Хаан банкин дахь 31 977 120 төгрөгийн орлогыг хийж хамтарч ажилласан байна. Маргаан гол зүйл бол Улаанбаатар татах хэсэгт нийлүүлсэн 8000 уфрукийн талаар маргаж байгаа. СМ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2016 оны 02 сарын 11-ний өдөр уфрук авах талаар албан тоот өгсөн байгаа, 2016 оны 02 сарын 28-ны өдөр УБ татах хэсгийн албан тоотыг өгсөн байгаа. Иргэний хуулийн 42.1-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Үүний дагуу 2016 оны 4 сарын 20-ны өдөр 3280 ширхэг бүтээгдэхүүн хүлээн авч, 35 200 000 төгрөгийн бараа хүлээж авснаар акт үйлдэж, 2016 оны 7 сарын 27-ны өдөр СМХХК-ийн Төрийн банкин дахь дансанд 32 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Цаг хугацааны хувьд авч үзвэл 24 000 ширхэгийг худалдаж авсан, 2016 оны 8 сарын 18-ны өдөр 45 265 860 төгрөгийг үнийн дүнгээр нь шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Гологдол гаргаагүй учраас 380 ширхэг, дараа нь 96 ширхэгийг худалдан авсан байгаа. Одоо 2400 ширхэг түлк үлдсэн гэж ярьж байгаа баримтаас харахад үндэслэлгүй байна. Уян элемент илчит тэргэнд суурилуулахад элэгдэлд орсон. Төлөвлөгөөт бус засварт орж УБТЗ алдагдал хүлээсэн. Уян элемент нь бяцарсан. Төлөвлөгөөт бус засварт орсон болохоор 2016 оны 09 сар, 2019 оны 11 сард 2 удаа доголдол гарсан. Энэ талаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Татах хэсгийн дарга ХЭ-ийн гарын үсэгтэйгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 341.1.1-т “эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч” гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Тухайн бүтээгдэхүүн маань үзэгдэх байдлын хувьд доголдол нь мэдэгдэхгүй байж байгаад ашиглалтын явцад эвдэрсэн. Доголдол гарсан талаар хуулинд заасан хугацаандаа явуулсан, 2400 ширхэг уян элемент үлдсэн байна гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан. Энэ хугацаанд доголдлыг арилгаагүй байсан тул уян элеметийн хохирлыг арилгах боломжгүй. Мөн захиалга өгөөгүй байхад илүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг манайх худалдан авах үүрэг хүлээхгүй. Энэ компанийн уян элементэд эвдрэл үүсгэсэн учраас галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж осол аваар гарах эрсдэлтэй байсан учраас хэрэглээгүй. Иймд төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СМ ХХК нь уян элементийн үлдэгдлийн үнэ 26 400 000 төгрөг, бусад үлдэгдэл бараа материалын үнэ 93 600 000 төгрөг бүгд 120 000 000 төгрөгийг хариуцагч МОХНН УБТЗ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уян элемент чанарын шаардлага хангахгүй байсан, бусад бараа материалыг манайх захиалаагүй байхад СМ ХХК үйлдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
СМ ХХК нь МОХНН УБТЗ-тай 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх тухай хх/16/046 дугаартай гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр СМ ХХК нь зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгний засварын ажилд шаардлагатай резинэн сальникийг бэлтгэн нийлүүлэх, МОХНН УБТЗ нь барааг цаг тухайд нь хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байх бөгөөд гэрээний хавсралтад СМ ХХК-ийн бэлтгэн нийлүүлэх 18 төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг бичсэн байна.
СМ ХХК-ийн бэлтгэсэн уян элементээс тодорхой хэсгийг МОХНН УБТЗ нь өөрийнхөө үйл ажиллагаанд туршиж байж дараа нь уг бүтээгдэхүүнийг захиалан хийлгэсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Худалдагч талаас бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа бүтээгдэхүүн нэг бүрийг сайтар шалгаж, гэмтэл согог илэрвэл уян элементийг худалдагч талд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу туршиж үзсэн уян элементийг захиалан хийлгэж хүлээн авсан атлаа тухайн үед уг бүтээгдэхүүнд гэмтэл согог байгаа талаар СМ ХХК-д нэн даруй мэдэгдсэн баримтгүй байна.
Мөн энэхүү уян элементүүдийг илчит тэргэнд суурилуулахад элэгдэлд орж, төлөвлөгөөт бус засварт орсон, акт тавигдсан гэх тайлбараа хариуцагч байгууллагын төлөөлөгч нар баримтаар нотлоогүй байна.
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-т “Баталгаат хугацаанд худалдагч талаас шалтгаалахгүй худалдан авагч талын буруутай үйл ажиллагаанаас бэлтгэн нийлүүлсэн бүтээгдэхүүнд доголдол гарвал худалдагч тал хариуцахгүй” гэж заажээ.
Нөгөө талаар чанарын шаардлага хангахгүй гэх уян элементийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар доголдлыг арилгуулах буюу солиулах талаар СМ ХХК-д мэдэгдсэн, чанарын шаардлага хангахгүй, эвдэрсэн гэх уян элементийг нэхэмжлэгч байгууллагад буцаан өгсөн баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл МОХНН УБТЗ-ын нэхэмжлэгч байгууллагаас хүлээн авсан уян элементүүд нь эвдэрсэн, ашиглах боломжгүй байсан тухайгаа баримтаар нотлоогүй байх тул уян элементийн үнэ 26 400 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үндэстэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад СМ ХХК-ийн бэлтгэн нийлүүлэх 18 төрлийн эд ангийг нэр заан бичсэн байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Гэрээний хугацаанд шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг, техникийн нөхцөл, ажиллах орчны тодорхойлолтыг худалдагч талд албан бичиг болон биеэр ирж хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайх тухайн үед СМ ХХК-д бүтээгдэхүүний зураг болон стандартыг өгсөн гэж тайлбарлаж байгааг гэрээний хавсралтад дурдсан эд ангийг хийлгэхээр МОХНН УБТЗ нь захиалсан байна гэж үзнэ.
Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д “Энэ гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж дуусах, түүнийг ашиглаж дуусах хүртэл хугацаанд үйлчилнэ” гэж талууд тохирсон байна.
Мөн гэрээний 1.7-д “хэрэв аль нэг тал гэрээг цуцлах тухай саналаа уг гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргааүй бол энэ гэрээг дахин нэг жилээр сунгагдсанд тооцно” гэж тохирсон байхад МОХНН УБТЗ нь гэрээний хугацаанд захиалан хийлгэсэн бүтээгдэхүүнээ хүлээн аваагүй байгааг гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол гэж нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан МОХНН УБТЗ-аас 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулан СМ ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767 031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МОХНН УБТЗ-аас 757 950 /долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан СМ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН