| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 125/2023/0011/3 |
| Дугаар | 221/МА2026/0427 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0427
Д.Гт-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Бс
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Гт-а
Хариуцагч: Х аймгийн Засаг дарга, Х аймгийн Жсумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Р.Тж, Т.Бб
Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаартай захирамжийн Р.Тжд Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрын өмчлүүлсэн хэсэг, Х аймгийн Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Т.Ббаас Р.Тжд Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрын эрх шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цс, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Т.Ббын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Тж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Бс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цс
Хэргийн индекс: 125/2023/0011/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гт-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаартай захирамжийн Р.Тжд Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрын өмчлүүлсэн хэсэг, Х аймгийн Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Т.Ббаас Р.Тжд Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрын эрх шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Бс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Х аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 09-ны өдрийн №125/ШШ2026/0010 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч 2026 оны 05 сарын 05-ны өдөр гардан авч шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Гт-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах байдлаар гомдлыг гаргаж байна. Үүнд:
2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... нэхэмжлэгч Д.Гт-а нь 2012 онд маргаан бүхий актыг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна... гэжээ.
Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 сарын 25-ны өдрийн №191 дугаар албан бичигт... Д.Гт-а нь Бичигт багийн 3-18 тоот газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх бүртгэл байхгүй, Бичигт багийн 3-18 тоот хашааны газрын хувийн хэрэгт Т.Бб эзэмшиж байсан болон өмнө нь эзэмшиж байсан баримт байхгүй, 2001 онд Т.Бб Бичигт багт 1170 м.кв газрыг 60 жилээр эзэмшдэг тухай бүртгэгдсэн байна... гэжээ.
Тухайн цаг хугацаанд буюу 2001 онд газрын мэдээллийн нэгдмэл сан бий болоогүй, Сумын засаг даргаас өгсөн гэрчилгээтэй байсан бөгөөд энэхүү гэрчилгээгээр газрыг эзэмшиж, өмчилж байсан бөгөөд гэрч Т.Ббын тайлбарт дурьдагдсан Бичигт багийн 3-18 тоот хашаанд 1987 оноос хойш амьдарсан, уг хашаанд ах, хүргэн ах, манайх гэсэн 3 айл амьдарч байсан, Р. Тжд хашааны газрыг шилжүүлэх үед хашааны газрын гэрчилгээ байсныг Газрын албанд хураалгасан, Хуучин 9-р гудамж гэсэн нэртэй байсан.
Гэрч П.Б... 2012 оноос Мянганы сорилтын сангаас айл өрхүүдийн газар өмчлүүлэх ажлыг хэрэгжүүлэх төсөл хэрэгжсэн, Тухайн айл өрхийн өмнөөс төслийн ажилчид газрын бичиг баримтыг бүрдүүлэн өгч, уг баримтуудыг шалган үзсэний үндсэн дээр эзэмшүүлж, өмчлүүлдэг байсан, Тухайн үед Д.Гт-а хүү Г.Днын нэрээр Бичигтийн 3-18 тоот хашааг өмчлүүлэхээр хүсэлт гаргасан, уг хашааг мэдээллийн сангаас шалгахад Р. Тж эзэмшиж байгаа мэдээлэл гарсан тул Г.Днын газар хүссэн өргөдөл дээр "Газрын маргаантай" гэж тэмдэглэл хийж байсан, 2012 оноос хойш Д.Гт-а надтай хэд хэдэн удаа ирж тухайн хашааны газрын асуудлаар уулзсан, Р.Тжтай учраа ол гэж удаа дараа хэлж байсан... гэх мэдүүлэг.
Нэхэмжлэгч Д.Гт-а нэхэмжлэлийн шаардлага болон мэдүүлэгтээ... Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрыг Ооос аман гэрээгээр худалдаж авсан, Р.Тж нь хууль бусаар өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсан байна, би уг хашаанд 16 жил амьдарч байна, би 2012 онд газрын гэрчилгээгээ авах гэсэн чинь Р.Тж гэдэг хүний нэр дээр байна гэж хэлсэн. Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн №2118 дугаар захирамжаар Р.Тжын нэхэмжлэлтэй Д.Гт-ад холбогдох Бичигт багийн 3-18 тоот газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч Д.Гт-а нь 2023 оны 03 сарын 15-ны өдөр Х аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, уг нэхэмжлэлд 2023 оны 03 сарын 21-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байтал Аймгийн болон сумын Засаг даргын захирамжийг мэдсэн атлаа нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэл гаргах хугацааг алдсан байдаг бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий актыг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг үүсгэснээс хойш 6 сарын дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргааш бүхий газар гэдгийг 2012 онд мэдсэн гэдгээ өөрөө мэдүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын талаар 2012 он түүнээс хойш өөр хүн буюу Р.Тж эзэмшиж, өмчилж байсныг мэдэхийн дээдээр мэдэж байсан байдаг.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахад оршдог. Нэхэмжлэгч Д.Гт-ын ямар хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас ямар эрх нь зөрчигдсөн бэ гэдэг нь чухал. Гэвч Д.Гт-ын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар хэрэгт баримт байхгүй. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Б.Ооос худалдаж авсан Б.О нь Т.Тбаас худалдан авсан гэдэг. Гэрч Б.О анхны тайлбартаа Т.Тбаас уг хашааг авсан, тухайн хашааг Гт-ад 2 сая төгрөгнд зарсан, Т.Тбаас зээлсэн мөнгөндөө мал авсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн атлаа Т.Тб Б.О нарын нүүрэлдүүлсэн мэдүүлэгт гэрч Б.О... гэрчилгээ өгнө гээд өгөхгүй байсан, сүүлдээ аргаа бараад 50 толгой ишиг, шүдлэн авсан, гэрч Т.Тб би Б.Ооос 2 сая төгрөг зээлсэн, чамд мал байдаг юм байна, би мал аваад салья гэсэн, тэгээд миний малыг аваад энэ асуудал дууссан, гэрч Ц.Нб... Оын мал авахаар ирлээ гэхээр нь 77 тооны бог малыг тоолж өгсөн гэх мэдүүлгээс дүгнэхэд Т.Тб Б.О нарын зээлийн харилцаа мал өгч дуусгавар болсон бөгөөд Б.О нь Т.Тбаас хашаа худалдаж авсан эсхүл зээлсэн мөнгөний өртгөө авсан нь тогтоогддог. Энэхүү үйл баримтыг маргаан бүхий газартай холбож тайлбарлах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Гт-а нь гэрч Б.Отой зээлсэн мөнгөний харилцаагаа зохицуулахад оршино.
2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.8-д “... маргаан бүхий газарт Т.Ббын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа гэх үндэслэлээр давуу эрхээр газар эзэмшүүлэх үндэслэл болохгүй...” гэжээ. Гэвч Гуравдагч этгээд Т.Ббын хувьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...маргаан бүхий газар 1987 оноос хойш аав, ээжийн хамтаар, улмаар ах, хүргэн ахын хамтаар амьдарч байсан, Р.Тжд шилжүүлэх үед хашааны газрын гэрчилгээг Газрын албанд хураалгасан.. гэх бөгөөд өөрийн эзэмшлийн газартаа үл хөдлөх хөрөнгө барьсан хууль бус биш бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө байгаа байдлаар давуу эрх эдлээгүйн дээр уг газарт олон жил амьдарч хүргэн дүү Р.Тжд шилжүүлж өгсөн нь Газрын хууль зөрчөөгүй болно.
8.9-д Т.Ббт газрын эзэмшил үүссэн эсэх нь тогтоогдохгүй, газрын хувийн хэрэг үүсээгүй байх тул газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй, хамгаалагдах эрх байхгүй гэж үзнэ гэжээ.
Хавтас хэргийн 20-42 хуудсанд буй нэгж талбарын 8414002248 дугаар газрын хувийн хэргээс үзэхэд Жсумын засаг даргын 2011 оны А/47 дугаар захирамжаар Т.Ббын эзэмшлийн гэх Бичигт багийн 3-18 тоо хашааны газар эзэмших эрхийг Р.Тжд шилжүүлж газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Т.Ббын хувьд эзэмшиж байсан үед газрын хувийн хэрэг үүсээгүй нь Т.Ббын хувьд буруугүй юм. 2012 оноос газрын хувийн хэрэг үүсгэж эхэлсэн талаар Мянганы сорилтын сангийн төсөл арга хэмжээгээр иргэдийн газрын өмчлүүлж, эзэмшүүлж эхэлсэн гэж гэрч Б тодорхой тайлбарласан байдаг. Т.Ббт 1987 оноос хойш газар эзэмших эрх үүссэн, улмаар газрын хуульд зааснаар эзэмшиж байсан нь тогтоогддог бөгөөд хамгаалагдах эрх нь нэхэмжлэгчээс илүү үүсэх ёстой. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр Р.Тж руу шилжүүлсэн бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд урьд болон одоо ч газар эзэмших эрхийн гэрчилгээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог төдийгүй Б. О гэгчид мөнгө өгснөөр тухайн хашааны газрын эзэмшигч, өмчлөгч гэж үзэх боломжгүй юм. Энэ үйлдлээс гуравдагч этгээд нарын хамгаалагдах эрх зөрчигдсөн байтал зөрчигдөөгүй мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай.
2.4. Т.Бб газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх шийдвэр хууль бус болжээ гэж дүгнэсэн. Газрын тухай хуулийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөр мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх зохицуулалттай. Маргаан бүхий газар 2011 онд Р.Тжд шилжсэн. 2017 оны Газрын тухай хуулийн өөрчлөлтөөр дээрх шаардлагыг газар шилжүүлэхдээ баримтлах болсон бөгөөд 2011 онд төрийн захиргааны байгууллага бусдад газар шилжүүлэх эрх зүйн болон хуулийн үндэслэлтэй байна гэж үзэн Т.Ббын газрыг Р.Тжд шилжүүлсэн нь гуравдагч этгээд нар буруугүй юм. Буруутгах үндэслэл ч байхгүй байхад Т.Бб газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх шийдвэр хууль бус болжээ гэж дүгнэх боломжгүй юм.
Р.Тжд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн үндэслэлийн тухайд болон түүнд газрыг хуульд заасны дагуу өмчлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтээ багийн засаг даргын мэдүүлгийг иш болгосон. Гэвч уг гарын үсэг нь тухайн засаг даргын гарын үсэг мөн биш эсэхэд шинжээчийн дүгнэлт гараагүй, багийн засаг даргын мэдүүлгээр шууд тодорхойлох боломжгүй, тухайн багт оршин суудаггүй гэдгээр бусдын өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй юм. Монгол улсын иргэн өмчлөгч байх эрхтэй бөгөөд энэ нь баг, байршлаар хязгаарлах боломжгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь... нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд... оршдог. Х аймгийн Жсумын засаг даргын 2011 оны 09 сарын 07-ны өдрийн А/147 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” тухай захирамж, Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 19-ны өдрийн А/494 дугаар “Газар өмчлүүлэх” тухай захирамж нь дээрх нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэр бөгөөд Захиргааны байгууллагын шийдвэрийн үндсэн дээр гуравдагч этгээд Р.Тж нь газар эзэмшиж, өмчилж байгаа нь Газрын тухай хууль зөрчөөгүй, тухайн захиргааны актууд нь Газрын тухай, Захиргааны ерөнхий хууль зөрчөөгүй байхад зөрчсөн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай юм.
Иймд Х аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 09-ны өдрийн №125/2026/0010 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч Д.Гт-аас “Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаартай захирамжийн Р.Тжд Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрын өмчлүүлсэн хэсэг, Х аймгийн Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Т.Ббаас Р.Тжд Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрын эрх шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Х аймгийн Засаг дарга, Х аймгийн Жсумын Засаг дарга нарт холбогдуулан гаргажээ.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие маргаан бүхий газрыг 2007 онд Х.О гэх хүнээс худалдаж аваад одоог хүртэл амьдарч байна. Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар Р.Тж нь Бичигт багийн 3-18 тоот хашааг хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан, Д.Гт-а миний бие уг хашаанд 16 жил амьдарсан тул давуу эрхтэйгээр газрыг эзэмших эрхтэй” гэж маргасан.
1.3.Хариуцагчаас “...Д.Гт-а нь “Бичигт багийн 3-18 тоот” хашааны газар эзэмших болон өмчилдөг талаар манай мэдээллийн сан болон архивт баримт мэдээлэл байдаггүй, харин тус хашааны газрыг Т.Бб гэх хүн 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаа талаар бүртгэлд бүртгэгдсэн байдаг ба Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Т.Ббаас Р.Тжд эзэмших эрх шилжиж, Р.Тж нь 2017 онд өмчилж авсан нь холбогдох хуульд нийцсэн” гэж тайлбарласан.
1.4.Гуравдагч этгээд Р.Тж нь “маргаан бүхий Бичигт багийн 3-18 тоот 739 м.кв газрыг Т.Ббын эзэмшлээс хууль ёсоор шилжүүлэн авч, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээгээ хуульд заасан журмаар гаргуулсан, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Т.Ббын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн уг газрыг Ооос аман тохиролцоогоор авсан гэх тайлбар нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж маргасан.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:
2.1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий газрын анхны эзэмшигч нь Т.Бб бөгөөд уг газар дээрээ хувийн амины орон сууц барьж тухайн хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2003 онд бүртгүүлсэн гэдэг нь дор дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дугаартай албан бичигт[1] “...2001 оны газар эзэмшигчийн бүртгэлд Түдэвийн Бб нь Бичигт багт 1170 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшдэг бүртгэгдсэн байна” гээд хавсралтын 239 дэх хүснэгтэд “Түдэв Бб Бичигт баг 9-18 тоот 1170 м.кв 60 жил” гэсэн бүртгэл,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн лавлагаанд “...улсын бүртгэлийн Ү1617001505 дугаартай Х Жсум 3-р баг, Бичигт 9 гудамж 18 тоот хаягт байрлах 23 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Ббыг 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн бүртгэл[2],
- Гэрч Б.О, Г.Тб нарын “...Г.Тб нь 1997 онд байх миний дүү Т.Бб нь тухайн хашаа байшинд хуримаа хийсэн, Хуримаа хийхээсээ өмнө хашаатай болж түүн дээрээ байшин барьсан, уг хашаа байшин миний дүү Т.Ббын нэр дээр байдаг.” гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Ббын “...уг хашаанд манайх анх 1987 оноос эхлэн амьдарсан. Манайх тэр хашааг хэн нэгнээс худалдаж аваагүй өөрсдөө хашаагаа барьж амьдарсан. Хашаан доторх байшинг 1996, 1997 онуудад барьсан. ...Түүнээс хойш гэр бүлийн хамт 2000 он хүртэл амьдарч байгаад Улаангомд шилжиж ирсэн. ...Одоогоос 4 жилийн өмнө Р.Тжд газар эзэмших эрхээ шилжүүлэх үед хашааны газрын гэрчилгээ байсныг газрын албанд хураалгасан. ...Хуучин гэрчилгээг хураагаад Р.Тжд шинээр гэрчилгээ гаргаж өгсөн.” гэсэн тайлбар.
2.2.Улмаар Х аймгийн Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар[3] “...Бичигт багийн 3-ын 18 тоот хашааны 201700239 тоот газрын гэрээ гэрчилгээтэй 713.3 метр газар эзэмших эрхийг” Т.Ббаас Т.Тжд шилжүүлсэн, Р.Тж нь Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар[4] “маргаан бүхий газрыг өмчилж авсан” үйл баримтууд тогтоогдож байна.
2.3.Нэхэмжлэгч Д.Гт-ын эзэмших эрхийн тухайд нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээс[5] үзвэл Т.Ббын ах Т.Тб нь анх Б.От маргаан бүхий газрыг шилжүүлэхээр, Б.Ооос Д.Гт-ад шилжүүлэхээр аман хэлцэл байгуулж, 2007 оноос хойш маргаан бүхий газрыг Д.Гт-а нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, бусад бичиг баримтгүйгээр эзэмшиж, ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна.
3.Маргаан бүхий шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.
3.2.Энэ зохицуулалтын агуулгаас үзвэл газар эзэмших эрх нь тухайн газарт бодитоор амьдарсан, хашаа барьсан, бусадтай байгуулсан аман хэлцэлээртэй байсан гэх нөхцөлөөр бус, харин эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэсэн гэрээ, эрхийн гэрчилгээ, бүртгэлээр баталгаажих тусгай эрх байна.
Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн хууль ёсны эх сурвалж нь эрх бүхий этгээдийн шийдвэр, газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ бөгөөд эдгээрийн аль нэг нь байхгүй тохиолдолд тухайн этгээдийг хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй.
3.3.Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газрын даамал, газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулжээ.
3.4.Иймд газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэл нь 1/ эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр; 2/ газар эзэмших гэрээ; 3/ эрхийн гэрчилгээ;
4/ улсын бүртгэл гэсэн дараалсан, хуульд заасан шаардлагыг хангахаар байна.
3.5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д газар өмчлүүлэхтэй холбоотой хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, тус хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэхээр заасан. Мөн тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д иргэн газар өмчилж авах тухай өргөдөл гаргахдаа хуульд заасан мэдээллийг тусгах, 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т эрх бүхий Засаг дарга иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмаар газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг тус тус зохицуулжээ.
3.6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Гт-а нь маргаан бүхий Х аймгийн Жсумын Бичигт багийн 3-18 тоот, 739 м2 газрыг Б.О гэх хүнээс аман тохиролцоогоор худалдаж авсан, 2007 оноос хойш уг хашаанд амьдарч байгаа гэж тайлбарласан боловч тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн эрх бүхий Засаг даргын шийдвэр гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, газар эзэмших гэрээ байгуулсан, улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
3.7.Иймд нэхэмжлэгч Д.Гт-ын хувьд Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрх үүсээгүй, харин Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон зохицуулалт түүний одоогийн газрыг эзэмшилд хамаарч байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “олон жил амьдарсан”, “аман хэлцлээр худалдаж авсан”, “хашааг ашиглаж байгаа” гэх нөхцөл байдлыг хуульд зааснаар олж авсан газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй адилтган үзэх, улмаар хуульд заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олж авсан гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл гэж үзэх үндэслэлгүй юм.
3.8.Иймд анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт “олон жил амьдарсан, бодитоор ашиглаж байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхолтой гэсэн дүгнэлт нь Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудын зорилго, агуулгатай нийцээгүй байна.
Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар “бодит ашиглалт”-ын үндэслэн газар эзэмших, өмчлөх эрхтэй байхыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин эрхийн гэрчилгээ, гэрээ, бүртгэлээр газар эзэмших, өмчлөх эрхийг хууль ёсоор баталгаажуулахаар зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй.
3.9.Харин гуравдагч этгээд Т.Ббын хувьд маргаан бүхий газар дээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байгаа, тухайн газрыг олон жил эзэмшиж, улмаар Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Р.Тжд шилжүүлсэн, Р.Тж нь уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхээ баталгаажуулж, цаашид 2017 онд өмчилж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.10.Маргаан бүхий газрын эрх шилжилтийн тухайд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохоор, 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд холбогдох баримт бичгийг хавсаргахаар, 38.3-т эрх бүхий байгууллага хүсэлтийг хянан тодруулах ажиллагаа явуулахаар, 38.4-т хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулахаар заасан.
3.11.Дээрх зохицуулалтаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хуулиар хориглоогүй, харин хуульд заасан тодорхой нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
3.12.Маргаан бүхий тохиолдолд Т.Ббаас Р.Тжд газар эзэмших эрх шилжүүлсэн 2011 оны А/147 дугаар захирамж гарсан, уг захирамжийг үндэслэн Р.Тжын газар эзэмших эрх бүртгэлд тусгагдсан байх тул уг эрх шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг зөвхөн нэхэмжлэгч уг газарт олон жил амьдарч байгаа гэх үндэслэлээр хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
3.13.Анхан шатны шүүх “Т.Ббт газрын эзэмшил үүссэн эсэх нь тогтоогдохгүй, газрын хувийн хэрэг үүсээгүй” гэх үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг үгүйсгэсэн нь Газрын тухай хуулийн 27, 34, 38 дугаар зүйлийн агуулгад нийцээгүй байна.
Тодруулбал, тухайн үеийн хариуцагч байгууллагын газрын мэдээллийн нэгдсэн сан, хувийн хэрэг хөтлөлт бүрэн төлөвшөөгүй байсан, мөн тухайн газар дээр Т.Ббын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан, газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гарсан, улмаар эрхийн гэрчилгээ, бүртгэлээр Р.Тжын эрх баталгаажсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар эрх хууль ёсоор үүссэн эсэх нөхцөл байдалтай харьцуулан зөв тогтоогоогүй байна.
3.14.Дүгнэхэд, нэхэмжлэгч Д.Гт-а нь маргаан бүхий газрыг худалдаж авсан, 16 жилийн турш амьдарч байгаа нь маргаан бүхий газрыг давуу эрхтэйгээр эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “аман хэлэлцээрийн дагуу худалдаж авсан, олон жил амьдарч байсан” нөхцөл байдлыг хуульд заасны дагуу үүссэн газар эзэмших, өмчлөх эрхтэй адилтган үзэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр эрх нь баталгаажсан гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үгүйсгэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна
Эдгээр үндэслэлээр маргаан бүхий газрыг Х аймгийн Жсумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Т.Ббаас Р.Тжд шилжүүлсэн, мөн Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр захирамжаар Р.Тжд өмчлүүлсний улмаас нэхэмжлэгч Д.Гт-ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гт-аас Х аймгийн Засаг дарга, Х аймгийн Жсумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/494 дүгээр захирамжийн Р.Тжд холбогдох хэсэг, Х аймгийн Жсумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар захирамжийн Т.Ббаас Р.Тжд шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Р.Тж, Т.Бб нарын өмгөөлөгч Б.Бсийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ