Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 60

 

                                 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр,        

            хохирогч С.Мөнхтөр,

            шүүгдэгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

гэрч Д.Бадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Халзан овогт Батжаргалын Мөнхбатад холбогдох 201626061381 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 26 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Халзан овогт Батжаргалын Мөнхбат /РД:УП88082212/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 5-р гудамжны 427 тоотод хохирогч С.Мөнхтөрийн гэрээс Нөте-1, Самсунг эс-5 маркийн 2 ширхэг гар утас, цонхны тавцан дээр байсан 135.000 төгрөгийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Мөнхтөр ахын утас руу залгахад Бадам эгч авсан ба Үүрцайх бид хоёрыг очиход Бадам эгч, хүргэн, дүү хоёрын хамт тал шил Ерөөл нэртэй архи ууж байсан. Үүрцайхын хамт авч очсон 0,5 литрийн тал шил архиа хувааж уугаад би тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Бадам эгч надад мөнгө өгөөд архи аваад ир гэж хэлсэн. Тухайн үед надад 2000 төгрөг байсан. Би дэлгүүр рүү явахад архи зардаггүй өдөр байсан. Эрдэнбатынд очиход Үүрцайх, Эрдэнэбат хоёр 0,75 хэмжээтэй Стандарт нэртэй архи уугаад сууж байхаар нь Мөнхтөр ахынх руу дагуулаад явсан.  Мөнхтөр ахынд очоод дахиад нэг шил архи аваад хувааж уусан. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Би Мөнхтөр ахын гэрээс гарч явахдаа Яармагийн 15 дугаар гудамжинд таньдаг хүмүүстэйгээ тааралдаад хамт архи уугаад байж байтал Бадам эгч ирээд утсаараа залгуулаач гээд миний утаснаас өөрийнхөө утас руу залгуулсан. Тэр үед би өөрийнхөө гар утсыг зарах гээд явж байсан юм. Бадам эгч мөнгөө над руу шидсэн. Хүүхэд нь гарч ирээд мөнгийг нь түүж авсан. Би Нокиа маркийн гар утсаа 5000 төгрөгөөр зараад архи  авч уучихаад гэртээ ороод унтсан. 2-3 хоногийн дараа Бадам эгч залгаад утас авчирч өг гэхээр нь би аваагүй гэхэд цагдаад өгнө шүү гэхээр нь тэг тэг гэж хэлсэн гэв.

Хохирогч С.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хөдөө байхдаа буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр рүүгээ залгахад утаснууд нь холбогдох боломжгүй байсан. Тэр өдөр Бадамын дүү нь нөхөртэйгээ ирээд хоносон гэж хэлсэн ба манай эхнэр Бадам тэр үед архи уусан байсан. Үүрцайх, Мөнхбат хоёр архи нэмж авсан гэсэн. Эхнэр Бадам том өрөөний ширээн дээр гар утсаа цэнэглээд орхисон, мөн зуух зарсан 135.000 төгрөг хамт байсан гэдэг. Гэтэл цэнэглэж байсан 2 ширхэг гар утас, 135.000 төгрөг алга болсон талаар надад хэлсэн гэв.

 

Гэрч Д.Бадам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Үүрцайх, Мөнхбат хоёр манайд ирээд бид нар хамт нэг шил архи хувааж уусан. Дараа нь дахиад нэг шил архи авч уусан. Мөнхбат, Үүрцайх хоёр үлдсэн ба би унтаад өгсөн. Харин сүүлд нь Үүрцайх гэр рүүгээ явж, Мөнхбат манайд хоносон байсан. Мөн манай хүргэн үлдсэн ба хүргэний толгой өвдөөд байна гэхээр нь 0,33 гр архи авч уусан. Дахиад Мөнхбатыг архинд явуулсан. Үүрцайх, Эрдэнэбат хоёр 0,75 литрийн шил архитай орж ирээд тэрийгээ хамт уучихаад явсан. Урьд өдөр нь зуух зарсан 135.000 төгрөг цонхны тавцан дээр байсан, 3 ширхэг гар утас цэнэглэж байснаас 2 ширхэг гар утас нь алга болсон байсан. Би гэрээсээ гараад харахад Мөнхбат цэнхэр өнгийн машинтай залуучуудтай хамт архи ууж байснаа яваад өгсөн. Би 1 дэх өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэв.

 

Мөн хавтас хэргээс:

            Б.Мөнхбат сэжигтнээр мэдүүлэхдээ ...Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбатынд Үүрцайхын хамт очиж бид гурав 0,75 литрийн Стандарт нэртэй архи хувааж уугаад Эрдэнэбат гэртээ үлдээд Мөнхтөр ахынд Үүрцайхын хамт 0,5 литрийн тал шил архи аваад очиход Мөнхтөр ах байхгүй, эхнэр Бадам, хүргэн, дүү хоёртойгоо хамт байсан. Тэгээд авч очсон 0,5 литрийн архиа хувааж уугаад би тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө сэрэхэд Үүрцайх явсан байсан. Тухайн үед надад 2000 төгрөг байсан ба Бадам эгч чи наад мөнгөн дээрээ нэмээд архи аваад ир гэж хэлээд надад мөнгө нэмж өгөөд архинд явуулсан. Би Мөнхтөр ахынхаас гараад дэлгүүр ороход дэлгүүрүүд нь хаалттай байсан. Тухайн үед 07 цаг өнгөрч байсан юм. Би Эрдэнэбатынд очиход Үүрцайх Эрдэнэбат 2 дундаа 0,75 литрийн Стандарт архи тавиад уугаад сууж байсан. Үүрцайх, Эрдэнэбат хоёрын хамт Мөнхтөр ахынх руу очиж 0,75 литрийн архиа хувааж уусан. Тэр архиа ууж дуусчихаад дахиад 1 шил 0,75 литрийн архи авчирч уусан. Үүрцайх, Эрдэнэбат хоёр намайг сэрэхгүй байхаар нь орхиод явсан талаар Үүрцайх надад хэлсэн. Би сэрээд ширээн дээр цэнэглэж байсан 2 гар утсыг хулгайлаад авч гараад жалганд явж байсан 2 танихгүй хүнд 20.000 төгрөгөөр архины мөнгөнд зарсан. Харин би Бадам эгчийн мөнгийг авсан эсэхээ санахгүй байна. Би 2 гар утсыг нэгэнт хоёр танихгүй хүнд зарсан болохоор би аваагүй гэж хэлээд зугтаад явсан. Над руу Бадам эгч мөнгө шидээд байсан. Би архины мөнгөгүй болохоор хулгай хийсэн юм. Тэрнээс биш гар утас хулгайлах өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би хулгай хийсэн талаараа хэн нэгэнд огт хэлээгүй. Би нэг шил архины мөнгөөр хулгайлж авсан 2 гар утсыг зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,

Хохирогч С.Мөнхтөрийн ...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Бадам нь Мөнхбат ирж хонохдоо Самсунг S5, Нөте 1, 2 гар утас, цонхон дээр тавьсан 135.000 төгрөгийг аваад явсан байна гэж хэлсэн. Урьд өдөр нь манай эхнэр Бадам Б.Мөнхбат хоёр найзынхаа хамт архидаж хоносон талаар надад хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө манай эхнэр Бадам утас мөнгөө алдсанаа мэдээд Мөнхбатыг хайж Яармагийн 13 дугаар гудамжинд очиход Мөнхбат нэг машинаас буухаар нь чи миний хоёр гар утас, 135.000 төгрөгийг авсан байна гэж хэлэхэд Мөнхбат би аваагүй гэсэн. Тэгэхээр нь халаасыг нь нэгжиж үзэхэд Нөте 1 гар утасны ар талд хийсэн усны карт гарч ирэхээр нь миний утас, мөнгийг өг гэхэд зугтаад явсан гэж манай эхнэр Бадам надад хэлсэн. Нөте 1 маркийн хуучин гар утсыг 2015 оны эхээр 110.000 төгрөгөөр эхнэр Бадамд авч өгсөн. Харин хуучин Самсунг S5 маркийн гар утсыг 2016 оны 04 дүгээр сард 280.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Би гомдолтой байна. Учирсан хохирлоо барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

Гэрч Д.Бадамын ...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай төрсөн дүү Цэрэнбадам, хүргэн Зохиолч нар ирсэн юм. Тэгээд бид гурав хамтдаа ахмадын байр тэмдэглээд архи ууж байтал манай талийгаач хүү Монголхүүгийн найз нар болох Б.Мөнхбат, Үүрцайх, Эрдэнэбат нар орж ирсэн. Тэгээд ууж байсан архинаасаа Б.Мөнхбат, Үүрцайх, Эрдэнэбат нарт хийж өгсөн. Тэр  өдөр 2 шил 0,5 литрийн Хараа архи уугаад Мөнхбат манайд хоносон. Үүрцайх, Эрдэнэбат хоёр гэр рүүгээ харьсан. Үүрцайх, Эрдэнэбат нарыг гэрээс гарахад манай гэрээс алдагдсан 2 ширхэг гар утас, 135.000 төгрөг байсан. Манай хүү Сүхбат /9настай/ 2 гар утсаа ширээн дээр цэнэглээд байж байсан юм. Цэрэнбадам өглөө эрт ажилдаа явсан. Тэгээд шар тайлах гээд Мөнхбатыг 0,33 литрийн архинд явуулсан. Тэгээд 0,33 литрийн архийг Мөнхбат, хүргэн Зохиолч бид гурав хувааж уусан. Тэгээд архиа уугаад сууж байтал Үүрцайх, Эрдэнэбат нар 0,75 литрийн архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архийг нь 5-уулаа хувааж уусан. Үүрцайх, Эрдэнэбат гараад явсан юм. Манайд Мөнхбат хүргэн Зохиолч бид гурав үлдсэн. Би жижиг өрөөнд хүүхэдтэйгээ, хүргэн Зохиолч том өрөөний буйдан дээр, харин Мөнхбат том өрөөнд байсан ба түүнийг унтсан эсэхийг мэдэхгүй байна. Би удалгүй 1 цагийн дараа босоод том өрөөнд цэнэглэж байсан 2 ширхэг гар утас, цонхны тавцан дээр байсан 135.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би Мөнхбат аваад явсан байх гэж бодоод гэрээсээ гараад жалга руу харахад цэнхэр өнгийн машинтай Мөнхбат 5-6 хүнтэй хамт суучихсан, тэр машинтайгаа Яармагийн 15 дугаар гудамжны зүүн талаасаа 2 дахь хаалган дээр очоод зогсохоор нь би Мөнхбат дээр очоод халаасыг нь ухахад миний усны карт гарч ирэхээр нь чи миний 2 гар утас, 135.000 төгрөгийг аваад гарсан байна шүү гэж хэлэхэд би юу гэж авдаг юм бэ гэсэн. Тэгээд Мөнхбатаас утас, мөнгөө нэхээд хэрэлдээд явж байгаад Бидний дэлгүүрийн урд талд очоод Мөнхбатыг барьж авч чадаагүй алдсан. Манайд Мөнхбатаас өөр гадны хүн ирж хоноогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

            Гэрч Б.Зохиолчийн ... 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хадам эгч Д.Бадам нь манай эхнэрийг гэртээ хүрээд ир гэж дуудаад байхаар нь би эхнэрийн хамт нилээн орой очсон. Д.Бадам эгчийн гэрт байнга орж гараад байдаггүй юм гэж бодоод манай эхнэр нэг шил архи, чихэр боовтой авчраад бид гурав хувааж уусан. Дахиж архи уухаар болоод эхнэр Д.Цэрэнбадамаар дахиж нэг шил архи авахуулж уугаад хоёр дахь шил архиа хувааж уугаад тасарчихсан. Тэгээд өглөө сэрэх үед Д.Бадам эгчийн талийгаач хүүгийн найз гэх нэг залуу унтаж байсан. Энэ үед Д.Бадам эгч сэрээд унтаж байсан залууг чи хулгай хийдэг шүү, битгий гэрээс юм аваад гарчихаарай гэж хэлж байсан. Манай эхнэр өглөө ажилтай байсан учраас явчихсан байсан. Ингээд эгч Д.Бадамаар нэг шил архи авахуулаад Д.Бадам эгч болон гэрт унтаж байсан залуугийн хамт бид гурав хувааж уусан. Тэгээд би дахиад тасарчихсан. Тасраад унтаж байхад эгч ширээн дээр байсан хоёр гар утас алга болчихлоо гэж яриад байсан, би унтаж байгаад өдөр сэрээд явсан. Хоёр ширхэг гар утас хулгайд алдагдсан гэж сонссон. 135.000 төгрөгийн тухайд огт мэдээгүй, сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Д.Үүрцайхын ...2016 оны 09 дүгээр сарын 90-ны өдөр Эрдэнэбат бид хоёр Морингоос гэртээ ирээд байж байтал орой 21 цагийн үед гэрээсээ гарч ирээд Мөнхбаттай таараад Эрдэнэбатынд очиж 1 шил 0,75 литрийн Стандарт нэртэй архи хувааж уусан. Мөнхбат бид хоёр Мөнхтер ахынд очсон юм. Мөнхтөр ахынд очиход Бадам эгч хамаатны хоёр хүнтэйгээ хамт 3-уулаа байсан. Тэгээд Мөнхтөр ахынд 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Дараа нь дахиад хэдэн шил архи уусан талаар мэдэхгүй, би гэртээ хариад унтсан байсан. Харин Мөнхбат Мөнхтөр ахынд хонохоор үлдсэн юм. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 25 дугаар гудамжинд байдаг найз Оодгой /Эрдэнэбат/-ын хамт гэрт нь архи ууж байтал Мөнхбат архинд явж байна, Бадам эгч намайг архинд явууллаа, онхорхой дэлгүүр байхгүй байна гэж хэлсэн. Эрдэнэбат бид хоёрын ууж байсан 0,5 литрийн архийг аваад Мөнхтөр ахынд очиход Бадам эгч хамаатны дүү гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт байсан. Мөнхбат, Эрдэнэбат, Бадам эгч хамаатны залуу гэх Эрдэнэбат, бид хоёрын авчирч ирсэн архийг хувааж уусан. Удалгүй Мөнхбат гараад 0,75 литрийн архи аваад ирсэн. Архи хаанаас авчирсан талаар мэдээгүй. Тэгээд Мөнхбат согтоод хана налаад унаад байхаар нь Эрдэнэбат бид хоёр Мөнхбатыг хаяад явсан. Маргааш өглөө нь хашааны хаалгыг хийлгүүлэх гээд Эрдэнэбат ахтай хамт байж байтал Бадам эгч, Мөнхтөр ахтай хамт ирсэн. Хамт архи ууж байгаад 2 ширхэг гар утас алга болсон байна. Мөнхбат аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбат бид хоёр гүйдэг хаалгаа хийчихээд Морингийн даваанд очиж өвлийн хүлэмж хийж байтал хамт ажилладаг Мөөгий ах надад хэлэхдээ Чой гэдэг хүн Мөнхбатыг 2 ширхэг гар утас зарах гээд бариад явсныг харсан байна гэж хэлсэн. Тэгээд би Мөнхбатыг Мөнхтөр ахын гэрээс 2 ширхэг гар утас хулгайлсан талаар мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Ч.Эрдэнэбатын ...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шиг санагдаж байна, найз Үүрцайхын хамт гэртээ байж байтал өглөө 09 цаг өнгөрч байхад Мөнхбат ганцаараа архи дарс уугаагүй орж ирсэн. Би урд өдөр авсан нэг шил Их Монгол нэртэй 0,75 литрийн архи задлаад нэг, нэг хундага  татаад шилтэй нь аваад 3-уулаа Мөнхтөрийн гэр рүү нь явж байхад эхнэр нь өөдөөс жалганд тааралдсан. Тэгээд хамт гэр рүү нь ороод архиа хувааж уучихаад Мөнхбат архи авчирна гээд дэлгүүр рүү яваад нэг шил архи авчраад бүгдээрээ хувааж уусан. Тэгээд Үүрцайх бид хоёр 12 цагийн орчимд манай гэр рүү явцгаасан. Биднийг гарахад Мөнхтөрийн эхнэр ундааны саванд хийсэн аньсны навч өгсөн ба гэртээ засвар хийж байсан тул үнэрийг нь арилгах гээд авч явсан ба мөн Үүрцайх гэртээ харьлаа гээд салаад явсан. Намайг гэртээ байж байтал Мөнхтөрийн эхнэр нь нэг эмэгтэйн хамт өдөр 15 цагийн орчимд манайд ирээд Мөнхбат ирсэн үү гэж асуухаар нь ирээгүй гэтэл Мөнхбат юм хулгайлаад явчихлаа гэж байсан. Юу хулгайлсаныг нь хэлээгүй, би ч асуугаагүй. Тэгээд цагдаад хэлнэ гээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнхбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

 Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 5-р гудамжны 427 тоотод хохирогч С.Мөнхтөрийн гэрээс Нөте-1, Самсунг эс-5 маркийн 2 ширхэг гар утас хулгайлж, 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Мөнхтөрийн ....2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Бадам нь Мөнхбат ирж хонохдоо Самсунг S5, Нөте 1, 2 ширхэг гар утас, цонхон дээр тавьсан 135.000 төгрөгийг аваад явсан байна гэж хэлсэн. Урьд өдөр нь манай эхнэр Бадам Б.Мөнхбат хоёр найзынхаа хамт архидаж хоносон талаар надад хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө манай эхнэр Бадам утас мөнгөө алдсанаа мэдээд Мөнхбатыг хайж Яармагийн 13 дугаар гудамжинд очиход Мөнхбат нэг машинаас буухаар нь чи миний хоёр гар утас, 135.000 төгрөгийг авсан байна гэж хэлэхэд Мөнхбат би аваагүй гэсэн. Тэгэхээр нь халаасыг нь нэгжиж үзэхэд Нөте 1 гар утасны ар талд хийсэн усны карт гарч ирэхээр нь миний утас, мөнгийг өг гэхэд зугтаад явсан гэж манай эхнэр Бадам надад хэлсэн. Нөте 1 маркийн хуучин гар утсыг 2015 оны эхээр 110.000 төгрөгөөр эхнэр Бадамд авч өгсөн. Харин хуучин Самсунг S5 маркийн гар утсыг 2016 оны 04 дүгээр сард 280.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Алдсан 2 гар утасны үнэ 210.000 төгрөгийг нэхэмжилнэ. Харин 135.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Б.Мөнхбат нь барилгын шавар, засал хийдэг, манай талийгаач хүүхэдтэй найз байсан. Тиймээс Б.Мөнхбатад хүнд ял оногдуулаасай гэж бодохгүй байна гэв.

Гэрч Д.Бадамын ...Манайд Мөнхбат, хүргэн Зохиолч бид гурав үлдсэн. Би жижиг өрөөнд хүүхэдтэйгээ, хүргэн Зохиолч том өрөөний буйдан дээр, харин Мөнхбат том өрөөнд байсан ба түүнийг унтсан эсэхийг мэдэхгүй байна. Би удалгүй 1 цагийн дараа босоход том өрөөнд цэнэглэж байсан 2 ширхэг гар утас, цонхны тавцан дээр байсан 135.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би Мөнхбат аваад явсан байх гэж бодоод гэрээсээ гараад жалга руу харахад Мөнхбат 5-6 хүнтэй хамт цэнхэр өнгийн машинд суучихсан Яармагийн 15 дугаар гудамжны зүүн талаасаа 2 дахь хаалган дээр очоод зогсохоор нь очоод Б.Мөнхбатын халаасыг нь ухахад миний усны карт гарч ирсэн. Би чи миний 2 гар утас, 135.000 төгрөгийг аваад гарсан байна шүү гэхэд би юу гэж авдаг юм бэ гэсэн. Тэгээд Мөнхбатаас утас, мөнгөө нэхээд хэрэлдэж байгаад Бидний дэлгүүрийн урд талд Мөнхбат зугтаагаад явсан. Манайд Мөнхбатаас өөр гадны хүн ирж хоноогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

            Гэрч Б.Зохиолчийн ...Тасраад унтаж унтаж байхад эгч ширээн дээр байсан хоёр гар утас алга болчихлоо гэж яриад байсан, би унтаж байгаад өдөр сэрээд явсан. Хоёр ширхэг гар утас хулгайд алдагдсан гэж сонссон. 135.000 төгрөгийн тухайд огт мэдээгүй, сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Д.Үүрцайхын ...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 25 дугаар гудамжинд байдаг найз Оодгой /Эрдэнэбат/-ын хамт гэрт нь архи ууж байтал Мөнхбат архинд явж байна, Бадам эгч намайг архинд явууллаа, онхорхой дэлгүүр байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбат бид хоёрын ууж байсан 0,5 литрийн архийг аваад Мөнхтөр ахынд очиход Бадам эгч хамаатны дүү гэх эрэгтэй хүнтэй хамт байсан. Удалгүй Мөнхбат гараад 0,75 литрийн архи аваад ирсэн. Тэгээд Мөнхбат согтоод хана налаад унаад байхаар нь Эрдэнэбат бид хоёр Мөнхбатыг хаяад явсан. Маргааш өглөө нь Бадам эгч, Мөнхтөр ахтай хамт ирсэн. Хамт архи ууж байгаад 2 ширхэг гар утас алга болсон байна. Мөнхбат аваад явсан байна гэж хэлсэн. Мөөгий ах надад хэлэхдээ Чой гэдэг хүн Мөнхбатыг 2 ширхэг гар утас зарах гээд бариад явсныг харсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Ч.Эрдэнэбатын ...Мөнхтөрийн эхнэр нь нэг эмэгтэйн хамт өдөр 15 цагийн орчимд манайд ирээд Мөнхбат ирсэн үү гэж асуухаар нь ирээгүй гэтэл Мөнхбат гэрээс юм хулгайлаад явчихлаа гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Харин Б.Мөнхбат нь хохирогч С.Мөнхтөрийн гэрийн цонхны тавцан дээр байсан 135.000 төгрөгийг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зарчмыг баримтлах зүйтэй гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч Б.Мөнхбат нь хохирогч С.Мөнхтөрийн гэрээс Нөте-1, Самсунг эс-5 маркийн, 2 ширхэг гар утас хулгайлж, 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Мөнхбат нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж /хх-ийн 65-66-р хуудас/, 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /хх-ийн 60-р хуудас/ байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан ялтай байдал дууссан байх тул шүүгдэгч Б.Мөнхбатыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

       

            Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Б.Мөнхбатаас 210.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Мөнхтөрд олгохоор шийдвэрлэв.        

 

           Шүүгдэгч Б.Мөнхбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Халзан овогт Батжаргалын Мөнхбатыг  бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар Б.Мөнхбатыг 100 /нэг зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар  албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлхийсэн тохиолдолд эдлээгүй 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг  шүүгдэгч Б.Мөнхбатад мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатаас 210.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Мөнхтөрд олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбатад авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР