Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/198

 

    


                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0209/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр, 
Шүүгдэгч *** /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 20179000289 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.


Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *** /***/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч *** нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, Blue Sky зоогийн газрын өмнөх зам дээр ***тай “хүүхдийн тэтгэмжийн мөнгө” төлсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдах үедээ түүний унаж явсан иргэн ***ын өмчлөлийн ***улсын дугаартай Соната-5 маркийн автомашины салхины шилийг хагалж, зүүн талын гадна толийг хугалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 205,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, Blue Sky зоогийн газрын өмнөх зам дээр ***ын өмчлөлийн ***улсын дугаартай Соната 5 маркийн автомашины хойд салхины шилийг хагалж, зүүн талын гадна толийг хугалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 205,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** нь миний нөхөр, манай хүүхдүүдийн эцэг нь юм. Намайг жирэмсэн байхад ***тай дотно харилцаатай байсан, би тэрийг нь  хүлээн зөвшөөрөөд бид шүүхээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж ***ыг 2 охиндоо сар бүр  тэтгэлэг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан боловч *** нь хүүхдийн тэтгэлгээ цаг тухайд нь өгөхгүй, боломжгүй байна, бололцоотой болохоороо өгнө зэрэг шалтаг тоочдог байсан. Хүүхдийн бие өвдөөд байна эм тан хэрэгтэй байна, хүүхэд сэхээнд байна гэж хэлээд мөнгөө нэхтэл боломжгүй байна гэхээр нь миний уур хүрээд унаж явсан машиных цонхыг нь хагалсан. Нийт 205,000 төгрөгийг ***д төлсөн” гэх мэдүүлэг

Хохирогч ***ын “...*** гартаа байсан отверкаар машины арын цонхыг хагалчихсан, тэр үед Цолмонбат машины бичиг баримт авах гэж байгаад ***куртикны кармааг урчихсан, тэгээд бичиг баримтаа аваад машиндаа суусан чинь *** жолооч талын толийг өшиглөж хугалсан” гэх мэдүүлэг /хавсаст хэргийн 44-45/,

***ын “Чи хүүхдийн мөнгийг өгч чадахгүй бол би машины чинь цонхыг хагална гээд гартаа барьсан отверканы ишээр миний унаж байсан цагаан өнгийн ***улсын дугаартай Соната 5 маркийн машины хойд шилийг хагалчихаар нь яаж байгаан юм бэ гээд болиулаад явах гэсэн чинь машины зүүн урд талд крыло хэсэг дээр хөлөө тавиад нэг гараараа шил арчигчаас бариад байж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98/,

“***” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний ...“Хьюндай соната-5” маркийн ***улсын дуаартай суудлын автомашины хойд салхины шил хагарсан 1 ширхэг, зүүн талын гадна толь 1 ширхэг зэрэг эд зүйл гадны нөлөөний улмаас хагарсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 205,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 205,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2017 оны 6-р сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэргийн гол шинж нь устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгчид хохирол учруулснаар төгсдөг, учруулсан хохирлын хэмжээг тухайлан заагаагүй байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг гэм буруутай, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор  хуульчилжээ.

 *** нь ***ын өмчлөлийн ***улсын дугаартай Соната-5 маркийн автомашинд 208,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “бага хэмжээнээс дээш” хохирол учирсан байх шинжийг хангахгүй, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ***д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 2.4, 2.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, цагаатгагдсан этгээдээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД