| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0264/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0230 |
| Огноо | 2015-10-13 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0264/Э/
Дархан-Уул аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000598 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***/, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Орхон сум *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийтийн 1 дүгээр баг Дэлгэр хороололд иргэн ***ыг 1 удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орой *** хоёртой Хонхорын дэлгүүрээс пиво авч байх үед нь таарсан юм. Би тухайн үед *** нартай хамт явж байсан. Би согтуу нэг найзыгаа гэртээ унтуулчихаад найзуудынхаа араас 21 цагийн үед очих үед тэд нар 1 пивоо уучихсан сууж байсан. ***тай манай нэг найз маргалдах үед нь болиулаад доошоо уруудаад Батцагаан дээр очих үед манай дүүг
унагаасан байхаар нь нүүр рүү нь 1 удаа цохисон. Би “манай дүүг яагаад унагааж байгаа юм бэ” гэж *** хэлсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд 150,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр найз ***тай 20 цагийн орчимд пиво уусан. Тухайн үед *** 4 дүүтэйгээ явж байсан. *** найзаа хүргэж өгнө гээд явахад нь би найзтайгаа үлдээд пиво уусан юм. Удалгүй *** нар хоорондоо маргалдаж байх үед нь би ***ыг салгах гээд ***ийг татахад унасан. *** араас ирээд намайг цохиход миний уруул сэтэрч 5 оёдол тавиулсан. Одооо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 150,000 төгрөг авсан, бид сайн дураараа ямар нэгэн дарамт шахалтгүйгээр эвлэрсэн” гэх мэдүүлэг,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2015 оны 8 дугаар сарын 13-ны орой 19 цагийн суудлаас хүн тосоод тэр хүнээ 79-н тохой руу өөрийнхөө машинаар хүргэж өгөх гэж яваад замдаа шаварт суучихсан юм. Ингээд найз ***ыг утсаар дуудаж шавраас татуулж гарчихаад цаашаа явсан. Тэгээд гэртээ ирчихээд ойролцоогоор 30 минутын дараа дэлгүүр ороход манай эхнэр надад “танай найз *** хүнд зодуулсан байна” гэхээр нь би “гэрт нь очиж уулзчихаад ирье” гээд машинтайгаа явж байхад урдаас манай найз *** таарч “эмнэлэг явах гэж байна” гэхээр нь “яасан, юу болсон, хэн зодсон бэ” гэж асуухад “*** таараад миний уруул руу цохичихлоо” гээд ***тай хамт явж байсан. Тэгээд найз *** руу хартал зүүн дээд уруул нь язарсан цус гарчихсан байхаар нь ***ын хамтаар эмнэлэг рүү авч явж оёдол, боолт тавиулсан юм.” гэх мэдүүлэг хэргийн /10 дахь тал/,
-Гэрч ****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би *** цохиж зодох үед хамт байгаагүй харин гэр рүүгээ харьж явахад *** миний уруул руу цохьчихлоо” гэхэд нь харахад зүүн дээд уруул нь язарчихсан цус гарчихсан байсан тэгээд эмнэлэгт ирж оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг хэргийн 11 дэх тал,
-“***ы биед уруулд язарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1005 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч *** нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийтийн 1 дүгээр баг Дэлгэр хороололд иргэн ***ыг 1 удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь “гомдол саналгүй, хохирол төлбөрт 150,000 төгрөг авсан” гэж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид сайн дураараа ямар нэгэн дарамт шахалтгүйгээр эвлэрсэн” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25-р зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр **** холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301-р зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД