Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2015 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0231

 

 2015        10           14                                           231 
                   
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: /171/2015/0258/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000444 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Өмнөговь аймаг Цогт – Цэций суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *** ***. /РД: ***/,
Шүүгдэгч ***нь 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дугаарын портер маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн ***ын жолоодон явсан ***дугаарын Соната-3 маркийн тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж иргэнд 700 000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг  санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ***гэж хүүхэнтэй уулзаж түүнд мөнгө өгөхөөр болоод 20 орчим цагийн үед утсаар яриад уулзсан. Тэр үед би өөрийнхөө ***дугаартай портер маркийн машинтай явж байсан. Тэгээд уулзаад мөнгөө өгчихөөд Шийрийн бригадын тийшээ байдаг манай ажил руу хамт явахаар болоод хамт явсан. Тэгээд явж байгаад замаасаа дэлгүүрээс 4 ширхэг сэнгүр пиво аваад явсан. Дэлгүүрээс хөдлөөд явахад ардаас нэг ногоон өнгийн Соната- 3 маркийн машин дагаад байсан. Дагаад байхаар нь батальон өнгөрөөд овоолсон шорооны ардуур ороод зогссон. Тэгтэл 1 минут орчим болоод нөгөө машин хүрч ирээд 10 орчим метр зайтай зогсоход манай эхнэр ***дотроос нь бууж ирсэн. Ирээд жолооч талын хаалга онгойлгоод хашгираад дайрсан. Тэгэхэд ***машинаас буугаад манай эхнэрээс зугтахад нь би машинаа асаагаад уул руу өгсөөд замгүй газраар зугтаасан. Гэтэл нөгөө машин ардаас хөөгөөд явсан. Би явж байтал цементийн хар зам руу тулаад нүх таараад гарч болохгүй болохоор нь буцаад эргэж яваад уруудаад давхисан. Гэтэл нөгөө машин миний урдуур ороод ирэхээр нь сандрахдаа очоод мөргөсөн. Би тэр дороо зогсоход нөгөө машин хөдлөөд Дархан руу яваад өгсөн. Миний машин явахгүй болохоор нь найзыгаа дуудаад ажил руугаа хүргүүлсэн. Тухайн үед хажуугаар нь гараад явах боломж байсан боловч би  нилээд хурдтай сандарсан явсан учраас мөргөсөн. Санаатай мөргөе гэж бодоогүй, сандраад зогсож чадаагүй... ” гэх мэдүүлэг \ хэргийн 62-63, 82 дугаар хуудас\, 
“...2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эхнэрээ ОУХТ дээр буулгаад өөрөө ажил руугаа явсан юм. Орой ажил дээр очиход машинд түлш байхгүй байсан. Түлшээ аваад явж байгаад найз хүүхэн ***уулзсан. Тэгээд ажил дээр очиж хононо гээд найз ***4 лааз пиво авах гээд “Цагаан хаалга”-ны дэлгүүрээс юм авах гээд байж байхад ногоон өнгийн жижиг тэрэг зайтай зогсож байсан. Тэр үед би эхнэрийг араас дагаад явж байж магадгүй гэж бодсон. Ингээд ажил руугаа явж байхад найз ***ногоон өнгийн машин араас дагаад байх шиг байна гэхээр нь харахад ард ногоон өнгийн машин явж байсан. Тэгэхээр нь араас дагаж байгаа үгүйг мэдэх санаатай тэнд байсан том овооны цаагуур жалга руу ороод зогсоход нөгөө ногоон машин ард ирээд зогсоход дотороос нь манай эхнэр бууж ирсэн. Ингээд манай эхнэр орилоод хашхирч байгаад буцаад ард байсан машинд суухад нь би зугтаах санаатай цаашаа засмал зам руу орох санаатай замын хажуугийн эрэг рүү гараад явахад цаашаа явах зам байгаагүй. Тэр үед нөгөө ногоон машин мөн араас дагаад ард ирээд зогссон байсан. Би цааш явах замгүй болохоор нь буцаж эргээд явахад өндөр эрэг дээгүүр харайгаад гарахдаа ард байсан машиныг мөргөсөн юм. Анхнаасаа мөргөх санаа зорилго байгаагүй. Миний машины араа гацаад тэр чигтээ очоод мөргөсөн юм. Ингээд нөгөө машин буцаад цаашаа явсан миний машин асахгүй байсан. Ингээд орой нь сэтгэл санаагаар унаад авсан пивноосоо нэг лаазыг уугаад байж байхад цагдаагийн газраас дуудсан” гэв. 
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө ***дугаартай Соната- 3 маркийн машинтайгаа дотуур хүн тээвэрлээд явж байсан. Орой 19 цагийн орчим үйлчилгээний төвөөс хөдлөөд Дархан Номингийн буудлаас нэг хүн суулгаад цаашаа явж байтал “Шунхлай” шатахуун түгээх станцын хажуугаас нэг эгч гүйж гарч ирээд явах уу гээд ард сууснаа батальон руу эргэчих гэхээр нь сууж байсан хүнийг яарч байна уу, явчихаад ирэх үү гэхэд тэр охин яараагүй тэгье гэсэн.Тэгээд шууд батальоны зам руу эргээд явахад урд явж байсан цэнхэр портерийг заагаад тэр машиныг дагаарай гэсэн. Тэгээд дагаад явж байтал нэг дэлгүүрийн гадаа нөгөө портер зогссон байсан. Нөгөө эгч хажуугаар нь мэдэгдэхгүй зөрөөд яваарай гээд цаашаа 50 орчим метр яваад зогссон. Тэгээд хүлээж байсан чинь нөгөө портерын жолооч дэлгүүрээс юм аваад гарч ирээд машиндаа суугаад хөдөлсөн. Тэгэхэд нөгөө эгч араас нь дагана гээд дэлгүүрийн үүдэнд зогсоогоод нөгөө жолоочийн орсон дэлгүүр рүү ороод юу авсаныг нь асуугаадхий гээд ороод удалгүй гарч ирээд нөгөө портерийг дагаж явсан. Нөгөө машин батальоны зүг замаар явж байгаад нэг овоолсон шорооны цаагуур ороод жалганд ороод зогсчихсон байсан. Тэгэхээр нь тэр эгч араас нь орчих гээд араас нь очоод хэдэн метрийн зайтай ард нь зогссон. Тэгээд нөгөө эгч буугаад жолооч талын хаалгаар очоод чи ямар балиар юм бэ гээд орилоод дайраад байсан. Тэгтэл нөгөө талын хаалгаар нэг хүүхэн бууж ирээд буцаад портерт суучихсан чинь нөгөө анх миний машинд сууж байсан эгч буцаж хүрч ирээд машинд суугаад хойноос нь дагая гэсэн. Портер нөгөө эгчийг манай машинд ирээд суух хооронд хөдлөөд явсан. Би араас нь жалганаас гараад явахад нөгөө портер баруун тийшээ яваад би араас нь өгссөн маягтай явж байсан. Тэгэхэд нөгөө эгч наадах чинь замгүй болчихсон, замтай газраараа яваад ирнэ биз, хэдүүлээ буцъя гэсэн. Бид нар буцаад эргэх гээд жаахан ухрахад нөгөө портер 200 орчим метрийн цаана буцаад эргэж байгаа харагдсан. Би тэгээд ухарчихаад эргэж болох эсэх газраа харчихаад баруун тийшээ гайгүй юм байна гээд урагшаа явах гэтэл нөгөө портер 10 орчим метр зайтай тулаад ирчихсэн байсан. Тэр портер ямар ч хурдаа хасах шинжгүй мөргөх шинжтэй хурдтай тулаад ирэхээр нь би машинаа хаазлаад урагшаа хөдлөөд нэг метр хүрэхтэй үгүйтэй явтал баруун талын арын хаалга орчим шууд ирээд нөгөө портер урд хэсгээрээ мөргөчихөөд чигээрээ яваад буцаад ирж байсан. Тэгтэл хамт явж байсан эгч нөхөр зүрхний өвчтэй, дахиад эргэж ирээд мөргөж магадгүй гэсэн. Урд сууж байсан охин ч гэсэн ахаа би айгаад байна гэсэн. Тэгээд би шууд яваад эмнэлэг дээр ирсэн. Тэр үед ард сууж явсан эгч толгой нь хагараад цус гарч байсан. Урд явсан охин хүзүү толгойгоо бариад байсан. Би бэртэж гэмтээгүй. Яагаад тэр машин мөргөснийг мэдэхгүй байна. Би санаатай мөргөсөн гэж бодож байна. Учир нь 200 гаруй метрийн цаанаас ирж байхад зогсоох арга хэмжээ авч болох байсан. Би яваагүй зогсож байхад харсаар байгаад ирээд мөргөсөн. Би хохиролд *** дугаартай газан машин хүлээж авсан, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг \ хэргийн 21-23 дугаар хуудас\, 
“... 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би дотор тойрч байгаад нэг хүн аваад явах гэтэл нэг эмэгтэй надаас батальон явах уу? гэхээр нь явахгүй гэхэд 10.000 төгрөг өгье гэхээр нь батальон явсан. Тэгээд хаана буух вэ? гэж асуухад би нэг портер машин дагах хэрэгтэй байна гэхээр нь дагаад явсан. Тэгээд “Цагаан хаалга”-ны ойролцоо явж байхад дэлгүүрийн урд нөгөө портер машин зогсож байсан. Тэгтэл нөгөө эгч цаашаа жаахан хэтрээд зогсчих гэхээр нь дэлгүүрээс цааш хэтрээд зогссон юм. Тэгтэл ***дэлгүүрээс тортой зүйл аваад машиндаа суугаад явсан. Араас нь дагаж байхад ***нь замаас гараад жалга руу ороод удаагүй байхад нь би араас нь жалга руу ороход ***ы машин жалганд зогссон байсан. Тэгтэл ***ы эхнэр машинаас буугаад орилоод уйлж байгаад миний машинд орж ирж суусан. ***нь машинаа асаагаад цаашаа зам руу орох гээд явахад нь би араас нь яваад машин гарахгүй юм шиг болохоор нь буцаад ухрах үйлдэл хийж байхад ***ирээд мөргөсөн юм. Тэгтэл эхнэр нь манай нөхөр зүрхний өвчтэй зугт гээд байсан. Тэр үед урд суудал дээр сууж байсан охин уйлаад байхаар нь эмнэлэг хүргэж өгөх гээд явсан. ***ы эхнэрийн толгойноос цус гарч байсан. Эмнэлэг дээр байхад цагдаа нар ирсэн. Одоо хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. 
Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ..тэгэхэд араас нь дагаад жалга руу ортол яг тулчихсан зогсож байсан. Тэгтэл нөгөө эгч буугаад портерийн жолооч талын хаалгыг онгойлгоод аймаар юм харсан бололтой гэнэт хашгирахад нөгөө талын хаалга нь онгойгоод нэг эгч үсрээд гараад ирсэн. Тэгтэл манай машинд сууж байсан эгч буцаж гүйж ирээд машинд суухад нөгөө портероос гарч ирсэн эгч буцаж суугаад портер хөдлөөд явсан. Тэр жалганаас гарах ямар ч боломжгүй болохоор манай машин араас нь дагаад хөдөлсөн ба нөгөө портер дээшээ хөдлөөд явж байсан. Би ард сууж байсан эгч рүү харчихаад буцаад эргээд харахад нөгөө портер цаана буцаад эргэж ирж байсан. Тэгэхэд манай машин зогсож байсан. Тэгээд миний сууж явсан машин хөдлөөд жаахан урагшилсан ба урд нүх, хажуу талд жалга байсан. Машины ард зайтай, чөлөөтэй байсан. Тэгээд хартал нөгөө портер чиглэж ирээд сууж явсан эмэгтэй нүүрээ дараад орилоод байх шиг байсан. Тэгээд нөгөө портер шууд ирээд нэг мэдсэн чинь тоос манараад манай машиныг мөргөчихсөн байсан. Ард сууж явсан эгчийн толгой нь хагараад цус гарчихсан, цонх хагараад хаалга нь эвдэрсэн байсан. Тэгэхэд манай машин ухарч гараад нөгөө эгч аллаа, зугтаарай гэхэд би бас зугатаарай гэж хэлсэн. Ард явсан эгч нөхрөө ингэнэ гэж бодсонгүй, хэдэн хүүхэдтэй гэж хэлээд чанга орилоод байсан. Тэгээд бид нар яваад шууд эмнэлэг орсон. Манай машин ухарч гарсан, тэр машинд мөргөхгүй гарах зай байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
    Гэрч ***ын мөдөн байцаалтын шатанд өгсөн: “.....би дэлгүүр ороод худалдагчаас нь энэ портерийн жолооч юу авсан бэ гэхэд 4 пиво, шоколад, өөр хэд хэдэн юм авсан гэсэн. Тэгэхээр нь би хурдхан гараад ардаас нь дагаад явтал ажлынхаа явдаг зүг явалгүй шууд зүүн гар тийш эргээд өөр зүг рүү яваад гэнэт алга болчихсон юм. Тэгэхээр нь араас нь дагаад явтал нөгөө портер нь доор жалганд зогсож байсан. Тэгэхээр нь өөрийнхөө сууж явсан машиныг портерийн ард нь хажуулдисхийгээд зогсоогоод би буугаад жолооч талынх нь хаалгыг онгойлготол манай нөхөр хажуугийн сандал дээрээ суугаад өмдөө өвдөгөө хүртэл тайлчихсан, нөгөө эмэгтэй нь хувцасаа тайлалгүй тонгойгоод манай нөхрийн бэлэг эрхтэнийг хөхөөд секс хийж байсан. Би онгойлгонгуут нөгөө хүүхэн нь хашгираад би ямар заваан юм бэ гээд цүнхийг нь авч шидээд эргээд машиндаа суусан. Тэгтэл ***юмаа аваад портер машинд эргэж суугаад ***машинаа асаагаад дээшээ зам чиглээд хурдтай хөдлөөд явсан. Би тэгэхээр нь ардаас нь яваарай гэхэд жолооч хөдлөөд араас нь явсан. Араас нь явж байтал ***машинтайгаа зам тулаад цаашаа явахгүй буцаад эргээд явсан. Миний сууж явсан машин ардаас нь явж байтал ***буцаж эргэж байгаад миний сууж явсан машины хажуугаас ирээд ар хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд шил хагараад миний толгойноос цус гарахад эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед манай нөхөр сандараад хурдтай эргээд явж байсан. Манай машин ч явж байгаад эргэхэд яг тулаад мөргөлдсөн. Тухайн үед тийм хол биш ойролцоогоор 20-30 метрийн зайтай л байсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,      
Гэрч ***ийн мөдөн байцаалтын шатанд өгсөн: “..... тэгээд явж байгаад дээр нь ачсан бензин асгараад байгаа юм шиг болохоор нь эргээд харахад нэг хар машин ардаас явж байх шиг байсан. Тэгээд дагаад байхаар нь ***замаасаа нэг шуудуу шиг юм руу ороод нуугдсан. Машин дөнгөж зогсонгууд нөгөө дагаад байсан машин ирж зогсоод дотроос нь ***ы эхнэр буугаад ирсэн. Эхнэр нь тэгээд хашгираад дайрахаар нь ***машинаа асаагаад цаашаа явсан. Тэгээд засмал зам руу орох гэтэл жалга байсан. Тэгэхээр нь буцаад доошоо эргээд явтал нөгөө машин ардаас нь дагаж явж байтал урдуур нь хажуугаараа орж ирээд мөргүүлсэн. Би нэлээн сандарсан байсан болохоор сайн хараагүй. Их хол биш байсан гэж бодож байна. Би мөргөх үед айгаад доошоо тонгойсон байсан, анзаараагүй. ***бид хоёр 5 жилийн өмнөөс танилууд болсон, жирийн танилууд юм.  ...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,      Жолооч ***ы согтуурал шалгасан тэмдэглэл \ хэргийн 29 дүгээр хуудас\, 
Хохирогч ***ын жолоодон явсан ***дугаарын Соната–3 маркийн автомашины эвдрэлд хохирлын үнэлгээ тогтоосон баримт\ хэргийн 44-49 дугаар хуудас\,
Яллагдагч ***ы жолоодон явсан ***дугаарын портер маркийн автомашинд үүссэн, эвдрэл гэмтэл хохирлын үнэлгээний баримт, фото зургууд\ хэргийн 53-56 дугаар хуудас\,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд \ хэргийн 3-8 дугаар хуудас\2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 742 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт \хэргийн 32 дугаар хуудас, 
2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 749 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт \хэргийн 37 дугаар хуудас\, 
2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 746 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт \ хэргийн 41 дүгээр хуудас\, 
2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хураан авах тогтоол, тэмдэглэл, үнэлгээний баримт \ хэргийн 82-86 дугаар хуудас\, 
2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хураан авах тогтоол, тэмдэглэл \хэргийн 93-94 дүгээр хуудас\, 
2015 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд \хэргийн 77-81 дүгээр хуудас\,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***ыг ***дугаарын портер маркийн автомашинаар иргэн ***жолоодон явсан ***дугаарын Соната-3 маркийн тээврийн хэрэгсэлийн баруун талаас мөргөж 700 000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч ***ы машин мөргөсөн үйлдлийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэж үзэх үндэслэл эргэлзээ бүхий байна.
Мөрдөн байцаалтын явцад хийсэн туршилтаар “ мөргөхгүй байх боломжтой “ гэж үзэж байгаа хэдий ч хохирогч ***ын “... Би араас нь жалганаас гараад явахад нөгөө портер баруун тийшээ би араас нь өгссөн маягтай явж байсан. Тэгэхэд нөгөө эгч наадах чинь замгүй болчихсон, замтай газраараа яваад ирнэ биз, хэдүүлээ буцъя гэсэн. Бид нар буцаад эргэх гээд жаахан ухрахад нөгөө портер 200 орчим метрийн цаана буцаад эргэж байгаа харагдсан. Би тэгээд ухарчихаад эргэж болох эсэх газраа харчихаад баруун тийшээ гайгүй юм байна гээд урагшаа явах гэтэл нөгөө портер 10 орчим метр зайтай тулаад ирчихсэн. Тэр портер ямар ч хурдаа хасах шинжгүй, мөргөх шинжтэй хурдтай тулаад ирэхээр нь би машинаа хаазлаад урагшаа хөдлөөд нэг метр хүрэхтэй үгүйтэй явтал баруун талын арын хаалга орчим шууд ирээд нөгөө портер урд хэсгээрээ мөргөчихөөд чигээрээ яваад буцаад ирж байсан” гэх, насанд хүрээгүй гэрч ***гийн:”...Тэгтэл манай машинд сууж байсан эгч буцаж гүйж ирээд машинд суухад нөгөө портероос гарч ирсэн эгч буцаж суугаад портер хөдлөөд явсан. Тэр жалганаас гарах ямар ч боломжгүй болохоор манай машин араас нь дагаад хөдөлсөн ба нөгөө портер дээшээ хөдлөөд явж байсан. Би ард сууж байсан эгч рүү харчихаад буцаад эргээд харахад нөгөө портер цаана буцаад эргэж ирж байсан. Тэгэхэд манай машин зогсож байсан. Тэгээд миний сууж явсан машин хөдлөөд жаахан урагшилсан ба урд нүх, хажуу талд жалга байсан. Машины ард зайтай, чөлөөтэй байсан. Тэгээд хартал нөгөө портер чиглэж ирээд сууж явсан эмэгтэй нүүрээ дараад орилоод байх шиг байсан. Тэгээд нөгөө портер шууд ирээд нэг мэдсэн чинь тоос манараад манай машиныг мөргөчихсөн байсан...” гэх, гэрч ***ын “...Миний сууж явсан машин ардаас нь явж байтал ***буцаж эргэж байгаад миний сууж явсан машины хажуугаас ирээд ар хэсэг рүү нь мөргөсөн. Тухайн үед манай нөхөр сандраад хурдтай эргээд явж байсан. Манай машин ч явж байгаад эргэхэд яг тулаад мөргөлдсөн. Тухайн үед тийм хол биш ойролцоогоор 20-30 метрийн зайтай л байсан ...” гэх, гэрч ***ийн: “...Эхнэр нь тэгээд хашгираад дайрахаар нь ***машинаа асаагаад цаашаа явсан. Тэгээд засмал зам руу орох гэтэл жалга байсан. Тэгэхээр нь буцаад доошоо эргээд явтал нөгөө машин ардаас нь дагаж явж байтал урдуур нь хажуугаараа орж ирээд мөргүүлсэн” гэх, шүүгдэгч ***ы  “...би машинаа асаагаад уул руу өгсөөд замгүй газраар зугтаасан. Гэтэл нөгөө машин ардаас хөөгөөд явсан. Би явж байтал цементийн хар 
зам руу тулаад нүх таараад гарч болохгүй болохоор нь буцаад эргэж яваад уруудаад давхисан. Гэтэл нөгөө машин миний урдуур ороод ирэхээр нь сандрахдаа очоод мөргөсөн. Би тэр дороо зогсоход нөгөө машин хөдлөөд Дархан руу яваад өгсөн. Тухайн үед хажуугаар нь гараад явах боломж байсан боловч би нилээд хурдтай сандарсан явсан учраас мөргөсөн. Санаатай мөргөе гэж бодоогүй, сандраад зогсож чадаагүй....” гэх мэдүүлэгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд гэрч, хохирогч нар шүүгдэгч ***нь иргэн ***ын автомашиныг мөргөсныг нотолж байх бөгөөд харин санаатай мөргөж гэмтээсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй байна.  
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан  шүүгдэгч ***нь  портер маркийн ***дугаартай автомашин жолоодож явахдаа хохирогч ***ын жолоодож явсан Соната-3 маркийн ***дугаартай автомашиныг санаатай мөргөж, гэмтээсэн  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ***улсын дугаартай портер маркийн автомашин болон ***улсын дугаартай  портер маркийн автомашины гэрчилгээг хураах тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн , 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгийг хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, энэ хэргийн хамт ирүүлсэн, тээврийн хэрэгслэлийн гэрчилгээг эзэмшигч ***д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч ***ын хохирлыг барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.4, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, ***ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар ***д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн  297.6.3-т зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны  өдрийн болон 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  эд хөрөнгө хураах  тухай  тогтоолыг тус тус  хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн  298.1.1, 298.1.2-т зааснаар ***нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ЭНХЖАРГАЛ