Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0233

 

    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0268/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,  
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000580 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***/,  -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүй, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, Дархан сумын 18 дугаар сургуульд багш хөгжлийн төвийн багш ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны орой 21 цаг 40 минутын орчим Дархан сумын 9 дүгээр баг 4-7 дугаар байрны арын автомашины зам дээр ***улсын дугаартай Тоёото платц маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёото приус маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
 ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 12-ны орой ажлынхаа *** нартай караокед дуулж, 2 шил архи уусан. Надад цүнх байхгүй байсан болохоор ***д машиныхаа түлхүүрийг өгсөн байсан. Яаж түлхүүрээ авч, машинаа асааж явсан, юу болсон талаар санахгүй байгаа. Нэг ухаан ороход цагдаа ирсэн байсан. Ослоос хойш 5 хоногийн дараа хохирогчтой уулзаж өөрийнх нь сонгосон засварчинаар засуулахаар болж би төлбөрийг нь өгсөн. Хэд хоногийн дараа хохирогч залгаад засвар таалагдахгүй байна гэхээр нь дахиад засуулсан. Би нийт 1,500,000 төгрөг засварын төлбөрт төлсөн” гэх мэдүүлэг, 
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2015 оны 08 сарын 12-ны 21 цагийн үед гэрлүүгээ явж байхад гэнэт эгц өөдөөс машин гарч ирээд хажуу талаас мөргөөд зугтсан. Би араас нь хөөж барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед шүүгдэгч их согтуу байсан. Байцаагч дуудаад хохирлын үнэлгээ гарахад би үнийн дүнг зөвшөөрөөгүй тэгээд засвар хийлгэхээр тохиролцсон. Машин засвараас гарсан гэхээр нь очиж үзтэл харваас муу зассан байсан. Би дахиж засуулъя гээд өө сэвийг нь харахын тулд машинаа угаахаар авч яваад арваад хоногийн дараа засварын газарт авчирч өгсөн. 2 хоноод ирэхэд юу ч хийгээгүй байсан. Би болоогүй байна дахиад зас гээд 4 хоногийн дараа ирэхэд бас сэтгэлд нийцээгүй. Би засаад өгөөч гээд ***руу олон удаа залгасан. Харахад илт мэдэгдэхээр хойд хаалганы шил дугардаг, толь нь ажилладаггүй, өө сэв ихтэй байгаа болохоор өө сэвгүй болтол нь дахиад өөр газар засуулмаар байна” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/, 
Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 8 дахь тал/, 
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Дархан зочид буудал руу бид гурав дуулах гээд ороход *** чи миний машины түлхүүрийг цүнхэндээ хийчих гээд өгөхөөр нь би цүнхэлсэн. Бид 3 Дархан зочид буудлын караокед ороод нэг шил 0.5 литрийн Чингис, мөн нэг шил 0.75 литрийн Чингис аваад дуулангаа хамт хувааж уусан. Тэгээд би гарахынхаа өмнө 00-н өрөө орчихоод буцаад ирсэн чинь *** миний цүнхийг ухаад цүнхэнд байсан хамаг юм гаргаад буйдан дээр тавьчихсан байсан. Энэ үед л миний цүнхэнд хийлгэсэн машиныхаа түлхүүрийг авсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би тэр үед цүнхэнд байсан эд зүйлээ бүгдийг нь буцааж цүнхэндээ хийгээд караокенаас би Марлаагийн хамт түрүүлээд харих гээд гараад явсан. Тэр үед ***тай хамт гарах гэсэн боловч *** намайг манай найз ирж авна та 2 түрүүлээд явж бай гэхээр нь бид 2 түрүүлээд явсан.  Би гарч явахдаа ***ыг машиныхаа түлхүүрийг миний цүнхнээс авсныг огт мэдээгүй. Миний цүнхнээс алга болсон эд зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хэргийн 27 дахь тал/, 
Гэрч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Бид нар караоеке руу ороод 0,5 литрийн 1 шил Чингис, мөн нэг шил 0,75 литрийн Чингис аваад дуулангаа хамт хувааж уусан. Уучихаад гарахын өмнө *** 00 орсон хойгуур *** ***гийн цүнхэн дэх эд зүйлийг нь гаргаж байгаад ***д караоеке руу орохдоо өгсөн машиныхаа түлхүүрийг авчихсан. Тухайн үед би буйдан дээр сууж байхад *** 00-с орж ирээд цүнхэн дэх эд зүйлээ цүнхэндээ хийгээд надтай хамт гараад явсан, бид хоёр гарахдаа ***тай хамт явах гэсэн боловч *** бид хоёрт манай найз намайг ирж авна гээд үлдсэн болохоор бид хоёр гараад таксинд суугаад харьсан” гэх мэдүүлэг, /хэргийн 28 дахь тал/, 
 “Жолооч *** нь Тоёото платц маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-а жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу 
ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 8 дугаар бүлэг 8.4 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг 
хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан. Ослын дараа мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.5-В зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын 
тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж,түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан 
цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн” гэх 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хэргийн 30 дахь  тал/, 
“Осол үйлдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна” гэх 10/07/025/067 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хэргийн 40 дэх тал/, 
“***ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх 998 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 48 дахь тал/, 
Ял шалгах хуудас /хэргийн 62 дахь тал/, 
“*** улсын дугаартай platz маркийн авто машиныг эзэмшдэг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эгч болох Дашчирэвийн *** нь жолоодож байгаад осол гаргасан болно. Надад гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /хэргийн 76 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны орой 21 цаг 40 минутын орчим Дархан сумын 9 дүгээр баг 4-7 дугаар байрны арын автомашины зам дээр ***улсын дугаартай Тоёото платц маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа иргэн ***ын эзэмшлийн ***улсын дугаартай Тоёото приус маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч ***ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 62 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
*** нь тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх ба түүнд иргэний нэхэмжлэгчийн хувьд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна.
*** нь автомашинд учирсан гэм хорын хохирол арилаагүй, хаалганы шил дуугардаг, толь нь ажилладаггүй, өө сэв ихтэй байгаа болохоор өө сэвгүй болтол нь дахиад өөр газар засуулмаар байна, гомдолтой байна гэх боловч дахин засвар хийх шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар хэмжээний засвар шаардлагатай болох, уг засварыг хийхэд хэдэн төгрөг шаардлагатай талаар баримт ирүүлээгүй байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Б.Түвшинтөрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хийгдсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2015 оны 8-р сарын 13-ны өдрийн *** тоот хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр *** Тоёота приус маркийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын хэмжээг 1,135,000 төгрөгөөр тогтоосон байна.
Дээрхи үнэлгээтэй *** 2015 оны 8-р сарын 14-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан байх ба үнэлгээтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч *** засвар, болон сэлбэгийн хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер, зарлагын баримт /хх-ийн 73,74 дах тал/-аар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д ... эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан ба шүүгдэгч нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,135,000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Иймд ***ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***ын жолоодож явсан  Тоёото платц маркийн ***улсын дугаартай автомашины эзэмшигч нь түүний эгч Д.Болормаа байсан байх ба Д.Болормаа нь 2014 оны 10-р сарын 24-ний өдөр дээрхи автомашиныг “***” ХХК-д барьцаалан 
2 сая төгрөгийн зээл авч, автомашины эзэмшигчээр гэрээний дагуу “***” ХХК бүртгэгджээ.
“***” ХХК-иас 2015 оны 2-р сарын 16-ны өдөр Б.Болормаад олгосон итгэмжлэлээр ... компанийн нэрийн өмнөөс зээлийн болон фидуци, барьцааны гэрээ хийх, 

гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх олгожээ. /хх-ийн 24-р тал/
***д цагдаагийн байгууллагад болон шүүхэд компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, мөн *** “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр байцаалт өгөхдөө компаний эзэмшилд бүртгэгдсэн автомашинд гэм хор учруулсан гэм хорын төлбөрийн талаар бус харин энэ хэрэгт хамааралгүй шүүгдэгчийн эгч ***тай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргажээ.
Иймд “***г” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхих нь зүйтэй байна. 
Шүүгдэгч *** нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материалллаг хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. 
Мөрдөн байцаалтын шатанд Тоёота платц ***улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2015 оны 8-р сарын 30-ны өдрийн 1968 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 


ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил 1 сар /нэг жил, нэг сар/-ын хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Тоёота платц ***улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2015 оны 8-р сарын 30-ны өдрийн 1968 тоот тогтоолынг хүчингүй болгосугай.

6.Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “***” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисныг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг ***д мэдэгдсүгэй.


9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан 
сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД