| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2015/0252/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0237 |
| Огноо | 2015-10-27 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0252/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч ***, *** , *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** холбогдох 201509000478 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,***ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, Б*** өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
3.Монгол Улсын иргэн, Б***ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай,
эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжилтэй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Кайф” баарны хажууд 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ө.Билгүүтэйгийн эрх чөлөөнд халдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 6 дугаар сарын 14–ний өдөр 20 цагийн үед Ч***бид хоёр найз ***ийг төмөр замаас тосж аваад төмөр замын гадаа нэг шил архи, нэг пиво аваад хамт хувааж уусан. Тэгээд***гаас салаад ***ан бид хоёр “ОК” баарны харалдаа явж байтал өөдөөс 8 залуу гарч ирээд хоргоогоод, үг хэлээр доромжилж эхэлсэн. Зарим нь ***ыг аваад явсан, тэгж байтал такси ирэхээр нь бид хоёр зугтаж машинд суугаад төмөр зам дээр буугаад 34 дүгээр байрны харалдаа ирэхэд ***тэй тааралдсан. Тэгээд болсон явдлын талаар хэлтэл ***х намайг хашаанд сууж байхад хэдэн залуучууд ирээд хоргоогоод байсан, тэд нар мөн байна гэсэн. Ингээд цааш ***ыг гэрт нь дөхүүлж өгөх гээд явж байтал 14 дүгээр байрны харалдаа түрүүний 8 залуугийн нэг нь зогсож байсан учир эхлээд айлгая гэж бодоод очтол хэл амаар доромжлоод байхаар нь миний зүгээс эхлээд нэг алгадаад дараа нь өвдөглөсөн. ***н залуучуудтай зууралдаад байж байтал хүмүүс гарч ирээд болиоч гээд хэлэхээр нь салцгаасан.
…1500000 төгрөгний хохирол гарсан, хохирлыг төлж барагдуулж дуусгасан.
…би энэ хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Цаашид хэрэгт холбогдохгүй, ажлаа хийгээд томоотой байж чадах болохоор нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа буугаад ***х бид хоёр ***ийг төмөр замаас тосж аваад бид гурав нийлээд төмөр замын 78 дугаар байрны хажууд авсан архи пивоо ууж дуусгаад *** гэртээ орсон. Би гэр рүүгээ орох гээд бид хоёр манай байрны хажууд байж байтал 8 залуу ирээд хоргоогоод өдөж эхэлсэн. Бид хоёрыг салгаж авч явсан. Намайг авч явсан залуусын дунд ***тэй байсан. Бид хоёр такси ирэхээр нь гүйж орж суугаад зугтсан. Төмөр зам дээр буугаад манайх руу явж байтал Б***тэй тааралдсан. Б***эд болсон явдлыг хэлэхэд тэр залуучууд чинь намайг дээрэлхсэн залуучууд мөн байна гээд яриад явж байтал ***тэй таарсан. Яагаад тэгснийг нь асуутал үг хэлээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь заамдаж авсан гэтэл хажуу талын “Кайф” баарнаас хүмүүс гарч ирээд болиоч гэхээр нь больж, тэндээ салаад гэртээ хариад унтаж байтал үүрийн 04:00 цагийн үед цагдаа ирээд эрүүлжүүлэхэд хонуулсан.
… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, цаашид ажлаа хийгээд хэрэгт холбогдохгүй томоотой амьдарч чадах учир нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.
” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид гурав төмөр замын 14 дүгээр байрны хажуугаар явж байтал гэрэл дагуу нэг залуу явж байсан тэр нь бид нарыг дээрэлхээд байсан залуучуудын нэг нь байсан учир бид гурав очоод тэр залууг Кайф баарны хажуугийн хашаанд оруулж байгаад ***н ах хавсарч унагаасан. *** ах алгадаж, өвдөглөсөн. Би зодоонд оролцоогүй хараад зогсож байтал хажуу баарнаас хэдэн эгч нар гарч ирээд болиоч гэхээр нь болиод гэр гэр рүүгээ харьцгаасан.
…Миний хувьд саяхан их сургуулиа төгсөж, ажилд орсон байгаа. Эх, дүү хоёрын хамт амьдардаг, гэр бүлээ ганцаараа ажил хийж тэжээдэг. Энэ хэрэгт маш их харамсаж байгаа, дахин хэрэгт холбогдохгүй ажлаа хийгээд амьдарч чадах итгэлтэй байгаа учир нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд: “..2015 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн орчим би төмөр замын 16 дугаар байранд Батцэнгэл ахын гэрт очиж уулзаад буцаад “Ок” баарны хажуугаар гараад явж байхад танихгүй 3 залуу миний хажууд ирээд “наадах чинь мөн байна, нааш нь аваад ир” гээд хоёр нь /Батсайхан, Төмөрсүх хоёр нь намайг сугадсан юм. /би тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан юм/ Намайг сугадаад “Кайф” баарны хажуугийн модтой харанхуй хэсэг рүү оруулаад ***гэх залуу нь “чамаар боовоо хөхүүлнэ ээ” гээд өмднийхөө тэлээг тайлах гэж байснаа намайг өвдөгөөрөө элэгдээд алгадсан тэгэхээр нь би “та нар хүн андуураад байгаа юм биш үү?” гэсэн чинь ***“би багадаа барилддаг байсан юм шүү” гээд намайг хавсараад унагаахаар нь би газар нүүрээ дараад хэвтэхэд миний дээрээс хэн нь мэдэгдэхгүй хоёр талаас өшиглөөд байсан юм. Тэгэхэд хажуугаас Батсайхан нь “битгий нүүр рүү нь өшиглө” гэж хэлээд байхад чинь гэж хэлж байсан юм. Тэгээд байж байхад хажуугаас хэдэн эмэгтэй хүмүүс гарч ирээд “болиоч та нар хүн аллаа шүү дээ” гэсэн чинь тэр гурав яваад өгсөн юм. Миний толгой хөдөлсөн, хоёр өвдөг, тохой, нүүр шалбарсан байсан. Би эмчилгээний зардал болох 1500000 төгрөг авсан одоо надад нэхэмжилэх зүйл байхгүй, би гомдолгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-“...***тэйн биед хацар, 2 тохой, өвдөг, хөлийн шагайнд зулгаралт, нүдний салстад цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56-57, 59 дэх тал/,
-Хохирол төлсөн баримт /хэргийн 64 дэх тал/ /1122850/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******х нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Кайф” баарны хажууд 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ***н эрх чөлөөнд халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “Б.Төмөрсүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч ***ийн “намайг түлхээд авахаар нь би нэг удаа өшиглөчихсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/, Б.Дархансүхийн “Батсайхан тэр залууг нэг удаа үүрч шидсэн, тэгсэн Т*** хажуугаас нь нэг удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/ зэргийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б***ийг гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Нийгмийн хэв журам гэдэгт нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх, амгалан тайван амьдрах эрх хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаа нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл болж байна.
Нөгөө талаас гэмт хэргийн улмаас хохирогч ***эйн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх тул шүүгдэгч нарыг догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэстэй.
Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Хохирогч*** нь “миний бие гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 56-57, 59 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** ар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч*** нарт оногдуулсан 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт, шүүгдэгч ***д хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулж хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг с***нарт мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ