| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0273/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/038 |
| Огноо | 2015-10-28 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2015/ШЦТ/038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2015/0273/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000561 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /
2. Монгол Улсын иргэн, -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эцг, эхнэр, охины Улаанбаатар хот *** тоотод оршин суудаг, Улаанбаатар хот “***”-д автоматик инжинер ажилтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъьа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2015 оны 08 дугаар сарын 02-ноос 3-нд шилжин шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “***” нэртэй зочид буудлын авто замын эсрэг талд иргэн ***ыг “ах дүү гэж хэллээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрахсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2015/шийтгэх тогтоол/***, *** нар/181.2.1, 181.2.5 /doc
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 2-
ны шөнө буудал руу таксинд суух гээд явсан. Урд *** 4 эмэгтэйтээ бид нар нэг машинд суусан. Хамт явж байсан эмэгтэйчүүд нь та 3 хамтдаа явж байгаа юм уу гэж асуусан тэгхэд нь үгүй гэж хэлсэн. Тэгээд шахалдаад байна гээд бид 2-ыг Номингийн 9 давхарын урд буулгахаар нь ард талын машинд нь суусан. Урд явж байсан приус машинд суусан 4 эмэгтэй таксинаас бууж байсан. Хэрүүл маргааны сэдэлттэй очоогүй юм. Эмэгтэй хүмүүстэй юм ярих зорилготой байсан. Удалгүй *** бид хоёр дээр ирээд ахын дүү яасан юм бэ? гэж хэлээд *** маргалдаж цохиход зугтаах үед нь араас нь би очиж цохисон” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 2-ний өдрөөс 8 дугаар сарын 3-ний шөнө бид хоёр үйлчилгээний төвийн урдаас таксинд суухад 1 эмэгтэй нь шахаж суусан. Урд талын суудалд сууж явсан *** цуг яваа юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. 4 хүүхэн машинаас буухад нь уулзах гээд араас нь буухад *** гарч ирээд маргалдсан. Би ***д хэзээ би чиний дүү байсан юм бэ гээд цохисон. Босоод зугтах үед нь *** араас нь очиж унагааж цохисон” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** буудлын харалдаа зогсож 4 эмэгтэй хүн байж байхыг хараад таксинаас буугаад тэр эмэгтэйчүүд дээр очиход урд талын суудалд сууж байсан залуу гарч ирээд *** бид 2-ыг ахын дүү нар яасан бэ гэхэд бид 2 хэзээ чиний ах дүү болчихсон юм бэ гэж хэлээд бид 3 маргалдаад байж байхад *** тэр залуугийн нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон харин нүүрнийхэн аль хэсэгт цохисоныг би хараагүй. Тэр залууг *** цохиход ***тай зууралдаад зугтах гээд өмсөж явсан цамц нь урагдаж маргалдаж байсан газар үлдээд, Эзэнт гүрэн рестораны чиглэл рүү гүйхэд би араас нь хөөж гүйж байгаад “***” зочид буудлын зам гараад хойноос нь барьж байгаад дэгээдэж унагаад унсан байхад нь нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн, мөн биеийн цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөхөд тэр залуу босож ирэхэд *** араас нь ирээд тэр залууг амбаардаж байгааг харсан. Харин өөр цохиж байгааг би хараагүй. Тэгээд байж байхад бид 2-н зодсон залуутай хамт явж байсан эмэгтэйчүүд салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...урд талын суудал дээр сууж байсан залуу бууж ирээд *** бид 2-ыг ахын дүү нар яасан бэ гэж асуухад бид 2 хэзээ чиний ах дүү болчихсон юм бэ гэж хэлээд бид 3 маргалдаад байж байхад би тэр залуугийн нүүр лүү нь гараараа цохиход тэр залуу намайг барьж авахаар нь би газар татаж унгахад *** нуруу болон цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж байхыг харсан унсан хойно нь би цохиогүй. Босож ирээд зугтахад цамцнаас нь зуурсан чинь цамц нь урагдаж үлдсэн. *** тэр залуугийн араас нь гүйж байгаад газар унгасан байсан. Би араас нь очоод бөгс рүү нь нэг удаа өшиглөхөд тэр машинд явж байсан үл таних эмэгтэйчүүд ирж салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,
Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...тэгээд би машинаасаа буухад Дархан Номингийн хажууд миний сууж явсан машинаас буусан 2 залуу над руу хүрч ирээд өөртөө чинь уулзая даа гэхэд тэр 2 залууд яасан ахын дүү гэж хэлэхэд үл таних 2 залуу надад хэзээ би чиний дүү болчихсон юм бэ гэж хэлээд нэг нь үгийн зөрөөгүй нүүр лүү цохиход би зугтах гээд эргээд харсан чинь нэг нь миний цамцнаас зуураад би цамцаа татахад цамц урагдаж үлдсэн. Би цааш Ноёд пабын зүг гүйхэд нэг нь миний араас ирээд намайг газар унагаж 2 талаас өшиглөж эхэлсэн тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Би хэсэг хугацааны дараа босоход миний хамар сонин болчихсон амьсгалж чадахгүй толгой өвдөөд байсан тухайн үед миний оюун санаа орж гараад шоконд орсон байхад хамт нэг машинд сууж явсан хүмүүс эмнэлэг рүү хүргэж өгч анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/
Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд цааш явж байхад бид нартай хамт явж байсан нэг залуу би 380-ын хажууд бууна гэхэд таксины жолооч буулгахад араас бид нартай хамт чихэлдээд сууж байсан 2 залуу ирэхэд нөгөө залуу яасан ахын дүү гэхэд нөгөө 2 залуу дургүйцэж байгаад зодож эхэлсэн. Харанхуй байсан учир хэн нь хаашаа нь хэдэн удаа цохисоныг би хараагүй. Яг зодоон эхлэх үед зодуулсан гээд байгаа залуу Ноёд тал руу зугтаад гүйхэд зодсон 2 залуу араас нь хөөгөөд гүйсэн. Бид нартай хамт явж байсан эмэгтэй салгах гэж гүйж очоод удалгүй буцаад ирэхэд салгах гэж явсан эмэгтэй нүүр лүүгээ цохиулж баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Харин нөгөө залуугийн хамарнаас цус гараад тогтохгүй болохоор нь би чи наадахаа эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй шүү гэж хэлээд би зам дээрээс такси бариад эмнэлэг рүү авч очиж хамрын цусыг нь тогтоолгоод гэр лүү нь 2-р ТМС-ийн цаад талд хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд тэр залуу бид нартай шахалдаж суугаад хөл гар дээр гишгээд байхаар нь бид нар тэр 2 залууг Номингийн тэр хавьд машинаасаа хөөж буулгачихаад цааш явж байхад урд талын суудал дээр үл таних 2 залуу 380-ын *** буудал дээр бууна гэж хэлэхэд таксины жолооч буудлын урд машинаа зогсоож нөгөө залуугаа буулгахад хаанаас нь ирсэн нь мэдэгдэхгүй өндөр нам 2 залуу ирээд тэр ирсэн 2 залуу бид нарын сууж байсан машинаас буусан залууг цохиод унгахад бид 4 машинаас буухад унасан залуу босоод машины зам хөндлөн гараад гүйхэд тэр 2 залуу араас нь хөөж байгаад Смарт дэлгүүрийн урд барьж аваад залууг газар унган өшиглөж байхад би тэр залуучуудын араас нь очоод салгах гээд дундуур нь ортол намайг тэнд байсан залуу түлхэхэд би газар унаад хөлөө шалбалчихсан. ...тэр үед зодуулсан залуугийн хамарнаас цус гарчихсан байхаар нь цусаа өөрөө арчаад л байж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 85-86 дугаар хуудас/,
Шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 957 дугаартай: “...***ы биед зовхи, хамар, дух, мөр, чамархай, өвдөг, гарын сарвуунд зулгаралт, хацар яс, хамар яс хугарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, *** нар нь 2015 оны 08 дугаар сарын 02-ноос 3-нд шилжин шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “***” нэртэй зочид буудлын авто замын эсрэг талд гудамжинд бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ***ыг “ахын дүү гэж хэллээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***, *** нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /хэргийн 11-12 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 85-86 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 957 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ хийлгэхэд гарсан зардал гэж 1 601 550 төгрөгийн нотлох баримт ирүүлснээс /хх- 48-65 ху/ шүүгдэгч ***, *** нар нь хохирогчид 2 110 000 төргөгийг /хх 66-70 ху/ эмчилгээний төлбөрт төлсөн болох нь бичгийн баримтаар /хх-66-70 ху/ тогтоогдож байх бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч ***т 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял, ***т 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***т, *** нарт оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т, *** нарт оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүр дүүргийн Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.
6. Шүүгдэг ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА