Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0420

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч М.Б,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Б” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/430 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаас гаргасан шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0353 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,

хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э,

Хэргийн индекс: 128/2025/0797/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас анх шүүхэд хандан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/430 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаас гаргасан шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлсэн.

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0353 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан “Б” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-д тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/430 дугаар тушаал, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ХI хурлаас гаргасан шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

           3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан үндэслэлтэй зөв дүгнээгүй, хэт нэг талыг барьсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

           3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д “...уг хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх төдийгүй үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй...” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

           Учир нь, уг асуудлыг шүүхээс тодруулж асууж байсан бөгөөд бодит байдал дээр газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг төрийн байгууллагад хүлээлгэн өгч, бүртгэлд оруулсан зүйл байхгүй хэдий ч газрын ашиглах эрхийн хугацааг сунгуулах, газрын зөрчлийг арилгуулах зэргээр биечлэн уулзаж, хүсэлтээ илэрхийлж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй талаар нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан. Үүний шалтгаан нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны зүгээс газрын зөрчлийн асуудлыг шийдвэрлэж өгнө, өөр газраар сольж өгнө, эсхүл яаманд асуудлыг танилцуулж шийдвэрлэж өгнө гэх мэтээр манай компанид хүлээлт үүсгэж байсантай холбоотой.

           3.3. ...Манай газрын хойд болон урд талд бусдын хууль бус эзэмшил бий болж, байшингууд барьсан бөгөөд тэдэнд тус яамны зүгээс манай газартай давхцуулан газар ашиглах эрхийг өгсөн байсан бөгөөд тэрхүү асуудлаа шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд байнга тавьсаар ирсэн ч шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрсэн гэх асуудалтай холбогдуулан хариуцагч нарын зүгээс маргадаггүй. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны зүгээс манай ашиглах эрхтэй газар дээр бусдын хууль бус эзэмшил үүссэн асуудалд тодорхой арга хэмжээ авч чадахгүй болсон тул өөр газраар сольж өгөх талаар бидэнтэй ярилцаад өөр газар санал болгож байсан үйл баримт байдаг бөгөөд уг асуудлаар шүүхээс огт шалгаж тогтоох, холбогдох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй.

           3.4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5-д тус тус заасны дагуу бичгээр өргөдөл, гомдлоо гаргаж байсан баримт үлдээгүй байх хэдий ч манай компаниас байнга биечлэн уулзаж, амаар гомдол хүсэлтээ тавьсаар ирсэн. Гэтэл анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүй, мөн холбогдох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.10, 2.11 дэх хэсэгт нэхэмжлэгчээс яам болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй, нотлогдохгүй байна гэх зэрэг тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй гэж үзэж байна.

           3.5. Мөн бусдын хууль бусаар манай газар дээр байшин барьж ашиглаж байгаа үйлдлийн улмаас газраа бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Манай компанид 2 га бус бодит байдалд 0.36 га талбай л байгаа бөгөөд яамны мэдээллийн санд 0.36 га хэмжээгээр бүртгэлтэй, зохиомлоор 2 га гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү зөрчлийг арилгах, хяналт тавих чиг үүрэгтэй хамгаалалтын захиргаа нь үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас газраа ашиглаж чадахгүйд хүрсэн боловч бид газрын төлбөрөө 2 га хэмжээгээр 2023 оны хүртэл хугацаанд төлсөн.

           3.6. Шүүхийн шийдвэрийн 2.17 дахь хэсгийн дүгнэлт мөн л хэт нэг талыг барьсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/235 дугаар тушаалаар батлагдсан “Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.9, 2.14, 2.14.3, 2.21-д тус тус зааснаас үзэхэд газар ашиглах эрх олгох, цуцлах зэргийг дан ганц сайдын эрх хэмжээний хүрээнд бус Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зөвхөн сайдын тушаалыг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

           3.7. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хоорондоо зөрчилтэй, алдаатай буюу үндэслэл болгосон гэх баримтуудаасаа өөр агуулгаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь хуульд нийцэхгүй. Манай компанийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөрчөөгүй.

           3.8. Анхан шатны шүүх маргаан бүхий актыг хуулийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар, гомдол хүсэлтээ гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй асуудлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгахаас илүүтэйгээр ямар шалтгааны улмаас хүсэлтээ гаргаагүй, ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан болох, хүсэлтээ гаргахад төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны ямар хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн болох ... нөхцөл байдлуудыг хэргийн материалтай уялдуулан зөв дүгнэж чадаагүй, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 07/174, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 284, 2025 оны 296 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

3.1. нэхэмжлэгч “Б” ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А-116 дугаар тушаалаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Дээд модот булан нэртэй газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, газар ашиглах эрхийн 412 дугаар гэрчилгээг авч гэрээг байгуулсан.

Улмаар тухайн газрын ашиглах эрхийн хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсноос хойш газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй.

3.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хуралдаанаар “Б” ХХК-ийн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Жанхайн Дээд модот булан гэх газарт байрлах ашиглах эрх бүхий 2 га газрын эрхийг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Улмаар тус шийдвэрийг үндэслэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/430 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Б” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй”  тул газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд “1/Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж,

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан.

5. Тухайн тохиолдолд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болж, нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй.

Улмаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны “Газар ашиглах эрх цуцлуулах тухай” 180 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн хариуцагч Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаар 11 жилийн өмнө газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болсон “Б” ХХК-ийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд маргаан бүхий 2023 оны А/430 дугаар тушаалыг гарган нэхэмжлэгчийн хугацаа нь дуусгавар болсон “газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар албан бичгээр “...газар ашиглах эрхийг гэрчилгээний хугацааг сунгуулах”-аар, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар талбайдаа хүрэхгүй байгаа тул зөрүү газрыг олгуулах”-аар тус тус хүсэлтийг гаргаж байсан хэмээн тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр хүсэлтийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан болон хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдохгүй.

Газар ашиглагчийг бусдын хууль бус эзэмшилтэй холбоотой маргаан шийдвэрлэгдсэний дараа сунгуулах хүсэлтээ гаргахаар байсан гэх тайлбар нь газар ашиглагчийн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан хуулийн хугацаанд ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болох хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

                             ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

                             ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА