Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

 2020             04           23                                       2020/ДШМ/498                        

 

 

Б.П-, Д.Г- нарт                                                                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                              

            шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

            шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Г.Тамир,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.П-, Д.Г- нарт холбогдох 1902008490309 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж овгийн Б-ийн П, Улаанбаатар хотод 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ташкент” нэртэй хоолны газарт зөөгчөөр ажиллаж байсан гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2016 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаа тогтоосон.

2. И овгийн Д-гийн Г, Улаанбаатар хотод 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Шинэхэн” нэртэй цайны газарт туслах тогоочоор ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан эрх хязгаарласан.  

Б.П- нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25-19 тоот гэртээ боловсруулан “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,75 грамм “шавар” гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.П-, Д.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.П-г мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолын Д.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.П-, Д.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодис, гялгар уут, асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Б.П- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдол болон тус шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой намайг 21 цагийн үед Пүрэв гэх дүү утсаар ярьж уулзахаар болсон. Удалгүй Пүрэвзүний хамт ирсэн. Би Пүрэвзүнг таньдаггүй байсан. Бид хамт хот орохоор явцгаасан. Маргааш өдөр нь Пүрэв яваад, Пүрэвзүн бид 2 гадуур пиво ууж явсан. 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын эцэст такси барихаар зогсож байгаад энгийн хувцастай цагдаа нарт баригдсан. Цагдаагийн газарт ирээд нэгжлэгээр надаас ногоон өнгийн асаагуур, гялгар уутны тасархай хурааж авсан. Цагдаа нарт баригдахаас өмнө, ойролцоогоор 5 минутын өмнө би Пүрэвзүнгээс тамхи асаах гэж ногоон өнгийн асаагуур авч тамхиа асаагаад санаандгүй халаасандаа хийсэн байсан. Би тэр асаагуур мансууруулах төрлийн шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг мэдээгүй. Мөн гялгар уутны тасархайг Пүрэвзүн халааснаасаа гаргаж ирэхээр нь “Наад хогоо хая, ах нь ийм хогын юмнаас болоод одоо тэнсэнтэй байгаа, дахин ийм юм битгий хэрэглэ” гэж аминчлан хэлж байсан юм. Мөрдөгч “чиний биед хар тамхи, мансууруулах төрлийн бодис байгаа юу” гэж асуухад нь “байхгүй” гэж хариулсан. Гэтэл тэмдэглэл дээрээ намайг “биедээ мансууруулах бодис хадгалж байгаа, миний өмдний халаасанд байгаа гэж хэлсэн” мэтээр тэмдэглэсэн байсан. Би огт тэгэж хэлээгүй. Мөн Пүрэвзүн байцаалт болон, анхан шатны шүүх дээр “тэр ногоон өнгийн асаагуур, гялгар уутны тасархай минийх, цагдаа нарт баригдахын өмнө Ган-Эрдэнэ ах тамхи асаах гэж авсан” гэдгийг хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш би хар тамхины төрлийн бодис хэрэглээгүй. Найз нөхдийн хүрээгээ ч өөрчилсөн. Би 2-7 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. “Шинэхэн” нэртэй хоолны газарт тогоочоор ажиллаж, амьдарлаа авч явдаг. Иймд та бүхэн хэргийг дахин хянаж нягталж өгнө үү. Би санамсаргүй байдлаар Пүрэвзүнгээс ногоон өнгийн асаагуурыг нь авч халаасандаа хийсэн буруу үйлдэлдээ маш ихээр харамсаж, гэмшиж, ойлгож, ухамсарлаж байна. Иймд миний амьдралыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү Аргил маань 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 1 нас 11 сартай. Бага хүү Энэрэл маань 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 1 сар 6 хоногтой. Эхнэр Болортуяа бага насны хүүхдүүдээ асардаг тул ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж мансууруулах төрлийн бодис хэрэглэхгүй гэдгээ амлаж байна. Иймд миний гэр бүлийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх, Д.Ган-Эрдэнийн “шавар” гэх нэршилтэй 0,0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдоно гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим алдагдсан. Ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг бол гэм буруугүйд тооцох зарчмын хууль зүйн үр дагавар, шийдлийн гаргалгаа билээ. Д.Ган-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын тогтоолд “Ган-Эрдэнийн өмдний халааснаас хажуу талдаа хүрэн бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн асаагуур, ногоон өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут ...”-ны талаар авагдсан байх ба мөн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5828 дугаартай дүгнэлтэд “гялгар уутанд наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0199 гр, ханандаа шавар мэт жижиг зүйл тогтож наалдсан ногоон өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0022 грамм ирүүлжээ” гэж дүгнэсэн байхад шүүх наалдсан наалдацыг сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ санаатайгаар авч явсан гэж үзэх нь учир дутагдалтай. Түүнчлэн анхан шатны шүүх “өөрийн биедээ хадгалсан идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэргийг төгссөнд тооцно” гэж дүгнэсэн нь гэрч Б.Пүрэвийн “Пүрэвзүн ногоон өнгийн асаагууртай байсан” гэх, яллагдагч Пүрэвзүнийн “Ган-Эрдэнэ ах тамхи асаах гэж миний асаагуурыг авсан юм” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт “асаагуур, гялгар уут миний халаасанд байсан уутыг хаясан гэж бодож байсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул хэргийг ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна. Д.Г- нь асаагуурт наалдсан наалдац, гялгар уутны тасархай дээр наалдсан наалдацыг мэдэлгүйгээр тухайн цаг хугацаанд гэнэт үүссэн /дэргэд нь машин зогсоод баахан хүмүүс гарч ирээд шууд бариад авах тэр агшинд нөхцөл байдлын улмаас тамхиа асаачихаад, халаасандаа хийсэн үйлдлийг/ нь санаатай, идэвхтэй үйлдэл гэж үзэж болохгүй. Б.П-ий биедээ авч явсан сэтгэцэд нөлөөт бодис 6,7501 грамм, Д.Г- түүнээс нь аваагүй, зөвхөн хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Д.Ган-Эрдэнийн тамхиа асаах гэж авсан асаагуурт наалдсан наалдац, гялгар уутны тасархайн дээрх наалдацыг хэрэглэх боломжгүй, энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Хэдийгээр наалдац наалдацнуудаас сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн хэдий ч тэр нь хэрэглэх боломжгүй билээ. Бодисын хэмжээнээс үл хамаарах хэдий ч санаатай, идэвхтэй үйлдлээр биедээ хадгалсан байх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа тул тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгааг харгалзан түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хариуцлагын хувьд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Д.Г-д өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд сэтгэцэд нөлөөт бодис дахин хэрэглэсэн нь уг тогтоолыг зөрчсөн зөрчил мөн бөгөөд түүний үйлдэл холбогдол нь 1-рт санаатай үйлдэх гэмт хэргийн шинжийг хангалттай хангаагүй, 2-рт мөн хугацаагаар хорих ял оногдуулж буй явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалтыг хэрэглээгүй, 3-рт энэ хэрэгт Б.П- нь өвсийг түүж, хатаагаад, 5 литрийн спиртийг ашиглаж шавар гэж бодисыг хийж бэлтгэн Ургах наран хороололд очиж Д.Ган-Эрдэнийг авч хотод авчираад буудалд хэрэглүүлж, сэтгэцэд нөлөөт бодис 6,7501 граммыг биедээ хадгалсан байтал түүнд хэргээ хүлээн зөвшөөрснөөр нь 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулж буй явдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Г-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэв.

Шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс тэнсэх боломжгүй гэж буруу дүгнэлт хийсэн ... бусдад төлөх бодит хохиролгүй боловч хүн амын эрүүл мэнд, олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хэт хүндэдсэн. Нөгөө талаар шүүгдэгч Б.П- нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, үнэн санаанаасаа гэмшиж байгаа, өөрийн үйлдлээ нийгэмд аюултай гэдгийг сайтар ухамсарлаж, энэ хэргийн хор уршгийн талаар сайн ойлгосноо илэрхийлсэн. Түүнчлэн өөрөө энэ гэмт хэргээс хол явахаас гадна, энэ гэмт хэрэгт холбогдож болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхэд залуучуудад сургалт зохион байгуулах, нийгэмд газар авч тахал мэт тархаад буй хар тамхины хор уршиг, үр нөлөөг таниулах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллахаа илэрхийлээд байна. Мөн ижил хэргээр хоригдож байгаа олон залууст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, нийгмийн аюулын шинж чанарын талаар ухуулгыг байнга хийж байна. Шүүгдэгч Б.П- энэ хэрэгт шийтгүүлснээр өөрөөс нь гадна гэр бүлээ давхар шийтгүүлсэн мэт боллоо. Тэрээр эхнэр, 0-2 насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр болон үр хүүхэд гэр бүлийн гишүүд нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалтай болсон нь тэдний эрүүл мэнд, амьдард маш муугаар нөлөөлж, хүнд байдалд оруулж байна. Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарсан, зан үйлээ зассан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шийтгэх тогтоолоор шийтгэсэн 1 жил 5 сарын хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ялаар шийтгэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.П-, Д.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.П- нь 2019 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25-19 тоот гэртээ боловсруулан “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,75 грамм “шавар” гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,0221 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Пүрэвийн “... 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед ... Пүрэвзүн бид хоёр уулзаад, “Ургах наран” хороололд Ган-Эрдэнэ ахтай уулзахаар очсон. Бид гурав “Рич” нэртэй зочид буудалд орж архи, пиво ууж байхад Пүрэвзүн төмөр саванд хийсэн “шавар” гэх мансууруулах бодис гаргаж ирсэн. Өглөө нь хэрэглэсэн ... Пүрэвзүн, Ган-Эрдэнэ ах хоёр нөгөө буудалдаа үлдсэн ...” /хх 30-31/ гэх мэдүүлэг,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/,  

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 11-14/,

мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх 27-28/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх 29/,

шүүгдэгч Б.П-, Д.Г- нараас хураан авсан бодис, асаагуур, гялгар уут зэргээс дельта-9-тетрагидроканнабинолын агууламж илэрсэн, тэд мөн энэ төрлийн бодис хэрэглэсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5826, 5827, 5828 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх 35-37, 40-41, 43-44/,

шүүгдэгч Б.П-гийн “... Дархан хотын зүүн хэсэгт сургуулийн хашаанаас каннабисийн төрлийн өвс түүсэн. Хотод ирээд гэртээ хадгалж байгаад 5 литрийн спирт ашиглан шавар болгосон. Шавар хийх талаар интернетээс судалсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Пүрэв болон Ганаа ахтай “Рич” зочид буудалд архи ууж байхдаа нөгөө шавараа хэрэглэсэн ...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 50-51, 120-121/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатнаас шүүхээс шүүгдэгч Б.П-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.П-д 1 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Г-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирчээ.

Шүүгдэгч Д.Г- өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар тэнссэн хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн биед хийсэн үзлэгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй бодис илэрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний биед үзлэг хийх, дээж авах, мэдүүлэг авах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Өөрөөр хэлбэл, ял шийтгэхгүйгээр, эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэсэн билээ.

Шүүгдэгч Д.Г-д дээрх шийтгэх тогтоолоор ял оногдуулаагүй ба тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учир ял шийтгэх асуудлыг шинээр хэлэлцсэн байхад өмгөөлөгч Б.Болортуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх журмыг хэрэглээгүй гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хууль тогтоогч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг онцгойлон авч үзэж тухайн бодисны хэмжээнд ач холбогдол өгөхгүйгээр бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.  

            Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН