Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0240

 


                                             
                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хэргийн индекс: 171/2015/0272/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000655 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тэлмэн суманд   өдөр төрсөн, Дархан-Уул аймаг Шарын гол сум, *** тоотод ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, яс үндэс халх, Боловсролын яамны жуух бичгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй,  ***, ***, 

*** нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 1,800,000 төгрөгийг иргэн ***аас цэцэрлэгийн багшаар ажилд оруулж өгнө гэж худлаа хэлж аваад мөнгийг нь хувьдаа ашиглан иргэн ***ыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өнгөрсөн хавар манай ангийн багш Бямбадалай надтай уулзаад манай бэр *** ажилгүй байгаа чамд таньж мэддэг хүн байвал ажилд оруулаад өгөөч гээд ***ын утасны дугаарыг өгөөд Дархан орохоороо уулзаарай гэж байсан. Тэгээд би 2015 оны 3 дугаар сард Шарын гол сумаас Дархан орох үедээ утсаар нь холбогдож байгаад ***тай уулзсан юм. ***тай бид хоёр гуанзанд хоол идээд эгч нь чамайг цэцэрлэгийн багшаар ажилд оруулаад өгч чадна 40,000 төгрөг эгчдээ өгчих, би ганц нэг хүнтэй уулзаад хоолонд оруулаад уулзая, одоо орон тоо бага байгаа, хүн ажилд оруулах хэцүү ш дээ гэж хэлсэн. Тэгээд би ***аас бэлнээр 40,000 төгрөг авсан. Дараа нь 5 хоногийн дараа Шарын голоос *** руу утсаар яриад би чамайг цэцэрлэгийн багшаар цэцэрлэгт оруулахаар боллоо, би таньдаг *** гэж цэцэрлэгийн эрхлэгчид хэлсэн 1,000,000 төгрөг хэрэгтэй гэж байнаа гээд хүргэн *** *** банкны дансыг өгөөд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг авсан. Би ***аас мөнгө авсан өдрөө эргэж *** руу утасдаад би *** захиралд 1,000,000 төгрөгийг чинь өгчихлөө шүү, ажилд оруулаад өгье гэж байнаа гээд худлаа хэлчихсэн. 
Дараа нь намайг Дарханд орж ирэхэд *** таньд их баярласан шүү гээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын эхээр шиг санаж байна Улаанбаатар хотод явж байгаад бичиг баримтаа хаячихаад мөнгөний хэрэг гараад *** руу утасдаж 60,000 төгрөг зээлж авсан. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөний хэрэг гараад байхаар нь *** руу утсаар яриад би Бээжин явах гэсэн юмаа надад 500,000 төгрөг зээлээч гээд төрсөн ахын охин ***гийн дансаар 500,000 төгрөг авсан. Тэгээд 8 дугаар сарын сүүлээр *** над руу утасдаад та ажилд оруулж өгнө гэсэн яасан бэ гэхээр нь мөнгө авсан *** утсаа авахгүй байна, тэр хүн Улаанбаатар хот явчихаж гэж худлаа хэлсэн. ***аас мөнгө авчихаад ***ыг ажилд оруулж өгөх талаар огт юм хэлээгүй би зүгээр л нэрийг нь бариад ***аас худлаа ярьж мөнгө залилаад авчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд ***аас авсан нийт 1,800,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулна. Би *** банкинд цалингийн 5 сая төгрөгийн зээлтэй учир гаднаас мөнгө орж ирэхээр нь авчихдаг болохоор хүргэн ***, ахын охин *** нарын дансаар мөнгө авчихсан юм. Би ***г цэцэрлэгийн эрхлэгч болохоор нь үнэмшилтэй болгох гээд худлаа ярьсан юм. Би ***тай ямар нэг холбоо байхгүй. Би өөрөө цэцэрлэгийн багш байсан болохоор зарим цэцэрлэгийн эрхлэгч нарын нэрийг мэддэг юм. Тэгээд л *** эрхлэгчийн нэрийг барьчихсан. Би ***аас авсан мөнгөө цалингийн зээлэндээ 655,000 төгрөгийг өгөөд, махны өрөнд 450,000 төгрөгийг Дуламсүрэн гэж хүнд өгөөд, үлдсэнийг нь аав ***ын эмчилгээнд зарцуулсан. *** дугаар манай нөхрийн нэр дээр байдаг юм. Би ***аас мөнгө залилж авахдаа нөхрийнхөө *** дугаарын утсаар *** байна гэж хоолойгоо өөрчилж худлаа ярьж байсан. *** намайг *** гэж бодоод *** дугаарын утас руу залгаж хоёулаа уулзъя намайг хэзээ ажилд оруулах вэ гэж асуудаг байсан, би тэгэхээр нь завгүй байна, Улаанбаатар хотод байна гэж уулзахгүй аргалдаг байсан. Дараа нь *** надаас *** гэж хүний гадаад төрхийг асуухаар нь залуухан туранхай шар эмэгтэй байгаа гэж худлаа ярьж байсан. Мөн овгийг нь *** гэдэг гэж худлаа ярьсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

Хохирогч ***ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Анх 2015 оны 3 дугаар сарын үед би ажил хайж байсан ба хадам Бямбадалайтай уулзахад урьд өмнө цэцэрлэгт багш байсан миний таньдаг хүн байдаг юм би хэлээд өгье гэсэн. Удалгүй хадам утсаар яриад чамайг ажилд оруулж чадна гэж байна чи бичиг баримтаа бүрдүүлээд 40,000 төгрөгтэй өгчих гэж байна гэсэн. Тэгээд би бичиг баримтаа бүрдүүлээд 40,000 төгрөг аваад *** гэж хүнтэй утсаар холбогдож өгсөн. Намайг ***тай уулзахад хариуцсан дарга нь гадуур явж байгаа гэж байна, би ямар ч байсан уулзаад бичиг баримтыг чинь бүрдүүлээд өгье, энэ 40,000 төгрөгөөр чинь хүмүүс хоолонд оруулна гээд мөнгө авсан. Дараа нь *** дугаарын утаснаас би *** гэж дреэвенгийн цэцэрлэгийн эрхлэгч байна, чамайг энд ажилд авахаар боллоо, би одоогоор Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлж байгаа, чамайг би 5 сарын үед ажилд авъя, чи ***тайгаа яриарай гэсэн. Тэгээд би ***тай ярихад “за ашгүйдээ” би ***тай яриад буцаад чам руу яръя гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа *** над руу эргэж утасдаад *** эрхлэгч Улаанбаатарт мэргэжил дээшлүүлж байгаа сургалтын төлбөр хэрэгтэй гээд байна 1,000,000 төгрөг хэрэгтэй гэсэн, тэгэхээр нь би шилжүүлсэн. Дараа нь 1 сар орчмын дараа *** дугаарын утаснаас *** байна гэж залгаад манай ажлынхан Бээжин явах болчихлоо надад 500,000 төгрөг хэрэгтэй байна чи зээлээч гээд гуйгаад байсан болохоор нь итгээд дансаар шилжүүлсэн. Тэгээд 5 дугаар сард очоод чиний ажлыг асуудалгүй зохицуулж өгнө гээд байсан. Дараа нь *** над руу яриад би Шарын голоос одоо гарч байна хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагатай байна гэхээр нь ихэр могой хоолны газарт уулзаад гэрээний маягт бөглөсөн. Тухайн үед *** надад хэлэхдээ *** өөрөө ирж амжихгүй байна намайг гэрээ хийчих гэсэн юм гэж байсан. Би гэрээ хийсэн юм чинь ажилд орчих байх гэж найдаад баярласандаа 200,000 төгрөгийг ***т өгсөн. 2-3 хоногийн дараа над руу утасдаад би бичиг баримтаа хаячихлаа надад 60,000 төгрөг зээлж тус болооч, би очоод удаахгүй өгнө гэсэн болохоор нь итгээд дансаар 60,000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа ***гийн *** дугаарын утас руу нь яриад мөнгөө асуухад удахгүй өгчихнөө гэсэн. Тэгээд би *** гэж хүнд хандаж би таньтай уулзмаар байна, ерөөсөө таны царайг харж байсангүй гэхэд за тэгье уулзъя гэж газар товлоод намайг 1 цаг орчим хүлээлгээд ярихад, эгч нь завгүй болчихлоо дараа нь уулзъя гээд өнгөрсөн. Би ***тай хэд хэдэн удаа уулзах гэж оролдсон боловч ерөөсөө уулзахгүй аргалаад байсан. Би ***тай уулзаад *** гэж ямар хүн байдаг юм бэ гэхэд 40 орчим насны туранхай шар эмэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр нь би интернэтээс ***гийн зургийг харахад 50 наран насны махлаг эмэгтэй байсан. Тэгээд сэжигтэй санагдаад ***аас *** гэж хүний овгийг асуухад *** гэж хэлсэн. Тэгээд ер нь сэжигтэй санагдаад Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Цагдаагийн байгууллагад шалгагдсаныхаа дараа *** надтай ирж уулзаад байцаагч чамтай уулзаж уучлалт гуй гэсэн би чамд худлаа ярьж мөнгө авсан юм намайг ёстой уучлаарай, би чамаас авсан мөнгөө бүгдийг нь өөрөө хэрэглэсэн гэсэн. Тэгэхээр нь би та ямар ч байсан миний мөнгийг өгчих гэхэд 7 хоногоос чиний мөнгийг ямар ч байсан өгнө гэсэн. Би одоогоор ямар ч мөнгө аваагүй байгаа. Хэрвээ би ***аас 1,800,000 төгрөгөө авчих юм бол надад ямар нэг гомдол санал байхгүй. “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,     

Гэрч ***гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын үед шиг санагдаж байна манай авга эгч *** надтай таараад *** банкны карт байна уу дансаар чинь мөнгө шилжүүлээд авчихъя гээд миний *** банкны *** дугаартай дансны картыг аваад миний картаар дамжуулж АТМ-ээс мөнгө авчихаад надад буцаагаад өгсөн. Би тухайн үед *** эгчийг хэдэн төгрөг гаргаж авсныг нь мэдээгүй. Урьд өмнө нь миний дансыг ашиглаж байгаагүй. ...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Гэрч *** хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015 оны 3 дугаар сарын үед шиг санагдаж байна манай хадам эгч *** Шарын голд гэртээ байхад ирж уулзаад *** банкны данс байна уу гэсэн тэгэхээр нь байгаа гэхэд хүнээс мөнгө авах гэсэн юм гэхээр нь би дансны дугаараа цаасан дээр бичиж өгөөд картаа өгөөд явуулсан. Миний дансаар дамжуулж хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна. Миний *** банкны *** дугаарын данстай картыг 1 өдөр хэрэглэчихээд буцаагаад өгсөн. Урьд өмнө нь надаас миний картыг авч ашиглаж байгаагүй. Эгч тухайн үед *** банкны данс хэрэгтэй байна гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23дахь тал/, 
    
Гэрч ***гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *** гэж хүнийг Шарын гол суманд цэцэрлэгийн багшаар ажилладаг гэдгийг мэднэ. Урьд өмнө нь манай өрөөгөөр орж гараад явдаг байсан юм. Дарханд цэцэрлэгийн багш нарын сургалт болох үед сургалтад суухаар ирж байсан юм. Бид нэг нэгийгээ цэцэрлэгийн багшаар ажилладаг гээд ерөнхийд нь мэднэ. Харин хоорондоо ямар нэг харилцаа холбоотой байгаад байдаггүй. Надад мобикомын *** гэсэн дугаар байхгүй. Би анх удаагаа л сонсож байна. Надтай ижилхэн *** гэж нэртэй багш Дарханд ерөөсөө байдаггүй юм. *** над руу утсаар ярьж уучлалт гуйгаад миний нэрийг барьж хүнээс мөнгө залилж авсан гэдгээ надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд цэцэрлэгийн эрхлэгч *** гэх хүний нэрийг барьж түүний өмнөөс утсаар ярьж “сургалтын төлбөр хэрэгтэй гээд байна, удахгүй буцааж өгнө гэж 1,000,000 төгрөг”, “манай ажлынхан Бээжин явах болчихлоо удахгүй өгнө гэж  500,000 төгрөг, мөн цэцэрлэгийн багшаар ажилд оруулж өгнө, хоолны мөнгө хэрэгтэй байна гэж 40,000 төгрөг, бичиг баримтаа хаячихлаа гэж 60,000 төгрөг, хохирогч *** ажилд оруулж өглөө гэж итгэн өөрөө 200,000 төгрөг өгч, нийт 1,800,000 төгрөгийг иргэн ***аас хууран мэхлэх аргаар авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***ын өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн шүүгдэгч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 37 дахь талууд/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ нарын мэдүүлэг болон бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн 17-р зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 72-р зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн, түүнийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2, 208-р зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

*** нь гэмт хэрэг үйлдэж хохирогч М.***д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч хохирлын хэмжээний талаар маргаагүй байна. 

Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагас чөлөөлж байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар ***аас 1,800,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д олгох нь зүйтэй байна.
                                               
Шүүгдэгч *** урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримтаар /хавтаст хэргийн 40 дэх тал/ тогтоогдсон тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч бага бус хэмжээний буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1,800,000 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 65 тоотод оршин суугч ***/-т олгосугай.
4.    *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т өмнө  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД