Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0242

 

     

                                            


                                              

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

  Хэргийн индекс: 171/2015/0251/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000442 дугаартай хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ***, Дархан-Уул аймаг Дархан суманд 1981 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Дархан-Уул аймаг Дархан сум, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг. Урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлэн 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан. 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлэн 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
Холбогдсон хэргийн талаар: (прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар)

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 34 дүгээр байрны орчим 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 03 цагийн орчим ***ын эд хөрөнгийг авах зорилгоор ам биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь байсан 15,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орой 18 цагийн орчим би гэрээсээ гараад Хээтэй хорооллын Парис кафе руу Ургамал /***/, Жагаа гэх хоёр хүнтэй орж 0,5-ын архи гурвуулаа хувааж уугаад би 22 цагийн орчим гарч яваад хуучин дарханд вокзал дээр найз Батаатай уулзаад бид хоёр 0,5-ын архи хувааж уугаад шөнө 00 цагийн орчим найз Батааг Улаанбаатар хотын вагонд суулгаж өгсөн юм. Суулгаж өгөөд буцаад явж байхад зүс таних 2 залуутай тааралдаад бид гурав 0,5-ын архи хувааж уугаад байснаа санаад байгаа юм. Тэгээд ухаан орсон чинь танихгүй 3 хүүхэнтэй танилцаад цэцэрлэгийн хашаан дотор пиво уугаад сууж байсан юм. Тэгээд би буцаад таксинд суух гээд зам руу явж байхад нэг хэлгүй эмэгтэй орилохоор нь эргээд харахад нэг танихгүй залуу тэр хэлгүй эмэгтэйг хоргоогоод байх шиг харагдсан юм. Тэгэхээр нь чи наад хүнээ зүгээр явуулаач гээд очоод би тэр танихгүй залууг дагуулаад 34 дүгээр байрны сагсны шийдэн дээр ирэхэд тэр залуу намайг мангасдаад газар унагаагаад миний дээр гарахаар нь би доороо оруулаад дээр нь гараад нүүр рүү нь 2-3 удаа цохиод боссон юм. Тэгэхэд тэр залуу цаашаа зугтаагаад явсан бөгөөд тэр залуу чи миний 15,000 төгрөгийг авчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, энд газар хэдэн 20-т, 10-тын дэвсгэрт байна энэ мөнгөө ав гэж хэлсэн юм. Ноцолдож байхад миний гар утас, нүдний шил, түлхүүр, гинж, малгай зэрэг зүйлс газар унасан байсан бөгөөд би гар утас, нүдний шилээ олоод түлхүүр, гинж хоёроо хайгаад олдохгүй болохоор нь би гэгээ оруулж байгаад олъё гэж бодоод сууж байхад цагдаа нар ирсэн юм. Би архи их уусан боловч би тэр танихгүй залуутай зодолдоход би ухаан орсон байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 25 дахь талууд/, 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 6 дугаар сарын 14-ний намайг гэртээ байхад манай найз Орогнол, Жагаа нар намайг караокед дуулахаар дуудсан. Би найз нартайгаа караокед дуулж байгаад. “Фабрик” нэртэй кафенд Ургамал, Энхжаргал нартай 1 шил архи хувааж уусан юм. Манай найз Батаа Улаанбаатар руу явах гэж байна вокзал дээр хүрээд ир гэхэд нь би очиж уулзаад вокзалын ойролцоо цэцэрлэгийн хашаанд 1 шил архи хамт уусан. Тухайн үед согтуу таксинд суугаад харих гээд явж байхад Энхбат гэх залуу хэлгүй нэг охиныг хоргойгоод байх шиг байхаар нь гэрэлд гарч харах гээд дагуулаад явахад намайг цохисон юм. Би унасан газраасаа түлхүүр, гинжээ хайгаад байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг”,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 6 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчим гэрээсээ гараад хуучин Дархан руу Төмөр замын вокзал руу алхаж ирсэн юм. Намайг Төмөр замын вокзал дээр ирэхэд 01 цаг болж байсан бөгөөд би 03 цагаас Сэлэнгийн вагонд сууж Орхон суманд буух байсан юм. Ингээд би ядраад байсан болохоор вокзалын сандал дээр унтаж байгаад сэрэхэд миний сууж явах байсан вагон яваад өгсөн байсан юм. Ингээд би буцаад Шинэ Дархан Хабитат руу харих гээд вокзалаас гараад Төмөр замын 34 дүгээр байрны хажуугаар гараад явж байхад нэг танихгүй залуу миний хажууд ирээд мөнгө байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би надад 15,000 төгрөг байна гэж хэлэхэд тэр залуу миний мөрнөөс барьж яваад харанхуй буланд аваачиж байгаад миний цамцны малгайнаас хойш нь татаж намайг боогоод миний нүүр рүү 3 цохиод газар унагааж байгаад миний өмдний зүүн талын халаасанд байсан 15,000 төгрөгийг аваад цаашаа яваад өгсөн юм. Тэгэхээр нь би араас нь дагаж очоод хүүе мөнгөө авъя гэж хэлэхэд миний нүүр рүү дахиад нэг цохиод вокзал руу чиглэлтэй яваа өгсөн юм. Би араас нь гүйж очоод Төмөр замын Цагдаагийн хэсэг рүү очиж хэлэхэд цагдаа нь байхгүй байсан юм. Тэгээд би Цагдаагийн газар дээр ирсэн юм. Би зодуулсан хүнээ харах юм бол шууд танина. Би сар бүр Халамжийн мөнгө гэж 120,000 төгрөг авдаг юм. Би 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкнаас 120,000 төгрөг авсан тэр мөнгөний үлдэгдэл байсан юм. Миний хүзүү боолт орж улайсан мөн зүүн нүд хөхөрч хавдсан би гомдолтой байна. 15,000 төгрөгөө нэхэмжилж байна. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/, ... 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр намайг гэрт байхад Орхон суманд байдаг манай ах намайг ажил хийлгэхээр дуудсан юм. Би тухайн өдрийн шөнө вагонд суух гэтэл хоцорсон байсан тул  гэр рүүгээ харих гээд 2 байшингийн дундуур алхаж явж байх замд нэг охин таарч танилцаад юм ярьж байхад *** “тамхи байна уу” гэж асуусан. Надтай юм ярьж байсан охин ***ыг “яв” гэж хэлэхэд бидний дундуур ороод юм яриулахгүй байсан. Би  ***т тамхи өгөхөд цаашаа явсан юм *** эргэж ирээд миний малгайнаас дарж явахад нь би гайхсандаа ***ыг түлхсэн. Би ***т “боль” гэж хэлэхэд дээрээс нэг гараараа намайг барьж байгаад цохиж миний карманд байсан 15.000 төгрөг авсан, 15.000 төгрөгөө буцааж авсан ... гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн шинжээчийн “***ын биед зовхинд цус хуралт, уруулд зулгарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэх 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр дүгнэлт /хавтаст хэргийн 10 дахь тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/, 

1996 оны 5 дугар сарын 06-ны өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 50 дахь тал/,

2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 338 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 54 дэх тал/, 

2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 56-58 дахь тал/ зэрэг болно.

*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, Төмөр замын 34 дүгээр байрны орчим 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг шилжих шөнө 03 цагийн орчим иргэн ***ын эд хөрөнгийг авах зорилгоор амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь байсан 15,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... “Төмөр замын 34 дүгээр байрны хажуугаар гараад явж байхад нэг танихгүй залуу миний хажууд ирээд мөнгө байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би надад 15,000 төгрөг байна гэж хэлэхэд эр залуу миний мөрнөөс барьж яваал харанхуй буланд аваачиж байгаад миний цамцны малгайнаас хойш нь татаж намайг боогоод миний нүүр рүү 3 цохиод газар унагааж байгаад миний өмдний зүүн талын халаасанд байсан 15,000 төгрөгийг аваад цаашаа яваад өгсөн юм. Тэгэхээр нь би араас нь дагаж очоод хүүе мөнгөө авъя гэж хэлэхэд миний нүүр рүү дахиад нэг цохиод вокзал руу чиглэлтэй яваа өгсөн юм. Би араас нь гүйж очоод Төмөр замын Цагдаагийгн хэсэг рүү очиж хэлэхэд цагдаа нь байхгүй байсан юм. Тэгээд би Цагдаагийн газар дээр ирсэн юм. ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ын ... “тэгэхээр нь чи наад хүнээ зүгээр явуулаач гээд очоод би тэр танихгүй залууг дагуулаад 34 дүгээр байрны сагсны шийдэн дээр ирэхэд тэр залуу намайг мангасдаад газар унагаагаад миний дээр гарахаар нь би доороо оруулаад дээр нь гараад нүүр рүү нь 2-3 удаа цохиод боссон юм. Тэгэхэд тэр залуу цаашаа зугтаагаад явсан бөгөөд тэр залуу чи миний 15,000 төгрөгийг авчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, энд газар хэдэн 20-т, 10-тын дэвсгэрт байна энэ мөнгөө ав гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр дүгнэлт  зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна. 
        
Шүүгдэгч *** нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн 78-р зүйлийн 78.2.1-т заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 
 
1.    Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар ***т  3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих  ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 3 жил, 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  заасныг баримтлан ***ын цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.    *** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.    Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч.***т батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД