Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0245

 


   


 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0249/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.*** даргалж, 
Нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000271 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
 Монгол Улсын харьяат, *** өдөр *** дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** захирал ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *** /РД: ***/,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ***нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Дархан-Уул аймаг дахь төвийн захирлаар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулаагүйн улмаас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** байрны дээврээс иргэн ***нь дээврийн төмрөнд шидэгдэж нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг гээд ажил тараад явсан байсан. Энэ өдөр манай байгууллагын нягтлан ***дээврийн төмөр хийсэх гээд байна гэж надруу утсаар ярьсан. Талийгаач ***18 цагт ажил дээрээ ирсэн байх ёстой байсан ба тэр өдөр 18 цаг өнгөрсөн байхад ажил дээрээ ирээгүй эгч ***нь ажил дээрээ байсан. Эгч ***нь манай байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг. Талийгаач ***ажил дээрээ ир гэж нягтлан ***утсаар дуудсан. Нягтлан *** надруу утсаар ярьж мэдэгдэхэд би өөрөө очоогүй нөхрийгөө дээврийн төмрийг тогтоолгохоор явуулсан. 19 цагийн үед нярав дээвэр дээрээс ***ах уначихлаа гэж надруу утасдаж хэлсэн тэр даруй би ажилруугаа яваад очиход эмнэлэг ирээд явчихсан, цагдаагийнхан ирчихсэн байсан” гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр эгчийндээ ороод түлхүүрээ аваад гарч явахад манай дүү ажилдаа явна гээд хоолоо идээд сууж байсан. Намайг эгчийнд байж байх хугацаанд утас нь 2 удаа дуугарсан эхний удаа зүгээр ярьсан дараагийн удаа цаад хүн нь ууртай зандрангуй яриад утасны цаанаас загнаж байсан. Дүүгээсээ юун хүн яриад байгаа юм бэ гэж асуухад манай дүү манай ажлын ***гэдэг хүүхэн ярьж байна. Дарга ажил дээр ир дээвэр нурж унах гээд байна гэж байна, дээвэр янзлахгүй бол болохгүй гэж хэлж байсан. Би эгчийнхээсээ гарч яваад удаагүй байж байтал ах минь араас ирээд дүүгийн ажил дээр осол гараад дүү дээвэр дээрээс унасан байна гэж хэлсэн. Эгч дүү нарыгаа дуудаад талийгаач дүүгийнхээ ажил дээр яваад очиход манай дүү нас барсан байсан. Тэгээд болсон явдалыг асуугаад яагаад манай дүү ийм хурдан нас барчихав гэж тэнд ажилладаг эгчээсээ асуухад ***гэдэг хүн үүрэг даалгавар өгөөд ***гэдэг хүн дээвэр янзлуулна гэж ***, ***нарыг бүгдийг нь ажил дээр дуудсан байсан. Тухайн үед ***гэдэг нягтлан нь талийгаач дүүг минь дээвэр нурж уналаа цемент чулуугаар нэг талыг ч гэсэн дар гэж хэлсэн тухайн үед манай дүү чулууг цементээр даруулж болохгүй хүний толгой дээр унах аюултай гэж хэлэхэд талийгаач дүүг минь дагуулаад нярав ***, ***, ***нөхөр нар машинд суугаад дээвэр бэхэлгээний юманд явчаад ирээд ажлынхаа 1 давхарын сургалтын өрөөнөөс нярав ***уртасгагч залгуур гаргаж өгөөд дрилл зоогоод 1 давхарын цонхоор дээвэр бэхлэх ажилдаа орсон байсан. Тухайн үед онцгой байдал зарласан байсан тул манай дүү дээвэр рүү гараад л шидэгдэж унасан байсан. Тухайн үед ***үүрэг даалгавар өгөөгүй байсан бол манай дүү тэгж сайн дураараа дээвэр рүү гарч гүйх хүн биш. Дээвэр бэхлэх зүйл авсан хэрнээ хүнээ бэхлэх ямарч зүйл аваагүй. Болсон явдалын талаар очоод асуухад хажуунаас нэг хүүхэн гарч ирээд юу яриад байгаан танай дүү чинь байгууллагын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах ёстой хүн гэж хэлсэн, тэр хүн байгууллагын дарга ***байсан. Эгч минь эдний байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан, 7 сард амраад ирхэд нь ажлаас нь халж эвгүй харьцсан байсан. Нэхэмжилж байгаа зүйл бол 36 сарын үйлдвэрийн ослын мөнгө, оршуулганы зардал 16.000.000 төгрөг нэхэмжилсэн үүнээс талийгаач дүүгийн минь банкны зээлийг 9 сард төлж барагдуулсан, өөрийнх нь хувийн зүгээс 100,000 төгрөг өгсөн  эдгээрийг хасаад 14.500.000 төгрөг, 36 сарын мөнгө 18.000.000 төгрөг нийлээд 32.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 04 дүгээр сарын 14-ны орой 17 цагт ажлаа тараад гэр рүүгээ харьсан юм. Тэгээд гэртээ байж байтал 18 цаг өнгөрч байхад манай нягтлан *** над руу утсаар яриад ажлын газрын байшингийн дээвэр төмөр нь хийсэх гээд байна гээд нярав ***, мэргэжилтэн *** нарыг дуудчих уу гэж асуухад нь тэг тэг гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө очоод нэмэр болохгүй байсан болохоор өөрийн нөхөр ***ажил руу өөрийнхөө өмнөөс явуулсан. Тэгээд 19 цаг 40 минутын орчим нятлан ***над руу дахин утсаар яриад харуул ***дээврээс уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би ажил руу явах гээд хувцасаа өмсөөд байж байхад нярав ***над руу утсаар яриад ***нас барсан талаар хэлсэн. Тэгээд би ажил руу очиход цагдаа нар ирчихсэн, түргэн тусламж ирээд талийгаачийг үзчихээд нас барчихсан байна гэж хэлчихээд явсан байсан. Талийгаач манай ажлын газрын харуул сантехникийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан ба манай ажлын газар ганц харуултай, оройн 18 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл харуулын үүрэг гүйцэтгэж хонодог байсан. Манай ажлын газар байшингийнхаа дээврийг 2014 оны 07 дугаар сард ***гэх хувь хүнээр хийлгүүлсэн юм. Тухайн үед ***нь “***” ХХК-ийн нэр дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын газрынхаа орлогоос байшингын дээвэр дээвэрлэх бараа материал авч ***гэх хүнд 2.800.000 төгрөгийн хөлс өгч дээвэрлүүлсэн. Байшингийн дээвэр дээвэрлэх үед ямар нэгэн зураг төсөл үйлдээгүй, ***гэх хүнтэй харилцан ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр налуу хэлбэртэй дээвэр хийхээр болсон юм. Ямар нэгэн тендер зарлаагүй. Тухайн үед ***гэх хүн “***” эмнэлгийн дээврийг хийж байхаар нь очиж уулзаад ажлынхаа газрын байшингын дээврийг хийлгэхээр болсон юм. Дээврийг улсын комисс хүлээж аваагүй. 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээврийн ажил дуусах үед нятлан ***хамт дээврийг гүйцэтгэсэн актыг авсан.   Хүлээн авсан тухай ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй. Тухайн үед зүгээр нүдээр хараад л хүлээн авсан юм. ***анх байшингын дээвэр дээвэрлэх ажил хийх гэрээ байгуулахдаа 1 жилийн баталгаа гаргаж өгсөн болохоор түүнд нь найдаж бага зэрэг эвдрэл гэмтэл гарвал түүнийг нь засч янзлуулна гэж бодож байсан.  Дарханы мод зардаг “Хангай” захаас авч өгсөн. Мөн дээврийн төмрийг “Болор талст” барилгын материалын дэлгүүрээс авч өгч байшингынхаа дээврийг дээвэрлүүлсэн. Тухайн үед би чанарын шаардлага хангасан зүйлсийг авч өгсөн. Тухайн өдөр хүчтэй салхи шуурга болох талаар надад ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Талийгаач манай байгуулагын үндсэн ажилтан байсан юм. Нятлан ***талийгаачийн ажлын цаг нь болоод ирэхгүй байхаар нь өөрийнхөө утсаар дуудсан юм. Тухайн үед ***над руу утсаар ярихдаа ажлын газрын байшингын дээвэр дээшээ хөвөлзөөд хөндийрөөд байна гэж хэлэхэд нь түүнд туслуулах гэж нөхрийгөө явуулсан юм. Манай ажилчид хоорондоо ярилцаж байгаад салхинд хөндийрөөд байгаа төмрийг бэхлэхээр болсон байсан ба би ямар нэгэн байдлаар дээврийн мөрийг бэхлэх үүрэг даалгавар өгөөгүй. Би гэртээ байж байгаад нярав *** руу юу болж байгаа талаар утсаар ярьж асуухад Олон улсын худалдааны төв рүү дээврийн төмрийг торгоох тросс авахаар явж байна гэж хэлсэн. Талийгаач ажлын байранд заасан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Талийгаач манай байгууллагад 2011 оны 09 дүгээр сард анх ажилд орсон. Манай байгууллага улсын төсөвт үйлдвэрийн газар учир аливаа гүйлгээг хувь хүнд биш тодорхой аж ахуйн нэгжийн дансаар хийдэг юм. Тухайн үед ***дээврийн ажил хийх хөлсийг авах зорилгоор анх “***” ХХК-ийн дансаар авсан юм. Түүнээс биш “***” ХХК энэ дээврийн ажилд хамаагүй. Уг компани ямар үйл ажиллагаа явуулдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний бодлоор ***гэх хүн анх байшингийн дээврийг дээвэрлэх ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бол ийм осол гарахгүй байсан гэж бодож байна. ***гэх хүн одооогийнх шигээ байшингын дээврийг засч янзалсан шигээ материалыг хэлж захисан бол тэр бараа материалыг нь авч өгөх байсан. 10 гаруй хоногийн хугацаанд 4-5 хүн дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг дээвэр хөндийрөх хуулрах үед салхи шуурга нөлөөлсөн юм. Миний ажил үүргийн хуваарьт ажилчидыг мэргэжлийн удирдлагаар хангах, чиг үүргийг тодорхойлох үүрэг байгаа. Манай дээврийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бол ийм осол аваар гарч хүний амь эрсдэхгүй байсан. Би сэжигтэнээр тооцогдсон зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний буруу үйл ажиллагаанаас болоогүй, байшингийн дээврийг чанаргүй хийснээс болж уг аваар осол гарсан. Дээвэр засч янзалсан хүмүүс буруутай ” гэх мэдүүлэг \хэргийн 70-71, 73-74 дүгээр хуудас\, 
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад талийгаач ***гэр болох төмөр ***ын 16-ын 07 тоотод очиход дүү маань хоол ундаа идээд амарч байсан. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байхад утсаар ажлаас ***, ***нар яаралтай ир гэж дуудаад байна гэж хэлсэн юм. Тэгээд хоолоо идчихээд талийгаач маань ажил руугаа явсан юм. Тэгээд би хэсэг хугацаанд дүүгийнхээ гэрт эгч дүү нартайгаа юм яриад сууж байгаад гэр рүүгээ харьсан юм. Тэгээд очоод удаагүй байж байхад манай дүү ***над руу утсаар яриад ***ах ажил дээрээ очоод нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад талийгаачийн ажилладаг ажил дээр нь очход цагдаа болон онцгой байдлын алба хаагчид ирчихсэн хэргийн газар үзлэг хийж байна гээд хамгаалалт авчихсан байсан. Тэгээд асууж тодруулахад Жижиг дунд үйлдвэрлэлийн Дархан дахь салбарт ажилладаг манай эгч ***нь надад хэлэхдээ манай захирал ***дээврийн төмөр бэхлүүлэх гээд дээш гаргаж улмаар салхи гарч талийгаач маань унаад нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед хэргийн газарт бүх ажилтангууд нь байсан бөгөөд би ***руу хандаж та нар яагаад манай дүүг унагаад алчихваа гэхэд ***над руу хандаж гаргахгүй яах юм бэ, дарга талийгаачийг дээш гаргаж, дээврийн төмөр бэхлүүл гэж хэлсэн гээд ууралсан. Мөн тухайн өдөр ***өөрөө ирэхгүй өөрийн нөхрийг талийгаачтай хамт дээврийн төмрийг бэхлүүлэх гэж явуулсан байсан юм. Манай дүү архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, ажилдаа дур сонирхолтой байсан юм. Талийгаач маань Дархан сумын *** тоотод эгч, ах, дүү нарынхаа хамт амьдардаг байсан. Гэхдээ өдрийн цагаар гэртээ болон гадуур явж оройн цагаар *** дээр оройн 18 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл өдөр болгон манаачийн үүрэг гүйцэтгэдэг байсан” гэх мэдүүлэг \хэргийн 11-12 дугаар хуудас\,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажил тараад гэртээ очоод байж байтал нятлан ***над руу утсаар яриад байшингын дээвэр хийсэх гээд хөдлөөд байна, хурдан хүрээд ир, эрэгтэй ажилчид руугаа ярь гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр 19 цаг өнгөрч байхад ирэхэд ***, ***, ***нар байж байсан. Манай ажилчид байшингынхаа хойд талд гарчихсан дээврээ хэрхэн яаж торгоох тогтоох талаар ярилцаж байсан. Тэгэд бид нар хоорондоо ярилцаж байгаад дээврийн төмрийг олсоор троссоор бэхэлье гэж ярилцаад онгорхой дэлгүүр юу байгаа билээ гэж ярилцаж байгаад ***, ***, ***нар олс авчирхаар Олон улсын худалдааны төв рүү явцгаасан. Тэгээд удалгүй 15 метр урттай тросс олс авчираад ***, ***нар дэрвэж байгаа дээврийн төмрийг уяж бэхлэхээр дээвэр рүү ар талын шатаар гарсан юм. Тэгээд ***, ***, ***бид нар дотор өрөөндөө юм яриад сууж байхад дээвэр дээр хүчтэй түс тас хийх чимээ гарсан. Тэр үед бид нар юу болж байна гээд байшингаас гархад ***надруу хандаж түргэн дууд гэж хэлсэн. 
.. манай төв ганцхан эрэгтэй ажилчинтай, тэр нь талийгаач байсан юм. Талийгаачийг хэн ч дээвэр рүү гар гэж хэлээгүй, талийгаач ганцаараа дээвэр рүү гарсан...” гэх мэдүүлэг \хэргийн 19-20 дугаар хуудас\,

 Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 14-ний орой би гэртээ байж байгаад цонхоороо хархад *** дээвэр салхинд хөдлөөд байсан юм. Тэгэхээр нь би захирал ***руу 18 цаг 33 минутанд залгаж байгууллагын дээвэр хөдлөөд байна яах вэ гэж асуусан. Тэгэхэд ***“за за би яваад очьё” гэсэн бөгөөд намайг нярав ***руу залгаад дуудчих гэсэн юм. Тэгээд манай байгууллагын дээврийг хийж өгсөн ***гэж хүн рүү залгаад “таны хийсэн дээвэр чинь салхинд хөдлөөд байна, яах вэ?” гэж асуухад ***“би өөрөө хол явж байна, танайх руу хүн явуулья” гэж хэлсэн. Ингээд хамгийн сүүлд жижүүр ***руу 18 цаг 40 минутанд залгаж ярьж байгууллагын дээвэр салхинд хөдлөөд байна гэж хэлэхэд ***ах “ ах нь энд ойрхон явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. 
.. ингээд талийгаач дээр гарч үзэж байгаад буцаад буугаад ирсэн бөгөөд бид нар нийлээд одоо яах вэ гэж ярилцсан. Тэгээд тросс авч ирж дарж боохоор ярилцаад ***, нярав ***, захирлын нөхөр ***нар Олон улсын худалдааны төв рүү явсан. Тэгээд удаагүй тэд нар буцаж ирэхдээ 15 метр урттай тросс аваад ирлээ гэж хэлсэн. ***тэй нэг нь дээрээс нь дээврийн төмрийг нүхлээд троссоор бөхлөөд нөгөө нь байгууллагын төмөр хашаанаас нөгөө үзүүрийг бэхлээд татаж тогтооё гэж ярилцаад ингээд байгууллагын үндсэн ажилтан ***ах дээшээ дээвэр рүү гараад ***доор үлдэхээр болсон. 
.. тэгээд удаагүй байж байтал гадаа дээвэр нурах чимээ гарахаар нь бид нар бүгдээрээ гүйгээд гараад харахад *** байрны дээвэр нь сөхөгдсөн байсан юм. Тэгэхээр нь талийгаачийг дээвэр доор дарагдчихлаа гэж бодоод *** ахаа гээд орилоход дуугарахгүй байсан. Тэгэхэд 35 дугаар байрны 4 давхараас 1 эрэгтэй хүн ***ын цаана уначихлаа гэж бид нар руу орилсон...
Анх ажлын байрныхаа дээврийг засч янзлуулахаар тухайн үед “***” эмнэлгийн дээврийг хийж гүйцэтгэсэн ***гэх хүний гар утасны дугаарыг олж захын хойд талд барилгын ажил хийж байхад очиж уулзаад дээврийн ажил хийлгэх санал тавьж манай төв 10 сая төгрөнөөс дээш зардал мөнгө гаргаж чадахгүй, тийм учраас та дээврийн ажилд хийх зардал мөнгийг тооцоод өгөөч гэж хэлэхэд ***гэх хүн тооцоо бодоод танай байшингийн дээврийн ажлын зардал нийт 7 сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгээд ***бид хоёр ажил руугаа буцаж очоод зардал мөнгөө тооцоход дээврийн ажил хийлгэх боломжтой байсан юм. Тэгээд ***той утсаар холбогдож дээврийн ажил хийлгэхээр тохиролцоод дээврийнхээ ажлыг хийлгэсэн. Манай төв  дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэхэд ямар нэг шалгуур үзүүлэлт зарлаагүйгээс иргэн ***гэх  хүнийг дээврийн ажил хийдэг гэх сургаар очиж уулзаж дээврийн ажил хийлгэхээр тохирсон юм. Тухайн үед компаниар дээврийн ажил хийлгэх гэхэр өндөр үнээр буюу 20 саяаас дээш төгрөгөөр хийж гүйцэтгэдэг гэдэг байсан юм. 
.. Дээвэр хийлгэх талаар ямар нэгэн зөвшөөрөл авсан юм байхгүй, тухайн үед Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдээгүй. Анх дээврийн ажил хийж гүйцэтгэх үед ***дээврийн ажилд зарцуулах барилгын материалыг тоо ширхэг хэмжээгээр нь захиж, түүнийг нь манай төвийн нярав, мэргэжилтэн, захирал гурав явж захаас нь авчирч ажилд оруулсан. Тэгээд дээврийн ажил дуусах үед ажлын хөлсийг өгөх болоход иргэн ***ийг ямар нэгэн компанийн дансаар мөнгө ав гэж хэлэхэд иргэн ***нь мөнгөө авах зорилготойгоор найз *** гэх “***” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан юм. Гэрээний он сар өдөр дээврийн ажил эхлэхийн өмнө байгуулсан мэтээр тавьсан. Яг үнэндээ дээврийн ажил дууссаны дараагаар гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулах шалтгаан нь ажлын хөлсийг компаний дансаар авхуулах гэж байгуулсан гэрээ юм. 
... 2014 оны 12 дугаар сард Аудитийн газраас манай төвийн санхүүгийн баланст шалгалт хийгээд байшингын дээврийн ажилд зарцуулсан зардлыг хараад манай төв уг байшингын дээврийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй, техникийн нөхцөл гаргуулаад улсын комиссоор хүлээлгэж авах ёстой байсан гэж хэлж байсан. Тухайн үед ***, *** нар өөрийн биеэр очиж үзсэн юм. Улсын ямар нэгэн комисс хүлээж аваагүй, тухайн үед манай төв ажлын хэсэг гаргаад акт үйлдээд хүлээн авсан юм. Тухайн үед зураг төсөл гаргуулах гэхэд багадаа 3-5 сая төгрөгөөр гаргана гэхээр нь мөнгө хөрөнгө байхгүй болохоор нь гаргуулаагүй юм. 
... Хэн ч талийгаачийг байшингийн дээвэр дээр гар гэж хэлээгүй, талийгаач өөрөө дээвэр рүү гарсан. ..” гэх мэдүүлэг \хэргийн 30-31, 32-33 дугаар  хуудас\,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр эхнэр бид хоёр гэртээ байж байтал эхнэрийн гар утас дуугараад эхнэр утсаа авч яриад надад” чи манай ажил руу явдаг юмуу, манай ажлын байрны дээвэр салхинд хууларчих гээд байна гэнэ” гэсэн. Тэгээд би эхнэрийн ажил руу дээврийг нь янзалж өгөхөөр яваад эхнэр маань гэртээ үлдсэн. Эхнэрийн ажил дээр 19 цагийн орчим байхаа \цагийг нь тодорхой санахгүй байна\ яваад очтол *** гэх жижүүр \бүтэн нэрийг нь мэдэхгүй\ баруун хэсгээрээ дээвэр хуулрах гээд байна, урт хаяг олж хаддаг юмуу гэсэн. Тэгээд би гэр рүүгээ явж хадаас авчирдаг юмуу гэтэл *** юу ч гэсэн дээшээ гараад үзье дээрээс нь хадаад тогтоочих юм байна уу? гээд дээвэр рүү гарсан. Тэгээд буцаж бууж ирээд ерөөсөө тогтох зүйл алга байна гээд троссоор татаж тогтоодог юмуу гэж ярилцаад тус байгуулагын нярав эмэгтэй *** гэх хүүхэн *** бид хоёрыг дагуулж яваад Олон улсын худалдааны төв орж 15 үеэр тросс, 1 ширхэг чангалагч, 6 ширхэг хомут зэргийг худалдаж аваад эргээд тус байран дээр ирсэн. Тэгээд *** дээшээ хууларсан дээвэр рүү гараад троссоо татаад уртасгагчаа залгах гээд хөвөөд байрны дотор талд байж байтал хүчтэй “пирх” гэх чимээ гараад би гараад очтол ***, ***, нар *** ахаа гээд дуудаад байсан. *** ***ын хажуу талд цаад талд унасан байсан. ***гийн хамар амнаас цус гарсан, ямар ч хөдөлгөөнгүй ухаан алдсан бололтой байсан. Тэгээд түргэн дуудхад эмч ирж үзээд ***г нас барсан байна гэж хэлсэн. Дээврийн төмөр хуулраад байшин руу дээш тохогдоод унасан байсан. ***тай тухайн үед дээвэр дээр юм хийж байсан хүн байхгүй, *** дээвэр дээр ганцаараа юм янзалж байсан юм. Миний бодлоор *** хүчтэй салхинд дээвэр хуулрах үед хамт хийсч унаж шидэгдэж нас барсан байх гэж бодож байна. Нилээд хол зайд шигдэгдсэн байсан. Гадаа маш хүчтэй салхитай байсан. *** ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Дээвэр хуулраад ойролцоо ***аар явж байгаа хүн машин тэргэнд аюул учрах боловуу гэсэндээ өөрсдийн сайн дурын үндсэн дээр янзалж байсан юм..” гэх мэдүүлэг \ хэргийн 34 дүгээр хуудас\, 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 05 дугаар сард ***, *** гэх хоёр хүний хамт Дархан-Уул аймаг дахь *** төвийн байрны дээврийн ажлыг ***гэх захиралтай гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн юм. Анх ***тай байрны дээврийн ажил хийх гэрээ хийхдээ би хувь ажлын хөлсийг бэлнээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тавьхад манай байгууллага төсвийн байгууллага учир бэлнээр мөнгө гаргах ямар нэгэн боломж байхгүй. Та ямар нэг байгуулага компаний дансаар ажлын хөлсөө авах хэрэгтэй гэж хэлэхээр нь би гэр бүлийн найз болох ***ын вакум цонхны үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй “***” ХХК-ийн дансаар ажлын хөлсний мөнгө болох 2.800.000 төгрөг авсан юм. Тухайн үед гэрээ хийхэд заавал компанийн захирал тамга тэмдэгтэйгээ ирж гэрээн дээр тамга тэмдэг дарж, гарын үсэг зурах ёстой гэхээр нь би найз ***ыг дагуулан ирж гэрээн дээр тамга тэмдэг даруулж гарын үсэг зуруулан гэрээ хийсэн юм. Энэ дээврийн ажилд манай найз *** ямар нэгэн хамаарал байхгүй. Би ажлынхаа гүйцэтгэлийн мөнгийг ***ын компанийн дансаар авсан. ***ийн захирал холбогдох материалыг шаардах үед өөрсдөө бараа материалыг зах дээрээс авчирч өгдөг байсан. Би ямар нэгэн бараа материал авчирч уг дээвэрт хийгээгүй, дээврийн ажил хийхдээ ямар нэгэн зураглал схем хийгээгүй. Дээврийн ажил хийх үед ямар нэг мэргэжлийн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй. Би ”***” эмнэлгийн дээврийн ажлыг хийж гүйцэтгэж дуусаад дахин өөр газар айлын байрны дээврийг хийгээд байж байхад ***намайг олж ирж уулзаад дээврийн ажил хийлгэх гэсэн юм гэж надад санал тавиад би саналыг нь зөвшөөрсөн юм. Тухайн үед би дээврийн бараа материалын тооцоог нь гаргаж өгсөн юм. Урд хэсгийн өндөр нь 75 см, хойд хэсгийн өндөр нь 15 см\ уналттай\ хэмжээтэй, каркасаа 15 см өргөнтэй 5 см зузаантай банз модоор унь хийж дэвсгэр\ төмрийн доорхи\ модыг 3-ын банзаар хийж гүйцэтгэсэн юм. Унь модны бөгс хэсгийг барилгын тааз руу өрөмдөж тэлэгчээр бэхэлсэн юм. Би 80 гаруй байшингын дээврийн ажил хийсэн ба тасралтгүй 29 жил ажиллаж байна. Би жилдээ 10 гаруй байшингын дээврийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Би анх удаагаа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байрны дээврийн нэг тал нь налуу уналттайгаар хийж гүйцэтгэсэн юм. Урьд нь дандаа шувуун нуруун дээврийг хийж гүйцэтгэдэг байсан юм. Би байрны дээврийг анх үзэхэд булан хэсгүүдээрээ өргөссөн, хүрээ тоосготой байсан учир уг дээвэр дээр шувуу нуруу хийх боломжтой гэж хэлэхэд ***зөвшөөрөөд би дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм” гэх мэдүүлэг \хэргийн 35 дугаар хуудас\,  

-    2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош
1.    Талийгаачийн биед тархины эдийн няцрал, дагз, суурь ясны хугарал, ухархайн ясны цөмрөл, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, хуйханд цус хуралт, зүрх элэгний няцрал, нуруу, өвчүү, олон хавирганы хугарал, хацар, хамар, уруул, эгэм бугалга, тохой, сарвуу, шилбэ, тавхайнд зөөлөн эдийн шарх, зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.3 болон 3.1.10-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 
3.    Талийгаач гэмтлийн хүндрэл болон тархины эдийн дарагдал, няцрал цус алдалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалаар нас баржээ. 
4.    Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
5.    Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 
6.    Талийгаачийн цус нь А\2\ бүлгийн харьяалалтай байна гэжээ. \ хэргийн 39 дүгээр хуудас\, 
***-ны өдрийн шинжээчийн №10-07-019\43 дүгнэлтэнд:
1.    2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэсэн ажил олгогчийн үүрэг хангагдаагүй. 
3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал\эзэн\, ажил олгогч шууд хариуцна гэж заасан. 
4. Тус барилгын дээврийн засвар, шинэчлэлтийн ажлыг эрх бүхий байгууллагын баталсан зураг, төсвийн дагуу гүйцэтгэсэн эсэх тухай Шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй. \ хэргийн 56 дугаар хуудас\,

***-ны өдрийн шинжээчийн №10-07-026\49 дугаартай дүгнэлтэнд: 
1.    Засварын ажлыг гүйцэтгэх зураггүй.
2.    Дээврийг барилгын угсралт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлээгүй.
3.    Зураг төслийг гаргуулж, тусгай зөвшөөрөлтэй Аж ахуйн нэгж байгууллагаар ажлыг гүйцэтгүүлэх талаар баримт бичгийг бүрдүүлж ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч ажил гүйцэтгээгүй.
4.    Завсарын ажлыг хийж гүйцэтгэх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт авч, түүнийг үндэслэн хөрөнгийг тусгуулсанаар зураг төслийг захиалах байсан.
5.    Барилгын тухай хууль болон Барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд цаг агаарын нөхцөлд тааруулж ажил гүйцэтгэх, засварлах заалт байхгүй. 
6.    Тусгай зөвшөөрлийг иргэнд олгодоггүй тул барилгын угсралтын ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй. 
8.*** ХХК нь барилгын угсралтын ажил, засварын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. \хэргийн 62 дугаар хуудас\, 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн *** дугаартай дүгнэлтэн дэх:” ...Улсын ерөнхий прокурорын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 119\87 тоот хамтран ажиллах тухай тушаалд”..тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргах” гэж заасан тул Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч *** 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10-06-019\43 дугаартай шинжээчийн дүгнэлт “Шүүх шинжилгээний тухай” хуулийн 13,14,15,16,1,7,18 дугаар зүйлүүдийг баримтлан гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5.1-т ажилтан ажлын үндсэн болон туслах байранд эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолдсон ослыг үйлдвэрлэлийн осолд оруулахаар заасан тул уг ослын акт үндэслэлтэй гэж дүгнэж байна. 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан” ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж шалгалтанд тэнцсэн иргэнийг ажилллуулна гэсэн заалтууд зөрчигдсөн байна..” гэх дүгнэлт \хэргийн 225-227 дугаар хуудас\,
-    Шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримтууд, урьд ял шийтгэгдсэн 
эсэхийг шалгах хуудас /хэргийн 204 дахь хуудас/,
Хохирлын баримтууд \ хэргийн 135-180 дугаар хуудас\, 
Дахин засч янзалсан Жижиг дунд үйлдвэрийн Дархан-Уул аймаг дахь төвийн дээврийн гэрэл зургын үзүүлэлтүүд \ хэргийн 202-203 дугаар хуудас\ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь *** захирлаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн аюлгүй ажиллагааны журмыг сахин хангуулах  үүргээ биелүүлээгүйгээс  2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр иргэн ***нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** байрны дээврээс унаж нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч ***ын “...манай нягтлан ***над руу утсаар яриад байшингийн дээвэр хийсэх гээд байна, хурдан ир, эрэгтэй ажилчид руугаа утсаар ярь гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/, гэрч ***ын “..төвийн нягтлан ***над руу утсаар яриад байшингийн дээвэр хийсэх гээд байна, хурдан ир гэсэн ... Тэгээд дэрвэж байгаа дээврийн төмрийг янзлахаар ***, ***нар гарахаар болоод үлдсэн. Удалгүй 5-10 минутын дараа дээвэр дээр түс тас гэх хүчтэй чимээ гарсан. ..гарч ирэхэд байшингийн дээврийн төмөр хойноосоо урагшаа шинжтэй сөхөгдөөд  байшингаас илүү гарчихсан байсан...Гадаа салхитай, шороогоор шуурч, бороо дусалж байсан. Талийгаачийг хэн ч дээвэрлүү гар гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/, гэрч *** “...манай нягтлан бодогч ***нь утсаар дуудаад  дээвэр хуурах гээд байна,  дээшээ гараад засаадах гэж хэлээд дуудсан юм билээ. Гэтэл дүү одоо салхи шуургатай байна ш дээ, намдахаар нь больё гэж хэлэхэд  нь гараад янзал гэж хэлээд дээвэр дээр гаргачихсан юм. Удалгүй гэнэт гадаа пир пар гээд дуугарсан юм...гарахад талийгаач Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн урд талын модон дунд газар шидэгдээд унасан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/, Гэрч ***   “...цонхоор харахад Жижиг дунд үйлдвэрийн дээврийн төмөр салаад савлаж байсан, нэг мэдэхэд баруун хойд буланд дээвэр дээр гарчихсан нэг эрэгтэй хүн дээвэр янзалж байх шиг байсан.  Нэг мэдэхэд хүчтэй салхинд дээврийн төмөр савалсан чинь нөгөө ах ***ын урд унасан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/, гэрч ***”..захирал ***руу залгаад “ байгууллагын дээвэр хөдлөөд байна яах вэ” гэж асуухад за за би яваад очье, нярав ***руу залгаад дуудчих гэсэн юм... утсаар нярав ***, *** нар руу утасдаж байгууллагын дээвэр салхинд хөдлөөд унах гээд байна бүгдээрээр хүрээд ир гэж хэлсэн.... нийлээд одоо яахав гэж ярилцаад ***тэй нэг нь дээрээс нь дээврийн төмрийг нүхлээд тросоор бөхлөөд нөгөө нь үзүүрийг нь бэхлээд татаж тогтооё гэж ярилцаад ***ах дээшээ дээвэр рүү гараад ***үлдэхээр болсон...удалгүй дээвэр унах чимээ гарахаар нь гараад харахад  байшингийн дээвэр сөхөгдсөн байсан... *** хөндлөн гараад очиход талийгаач доош хараад хэвтсэн байсан. Талийгаачийг  хэн ч дээвэр лүү гарч дээвэр янзал гэж хэлээгүй, өөрөө л би дээшээ гарч янзлаадхая гээд гарсан. Болох юмуу гэхэд зүгээр гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/ мэдүүлэгүүд болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ***аас гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх боловч нягтлан ***нь захирал ***руу утасдаж байгууллагын дээвэр хөдлөөд дээвэр төмөр нь хийсэх гээд байгаа талаар түүнд мэдэгдсэн, энэ үед өөрөө очоод нэмэр болохгүй гэж бодоод нөхөр ***ажил руу явуулсан, тухайн өдөр салхи, шуургатай байсаныг мэдсэн, нярав ***аас захирал ***руу утсаар ярьж Олон улсын худалдааны төв рүү дээврийн төмрийг торгоох тросс авахаар явж байгаа тухайгаа мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлууд түүний өөрийнх нь болон бусад гэрч хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд энэ үед захирал ***нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар анхааруулга, зааварчилгаа өгөх, ажил үүргийн хуваарьт заагдаагүй ажил үүргийг бусдаар гүйцэтгүүлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүй шалтгааны улмаас бусдын амь нас хохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***ыг ***захирлаар ажиллах байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах журмыг сахин биелүүлэх үүргээ  биелүүлээгүйн улмаас бусдын амь нас хохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***нь хохирогч ***д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 436 000 төгрөг төлж барагдуулсан байх  бөгөөд хохирогч ***гаас оршуулгын зардлын зөрүү  төгрөг 14 564 000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол  36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 18 182 248 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Талийгаач ***, ***нар нь 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба энэ нь хэрэг авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлстээс ирүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 00/000001 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болох бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барагч ***хууль ёсны эхнэр  ***Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор  учруулсаны төлбөрийг  шаардах эрхтэй гэж үзэхээр байна. 

Гэвч хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаас үзэхэд бодит байдал дээр талийгаач ***оршуулах үйл ажиллагааг түүний төрсөн ах дүү нар хийж гүйцэтгэсэн байх тул оршуулахтай холбогдсон зардлын зөрүү 14 564 000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч ***д олгуулахаар шийдвэрлэж, харин хохирогч *** нь шүүгдэгч ***аас үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 18 181 248 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болох талаар холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нотлох баримт бүрдүүлсний эцэст нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч ***ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***нь шүүхийн хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөрийн талаар маргаантай гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх, төмөр цоолтуур, хомочик, түлхүүр бахь зэргийг устгахаар шийдвэрлэж,  шүүгдэгч ***нь урьдчилан  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч *** Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч *** захирлын албан тушаал эрхлэх эрхийг  хасахгүйгээр 2 /хоёр/ жил  хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар шүүгдэгч ***аас 14 564 000 /арван дөрвөн сая таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, *** тоотод оршин суух хохирогч *** /РД:***/-д олгож, хохирогч *** шаардлагатай гэж үзвэл нөхөн олговор 18 182 248 /арван найман сая нэг зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулахтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх, төмөр цоолтуур, хомочик, түлхүүр бахь зэргийг устгасугай.

6. Шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтан ***ыг эдлээгүй үлдсэн үндсэн ял 2 /хоёр/ жил хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.***