| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0260/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0246 |
| Огноо | 2015-11-04 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0260/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201509000343 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, Улаанбаатар хотод 1979 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот *** тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, урьд 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 127 дугаар зүйлийн 127.1, 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 3 жил хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 2 жил 10 сар 4 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 92 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх, /регистрийн дугаар: /,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар
Шүүгдэгч *** нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан сумын 12 дугаар баг, Олон улсын худалдааны төвийн гар утасны 3 дугаар лангууг түрээслэгч ***гээс 350,000 төгрөгийн самсунг ноте-2 маркийн гар утсыг “худалдаж авъя” гэж, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Дархан сумын 12 дугаар баг “Тэди” төвийн 90 тоот лангууг түрээслэгч ***аас 400,000 төгрөгийн самсунг ноте-3 маркийн гар утсыг “худалдаж авна” гэж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 14 дүгээр баг Дархан их дэлгүүрийн Юнителийн салбарт ажилладаг ***оос 650,000 төгрөгийн I phone-5 маркийн гар утсыг “ярьж байгаад өгье” гэж итгэлийг эвдэн хуурч мэхлэн авч бусдад давтан үйлдлээр нийт 1,400,000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан залилангийн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын худалдааны төвийн лангуун дээр Мягмарсүрэнгээс самсунг ноте-2 загварын гар утсыг сим картаа хийж үзье гэж байгаад аваад явсан, 2015 оны 6 дугаар сарын 6-ний өдөр Tэди төвийн ***ын лангуун дээрээс самсунг ноте-3 маркын гар утсыг худалдаж авъя гэж сем-ээ хийж үзэж байгаад гаднаас мөнгө аваад ирье гээд утсыг авсан. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан Их дэлгүүрийн Юнителийн салбараас хохирогч ***ын iphone 5s утсыг нь авч утсаар чинь хүнтэй яриад өгье гэж хэлээд утсыг нь аваад гарсан. Залилан авсан гар утаснуудаа гар дээрээс хүнд зарж борлуулдаг...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ы сэжигтнээр хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 он гараад Дархан-Уул аймагт 3 удаа ирсэн хэдэн сарын хэдэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Олон улсын худалдааны төвийн нэг давхарт байрлах гар утас зардаг лангуунууд байсан. Тэгээд нэг эмэгтэй худалдагч байхаар нь очоод самсунг эс-2 маркийн гар утас үзье гэж хэлээд нэг гар утас үзсэн бас самсунг ноте-2 маркийн гар утас үзье гэж хэлээд хоёр утас үзэж байгаад сем картаа гаргаж ирээд утсыг нь шалгаж байгаад сем картаа лангуун дээр нь үлдээгээд мөнгөө аваад ирье гэж хэлээд самсунг ноте-2 маркийн хар өнгийн корпустай гар утсыг нь аваад явсан. Самсунг эс-2 маркийн гар утсыг нь үлдээгээд явсан. Олон улсын худалдааны төвөөс гараад бирж ороод тэндээс Улаанбаатар хот руу явсан. Маргааш нь таван шар дээр явж байгаад нэг явуулын хүнд 250,000 төгрөгөөр зарсан.
Дараа нь хэдэн сарын хэдэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Дархан мобикомын 3-н давхарт зүүн талын шатны хажуу талын гар утасны павилон дотор ороод гар утас үзэж байгаад хар өнгийн корпустай мөнгөлөг саарал өнгийн хүрээтэй самсунг ноте-3 маркийн гар утас үзэж байгаад мөнгөө аваад ирье гэж гарахдаа утсыг нь аваад гарсан. Тэндээс гараад таксинд суугаад хуучин чигтээ явж байгаад таксины жолоочид 200,000 төгрөгөөр зарсан. Тэр өдрөө Дарханд буудалд хоноод маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явсан.
Дараа нь хэдэн сарын хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Дарханы Юнител орж шинэ дугаар үзээд салбарын ажилтан эмэгтэйгийн утсыг нь ганц яриулаач гэж гуйж аваад утсаар ярих гэж байгаад аваад явсан. Тэгээд би гадаа гараад цагаан саарал өнгийн приус-20 маркийн автомашинд суугаад бирж ороод буцаж авто вокзал ороод таксинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэр эмэгтэйгийн гар утас I phone-5 маркийн гар утас байсан. Надад дээрх хэргүүдээс өөр хийсэн хэрэг байхгүй. Би хулгай хийж авсан гар утаснуудаа ихэвчлэн явуулын хүмүүст зардаг, байнга өгдөг хүн байхгүй. Гэмт хэрэг хийх үедээ дандаа ганцаараа явдаг. Би 2000 онд хулгайн хэргээр 3 жил хорих ял, 2007 онд 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан. Би учруулсан хохирлоо сарын дараа цалингаа аваад төлж барагдуулна, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Хохирогч ***гийн хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Олон улсын худалдааны төвийн нэг давхарт гар утасны 3 дугаар лангууг түрээслэж гар утас зардаг юм. Хүү маань 5 сартай учир дүү ***ийг худалдагчаар ажиллуулж байгаа юм. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд лангуун дээрээ шинэ бараа ирэхээр нь аваад очсон. Тэгтэл шар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн курткатай, дотор талаар нь цагаан өнгийн цамцтай, бараан царайтай 170 см өндөр нуруутай залуу гар утас үзээд зогсож байсан. Тэр залуу самсунг “галакси эс-3” маркийн гар утас барьсан “дуу нь болохгүй байна” гээд дүү *** тэр хоёр хоорондоо яриад зогсож байсан. Би 20 гаран утас аваачиж өгсөн. *** тэр утаснаас нэгийг гаргаж ирээд тэр хүний сем картыг гаргаж хийгээд миний *** гэсэн дугаараас *** гэсэн дугаар луу залгаж утасны дууг нь шалгачихаад энэ утсыг авъя, наалтыг нь нааж бай эргээд ирье гэж хэлээд явсан, буцаж ирээгүй. Миний авчирсан 20 гаруй утсыг *** лангуун дотроо өрсөн, би гэрлүүгээ явж байтал араас *** дуудаж самсунг галакси ноте маркийн гар утас алга болсон байна гэхээр нь хяналтын камераа шүүж үзсэн чинь гар утас шалгаад буцаж ирж авна гэсэн залуу самсунг ноте-2 маркийн гар утсыг зүүн гартаа барьж байгаад эргээд утсаар ярих үедээ өмсөж явсан куртканыхаа халаасанд хийж байгаа нь камерт бичигдсэн байхаар нь цагдаад хандсан. Хар хөх өнгийн корпустай, Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ самсунг галакси ноте-2 маркийн гар утас байсан. Шинэ учир ямар нэг содон шинж тэмдэг байхгүй. Тухайн алдсан гар утасны сериал дугаарыг нь бичиж аваагүй байсан. 360,000 төгрөгөөр үнэлж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хурдан олж хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Дархан Тэди төвд гар утасны лангуу ажиллуулдаг бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим нэг хүн орж ирээд гар утас сонирхож байгаад өөрийнхөө семийг надаар хийлгээд яриаг шалгая гээд павилоноос гараад шууд шатаар уруудаад гүйсэн. Би араас нь нэг давхар хүртэл гүйсэн, хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Ойр хавийн камераа шүүж үзэхэд царай нь танигдахгүй юм байна лээ. Тэр залуу орж ирэхдээ гартаа нэг улаан өнгийн куртка барьж явсныгаа лангуун дээр тавиад үлдээгээд явсан. 40 орчим насны 167-170 см өндөр биетэй барзгар, бараан царайтай, том хамартай, зузаан уруултай, халимаг үстэй, цайвар цэнхэр пудволкатай, хар өмдтэй хүн байсан. Миний гар утас “галакси ноте-3” маркийн хар өнгөтэй, тагтай гэртэй гар утас өөр содон шинж тэмдэг байхгүй. 450,000 төгрөгөөр үнэлнэ. Тэр хүн 2014 оны 11-12 сарын үед манайхаас нокиа-6300 маркийн гар утсыг 50,000 төгрөгөөр авсан бөгөөд өөрийгөө барилгын ажил хийдэг хавар ажил эхлэхээр ирж өөр утас авна гэж байсан. Нэр болон хаана байдгаа хэлээгүй. Тэр хүнийг ахиад харвал танина, архи уугаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг, “Дархан-Их” дэлгүүрт байрлах Юнителийн салбарт ажлаа хийгээд байж байхад нэг залуу орж ирээд өөр хүний нэр дээр шинэ дугаар авах гэсэн юм регистрийн дугаарыг нь хэлчихье гэж хэлээд 89...... гэсэн дугаартай дугаар хайлгасан. Тэгээд би “89...... гэсэн дугаар байна, та авах юм уу” та авах юм уу гэсэн чинь нөгөө ах “түр хүлээж байх уу” ах нь “хүнээс асууя” гэсэн тэгснээ утсаа түр өгөөч “утсаар чинь яриад өгье” гэсэн тэгэхээр нь би утсаа өгсөн. Нөгөө ах утсаар ярьчихаад надад миний утсыг авчирч өгсөн. Тэгээд удаагүй мөн нөгөө ах ирээд “ах нь дахиад нэг хүнтэй утсаар чинь яриад өгье” гэж хэлээд мөн миний утсыг авсан. Тэгээд утсаар ярьж байхдаа одоо хүн орж ирж байгаа гээд утас барьчихаад үүдэнд эргэлдээд байсан. Тэр үед нь манай салбарт нэг үйлчлүүлэгч ирээд надад үйлчлүүлж байх хооронд нөгөө залуу миний утсыг аваад явчихсан. Тэгээд л би цагдаагийн байгууллагад хандсан юм. Iphone-5S маркийн шаргал өнгөтэй гар утас байсан. 2014 оны 11 дүгээр сард бэлгэнд авч байсан. Одоо 800,000 төгрөг байх. Тэр хүнийг одоо танина. Цагаан өнгийн пудволкатай, шаргал өмдтэй, 175 см өндөр нуруутай, бор царайтай, 35-40 орчим настай. Жижиг халимаг үстэй, өргөн шанаатай. Тухайн үед эмэгтэй хүний дугаар өгч байсан санахгүй байна. Тухайн үед нь утасны лавлагаа авч үзэхэд гадагшаа гарсан дугаар, дуудлага байгаагүй. Надад харагдахдаа хоосон ярьж байсан юм байна лээ. Утасны сериал дугаар нь /358687055601506/ гэсэн дугаар байгаа. Утас руу нэвтрэхэд нууц код байгаа. Дахин ашиглах боломжтой. Утсаа олж авмаар байна. Гомдолтой. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Гэрч А.***ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 13:00-13:40 минутын үед лангуун дээрээ байж байсан чинь нэг 170-175 см өндөр нуруутай, бор царайтай, малгайн гол хэсэгт цагаан өнгийн бичвэртэй хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн курткатай, дотор талаараа цагаан өнгийн пудволкатай залуу ирээд “утас авъя” гээд лангуун дотор өрсөн байсан утаснаас хар хөх өнгийн корпустай самсунг галакси S3 маркийн гар утсыг гаргаж өгсөн чинь хажуу талын цагаан корпустай самсунг галагкси S3 маркийн гар утсыг үзье гэхээр нь авч өгсөн. Дараа нь дахиад самсунг галакси ноте-1 маркийн гар утсыг гаргаж үзүүлсэн. Лангуун дээр гурван утас үзэж байгаад хамт явсан хүнээ хараад ирье гээд явах үед нь би гурван гар утсаа авч лангуу руугаа хийсэн. Удалгүй нөгөө залуу дахин ирээд миний сем картыг самсунг галагкси S3 маркийн гар утсанд хийгээд өгөөч энэ утсыг авъя гэхээр нь би хар хөх өнгийн самсунг галакси S3 маркийн гар утсанд симийг нь хийж өгсөн. Тэр залуу гар утсыг яриад шалгаж үзээд дуу нь болохгүй байна гээд самсунг ноте-2 маркийн гар утсыг сонирхож үзье гэхээр нь лангуун дотроосоо гаргаж үзүүлсэн. Би өөрийнхөө утсаар тухайн залуугийн дугаар луу нь залгасан чинь миний утас нэгжгүй болсон байсан болохоор тэр залуугийн дугаараас өөрийнхөө дугаар луу залгаж ярьсан. Тэгээд нөгөө залуу энэ утсыг авъя, чи бэлдээд байж бай, би мөнгөө аваад ирье гэж хэлээд явсан эргэж орж ирээгүй. Би лангуун доторх гар утаснуудаа үзсэн чинь самсунг ноте-2 маркийн гар утас байхгүй болохоор нь өөрийнхөө лангууны камерыг шүүж үзсэн чинь нөгөө самсунг галагкси ноте-3 авна гээд мөнгөндөө явсан залуу аваад өмсөж явсан куртканыхаа дотор талын халаасанд хийгээд явсан нь камерт бичигдсэн байхаар нь цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч ***гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би лангуун дээр бүтэн өдөр байсан. Өдөр 14-15 цагийн хооронд Мягмарсүрэнгийн худалдагч *** гар утас алга болсон байна гэж яриа гарсан. Тэгээд Мягмарсүрэн, *** бид нар хяналтын камер шүүж үзсэн чинь 30-35 орчим насны 170-175 см өндөр нуруутай, бор царайтай, хар өнгийн саравчтай малгайтай, малгайн гол хэсэгт цагаан өнгийн бичвэртэй, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, хар өнгийн курткатай түүний дотор талаараа цагаан өнгийн пудволка өмссөн залуу лангуун дээр гар утас үзэж байгаад нэг утсыг нь өмсөж явсан куртканыхаа дотор талын халаасанд хийж байгаа нь камерт бичигдсэн байсан. Тэр залууг урд өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байна лээ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4, 12, 62,99, 129, 131/, зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 128, 130 дахь тал/, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хавтаст хэргийн 16 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний хуудас /хавтаст хэргийн 69, 93, дэх тал/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /141 дэх тал/, 2001 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 143-144 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвийн гар утасны 3 дугаар лангууг түрээслэгч ***гээс 350,000 төгрөгийн самсунг ноте-2 маркийн гар утсыг “худалдаж авъя” гэж, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Дархан сумын 12 дугаар баг “Тэди” төвийн 90 тоот лангууг түрээслэгч ***аас 400,000 төгрөгийн самсунг ноте-3 маркийн гар утсыг “худалдаж авна” гэж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 14 дүгээр баг, Дархан их дэлгүүрийн Юнителийн салбарт ажилладаг ***оос 650,000 төгрөгийн I phone-5 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар тус тус авч нийт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***, ***, *** нарын мэдүүлэг, хохирогч ***, ***, *** нараар шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, гэрч А.***, *** нарын мэдүүлэг, камерын бичлэг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний хуудас, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш Эрүүгийн хуулийн 78-р зүйлийн 78.2.3-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
*** нь давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 06, 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ... “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, *** нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул 2015 оны 4 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 06-ны өдрийн үйлдлийг өршөөх үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хэдийгээр уг хуулийн үйлчлэх цаг хугацаанд 2 удаагийн үйлдэл нь хамаарч байх боловч “Өршөөл үзүүлэх” тухай хуульд заахдаа ... 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж заасан, олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдлийг тусгайлан салгаж авч үзэхээр заагаагүй, уг хуулийн үйлчлэх цаг хугацаанаас хойш гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарахгүй байхаар заасан тул 2015 оны 4 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ыг өршөөх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь ***д 350,000, ***д 400,000, ***т 650,000, нийт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирол төлөөгүй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** 2015 оны 10-р сарын 26-ны өдөр ... ***ы хэрэгт “ямар нэгэн гомдол саналгүй” гэх тайлбар ирүүлсэн боловч иргэний нэхэмжлэлээс татгалзаж буй талаар дурдаагүй байна. Иймд түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч ***аас 1,400,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч ***д 600,000, ***т 800,000, ***д 350,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь өмнө мөн дээрх аргаар гэмт хэрэг үйлдэж 2 жил хорих ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй байх тул “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэх байдлыг Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй ба шүүгдэгч хэдийгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авч, бага бус хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар ***ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил /гурван жил/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан, ***д оногдуулсан 3 жил /гурван жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил /гурван жил/ хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Долгорын Одчулууны урьдчилан хоригдсон 68 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***аас 1,400,000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймаг, Дархан ***/-д 350,000 төгрөг тус тус олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД