Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0249

 

   


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0238/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,                        
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000463  тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын харьяат, *** Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, “*** ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 11 дүгээр сарын 03-нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2010 оны 01 дүгээр сарын 21-нд  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ***/РД:***/.
 
Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ***нь согтуугаар  2015 оны 6 дугаар сарын 15-ны орой 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ***ийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 06 дугаар сарын 15-ний өдөр манай байрны нэрийг мэдэхгүй нэгэн өвгөнтэй гэртээ архи уучихаад 13 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд 17 цагийн үед бохир соруулах гэсэн чинь цахилгаан болохгүй байхаар нь буцаад 16 дугаар байр руу орох гээд явж байтал хоёр эрэгтэй нэг эмэгтэй орцноос гарч явсан. Хоёр эрэгтэй хүн нь түрүүлээд араасаа эмэгтэй нь явж байхад нь би тэр эмэгтэйн хоёр мөрнөөс нь татаж унагаачихаад байр руу орсон. Мөрнөөс нь татаж унагаасан нь миний буруу. Цус гарсаныг нь хараад гэрээс нойлын цаас аваад гарч ирэхэд хоёр цагдаа ирчихсэн байсан.  Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон..” гэх мэдүүлэг \хэргийн 30,32 дугаар хуудас\, 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ***, ***бид гурав 0,5 граммын нэг шил “Түмний хишиг” нэртэй архи хувааж уусан. Би бага хэмээтэй уусан. ***ийн гэрээс 17 цагийн үед гарч ***, *** нарын хамт лифтээр буугаад орцны хаалгаар гарах үед ***, *** нар урд юм яриад явж байсан. Би тэр хоёрын араас 4-5 алхамын зайтай явж байтал нэг согтуу хүн гуйвж явж байгаад надтай зөрөх үедээ миний хоёр гараас барьж татаад зүүн гар талын хананд миний нүүрэн хэсгээр мөргүүлж унагаасан. Би маш их цус алдсан. Тэгээд *** та битгий хөдлөөрэй хэвтэж байгаарай гээд цагдаа дуудсан. Хэвтэж байтал хоёр цагдаа ирээд нэг цагдаа нь та эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би цусаа цэвэрлээд эмнэлэгт үзүүлсэн юм. Урьд би харж байгаагүй танихгүй хүн байсан. Сүүлд сонсож байхад 16 дугаар байрны СӨХ-ийн дарга гэсэн. Тэр хүн нэлээд согтуу байсан, би шалтгааныг нь ойлгоогүй, шууд үг хэллэггүй гарнаас барьж аваад мөргүүлсэн. Ямар нэгэн маргасан асуудал гараагүй...” гэх мэдүүлэг \ хэргийн 13 дугаар хуудас\,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Би тэр өдөр ангийн найз болох ***тэй таараад ***ийн гэрт 16 дугаар байрны 9 дүгээр давхарт нэг шил 0,5 граммын архи аваад бид гурав хувааж уусан. *** архи бага уусан. Лифтээр буугаад орцны хаалгаар *** бид хоёр түрүүлээд гарч явсан юм. Ард *** 4-5 алхамын зайтай явж байгаад пид хийх чимээ гарахаар нь эргээд харсан чинь ***ийн нүүр цус болчихсон газар хэвтэж байхаар нь яасан юм бэ гэхэд нэг хүн аваад шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн ...”  гэх мэдүүлэг \хэргийн 14 дүгээр хуудас\, 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Цуурай цо” дэлгүүр дотор өөрийн ажлаа хийж байхад 16 давхарын үүдэнд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь очсон юм. Миний төрсөн эгч болох *** газар хамар амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. 16 дугаар байрны СӨХ-ийн дарга гэгч хүн манай эгчтэй зөрөхдөө хана мөргүүлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би эгчийг дагуулаад эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг \хэргийн 15 дугаар хуудас\,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тус өдөр над руу ***ах залгахаар нь манай гэрт хүрээд ир гэхэд ***ах 10 жилд нэг ангид хамт сурч байсан *** гэх эмэгтэйг дагуулан нэг шил 0,5 граммын “Түмний хишиг” нэртэй архи авч орж ирээд бид гурав манай гэрт хувааж уусан. Тэгээд тэр архиа уучихаад манай гэрээс гарч явах үед түрүүлээд ***ах бид хоёр юм яриад 4-5 метр зайтай орцоор гарч явж байх үед ард гэнэт чимээ гарахаар нь эргээд хартал *** эгч газар унаад нүүр нь нэл цус болчихсон хэвтэж байхаар нь буцаж гүйж очоод миний гар утас цэнэггүй байсан тул байрны дэлгүүр рүү орж цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирээд наад эмэгтэйгээ эмнэлэгт үзүүл гээд би *** эгчийн дүү ***ын хамт эмнэлэгт үзүүлсэн. Ард чимээ гараад эргээд хартал *** эгч газар унаад цаад талд нь манай байрны СӨХ-ийн дарга ***байж байгаад орц руу орчихсон. Тэгээд л би гүйгээд очсон юм. Би тэр үед ***тэй ямар нэгэн маргасан асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
 Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Манай байрны үйлчлэгч утсаар яриад ***ахыг эрүүлжүүлэх аваад явсан гэж хэлсэн. ..Маргааш өглөө нь үйлчлэгчээс ***яасан юм бэ? гэж асуухад өчигдөр орой орцны үүдэнд нэг хүүхнийг түлхээд унагаасан гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,
 Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гадаа ***тэй таархад жоохон архи уусан бололтой байсан. Тэгээд хог асгаад эргээд хартал байрны орцны үүдэнд нэг эмэгтэйн хамраас цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь би та нар яагаад байрны үүдэнд зодолдоод байгаа юм бэ? гэхэд нэг залуу нь танай СӨХ-ийн дарга зодсон гэж надад хэлсэн. Тэгээд цагдаа нар ирэхэд манай СӨХ-ийн дарга  би түлхчихсэн юм гэж хэлээд өөрөө цагдаагийн машинд суугаад явсан..”гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас /, 
       - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 768 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.    ***ийн биед хамар, хамрын үзүүрт зовхи бугалга, өвгөнд зулгаралт, хамар ясны цөмрөлт, хамрын таславч мурийсан гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.    Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,
- Хохирогч ***ийн эмнэлгийн баримтууд\ хэргийн 53-58 дугаар хуудас\,
-Хохирогч ***ийн хохирлын баримт, гэрэл зургууд  \хэргийн 60-64 дүгээр хуудас\ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны орой 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ***ийг түлхэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг \хэргийн 30, 32 дугаар хуудас\, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэгүүд \хэргийн 14-16 дугаар  хуудас\ болон  “***ийн биед хамар, хамрын үзүүрт зовхи бугалга, өвгөнд зулгаралт, хамар ясны цөмрөлт, хамрын таславч мурийсан гэмтэл тогтоогдож, түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 768 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
    Иймд шүүгдэгч ***ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь урьд 2004 оны 11 дүгээр сарын 03-нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2010 оны 01 дүгээр сарын 21-нд  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 Шүүгдэгч ***үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт нөхөн төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй төлбөргүй болохыг тус тус  дурдах нь  зүйтэй.
    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч *** бусдыг үл хүндэтгэн, нийгмийн  хэв  журмыг ноцтой   зөрчиж , догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч  ***ийг 2 \ хоёр\ жил  хорих ялаар  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 2 \ хоёр\ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтан ***ийн эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасч, ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн  298.1.1, 298.1.2-т тус тус зааснаар ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЭНХЖАРГАЛ