| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2026/0334/З |
| Дугаар | 221/МА2026/0462 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0462
Ч.Лгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ч.Л,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Л,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба,
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүнхий нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референтийн албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, үнэн зөвөөр дахин үнэлүүлэхийг даалгах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0410 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ч.Л,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц.
Хэргийн индекс: 128/2026/0334/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Лгээс анх Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүнхий нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референтийн албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох, үнэн зөвөөр дахин үнэлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүнхий нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референтийн албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, үнэн зөвөөр дахин үнэлүүлэхийг даалгах” гэж тодруулсан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0410 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, 33.6.2, 33.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Лгээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үнэн зөвөөр дахин үнэлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
Анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй маргааныг шийдвэрлэх байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг зөрчсөн.
Нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох тестийн санг үнэн зөв бүрдүүлсэн байдал, шалгалтын тестийн асуулт, зөв хариултыг шалгалтын системд зөв таниулсан, зөв шивсэн, зөв хөрвүүлсэн эсэхтэй холбоотой, уг үндэслэлийг шалган тогтооход тестийн цаасан эх баримт зайлшгүй шаардлагатай байхад уг хүсэлтийг хүлээн аваагүй. Тестийн алдаатай эсэхийг тогтоолгүйгээр үнэлгээ үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн.
Нотлох баримтыг буруу үнэлсэн. Тестийн алдаатай байдлыг тайлбарласан буюу тухайлбал 22, 36 нь 2 зөв хариулттай, 23, 26, 29, 34, 35, 37, 39 зөв хариулт нь асуулттайгаа тохирохгүй, 13, 14, 19, 26 нь зөв хариулт байхгүй. Сорилын цахим санг бүрдүүлэхэд, асуулт, хариултыг шивж хөрвүүлэхдээ алдаа гарсан эсэхийг тогтоолгүйгээр эдгээр алдаануудыг ямар байдлаар юунд үндэслэн үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй, үнэлгээ яагаад зөв гэдгийг дүгнээгүй, зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “тестийг Монголын хамгийн шилдэг, эрдэмтэн, профессор, докторууд боловсруулдаг” гэх тайлбарыг үнэлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 107 дугаар зүйлийн 107.4-д заасанд нийцээгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд бүрэн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч 4 үндэслэлээр үнэлгээг алдаатай гэж маргаж байхад зөвхөн “миний хариултад үндэслээгүй” гэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16, 17, 18-д хийсвэр дүгнэлт хийсэн, 13-15, 19 дүгээр дүгнэлт нь маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, 12 дугаар хэсэгт журмын аль заалт, ямар баримтад үндэслэснийг заагаагүй.
Шүүх хуралдааны тэмдэглэлд миний болон хариуцагчийн тайлбарыг буруу тусгасан. Тэмдэглэл нь алдаатай шийдвэрт хүргэсэн. Үзлэгийн тэмдэглэлд түүвэрлэж шалгасан атлаа нэг бүрчлэн тулган шалгав гэж бичсэн.
Энэ байдлаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын шүүгчийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт хариуцсан референтийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар сонгон шалгаруулалтад 2 хүн оролцон, нэхэмжлэгч Ч.Л 58 оноо, оролцогч Т.Лх 54.3 оноо тус тус авснаар тухайн сонгон шалгаруулалтад нэг ч хүн тэнцээгүй.
4. Нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтын дүнг эс зөвшөөрч “...миний бие 2025 онд ахлах түшмэлийн сул орон тооны сонгон шалгаруулалтад 4 удаа оролцож, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын тестийн шалгалтад дунджаар 13-14 оноо авч байсан, эдгээр шалгалтын тестийн асуултууд давтагдаж ирсэн. Гэтэл энэ удаа харьцангуй бага оноо буюу 11 авсан. Иймд үнэлгээ нь бодит бус, миний хариултад үндэслээгүй, зөв хариултыг шалгалтын системд буруу таниулсан, ямар нэг алдааны улмаас үнэлгээ үндэслэлгүй болсон... дээрх 2 шалгалтын үнэлгээг үндэслэлгүй үнэлж, тэнцүүлэхгүйгээр шалгаруулалтыг зохион байгуулсан...” гэж тайлбарлан маргасан.
5. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 33.9-д “Төрийн албаны төв байгууллага тусгай шалгалтыг зохион байгуулахдаа холбогдох байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн Шалгалтын зөвлөл байгуулж болно”, 33.12-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална”, 65 дугаар зүйлийн 65.3-т “Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна. Ажлын албаны дарга, салбар зөвлөлийн даргыг Зөвлөл томилж, чөлөөлнө” хэмээн,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 51 дүгээр тогтоолын тогтоолын хавсралтаар батлагдсан "Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т салбар зөвлөл нь “Хууль, журамд заасны дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт зохион байгуулах, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах” чиг үүргийг хэрэгжүүлнэ хэмээн,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 9.2-д “Тусгай шалгалтын бүрэлдэхүүн, 9.2.1.хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг; 9.2.2.дүн шинжилгээ хийх чадвар; 9.2.3.асуудал шийдвэрлэх чадвар; 9.2.4.монгол хэлний ярианы болон бичгийн чадвар; 9.2.5.удирдан зохион байгуулах чадвар; 9.2.6.манлайлах чадвар; 9.2.7.багаар ажиллах чадвар” гэж, 9.10-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөхдөө энэ журмын 9.2.1-т заасан шалгалтыг сорил болон бодлогоор шалгаж 10 хүртэл оноогоор, 9.2.2-9.2.4-д заасан шалгалтыг сорил болон бодлогоор шалгаж тус бүр 20 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд хамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх оролцогчоос 9.2.5-9.2.7-д заасан шалгалтыг ур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ. Нийт авбал зохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно” гэж тус тус заасан.
6. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх “...хариуцагч байгууллага нь шалгалтыг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулсан, үнэлгээ нь цахим системээр оролцогчийн хариултад үндэслэн гарсан, ямар нэг алдаа, зөрчил гарсан нь нотлогдоогүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Тодруулбал, нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий шалгалтын комиссоос зохион байгуулсан сонгон шалгаруулалтад “Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаал”-д бүртгүүлэн оролцсон бөгөөд тухайн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын OPEN-EXAM тусгай шалгалтын системээр зохион байгуулсан.
Хэрэгт авагдсан баримт болох Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06/840 дүгээр албан бичиг, шүүхээс Төрийн албаны зөвлөлийн тусгай шалгалтын цахим системд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тухайн шалгалтад нэхэмжлэгч нь “дүн шинжилгээ хийх чадвар”-ыг үнэлэх 20 асуултаас 11 асуултад зөв, 9 асуултад буруу, “асуудал шийдвэрлэх чадвар”-ыг үнэлэх 20 асуултаас 11 асуултад зөв, 9 асуултад буруу хариулсан. Тухайн шалгалтын систем нь оролцогчийн өгсөн хариултыг урьдчилан боловсруулсан зөв хариултын сан буюу түлхүүртэй тулган автоматаар үнэлгээг гаргадаг. Шалгалтын комиссын зүгээс үнэлгээнд шууд оролцох, засварлах боломжгүй. Нэхэмжлэгчийг шалгалт өгөх явцад ямар нэг техникийн алдаа, доголдол гараагүй, түүний гүйцэтгэсэн даалгаврын огноо, хийсэн үйлдэл бүрийг цаг, минутын нарийвчлалтайгаар бүртгэн түүх болгон хадгалсан.
Мөн, нэхэмжлэгч нь "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 9.10-д заасанчлан “9.2.2 дүн шинжилгээ хийх чадвар”, “9.2.3 асуудал шийдвэрлэх чадвар”-ын шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр дараагийн буюу 9.2.5-9.2.7-д заасан шалгалтад оролцсон бөгөөд шалгалтын нийлбэр дүнгээр 58 оноо авч, шалгалтад тэнцээгүй хариуг авсны дараа дээрх бичгийн шалгалтын хариуг эс зөвшөөрч маргаж байх тул нэхэмжлэгчээс гаргасан “...дээрх 2 шалгалтын үнэлгээг үндэслэлгүй үнэлж, тэнцүүлэхгүйгээр шалгаруулалтыг зохион байгуулсан...”, “...тестийн алдаатай эсэхийг тогтоолгүйгээр үнэлгээ үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй...” зэрэг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3234 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Олон улс судлалын дээд сургуулийн нэхэмжлэлтэй, Боловсролын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хойшлуулж...” гэж, хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн агуулгыг “...үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгож, үнэн зөвөөр дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж шүүхийн шийдвэрээс зөрүүтэй тусгагдсан.
Мөн 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд үзлэг хийсэн шүүгчийн гарын үсэг зурагдаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гарсан байгааг цаашид анхаарах шаардлагатайг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА