| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/00396/И |
| Дугаар | 146/ШШ2020/00447 |
| Огноо | 2020-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2020/00447
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, ___ тоотод оршин суух, З- овогт Ш-ын Л-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, ___ тоотод оршин суух, Ж-гийн Д-д холбогдох 6,688,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Л- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ш.Л- би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ж.Д-д түүний хүсэлтээр нийт 17,932,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд энэ хугацаандаа бага багаар төлж нийт 11,244,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 6,688,000 төгрөгийг Ж.Д-оос авах авлагатай бөгөөд төлнө гэж явсаар өдийг хүрлээ.
Ж.Д- нь дээрх мөнгийг өөрийнхөө болон Б-, Б-, Д-, Ц-, Ш- нарын дансаар дамжуулан зээлж байсан бөгөөд энэ хугацааны дансны хуулгыг нэмэмжлэлд хавсаргасан. Иймд зээлсэн мөнгөний үлдэгдэл 6,688,000 төгрөгийг Ж.Д-оос гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Л- нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд оршин суудаг. Ш.Л- нь Ж.Д-ийн хүсэлтээр түүний дансаар дамжуулан 17,000,000 орчим төгрөгийг зээлсэн байдаг. Мөнгийг зээлэхдээ түүний өөрийн данс руу нь болон Б-, Б-, Д-, Ц-, Ш- нарын данс руу шилжүүлэн өгч байсан. Ж.Д- зээлсэн мөнгөө тухай бүр нь төлж явсаар 6,688,000 төгрөг үлдсэн. Ж.Д- нь мөнгөнөөсөө хасна гэдэг боловч ямар үндэслэлээр хасах гэж байгаагаа тодорхойлдоггүй. Хавтаст хэрэгт тооцооны хуудас авагдсан байгаа. Энэ хуудастай Ж.Д- танилцсан. Иймд хариуцагч Ж.Д-оос 6,688,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Л-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Д- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Ж.Л-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 6688000 төгрөгөөс баримт бичигтэй хасуулах мөнгө байгаа учир 2800000 төгрөгийг гүйлгээний хуулбараар хасуулах гэсэн юм. 3,888,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Л- нь хариуцагч Ж.Д-оос зээл 6,688,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,888,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдсэн 2,800,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргаж байна.
Хариуцагч Ж.Д-д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Л-, хариуцагч Ж.Д- нарын хооронд зээлийн бичгээр байгуулсан гэрээ байхгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ж.Д-д түүний хүсэлтээр нийт 17,932,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд энэ хугацаандаа бага багаар төлж нийт 11,244,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 6,688,000 төгрөгийг Ж.Д-оос авах авлагатай, Ж.Д-д дээрх мөнгийг өөрийнх нь болон н.Б-, н.Б-, н.Д-, н.Ц-, н.Ш- нарын дансаар дамжуулан зээлж байсан гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар Ш.Л-, Ж.Д- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Хэрэгт нэхэмжлэгчээс ХААН банкны харилцагч Ш.Л-ын дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуудас бүрийг нотариат эсвэл ХААН банкны тэмдэгээр баталгаажуулаагүй, хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг хариуцагчид шилжүүлж зээлсэн нь тодорхойгүй, гарын үсэггүй нэг хуудас баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч нотлоогүй байна.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзлээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,888,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчаас 3,888,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д-оос зээл 3,888,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121958 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 77158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА