| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0286/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0252 |
| Огноо | 2015-11-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0286/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***, *** /өмгөөлөгчгүй оролцуулж өгнө үү гэсэн хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох 201509000563 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ***,
2. Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, Улаанбаатар хот *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ***,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, ***, ***нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дархан зах”-ын гар утасны 3 номерын лангууны шилэн хорго дотроос иргэн ***гийн “I phone-6” маркийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 8 дугаар сарын 2-ны 12 цагийн орчим Улаанбаатар хотоос ***, *** нарын хамт ***гийн найзтай уулзах далимдаа гоо сайхны барааг нь зарахаар Дархан хотод ирсэн боловч найз нь байхгүй хөдөө явсан байсан, бараагаа зарах гэтэл зарагдахгүй байсан юм. Улаанбаатар хотоос бид 3 гарахдаа 50,000 төгрөгтэй гарсан, буцах зардлын мөнгөгүй болсон учир ***ийн утсыг зарж буцах зардал хийхээр зах орсон. Зах дээр ***гийн утсыг зарахаар захын гар утасны лангуугаар ***, *** 2-ыг явж байхад нь би кино үзэж байгаад, хүнгүй лангуун дээр гар утас байхад нь авчихсан юм. ***, *** нар мэдээгүй, би утсыг аваад түрүүлээд гадаа гараад тэр 2-ыг хүлээж байгаад, гарч ирэхэд нь цуг үйлчилгээ орж гоо сайхны бараагаа зарахаар явж байтал утасны эзэн ах араас намайг дуудахад нь эргээд хартал намайг цохисон, би газарт унахдаа ***д гар утсыг нь өгөхөд *** цагдаад хохирогчийн утсыг нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, энэ хэрэгт ***, *** нар ямар ч буруугүй. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ы хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... зах руу ***, ***бид хоёр ороод би лангуун дээгүүр юм үзэж явахад үүдний хэсгийн нэг гар утасны лангууны эзэн байхгүй, шилэн лангууны доор “iphone-6” маркийн цагаан өнгийн гар утас байхаар нь авъя гэж бодоод ***, ***хоёрыг цаашаа лангуу руу явахаар нь тэр хоёрыг дуудсан. *** уг гар утасны лангууны хажууд ирэхээр нь би ***д энэ лангууны дор нь гар утас байна гэж дээрх “iphone-6” маркийн гар утсыг харуулсан. *** тэр гар утсыг харчихаад юм хэлээгүй цааш явсан. Тэгэхээр нь би ***гээс очиж 2,000 төгрөгийн кино үзээдхье гэж хэлж яваад тэгээд нөгөө лангуун дээр буцаж очиж барьж байсан тортой хувцсаараа халхалж байгаад уг гар утсыг хулгайлж аваад гараад явсан. Тухайн үед *** намайг гар утас хулгайлсныг мэдээгүй. “Ди ди” баарны орчим бид гурав явж байхад цагдаа хүрээд ирэхээр нь хулгайлсан гар утсаа ***д өгсөн. Цагдаа нар ***гээс гар утсыг хурааж авсан. Энэ гар утсыг цагдаа нар ирэх үед би ***д өгөхөд *** уг утсыг хулгайн зүйл гэдгийг мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дахь тал/,
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... , *** нартай ***гийн найзтай уулзах, ***гийн гоо сайхны барааг зарах зорилготой ирсэн юм. Дарханд ирээд ***гийн найзтай уулзах гэсэн боловч Төв аймаг руу явсан байсан, ***гийн бараа зарагдахгүй байсан, бид буцах зардлын мөнгөгүй болсон учир ***гийн утсыг зарахаар зах орсон, 50,000 төгрөгөөс илүү үнээр авахгүй гэсэн чинь *** би утсаа ийм хямдхан зарахгүй гээд байсан. Захаас гараад иртэл *** гадаа хүлээж байсан, бид 3 үйлчилгээ орж гоо сайхны бараагаа зарахаар явж байтал хохирогч цагдаагийн хамт гүйж ирээд ***ыг цохиод унагахад *** надад утсыг өгсөн юм. Би *** утас хулгай хийснийг мэдээгүй шууд цагдаад хулгайн утсыг нь өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***гийн хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Дархан-Уул аймагт ***, ***нартай хамт Улаанбаатар хотоос 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ***гийн гоо сайхны барааг зарахаар ирсэн. Бараа нь зарагдаад тэгээд ***гийн утсыг зарж зардлын мөнгө олохоор “Дархан зах”-ын гар утасны лангууруу ороод утсыг нь асуухад олигтой үнэд хүрэхгүй байсан. Тэгээд утсыг нь зарахаар асуух гэхэд *** гэнэт алга болсон байсан. Тэгэхээр нь гайхаад ***г хайгаад гартал *** “Дархан зах”-ын бүр гадна хаалганы гадна талд машин зогсдог тэнд ганцаараа зогсож байсан. Тэгээд тэр хавиар гоо сайхны бараа зарахаар хүмүүсээс *** бид хоёр асуугаад “Үйлчилгээний төв” хүртэл ***аа, *** бид гурав асууж алхсан. Тэгээд “Үйлчилгээний төв”-ийн тэнд байж байтал цагдаа ирээд бид гурвыг авсан. Цагдаа ирэхээс өмнө утасны эзэн ирээд ***г барьж аваад зогсоход ***аа над руу нэг “iphone-6” маркийн гар утас өгсөн. Ямар учиртай гар утас гэдгийг нь би мэдэхгүй. Надаас цагдаа гар утсыг хурааж авсан. ***аа надад “Дархан зах”-ын лангуун дотроос авсан утас юмаа гэж сүүлд цагдаад баригдсаны дараа нь хэлсэн. ***аа өөрөө л захаас гараад алга болсон байсан. ***ааг захаас гарсныг би огт мэдээгүй. ***аа надад тэр лангуун дээрээс кино үзүүлсэн юм. Тэр лангуун дээр би кино үзэхээр очсон. Тэгэхэд би гар утас байхыг хараагүй, мэдээгүй. ***аа л надад кино үзсэн лангуунаас гар утас хулгайлсан гэж цагдаа дээр ирээд хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,
Хохирогч ***гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би өөрөө зах доторх гар утасны 3 номерын лангуу ажиллуулдаг ба 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим би гар утасныхаа лангуунаас бие засахаар гараад 10-20 минут болоод эргээд лангуун дээрээ ирээд гар утсаараа ярих гээд утсаа хайгаад олоогүй. Явахдаа би гар утсаа лангууныхаа шилэн хорго дотор хийгээд орхисон байсан юм. Тэгээд камер шүүж үзэхэд 1 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 3 хүн цуг явж байгаад цэнхэр жинсэн яак, өмдтэй залуу нь миний лангуу дотогш гараа хийж оруулж гар утсыг маань хулгай хийгээд нөгөө хоёроо дагуулаад гараад явж байгаа бичлэг байсан. Ингээд цагдаагийн газарт хандсан. Бичлэг дээрээс үзэхэд миний гар утсыг хулгай хийсэн залуу гурвуулаа орж ирээд хоорондоо ярилцаад нэг нь мөнгө барьж буцаж манай лангуун дээр ирээд СD үзэж байгаа мэт халхавчлан гар утсыг маань аваад нөгөө хоёрыгоо дуудаад аваад гарсан бичлэг байдаг. Миний гар утсыг хулгай хийж байхдаа CD үзэж байгаа мэт худал дүр үзүүлж хажуугийн лангууны хүүхэн рүү байн байн хараад байгаа дүрс бичигдсэн байсан. Тухайн өдөр цагдаагийнхан шуурхай хэрэгтнүүдийг олж баривчлан миний гар утсыг надад хүлээлгэн өгсөн. Миний алдсан гар утас бол цагаан өнгийн “iphone-6” маркийн шинэвтэр гар утас байсан. Би гар утсаа 1,200,000 төгрөгөөр үнэлж үнэлгээг хэлсэн. Энэ утсаа би 2014 оны 11 дүгээр сард 1,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн захын доторх дээрх дүрс бүхий бичлэгийг би саарал өнгийн СD дээр хуулбарлан өөрөө цагдаа дээр авчирч өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Гэрч Н.Болдбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Наран-Одгэрэлийн ***гийн төрсөн ах нь байгаа юм. Манай дүү *** нь Дархан-Уул аймагт захаас гар утасны лангуун дээрээс гар утас хулгайлж энэ хэргээрээ цагдаад шалгагдаж байгааг өөрийн төрсөн ээж Батзаяагаас сонсож мэдсэн. Мөн өнөөдөр өөрийн төрсөн аав Наран-Одгэрэлттэй Дарханд ирж цагдан хорих байранд хоригдож байгаа дүү ***тайгаа уулзаж эргэлт уулзалт оруулахад дүү *** надад ярихдаа “ахаа, би найзуудайгаа нийлж гар утас хулгай хийсэн нь миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ асуудлыг дуусгачихвал дүү нь сайн сайхан амьдарч чадна. Алдаагаа ухаарсан, би уул нь найзуудтайгаа нийлээд тэр утсыг хулгай хийсэн юм. Гэхдээ би энэ хэрэгт найз нарыгаа чирэхгүйгээр өөрөө хэргээ ганцаараа үүрээд гарвал авах ял нь бага байдаг юм байна. Тэгэхээр би энэ хулгайн хэргээ ганцаараа үүрэх гэж байгаа” гэж хэлсэн. ... “ гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26 дахь тал/
Капитал зууч компаний шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 39 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, Си ди-нд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрэл зургийн үзүүлбэрүүд /хавтаст хэргийн 11, 46-47 дахь талууд/, эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 8 дахь тал/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112, 118 дахь талууд/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 114-117 дахь тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг үзэж, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд *** нь ... “би ганцаараа хулгайлж авсан, ***, ***нар огт мэдээгүй, цагдаад баригдах үед би ***, ***нарт гар утас хулгайлсан талаараа хэлсэн, энэ хэрэгт хоёр найз маань ямар ч хамаагүй ... гэх, *** ... “тэгээд утсыг нь зарахаар асуух гэхэд *** гэнэт алга болсон байсан, гайхаад ***г хайгаад гартал *** “Дархан зах”-ын бүр гадна хаалганы гадна талд машин зогсдог тэнд ганцаараа зогсож байсан, ***аа надад “Дархан зах”-ын лангуун дотроос авсан утас юмаа гэж сүүлд цагдаад баригдсаны дараа нь хэлсэн, ***аа өөрөө л захаас гараад алга болсон байсан. ***ааг захаас гарсныг би огт мэдээгүй” гэж мэдүүлж байх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Си-ди”-ний бичлэгт үзлэг хийхэд *** гар утсыг хулгайлан авахыг *** мэдэж байсан, түүнийг хулгайн үйлдэл хийх, утас аваад гарч явахыг хараад зогсож байсан, лангуун дотор утас байхыг хараад хоорондоо ярилцаж байгаа байдал, ***гээс гар утсыг хураан авсан зэрэг байдал тогтоогдож байх тул ***г хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хоорондоо үүргээ хуваарилаагүй боловч хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн, хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
***, *** нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дархан зах”-ын гар утасны 3 номерын лангууны шилэн хорго дотроос иргэн Даваадоогийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***гийн мэдүүлэг, камерийн бичлэг, эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч ***г хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэв.
Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... Миний бие *** нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд хохирлоо барагдуулсан учир хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн байх тул /хэргийн 186 дахь тал/ шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Шүүгдэгч *** өмнө ял шийтгэлгүй, *** урьд 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69-р зүйлийн 69.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/-ээр тогтоогдож байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч ***гийн хувьд ногдох хөрөнгөөс 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулж шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд ***гийн Хаан банкин дах 5072169478 тоот дансанд байгаа 212,550 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, эд хөрөнгө хураах ялыг биелүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***, *** нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэргээс ***д холбогдох хэргийг “яллагдагч прокурорын хяналтаас оргосон” үндэслэлээр тусгаарласан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нар хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлж байгаа ба шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан ***г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, ***г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***гаас 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурван/ жил, шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил, зургаан сар/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ***, *** нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ***гийн *** банкин дахь *** тоот дансан дахь 212,550 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, ***гийн хувьд ногдох эд хөрөнгөөс 150,000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг биелүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг “си-ди”-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил, шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус тус 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/-ын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан ***, *** нарт мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 300-р зүйлийн 300.1-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүх хуралдааны танхимаас сулласугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД