| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0253/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0260 |
| Огноо | 2015-11-19 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0253/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000493 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ажилтай, *** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадавргүй гэх ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ ***улсын дугаартай Тоёота королла маркийн иргэн ***эзэмшлийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7а-д заасан “.. согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1- заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх, мөн 9-р бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюуд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт “Хас” банкны харалдаа төв зам дээр жолооч ***жолоодож явсан ***улсын дугаарын автомашины араас мөргөснөөс уг авто машинаас бууж байсан иргэн ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ээлжинд гараад маргааш өглөө нь буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өглөө ажлаасаа буугаад найзтайгаа гэрийнхээ гадаа машинаа тавьчихаад 1 шил архи уусан, дараа нь тамхи авч татахаар зах руу явах гэж машинаа гэрийн гаднаас аваад “Хас” банкны харалдаа 1 дүгээр замаар явж байгаад урд талын машин дохио өгөөд зогссон. Би өмнөх өдөр нь ажилд гараад нойргүй, мөн архи уусан байдлаас болоод тормос гишгэх гэж байгаад андуураад хаазаа өгсөн. Гэтэл урд талын машинаас нэг хүн бууж харагдсан би сандрахдаа замын хажуу талын боржур мөргөсөн” гэв.
201509000493 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 18-ны өглөө ажлаасаа буусан юм. Ингээд ажлын газрын *** гэх залуугын хамтаар нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд гэртээ орох гэж яваад тамхи авч татмаар санагдаад байрныхаа гаднаас машинаа аваад бирж орж тамхи авахаар явсан юм. Ингээд Шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлд явж байгаад микрийн “Хас” банкны харалдаа урд явсан Т.Приус 20 маркийн автомашин дохио өгөөд зогсох гэхэд нь би дотроо энэ машин зогслоо гэж бодоод нилээн дөхсөн байсан урдаас тормоз гишгэх гэж байгаад андуурч хааз гишгэсний улмаас тэр машины араас ороод мөргөчихсөн юм. Тухайн үед тэр машинаас хүн буух гээд арын хаалга онгойгоод дотроос нь хүн бууж харагдаж байсан юм. Би тэр үед 12 цагийн үүрэг гүйцэтгэсэн байсан болохоор ядарсан байсан дээрээс нь архи уусан асуудлаас уг осол болсон. Уг ослын улмаас би Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн бөгөөд өөрийн гэм бурууг арилгах зорилгоор тухайн хохирогчийн биеийн байдал яаж байгаа талаар холбогдож асуух, уулзах зорилгоор хайсан боловч олдоогүй. Бид нарт утасны дугаар нь байгаагүй, ингээд тухайн үед уг асуудлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч *** гэдэг хүнтэй уулзаж хохирогчийн утасны дугаар болон гэр орныг нь асуухад байцаагч би өөрөө холбогдож чадахгүй байна, хохирогч чинь утсаа авахгүй байна гэж хэлсэн. Ингэж явж байгаад 7-8 хоногийн дараа тухайн хохирогч гэх хүний өмгөөлөгч *** гэх хүн утсаар над руу ярихаар нь бид нар очиж уулзсан. Ингээд ***гэх хүнээр хохирогчийг заалгаж уулзахад бид нарыг хүн чанаргүй гэж уурласан. Ингээд бид нар өөрийг нь хэрхэн хайж байсан талаар хэлсэн боловч тэр хүн бид нарыг хүлээж аваагүй. Тэгээд зохих хуулийн байгууллагаар нь шалгуулж шийднэ гэж хэлэхээр нь бид нар одоо хүртэл хүлээгээд байж байна. Энэ хугацаанд тухайн хүнд бид нар эмчилгээндээ зориул гэж 200 000 төгрөг өгсөн. Тухайн хүнд хичнээн төгрөгний эмчилгээ гарсаныг мэдэхгүй байна. Би урд явсан машин дохио өгөөд зогсохыг нь харсан. Тухайн үед би ээлжийн ажилтай хоноод нойргүй явсан, дээрээс нь архи ууснаас болоод ийм асуудал гарлаа. Урд машин зогсоод машины арын хаалга онгойж дотроос нь эмэгтэй хүн буухыг харсан. Тэр үед тэр эмэгтэй бүх биеэрээ буугаад нэг хөлөө татаад гаргаж байсан юм. Тэгээд би хүн бууж байна гэж бодоод машинаа зогсоох гэсэн боловч андуурч хазан дээрээ гишгээд тэр машины араас мөргөсөн юм. Тэгэхэд тэр машинаас буусан эмэгтэй айж сандарсанаасаа болоод унах шиг болсон. Тэр хүн буугаад машины хаалгаа хаасан. Тэгээд тэр машин хөдлөх дохио өгч байсан. Тэгээд би араас нь ороод мөргөсөн. Миний зүгээс тухайн тээврийн хэрэгсэлд учирсан бүх хохирлыг нөхөн төлж өгсөн. Хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдлыг нь уулзаж асууя гэсэн боловч намайг хүлээж аваагүй, тэгээд өөрийнхөө гэх дансыг өгөхөөр нь тэрэнд нь 200 000 төгрөг хийсэн. Тэр хүнтэй уулзах гээд би өндөр настай ээжийгээ хүртэл би яриулж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 69 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 11 цаг 35 минутанд “Оюуны-Ирээдүй” сургуулийн А байрны хажуугийн зогсоолоос хуучин Дархан явахаар машины зогсоол дээр зогсож байхад приус маркийн автомашин ирээд зогссон. Ингээд би уг машины арын суудалд суусан бөгөөд арын суудалд 4-5 дугаар ангийн болов уу гэмээр охин, бас нэг залуу сууж явсан бөгөөд би жолооч талын арын суудалд сууж таарсан. Ингээд замд микро хороололын хамгийн захын 9 давхар байрны орчим нөгөө охин машинаас буусан. Ингээд би явж байгаад микро хороолол ороод “Хас” банкны харалдаа бууя гэж хэлсэн. Ингээд тухайн машины жолооч эгч ХАс банкны харалдаа зогссон. Ингээд би машинаас баруун хөлөө таьж буугаад зүүн хөлөө аваад хаалгаа арай хааж дуусаагүй байтал тас няс хийгээд явчихсан. Тэгээд би замын хашлаганы наана унасан. Тухайн үед миний ухаан балартаад сэргэсэн. Тэгэхэд миний баруун хөл шалбарч гэмтсэн байсан. Тэгэхэд манай манай нөхөр замын эсрэг талд зогсож байгаад харсан байсан бөгөөд намайг ирж аваад эмнэлэгт хүргэсэн. Ингээд хөлийн шалбархайг хэд хоноод эдгэрчих байх гэж бодсон. Ингээд Улаанбаатар хот ороод ГССҮТөвийн гэмтлийн эмчид үзүүлэхэд хөлийнхөө дижитал зургыг авахуулж ир, тэгэхгүй бол хараад мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд хөлийнхөө дижитал зургыг авхуулж эргээд эмч нартаа очиж үзэхэд эмч үзээд баруун өвдөгний холбоосууд гэмтсэн байна. Ийм учраас нарийн Имрай зураг авхуул гэж хэлсэн. Ингээд ахин Имрай зураг авхуулсан бөгөөд Имрай зургыг үзээд дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай, өвдөгний чагтан холбоосууд сунаж давхаралдсан, нэг холбоос нарийссан гэсэн онош тавьсан. Ингээд одоо дурангийн хагалгаанд орох гээд хүлээгдэж байгаа юм. Уг дурангийн хагалгаа уул нь очер авч ордог бөгөөд зарим нэг хагалгаанд орох хүн нь ирэхгүй бол тэр хүнийх нь оронд орчихож болдог гэсэн боловч төлбөр нь 670 000 төгрөг болдог юм байна лээ.
Би машинаас бууж байх үед миний бууж байсан машины араас машин ирээд мөргөсөн байсан. Би тэр машиныг араас ирээд мөргөхийг мэдээгүй, нэг сэргэхэд би уйлчихсан сууж байсан бөгөөд миний араас нэг жижиг тэрэг мөргөсөн байсан. Жолооч нь өндөр том биетэй, төмөр замд ажилладаг юм уу гэмээр хар өнгийн дүрэмт хувцастай, согтуу залуу байсан. Тэр залуу болохоор одоо 40 эргэм насны хүн байсан бөгөөд би Цагдаагын газрын хүүхэд гэж өөрийгөө хэлээд байсан. Би мөргүүлэх үедээ машинаас бүрэн бууж амжаагүй байсан. Би нэг хөлөө гаргаад нөгөө хөлөө арай авч бууж амжаагүй хаалга хаах гэж байхад мөргөсөн. Энэ хүн сандраад уначихлаа гэж тухайн үед хэлж байсан. Би машин мөргүүлээд гарсан салхинд унах хүн биш, би60 кг жинтэй хүн шүү дээ. Би шатаар өгсөж буухдаа өрөлдөж явж байгаа бөгөөд баруун хөл дээрээ ачаалал өгч чадахгүй байгаа. Эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн., нийт 1 600 000 төгрөгийг би нэхэмжилж байгаа, баримтуудыг хэрэгт хавсаргасан ..” гэх мэдүүлэг /хэргийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***дугаартай приус 20 маркийн автомашин жолоодож явахдаа халтуур хийсэн юм. Оюун-Ирээдүй сургуулийн урдаас нэг эмэгтэйг аваад хуучны чиглэлд явсан бөгөөд тэр эмэгтэй Хас банкны харалдаа бууя гэхээр нь дохио өгөөд зогссон. Тэр эмэгтэй ард сууж яваад машинаас буугаад хаалгаа хаасан бөгөөд би яг хөдлөх гэж байтал араас машин ирээд мөргөсөн, эргээд харахад машинаас буусан эмэгэй газар унасан байсан, миний машины араас тоёота королла маркийн машин ирж мөргөсөн байсан. Тэр машины жолооч машин дотроо бууж ирэхгүй байж байхад чи бууж ирээч гэж орилж чарлахад жолооч нь бууж ирсэн бөгөөд өндөр том биетэй бор залуу байсан. Тэгээд харахад тэр жолооч архи уучихсан согтуу байдалтай байсан, харахад согтуу гэдэг нь мэдэгдэж байсан. Миний машины хой гупер багааж чихэгдэж орсон байсан, одоо ***гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-9 дүгээр хуудас\,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ \хэргийн 13-16 дугаар хуудас\,
2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаартай шинжээчийн дүгнэлт \ хэргийн 32 дугаар хуудас\,
2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт \ хэргийн 41 дүгээр хуудас\,
2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үнэлгээ \ хэргийн 45 -47 дугаар хуудас\,
2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №10-07-025/065 дугаартай шинжээчийн дүгнэлт \ хэргийн 54-58 дугаар хуудас\,
2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн №40 дугаартай шинжээчийн дүгнэлт \ хэргийн 62 дугаар хуудас\,
2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ \ хэргийн 13-18 дугаар хуудас\,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хэргийн 77 дугаар хуудас\,
Хохирол төлсөн баримтууд \хэргийн 90-91, 120 дүгээр хуудас\,
Согтуурал шалгасан тэмдэглэл \хэргийн 100 дугаар хуудас\,
Хохирлын баримтууд \хэргийн 126-128, 143- 154 дүгээр хуудас\ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг үзүүлж таниулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Тоёота королла маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а /согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9-р бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж жолооч ***жолоодож явсан ***улсын дугаарын автомашины араас мөргөснөөс уг авто машинаас бууж байсан иргэн ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ***д тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 77 дугаар хуудсанд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зохих хэмжээнд нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг шүүгдэгч ***д буцаан олгож, ***гийн өмчлөлийн Самсунг маркийн LCD дэлгэцтэй 40 инчийн 450 000 төгрөгний үнэлгээтэй зурагтыг битүүмжилсэн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэж, ***нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураасан эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2 349 400 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ***гийн төлсөн 600 000 төгрөгийг хасаж, нотлох баримтын шаардлага хангаагүй тухайлбал: он сар өдөргүй, тамга тэмдэггүй баримт бүхий буудалд байрласны хөлс 300 000 төгрөг, цаашид дурангийн хагалгаанд орох эмчилгээний зардал гэх 800 000 төгрөг болон машины улсын дугаар бичигдээгүй, өөрийн машинд хийсэн эсэх нь тодорхойгүй “Магнай трейд” шатахуун түгээх станцаас худалдаж авсан шатахууны үнэ 50 000 төгрөг, нийт 1 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг хэсэг 599 400 \ Таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу\ төгрөгийг ***гээс гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ***г шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/ нэг / жил хасч, 6 /зургаан / сар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 6 /зургаан/ сар баривчлах ялыг тусгай дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтан ***г шүүхээс оногдуулсан эдлээгүй үлдсэн үндсэн 6 /зургаа/ сар баривчлах ялаас, нэмэгдэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг/ жил хасах ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***д буцаан олгохоор шийдвэрлэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 599 400 \ Таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу\ төгрөг гаргуулж, ***д олгож, үлдэх 1 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7.Цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хохирогч ***д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***гийн өмчлөлийн Самсунг маркийн зурагтыг битүүмжилсэн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ