Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/01013

 

2020 оны 4 сарын 21 өдөр                                  Дугаар 183/ШШ2020/01013                                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, хаягт оршин суух, Бгийн Т /РД:ПЮ/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, хаягт оршин суух, М ын И /РД:УХ/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч М.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т миний бие М.Итай харилцан тохиролцож 2013 оны 05 сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Тус зээлээ дахин 2014 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд Зээлийн хугацаанд 240,000 төгрөгөөр 4 удаа, 70 000 төгрөгөөр нэг удаа төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2016 оны 08 сарын 10-ны өдөр тооцоо нийлэн “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан болно. Тооцоо нийлэхэд үлдэгдэл 12,960,000 /арван хоёр сая есөн зуу жаран мянга/ төгрөг болж байсан. 2016 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 4 дүгээр дүйлийн 4.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг хоног дутам 38 800 төгрөг төлөх бөгөөд нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 6,480,000 /зургаан сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг болж байгаа юм. Нийт тооцоо нийлэх үеийн гэрээний төлбөр болон алдангийн хамт 19 440 000 /арван есөн сая дөрвөн зуун дөч мянга/ төгрөгийг Игаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2013 оны 05 сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр гэрээ хийсэн боловч 2015 оны 10 сарын 01-ний өдөр уг гэрээг дуусгавар болгосон. Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 74-20 тоотод оршин суух хаягтай Бгийн Тийг Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 1-29 тоотод оршин суух хаягтай Итай харилцан тохиролцож, гэрээ дуусгавар болох албан ёсны бичгийн нотлох баримт үйлдсэн. Энэ нотлох баримтыг бичгийн хэлбэрээр биш амаар хэлээд ийм нотлох баримт Б.Тт байдаг. Өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ нотлох баримтыг гаргаж өгөөгүйд би харамсаж байна. Бгийн Т, Бгийн Батзориг, Бгийн Тогтохбаяр нь мөнгө зээлдэг, олон удаа мөнгө зээлж байсан. Зээлийн гэрээн дээр нь би өмгөөлөгчөөр ажиллаж, зээлийн гэрээг дуусгавар болгох удаа дараа олон жил тооцоо нийлэх тухай гэрээ, олон хүний өр авлагийг нилээн хэдэн жил хийсэн. Испаниас мөнгө орж ирэхээс өмнө, соната 2 машины ард мөнгийг ачаад хүмүүст зээлийн гэрээ хийж, зээлийн гэрээний өр барагдуулах ажлыг би хариуцдаг байсан. Надаар дамжуулж зарим зээлээр өгөх мөртлөө барьцаа хөрөнгө муутай, султай нөхцөл байдал үүсэх хүнд та өмгөөлөгч хүн юм чинь та өөрийнхөө өмч хөрөнгөөр баталгаа болгоод зээлийн гэрээ хийчих гэж гуйгаад хэд хэдэн удаагийн үйлдлээр хийсэн. Дуусгавар болсон гэрээг би өдөр сартай нь хэлж чадна. Би Хаан банкинд данстай, тэр дансыг хаасан, надад хохиролтой байна. Б.Т 2013 оны 05 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ гэгчээр далайлгаад, энэ их мөнгийг би энэ насандаа өгч чадахгүй, өгөхгүй. Бүх зээлийн гэрээг хаагаад 27 400 000 төгрөгийг өгч байсан удаатай” гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Т хариуцагч М.Ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 440 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлсөн, үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2013 оны 05 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2016 оны 08 сарын 10-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр баталгаажуулсан. Тооцоо нийлэхэд үлдэгдэл 12 960 000 төгрөг болсон ба мөн оны 12 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирсон. Тохирсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд алднги тооцохоор тохирсон ...” гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд 2013 оны 05 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Т нь зээлдэгч М.Ид хувийн хэрэгцээний зориулалтаар 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй олгож, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх-4/

 

            Улмаар талууд 2016 оны 08 сарын 10-ны өдөр дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Ин гүйцэтгээгүй үүрэг 12 960 000 төгрөг болохыг баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдэж, мөн өдөр төлбөр барадуулах гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр зээлийн гэрээний үүрэг 12 960 000 төгрөгийг зээлдэгч М.И 2016 оны 12 сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 алданги тооцохоор тохиролцжээ. /хх-28, 5/

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан зээл болон төлбөр барагдуулах гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв. Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн үүрэг дуусгавар болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.  

           

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 4.2-т үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 алданги төлнө гэж тохиролцсон ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 12 960 000 төгрөгийн 50 хувиар тооцон алданги шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг дагуу хариуцагчаас 19 440 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 255 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.И /РД:УХ/-аас 19 440 000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т /РД:ПЮ/-т олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 255 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ