| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2026/0218/З |
| Дугаар | 221/МА2026/0447 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0447
Э.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Э.А, өмгөөлөгч Ө.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасан “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.А, өмгөөлөгч Ө.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0218/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.А-ээс Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасан “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг тус тус баримтлан Э.А-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох “Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...3.1. Нэхэмжлэгч Э.А нь Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/189 дүгээр тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 04/1258 дугаар албан бичгээр ерөнхий газрын дарга Ч.Ч-д хандан “... “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу шаардлагатай дүгнэлт гаргах болон холбогдох бусад процессын ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан эсэх болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг ялган тогтоохгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд 2025 оны Б/189 дүгээр тушаалыг хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэсэн байдаг.
-Б/189 тушаал /2025.04.22/: цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах. Гэвч Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
-Б/436 тушаал /2025.11.18/: “Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага ногдуулсан Б/346 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч Б/437 тушаалыг эс зөвшөөрч Захиргаан ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасны дагуу “Хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах арга хэмжээг хариуцагчид даалгахыг шаардан нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс тодорхой үндэслэл хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох шийдвэр гаргасан.
Ийнхүү Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дага Э.А-д сахилгын шийтгэл ногдуулсан Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Багануур дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн дэд хорооны хурлын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг цахим орчин болон нийгмийн сүлжээнд зүй бус үг хэллэг мэдээлэл, оруулан, татвар төлөгчдийг бухимдуулж, татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зөрчил гаргасан гэж үзэж байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулсан. Уг тушаалуудыг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 04/1258 дугаар албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байдаг.
3.2. Багануур дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн дэд хорооны хурлын 2025 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлт болон Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18ны өдрийн Б/438 дугаар тушаалд ёс зүйгүй гэх нотлох баримтууд буюу Фейсбүүк дээр бичигдсэн постуудын цаг хугацаанд дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:
Өөрийн цахим A**** E**** нэртэй Facebook хаягаас “Ингэж зааж өгөөд байхад тайлангаа ирүүлэхгүй болон алан” гэх постыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр оруулсан,
“Утсаар баахан яриулж2 бсанаа заза ажил дээр чинь очоод зөвлөгөө авъя гэшшш, би 20 минутын турш зөвлөөгүй мөөрцийн бхдаа” гэх постыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр оруулсан,
“Бууны нохойгүй бас шуламгүй байгууллагад ажилламаар байдаг” гэх постыг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2023 оны постоор 2 жилийн дараа сахилгын шийтгэл, ёс зүйн зөрчил гэсэн байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.10.2 дахь заалтад ёс зүйн зөрчлийг тогтоох ажиллагааг зөрчил гарснаас хойш зохих хугацаанд явуулахыг шаарддаг. Хэрэв ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол 2 жилийн дараа ёс зүйн зөрчилд тооцуулах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
3.3. 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/439 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг татвар төлөгчдийг бухимдуулж, татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөөгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд байдаг. Харин ч баярласан, талархсан эерэг сэтгэгдлүүд, зүрх, лайк дарсан реакшнууд байдаг.
Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Багануур дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар албан бичгээр ирүүлсэн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн цахим орчин болон нийгмийн сүлжээнд зүй бус үг хэллэг мэдээлэл оруулан, татвар төлөгчдийг бухимдуулж, татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зөрчил гаргасан Багануур дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А-д байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулсан байна.
4. Нэхэмжлэгчээс түүнд сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасан “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, байгууллагын нэр төр болон өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй атал өөрийн A**** E**** нэртэй Facebook хаягаасаа /“Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх заавар байршуулаад/ цахим орчин, нийгмийн сүлжээнд зүй бус үг хэллэг, мэдээлэл оруулсан үйлдэл гаргасан, ... нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт болон өөрт олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлж хуулиар харьяалуулаагүй асуудлаар төрийн албан хаагчид хориглосон зүй бус, ёс зүйгүй, үг хэллэг гаргаж хууль, журам зөрчсөн болох нь Ёс зүйн дэд хорооны хяналт, шалгалтаар тогтоогдсон ба хариуцагчаас түүний гаргасан үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргасан...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
5. Учир нь нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.1.4, 2.2.1 болон Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны үйлчилгээ, ажилтан, албан хаагчид тавих ерөнхий шаардлага”-ын 6.10-д заасныг тус тус зөрчиж нийгмийн сүлжээнд зүй бус үг, хэллэг хэрэглэсэн пост оруулсан, төрийн албаны нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулсан болох нь Багануур дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагчийн хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн гомдол гаргагчид эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах хариуцлагын аль нэгийг ногдуулах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх тул хариуцлагыг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.
6. Түүнчлэн нэхэмжлэгчээс “...миний өөрийн мэдлэгийн хүрээнд зөв гэж үзэн оруулсан ба ашиглаж болохуйц, санхүү бүртгэлийн багахан мэдлэгийг олгох зорилго бүхий ач холбогдолтой пост байсан, уг постод татварын байгууллагын нэр, албан тушаал, хувь хүн, байгууллагыг гутааж, нэр хүндэд нь халдсан, хэн нэгнийг доромжилсон, ёс зүй болон ёс суртахууны доголдол бүхий үг хэллэг, утга санаа агуулсан зүйл огт байгаагүй, ... татварын албаны хамаарал бүхий албан ёсны цахим хуудас биш миний цахим хаягаас пост бичигдсэн бөгөөд татвар төлөгчдөд санхүү бүртгэлийн анхан шатны зөвлөгөө өгсөн. Уг постоос иргэд үнэн зөв мэдээллийг олж авснаар цаашдын аж ахуйн нэгжийн санхүү, бүртгэлийг зөв хөтлөх, тайлагнах эерэг ач холбогдолтой, ... Б/438 дугаар тушаал нь бодит нөхцөл байдал, эрх зүйн үндэслэлийг харгалзахгүйгээр гаргасан, хуульд нийцээгүй...” гэж тайлбарлан маргаж байсан атлаа “...Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.10.2 дахь заалтад ёс зүйн зөрчлийг тогтоох ажиллагааг зөрчил гарснаас хойш зохих хугацаанд явуулахыг шаарддаг. Хэрэв ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол 2 жилийн дараа ёс зүйн зөрчилд тооцуулах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж буйг хүлээн авах боломжгүй байна.
7. Хэдийгээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан боловч нэхэмжлэгчийн хувьд өөрийн A**** E**** нэртэй Facebook хаягаас “Ингэж зааж өгөөд байхад тайлангаа ирүүлэхгүй болон алан” гэх постыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр оруулснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 17-нд “Бууны нохойгүй бас шуламгүй байгууллагад ажилмаар байдаг”, 2025 оны 03 дугаар сарын 12-нд “Утсаар баахан яриулж2 бснаа заза ажил дээр чинь очоод зөвлөгөө авъя гэшшш. Би 20 минутын турш зөвлөөгүй МӨӨРЦИЙМ бхдаа”, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп”-д нийтэлсэн “Хариуг өгье...”, “Бухимдуулж стрессдүүлсэнд та бүхнээсээ хүлцэл өчье өө. Судалгаанд минь идэвхитэй оролцсонд маш их талархаж байна. Судалгааг контент шинжилгээний аргаар явуулах гэж хичээсэн ба тус судалгааны үр дүнг энэ группд постлож болох байхаа. Бас дахин хүлцэл өчье” гэх зүй бус үг хэллэг хэрэглэсэн постуудыг нийгмийн сүлжээнд оруулсаар байсан нь нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байх тул ёс зүйн зөрчил үргэлжилсээр байсан гэж үзэх үндэслэлтэй тул ёс зүйн хариуцлага хүлээлгэх хугацаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээргүй байна.
Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцож, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч Ө.Б нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН