| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0269/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0265 |
| Огноо | 2015-11-24 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0269/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Л.Даваасүрэн
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000534 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “***” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Урьд:
-2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шүүхийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, *** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг төмөр замын 8 дугаар байрны орчимд 17 цагийн үед *** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д заасан заалтыг зөрчсөнөөс 5 настай ***ийг мөргөж зам тээврийн осол гаргасаны улмаас *** нас барсан тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаа дуусгаад саванд ус үлдчихээр нь төмөр замын тоглоомын талбайд
тарьсан зүлгээ услах гээд явж байтал цэнхэр өнгийн приус маркийн машин зам таглаад зогсчихоор нь би 10-аад минут хүлээгээд хөдлөхгүй болохоор нь өөрөө ухрах үйлдэл хийсэн. Тухайн үед тэнд хүүхдүүд тоглож байхаар нь надтай хамт явж байсан Уламбаяр бид 2 цонхоороо холдоорой гэж хүүхдүүдэд анхааруулаад ухартал ард юм мөргөх чимээ гарсан тэгээд буугаад хартал унадаг дугуйтай хүүхэд тогтсон усан дотор хэвтэж байсан. Би хүүг тэврээд цэнхэр өнгийн приус маркын машин дээр очоод эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйгаад хөдлөх үед эгч нь гээд охин орж ирж бид эмнэлэг дээр очсон ” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг явдал болсон өдөр би ажил дээрээ байсан. Манай охин надруу дүү машинд дайруулчихлаа гэж залгаад би эмнэлэг дээр очиход сэхээнд орсон ямарч найдваргүй гэж эмч нар хэлсэн. Манай охин өөр орцны үүдэнд ангийнхаа охинтой зогсож байсан юу болсныг хараагүй гэж ярьсан. Бид хэргийн газар байгаагүй болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй. Ямарч баримт нотолгоо байхгүй. Сүүлд бид нар байрныхаа хүүхдээс асуухад “*** машины ард нь дугуйтайгаа зогсож байсан” гэж хэлсэн. Би шүүгдэгчийг бууж хараад шалгачихгүй яав даа гэж их харамсдаг. Миний хамгийн хайртай бага хүү байсан. Оршуулгын зардал 6 сая гаруй төгрөг болсон, өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол нийлээд 25 сая төгрөг нэхэмжилсэн” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэгээд тэр приус 20 маркийн машиныг ухраад надад зам тавьж өгөх болов уу гэж хүлээтэл хөдлөхгүй болохоор нь би жолоодож явсан тээврийн хэрэгсэлээр ухрах үйлдэл хийсэн. Тэгээд ухарч байтал миний машины ард түг хийх чимээ гарсан. Тэгсэн тэр 8 дугаар байрны урд орцны үүдэн дээр байсан хүүхдүүд “Ахаа хүүхэд мөргөчихлөө ш дээ” гэж хэлсэн. Тэгээд Уламбаяр бид 2 буугаад машиныхаа ард гараад хартал миний машины тэвшний доор зам дээр нэг дугуйтай хүүхэд зам дээр тогтсон шалбааг усанд хэвтэж байсан. Би тэр хүүхдийг машин доороос татаж гаргаад тэвэрээд өөдөөс ирж байсан приус-20 маркийн машиныг зогсоогоод суугаад эмнэлэг хүргээд өгөөч гэж хэлээд тэгээд би тэр машинд мөргүүлсэн хүүхдийг эмнэлэг дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 76 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 15 минутын үед би талийгаач хүү ***тэйгөө төмөр замын 8 дугаар байрны урд ганцаараа дугуйтайгаа тоглоод үлдсэн юм. Тэгээд би 5 минутын дараа манай охин Дөлгөөн над руу утасдаж “Ааваа дүү аваарт орчихлоо” эмнэлэг рүү яваарай гэж хэлсэн. Тэгээд эхнэр ***ыг аваад Нэгдсэн эмнэлэг рүү явж очсон. Намайг эмнэлэг дээр явж очиход эмч нар байж бай гэж хэлээд сэхээ рүү яваад орсон. Тэгээд 1 цаг өнгөрч байхад манай хүү Дөл нь эмнэлэг дээр нас барсан” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,
Гэрч ***гөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед ангийн хүүхэд Баясгалан, Алтангэрэл нартай төмөр замын 9 дүгээр байрны 2 дугаар орцны урд талд уулзаад сууж байсан. Тэгсэн манай байрны хүүхэд болох Бүжээ гэдэг охин гүйж ирээд “Аниа танай дүү *** машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Би тэгээд хартал нэг цэнхэр өнгийн приус машин дотор манай дүү ***г нэг ах тэвэрчихсэн сууж байсан. Би уйлаад гүйгээд очтол тэр ах “одоо зүгээр болноо” гэж надад хэлж байсан. Намайг харахад манай дүү ***гийн хувцас нь шавар шавхай болчихсон нүүрний зүүн талын дээд хэсэгт шалбархай болчихсон юм шиг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ***ийн хамт Дархан сумын 4 дүгээр баг төмөр замын байрнуудын дунд зүлэгжүүлсэн талбайг услаад явж байсан. Бид *** улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтай явж байсан. Тэр машиныг *** жолоодож явсан. Би хажууд нь суугаад тэвшин дээр ачсан байсан усны савнаас шланкаар замын хажуугийн зүлгийг усалж явсан. Тэгсэн урдаас приус-20 маркийн машин хорооллын дундах замаар өөдөөс ирсэн. Бид 2 тэр приус 20 маркийн машиныг зам тавиад өгөх болов уу гэж хүлээсэн. Тэгсэн тэр машин зогсоод байсан. Тэгээд бид 2 ухрах үйлдэл хийсэн. Тэр хорооллын дундах замд 2 машин зөрөх ямар ч боломжгүй байсан. Тэгээд бид 2 ухрах үйлдэл хийхээс өмнө цонхоороо 2 тийшээ хараад ойр орчинд байсан хүүхдүүдийг холдоорой гэж хэлсэн. Тэгээд *** ухрах үйлдэл хийсэн. Тэгсэн нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд бид машинаас буугаад машины ард гараад хартал нэг дугуйтай хүүхэд машины доор байсан. *** машинаа урагшлуулж бууж ирээд тэр хүүхдийг машин доороос татаж гаргаж тэврээд “эцэг эх нь байна уу” гэж хашгирсан. Тэгээд *** өөдөөс ирж байсан тэр приус 20 маркийн машинд суугаад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний акт №79 тоот дүгнэлтэд:
“1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, уушигны гялтан хальсанд цус харвалт, биеийн доргилт, хавирганы цууралт, толгой, цээжинд олон тооны зулгаралт, өвдөг, гуяанд цус хуралт, язарсан шархтай зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой ГЗТЖ-ын 3.1.10 болон 3.1.11-д заасан амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3. Талийгаач нь гэмтлийн хүндрэл болох цус алдалт, амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.
4. Талийгаачид ямар нэг архаг өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаачид эмнэлэгт тавигдсан клиникийн онш, хийгдсэн эмчилгээ нь зөв тохирч байна.
6. Талийгаачийн цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна.” /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Ослын 35 дугаартай “1. Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг төмөр замын 8 дугаар байрны 2 дугаар орцны хойд талын зам дээр 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 35 минутын орчимд Портер маркийн *** улсын дугаартай автомашины жолооч Ванчиндорж овогтой *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17: “Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн дүрмийн заалт зөрчсөн.
2. Явган зорчигч 5 настай *** овогтой Дөл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.1: “Ундаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-гаас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө”. Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3: “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулхыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан гэж үзэж ослын дүгнэлт гаргав.” гэх дүгнэлт /хэргийн 34 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлийн тенхикийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 025/063 тоот дүгнэлт:
“1...техникийн үзлэг хийхэд осол үйлдэхээс өмнө техникийн хувьд дугуйнуудын хээ элэгдсэн, дуут дохио ажилгүй, урд гэрэл ойрын гэрэлгүй, ажлын тормосны хийн клапан, цлиндрь, ялтас /наклад/ элэгдэлтэйгээс хойд тэнхлэгний тормос зөрүүтэй зэрэг нь Автотээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.
2. техникийн хувьд дугуйнуудын хээ элэгдсэн, дуут дохио ажилгүй, урд гэрэл ойрын гэрэлгүй, ажлын тормосны хийн клапан, цлиндрь, ялтас /наклад/ элэгдэлтэйгээс хойд тэнхлэгний тормос зөрүүтэй зэрэг нь техникийн хувьд бүрэн биш байсан мөн энэ нь автомашины хөдөлгөөний удаашралтанд нөлөөлсөн байна. Осол үйлдэгдсэн шалтгаан нь тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн бус байдлаас болсон байна.” /хэргийн 40 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг төмөр замын 8 дугаар байрны орчимд 17 цагийн үед *** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүрмийн заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийхдээ 5 настай ***ийг мөргөж /дайрч/ амь насын хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг: ...Тухайн үед тэнд хүүхдүүд тоглож байхаар нь надтай хамт явж байсан Уламбаяр бид 2 цонхоороо холдоорой гэж хүүхдүүдэд анхааруулаад ухартал ард юм мөргөх чимээ гарсан тэгээд буугаад хартал унадаг дугуйтай хүүхэд тогтсон усан дотор хэвтэж байсан. Би хүүг тэврээд цэнхэр өнгийн приус маркийн машин дээр очоод эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйгаад хөдлөх үед эгч нь гээд охин орж ирж бид эмнэлэг дээр очсон” /хэргийн 76 дугаар хуудас/,
хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би эмнэлэг дээр очиход сэхээнд орсон ямар ч найдваргүй гэж эмч нар хэлсэн. Сүүлд бид нар байрныхаа хүүхдээс асуухад *** машины ард нь дугуйтайгаа зогсож байсан” гэж хэлсэн. Би шүүгдэгчийг бууж хараад шалгачихгүй яав даа гэж их харамсдаг. Талийгаач хүү минь бидний хамгийн хайртай бага хүү минь байсан. Оршуулгын зардал 6 сая гаруй төгрөг болсон, өмгөөлөгчийн хөлс, нөхрийн ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол нийлээд 25 сая төгрөг нэхэмжилсэн хурлаас өмнө 3.000.000 төгрөг, өнөөдөр 4.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг өгсөн одоо сэтгэл санааны хохирол 17.500.000 төгрөг авна гэсэн мэдүүлэг.
хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Нэгдсэн эмнэлэг рүү явж очсон. Тэгээд 1 цаг өнгөрч байхад манай хүү Дөл нь эмнэлэг дээр нас барсан” мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,
гэрч ***гөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Аниа танай дүү *** машинд дайруулчихлаа” гэж хэлсэн... Би уйлаад гүйгээд очтол тэр ах “одоо зүгээр болноо” гэж надад хэлж байсан. Намайг харахад манай дүү ***гийн хувцас нь шавар шавхай болчихсон нүүрний зүүн талын дээд хэсэгт шалбархай болчихсон юм шиг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэгээд бид 2 ухрах үйлдэл хийхээс өмнө цонхоороо 2 тийшээ хараад ойр орчинд байсан хүүхдүүдийг холдоорой гэж хэлсэн. Тэгээд *** ухрах үйлдэл хийсэн. Тэгсэн нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд бид машинаас буугаад машины ард гараад хартал нэг дугуйтай хүүхэд машины доор байсан. *** машинаа урагшлуулж бууж ирээд тэр хүүхдийг машин доороос татаж гаргаж тэврээд “эцэг эх нь байна уу” гэж хашгирсан” мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт №79, шинжээчийн дүгнэлт 79 тоот дүнэлтэд:
1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, уушигны гялтан хальсанд цус харвалт, биеийн доргилт, хавирганы цууралт, толгой, цээжинд олон тооны зулгаралт, өвдөг, гуяанд цус хуралт, язарсан шархтай зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой ГЗТЖ-ын 3.1.10 болон 3.1.11-д заасан амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3. Талийгаач нь гэмтлийн хүндрэл болох цус алдалт, амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ гэсэн дүгнэлт /хх- 27-28 ху/, Замын хөдөлгөөний ослын дүгнэлт /хэргийн 34 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгсэлийн тенхикийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 025/063 тоот дүгнэлт, осол болсон газар, тээврийн хэрэгсэлийг харуулсан фото зургийн үзүүлбэрүүд зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулсан байх бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж шүүх дүгнэв.
Тээврийн хэрэгсэлийн тенхикийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 025/063 тоот дүгнэлтээр тухайн авто машиныг Автотээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангаагүй, техникийн хувьд дугуйнуудын хээ элэгдсэн, дуут дохио ажилгүй, урд гэрэл ойрын гэрэлгүй, ажлын тормосны хийн клапан, цлиндрь, ялтас /наклад/ элэгдэлтэйгээс хойд тэнхлэгний тормос зөрүүтэй зэрэг техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлээр хөдөлгөөнд оролцсон гэж үзсэн тул хөдөлгөөний аюулгүй байдлын журмаас гадна ашиглалтын журам зөрчсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохирсоон гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 7 500 000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9. 55.1.10-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч *** нь оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, нөхрийн ажилгүй байсан хугацааны цалин 7 304 000, сэтгэл санааны хохирол нийлээд 25 сая төгрөг нэхэмжилсэнээс 7.500.000 төгрөг өгсөн одоо сэтгэл санааны хохирол 17.500.000 төгрөг авна гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэхийг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №624302 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлж, *** улсын дугаартай Портер маркийн тээрийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***т тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ***т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар *** нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №624302 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Хохирогч *** нь сэтгэл санааны хохиролын 17.500.000 төгрөгний нэхэмжлэлээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА