Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0267

 

    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0296/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000623 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суух, “***” ХХК-д ачигч ажилтай, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ***, /регистрийн дугаар: ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт Нубира маркийн *** улсын дугаартай авто машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин иргэн ***хариулж явсан 6 тооны ямааг дайрч зам тээврийн осол гаргасан. Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Doc/sh/ts/togtool/L.Bat-Ylalt-216.2/
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүүхдүүдээ хөдөө хүргэж өгөөд Дарханд орж ирсэн. Гэтэл Дархан хаалганы хажууханд явж байтал үзэгдэх орчин харанхуйлаад ирсэн тэгээд мал дайрсан. Тэр үед сандраад зугтсан... ” гэх мэдүүлэг, 
Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би хүргэн ах ***ын эзэмшлийн ***улсын дугаартай суудлын улаан хүрэн өнгийн машинаар хүргэн *** ах болон тэдний хүүхдүүд мөн манай эхнэр хүүхдүүд бид нар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх хадам аавынд очсон. Тэгээд хадам аавынхныг нүүлгэж өгөөд тэндээ хоноод маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим тухайн айлаас хүргэн ахын машиныг жолоодож, эхнэр жолоочийн хажуугийн суудалд суугаад хөдлөсөн. Хүргэн ах хэд хоногоос хүүхдүүдтэйгээ хамт араас ирнэ гэж хэлээд тэнд үлдсэн. Эхнэр бид хоёрын түрүүлж ирсэн шалтгаан маргааш нь ажилтай байсан юм. Машиныг нь унаж явахаас өмнө хүргэн ахаас машиныг чинь унаад явлаа гэхэд хүргэн ах зөвшөөрсөн. Тэгээд эхнэр бид хоёр хүргэн ахын машинтай явж байгаад “Дархан хаалга”-ны орчим эхнэртэйгээ юм яриад явж байтал зам дээр гэнэт тоос боссон байсан. Тэгэхээр нь санаанд ч ороогүй машинаа жолоодоод явж байтал гэнэт би машинаараа нэг зүйл мөргөсөн. Тэгээд зам руу хартал зам дээр 3 тооны ямааг би мөргөсөн байсан. Миний жолоодож явсан машинд мөргүүлсэн ямаа нь зам дээр унасан байсан. Тэгээд би зогсож “мал хариулж яваа хүнтэй уулздаг юм уу” гэж бодсоноо хүн хараагүй байх гэж бодоод сандраад айгаад машинаа бариад зугтаж яваад Дархан сумын 7 дугаар баг, Найрамдлын 3-28 тоотод байх хүргэн ах ***ынд ирээд машиныг шууд хашаанд нь тавьж, машиныг нь эрээн бүтгээлгээр бүтээж гэрт нь ороход хадам эгч *** гэртээ ганцаараа байхаар нь *** эгчид “машинаар чинь ирэх замдаа ямаа дайрчихлаа, тэгээд шууд зугтаад ирлээ” гэж хэлсэн. Тэгтэл *** эгч одоо яанаа гэж байсан. Тухайн үед би машины хойно хөдөөнөөс авчирсан хоёр литрийн ундааны савтай Монгол архиа айдсаа дарахаар уусан. Тэгтэл цагдаа нар ирээд намайг бариад авч явсан. Тухайн үед би “согтуу” байсан юм. Машиныг журамласан. Тэгээд цагдаад шалгагдаж эхэлсэн. Хохирогчийн дайрсан 6 тооны ямааг ямаагаар нь би буцааж төлсөн. Би осол гарах үедээ машиныг 40-50 километр цагийн хурдтай жолоодож явсан. Зам дээр битүү тоос гараад юу ч харагдаагүй. Тухайн үед хонь, ямааг зам хөндлөн гарч байна гэж бодоогүй. Машинаа зогсоолгүй явж байгаад гэнэт юм мөргөсөн. Миний буруу, би зогсоох арга хэмжээ аваагүй юм. Би 2005 онд жолооны курс төгссөн. В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, би нэг их машин барьдаггүй, жолооны дадлага муутай жолооч юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67, 69 дэх талууд/,
Хохирогч ***хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… “Дархан хаалга”-ны орчим малаа туугаад зам гаргах гээд хонь, ямаа маань зам руу орохгүй байсан. Тэгэхээр нь шахаж байгаад малаа зам руу оруултал тухайн үед Сэлэнгэ чиглэлээс ирж явсан улаан хүрэн өнгийн суудлын /маркийг нь мэдэхгүй/ ***улсын дугаартай машин зам гарч явсан бөөн ямаануудыг маань маш хурдтай ирж мөргөөд машинд мөргүүлсэн ямаанууд зам дээр унахад нь машинаа ухрааж байгаад дайрагдсан ямаануудын хажуугаар гараад явсан. Тухайн үед би тэр машиныг мал дайрахаар нь “хөөе, хүүе, яаж байгаа юм бэ зогсооч” гэж орилоод, шүгэлдсэн боловч тэр машин зогсолгүй явсан. Жолооч нь машинаасаа бууж ч ирээгүй. Би тухайн үед машины улсын дугаарыг нь харж амжаагүй тул цагдаа руу утасдаж ***улсын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын машин “Дархан хаалга”-ны орчим зам дээр мал дайраад зугтаад явчихлаа гэсэн дуудлагыг өгсөн. Тэгээд мөргүүлж үхсэн ямаануудаа замын хажуу руу гаргаж зам чөлөөлсөн. Тухайн үед газар дээрээ 6 тооны ямаа дайруулж үхсэн. Үүнээс гадна 2 тооны ямаа хөл нь доголсон бэртсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд харанхуй гэрэл муутай байна өглөө гэгээ орохоор үзлэг хийе, мөр нь сайн харагдахгүй байна гэж хэлсэн. Анх тухайн машины ямаа дайрч мөргөсөн газрыг би чулуу тавьж тэмдэглэсэн. Үүнийг замын цагдаа анх ирээд харсан. ***улсын дугаартай машинд анх мөргүүлээд 6 тооны ямаа буюу эр ямаа 1 ширхэг, эм ямаа 4 ширхэг, ишиг 1 ширхэг нийт 6 тооны ямаа газар дээрээ үхсэн. Би үхсэн ямаануудыг ямаагаар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тул *** гэх залууд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө хөдөө утасны сүлжээ барьдаггүй газар байдаг тул шүүх хуралд биечлэн оролцохгүй гэдгээ хэлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч ***ын хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** нь миний эхнэр ***ийн төрсөн дүү, ***ын нөхөр юм. *** бид хоёр энэ хэрэг болохоос өмнөх өдөр хүүхдүүдээ аваад миний ***улсын дугаартай Нубира маркийн машинтай Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хадам аавынхныг нүүлгэж өгөхөөр явсан. Тэгээд тэр өдөр нүүлгээд тэндээ хоносон. Маргааш нь *** эхнэр ***ын хамт маргааш нь ажилтай гээд миний машиныг надаас гуйж унаад Дархан руу буцсан. Тэгээд *** замдаа миний машинаар ямаа дайрч зам тээврийн осол гаргаж ослын газраас машинтайгаа зугтсан байсан. Энэ талаар би эхнэр ***ээс дуулж мэдсэн. ***тай би хамаатан болж явж байгаагийн хувьд энэ хэргийн улмаас ***аас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн өдөр аавынхаас ***, *** хоёр миний машинтай 19 цагийн орчим гарсан байх, *** эрүүл байсан. Хадам аавынх ***, *** хоёрт нэрмэл архи өгсөн гэж байсан. Тэрийгээ манайд ирээд уусан гэж эхнэр хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, 
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нөхөр бид хоёр хүүгээ аваад хүргэн ах ***ын эзэмшлийн ***улсын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын машинаар нь /маркийг нь тодорхой мэдэхгүй байна/ хүргэн ахын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хөдөө байх аавынхыгаа нүүлгэж өгөхөөр явсан. Тэгээд зорьсон айлдаа хүрч айлаа нүүлгэж өгөөд маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас гарсан. Тэгээд “Дархан хаалга”-ны тэр хавьд зам дээр шороо босоод байсан. Нөхөртөө би юун шороо босоод байна гэж хэлтэл нөхөр тормослосноо дахин машинаа хөдөлгөөд удалгүй юм мөргөх шиг чимээ сонсогдсон. Тэгээд тоос гайгүй болоод хартал зам дээр миний харснаар 3 тооны ямаа дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн манай нөхөр гэнэт машинаа асаагаад явахаар нь “чи хүний мал дайрчихлаа ш дээ зогс” гээд машины цонхоор эргээд харахад ард хүн харагдаагүй. Тэгээд нөхөр хөдлөөд явахаар нь би “чи мал мөргөчихөөд явлаа” гэхэд “би мал дайрчихаад сандарч байхад” гэж хэлээд шууд явсан. Тэгээд нөхөр машинаа барьж явснаа хадам ахынх болох машины эзний гэр буюу Дархан сумын 7 дугаар баг, *** тоот хашаанд ирсэн. Тэгээд машиныг нь хашаанд оруулж байрлуулаад бүтээлгээр  бүтээгээд хөдөөнөөс өгч явуулсан цагаан идээ зэргээ гаргаж тавиад байж байтал эгчийн /миний төрсөн эгч ***ын нөхөр/ утас руу цагдаагаас яриад цагдаа нар эгчийн хашаанд ирж машинд нь үзлэг хийгээд машиныг нь авч явж журамласан. Нөхрийг маань эрүүлжүүлсэн. Осол Сэлэнгэ явах “Дархан хаалга”-ны орчим засмал дээр болсон. Нөхөр зам дээр тоос босоод байхыг харсан тэгээд машинаа зогсоогоогүй яваад мал дайрчихсан юм. Мал дайрснаа нөхөр бид хоёр хоёулаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, 
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн “... *** нь *** улсын дугаартай улаан хүрэн өнгийн “Нубира” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-д зааснаар согтуугаар, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а-д зааснаар тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага “ажилтан”-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ...” гэх 45 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32 дахь тал/, 
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... “Ерөнхий шаардлага МNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна” гэх, “автомашины урд талын тэнхлэгүүдийн ажлын тормосны ялтас /наклад/ элэгдсэн гэмтэлтэй 
байсан” гэх, техникийн хувьд урд ажлын тормосны ялтас /наклад/ элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна” гэх, осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техинкийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан байна. ...” гэх 075 дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6, 13, 46, 55 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дахь тал/, 
эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 38 дахь тал/, ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт Нубира маркийн ***улсын дугаартай авто машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин иргэн ***хариулж явсан 6 тооны ямааг дайрч 490,000 төгрөгийн хохирол учруулсан боловч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөлгүй, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүргээ биелүүлэлгүй осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан болох нь тогтоогдсон байх тул ***ыг зам тээврийн осол гаргасан жолооч осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/-т урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** ... “Би үхсэн ямаануудаа ямаагаар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тул *** гэх залууд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ***ын жолоодож явсан Нубира ***улсын дугаартай автомашины эзэмшигч, иргэний нэхэмжлэгч *** ... “***аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ... гэж мэдүүлж байх тул ***ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч ***ыг зам, тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***ад 1 жил /нэг/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***ад оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг ***ад мэдэгдсүгэй.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД