Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00984

 

2020 оны 4 сарын 17 өдөр                               Дугаар 183/ШШ2020/00984                                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, суух, Б Б ын Б, /РД:ХП/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Л Б, /РД:ШД/- д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б би Л.Бтай 2008 оны 01 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 7 000 000  төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2018 оны 04-р сарын 15-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 2 хороо эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийг 2018 оны 01 дугаар сарын 15-ны өдөр Л.Бт бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд мөнгө хүлээн авсан талаар тайлбар бичүүлж, гарын үсэг зуруулж өгсөн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулж барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Л.Б нь 2018 оны 04 дугаар сарын 11 ны өдөр 3 сарын хүү болох 945 000 төгрөг, зээлийн төлбөрөөс 555 000 нийт 1 500 000 төгрөгийг төлсөн. Мөн 2018 оны 05 дугаар сарын 18 ний өдөр 220 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 23 ний өдөр 230 000 төгрөгийн хүүгийн төлбөр тус тус төлсөн. Үүнээс хойш зээл. зээлийн хүү, алдангийн төлбөрөө огт төлөөгүй. Миний бие Л.Б болон эхнэртэй нь удаа дараа уулзаж зээлийн үүргээ биелүүлэхийг хүсч. зээлээ төлөх хангалттай хугацаа өгсөн боловч зээлээ төлөлгүй өдийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн 6 445 000 төгрөг, түүний хүү болох 6 165 000 төгрөгийн хамт нийт 12 610 000 төгрөг гаргуулах шаардлагаа 9 000 000 төгрөг болгож багасгаж,

 

үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Л.Бын барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулан гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Л.Б зээлийн гэрээ гэдгийг мэдэгдэхгүйгээр хууран мэхлэх замаар, хашаа байшинг  нэр дээр чинь шилжүүлчихлээ, энэ гэрээн дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гээд гарын үсэг зуруулсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа. Л.Б нь бэлнээр ямар ч мөнгө, төгрөг аваагүй гэж хэлж байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Л.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12 610 000 төгрөг гаргуулах шаардлагаа шүүх хуралдааны үед 9 000 000 төгрөг болгон багасгаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2018 оны 01 сарын 15-ний өдөр Б.Б, Л.Б нар 7 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Ж хаягт байрлах 700 м.кв газар, 84 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус бариулахаар тохиролцсон барьцааны гэрээ зэргийг байгуулсан байна. /хх-5-6/

 

Шүүх, дээрх гэрээг шинжлэн судлаад, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээнд хамаарах боловч нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаантай тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид хамаарна.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 2018 оны 04 сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөг, 05 сарын 18-ны өдөр 220 000 төгрөг, 06 сарын 23-ны өдөр 230 000 төгрөгийг төлөхийг тус тус Л.Б оос төлсөн гэх тайлбараас үзэхэд хариуцагчийн “...зээлийн гэрээний дагуу мөнгийг би аваагүй, Л.Б авсан” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5-д “...зээл олгосон хугацаа 2018 оны 01 сарын 15-ны өдөр дансаар олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн хүсэлтээр бэлнээр олгосон гэх тайлбар нь нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч нарт зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор гардуулсан болох нь баримтаар нотлогдохгүй тул зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн барьцааны эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд дээр дүгнэсэнчлэн зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тохиолдолд барьцааны эрх дуусгавар болж, барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүсэхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Б /РД:ШД/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Б.Б /РД:ХП/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ