| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03398/и |
| Дугаар | 183/ШШ2020/00983 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2020/00983
| 2020 оны 4 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2020/00983 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо хаягт оршин суух, О Б /РД:МЗ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, хаягт оршин суух, Б О /РД:ЖВ/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч миний бие 2008 онд Б.Отэй танилцаж 2009 оноос хамтран амьдарч, мөн оны 12 дугаар сарын 16-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний ууган охин Б.Н2010 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн. Эхнэр бид хоёрын зан харилцааны тааламжгүй байдлаас болж байнга хэрүүл хийж хамт амьдрах боломжгүй болж улмаар сүүлийн 8 сар тусдаа амьдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлах төвөөр орж хоёр талаасаа эвлэрэх боломжгүй гэдгээ хэлсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдийн эрх ашгийг харгалзан үзэж 2 хүүхэд насанд хүртлээ хамтдаа ээжтэйгээ амьдрах нь зүйтэй гэж миний бие үзэж байгаа тул хүүхдүүдээ ээжтэйгээ үлдэж, хамт амьдрахыг зөвшөөрч байна. Гэхдээ намайг хүүхдүүдтэйгээ уулзах боломжийг хангаж өгөхийг хүсье. Хүүхдүүддээ шаардлагатай тусламж дэмжлэгийг тухай бүр үзүүлж байх болно. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бидний тайлбар адилхан” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцаан таарамжгүй байдлаас бол сүүлийн 8 сар тусдаа амьдарсан байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран хүсэлгүй байна гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.Б, Б.О нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэрлэлт цуцалсны үр дагавар болох хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэх учиртай ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хүүхдүүдийн асрамж болоод тэтгэлгийг дараах байдлаар тохиролцсон байна.
Гэрлэгчид 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Н, 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Б.О ийн асрамжид үлдээхээр, эцэг О.Б нь тэднийг суралцаж байх хугацаанд сургалтын төлбөрийг бүрэн төлж байхаар тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.” гэж заасантай нийцэх тул талуудын тохиролцоог баталж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Иймээс эцэг О.Б гаас хуульд заасан хэмжээгээр охин Б.Н, хүү Б.Б нарт сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ямаат овогт Оюунтуяагийн Б /РД:МЗ/, Б О /РД:ЖВ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн маргаангүй, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Н, 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг суралцаж байх хугацаанд эцэг О.Б сургалтын төлбөрийг бүрэн төлж байхаар тохиролцсон болохыг баталсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Н, 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Бнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Бгаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ээс улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ