Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0269

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                      Хэргийн индекс: 171/2015/0295/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын  прокурор Н.Дүүрэнжаргал, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** овогт ***ийн ***д холбогдох ***  дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ээж ***ын хамт *** аймгийн *** сумын Салхит ***-р баг орон сууцны **-** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 оны 09 дүгээр сарын .21-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан *** овогт ***ийн *** /РД: ***/

Үйлдсэн хэргийн талаар :
Шүүгдэгч *** нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сум Номгон ***-р багт оршин суух иргэн ***ийн бэлчээрээс алдагдсан *** тооны үхрээс нэг үхрийг нь 2015.оны 10 дугаар сарын  05-ны өдөр *** аймгийн *** сумын Салхит ***-р багт нядлан хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.                   
/Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 
                                                       
                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 

-Шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлтэд болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай малын хашаа *** гэр хороололд байдаг юм. Манай гэр болохоор *** төвд байдаг. Манай ээж өглөө орой доо малынхаа хашаа руу явж ирдэг юм. 2015 оны 08 дугаар сарын сүүлчээр манай ээж надад хэд хоногийн өмнө хашааны гадаа буурал зүстэй тугалаа дагуулсан үхэр ирээд хоноод байхаар нь малтайгаа нийлүүлээд явуулчихлаа гэж хэлж байсан. Түүнээс хойш 2015 оны .09 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна би хүнээс өвс худалдаж аваад малынхаа хашаанд буулгаж байхдаа ээжийн яриад байсан нөгөө үхрийг харсан. Тэгэхэд буурал улаан зүстэй үнээ, улаан халзан зүстэй эр тугалтайгаа манай малд нийлсэн явж байсан. Намайг 9 дүгээр сард хэд хэдэн удаа тугалдаа явахад нөгөө улаан халзан тугал манай тугалуудтай хамт явж байсан. Тэр үед би ээжээс нөгөө тугалтай үхрийн эзэн нь гарч ирсэн эсэх талаар асуухад ээж ойр хавынхаа айлуудаас асуугаад эзэн нь гарч ирэхгүй байна гэж байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар 04-ны өдөр ээж надад нөгөө ирсэн үхрийн нэг хөл нь доголоод байна гэж хэлэхээр нь би тэгвэл турахаас нь өмнө гаргачихъя, тэгээд ч айлын мал тэжээж байдаг өвс байхгүй энэ өвөл их хатуу өвөл болно гэсэн нядалсан нь дээр байх гэхэд ээж хүний үхрийг хамаагүй алж болохгүй гэж дургүйцэж байсан. Маргааш өглөө нь намайг сэрэхэд ээж мал руугаа явчихсан байсан. Тэгэхээр нь би гарч ***нд очиж үхэр гаргалцаад өг гээд дагуулаад ***ынд очиж ***аар бас туслалцуулах гэтэл *** араас чинь очъё гээд үлдсэн. Тэгээд *** бид хоёр манай хашаан дээр очиж нөгөө буурал зүстэй үхрийг оосорлон авч тууж манай байрны ард авч ирээд нядлаад байж байхад *** ирсэн. Гудамжинд төв замын хажууд гаргаж байсан болохоор хажуугаар олон хүмүүс явж байсан. Бид 3 үхрээ өвчиж талд нь орж байхад нэг суудлын машин ирж зогсоод эхнэр нөхөр бололтой танихгүй хүмүүс бууж ирээд нядалсан үхрийг тойрч харчихаад энэ үхэр чинь манай алдсан үхэр байна цагдаа дуудна гэхээр нь би энэ үхэр чинь манайд гүйж ирээд хэдэн сар болж байгаа юм эзэн нь гарч ирэхгүй байсан үхрийн хөл нь доголоод байсан болохоор нь би нядалчихсан юм гэсэн чинь манайх голын цаана байдаг юм энэ үхрээ алдаад сар гаруй болж байгаа юм гэж байсан. Удаагүй цагдаа ирсэн. Би ***тай уулзаж ярилцан учраа олж  хохирлыг төлж эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний амьдардаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон ***-р багийн нутаг нь *** аймгийн *** сумын Салхит ***-р багтай залгаа байдаг юм аа. Манай гэр Салхиттай ойрхон голын цаана зусдаг юм. Би энэ зун өдрийг нь сайн санахгүй байна. 2015.08.20-23-ны хавьцаа байхаа Хонгор сум руу гэр бүлээрээ явах ажил гараад гэртээ саахалт айлынхаа *** гэдэг залууг гэртээ үлдээгээд явсан. Намайг явсан хойгуур *** над руу утсаар залгаад намайг хонийг чинь гаргачхаад ирэх хойгуур үхэр чинь тугалаа дагуулаад гол руу явчихлаа гэхээр нь би үхрээ орхичих оо ах нь орой очоод өөрөө олоод авчихъя гэсэн. Тэгээд би орой нь гэртээ ирээд үхрээ хайгаад олоогүй. Маргаашаас нь бас үргэлжлүүлж ойр хавынхаа айлуудын үхэрт болон Тариа хоолой, Ногоо бригад, Номгон багийн төвийн айлуудаар хайгаад олоогүй. Тэгээд айлуудад зар тараачихсан байсан болохоор үхрээ гараад ирэх болов уу гээд сураг тавиад сууж байсан. Тэгтэл 2015.10.05-ны өдөр би эхнэр хүүхдүүдтэйгээ Салхитын төвд банк орох гээд явж байтал замын хажуухан талд манай алдсан үхэртэй адилхан зүстэй үхрийг хүмүүс нядлаад байж байхаар нь өөрийнхөө үхрийг мөн биш гэдгийг нь үзэх гээд очтол манай алдсан ягаан буурал үнээ мөн байсан. Тэгээд би тэр хүмүүст хандаж  энэ манай үхэр байна гэхэд өөрийгөө *** гэх өндөр залуу нь энэ үхэр тугалтайгаа манайд ирээд 2 сар болж байгаа юм. Хөл нь доголоод байхаар нь турахаас нь өмнө гээд нядалчихлаа гэж байсан. Би өөр нэг хөх зүстэй бяруу хамт явж байх ёстой гэхэд тийм бяруу ирээгүй бид мэдэхгүй гэж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. *** одоо надад учирсан хохиролыг төлж бид нар эвлэрсэн тул намайг байцуулахгүйгээр  шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ. /Хэргийн 7-р хуудас/

Гэрч ***гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Майнайх жил бүрийн зун Ногоо бригад гэх газар зусдаг юм. Тэр *** гэх айл энэ зун манайхтай хамт зуссан юм аа. 8-р сарын сүүлээр *** эхнэр хүүхэдтэйгээ Хонгор сум руу буяны ажилд явахаар болчихлоо гээд ганц хоног манай бага хүү ***г гэртээ байлгаж малаа харуулсан юм. Манай хүү тэднийд очсон өдрийнхөө маргааш өглөө нь хонийг нь гаргачихаад ирсэн чинь тэдний 3 үхэр нь бэлчээртээ гараад явчихсан байсан гэсэн. Тэр үед нь манай хүү ***д утсаар хэлсэн гэсэн. Тэр оройдоо манай хүү гэртээ ирсэн. Харин хэд хоногийн дараа *** 3 үхрээ хайгаад олохгүй байна гээд хайгаад явж байсан. Үхэр нь алга болсны дараа голын цаана Тариа хоолой гэх газарт тугалаа дагуулаад явж байна гээд сураг гараад байхад *** очиж авахгүй л байсан” гэжээ. /хэргийн 10-р хуудас/  

Гэрч *** хэрэг бүртгэлтэд өгсөн : “...2015 оны 08 дугаар сарын сүүлээр манай урд талын хашааны *** гэх айлын гадаа мөн *** гэх эмэгтэйгийн хашааны гадаа тэр эзэнгүй улаан буурал зүстэй, улаан халзан тугалтай, чихэндээ шар ээмэгтэй үхэр хэд хоносон. Хамгийн сүүлд өдрийг нь сайн санахгүй байна 9 дүгээр сарын 04-ны үеэр байхаа нэг орой тэр тугалтай үхэр манай хашааны гадна ирэхээр нь би айлын үхэр алга болчховий дээ гээд малтайгаа нийлүүлж хашсан. Түүнээс хойш тэр үхэр манай үхрүүдтэй бэлчээрт гарч орой нь хүрээд ирдэг болохоор нь манай хүү бид хоёр маллаж байсан юм. Манай малын хашаа гэрээсээ нэлээд зайтай байдаг болохоор өглөө, оройдоо би ганцаараа явж мал гаргаж, саадаг юм. Тэр үхрийг манай малтай ижилсээд хэд хонож байхад нь би хүү *** дээ ийм нэг тугалтай үхэр манайд ирчихлээ гэж хэлж байсан. Тэгээд манай хүү *** 9-р сарын эхээр байхаа хашаан дээрээ өвс буулгаж байхдаа нөгөө үхрийг харчхаад таны яриад байсан үхэр энэ юм уу гэж байсан юм. 10-р сарын эхээр тэр үхрийн хөл нь доголоод байхаар нь би ***д нөгөө ирсэн үхрийн хөл нь доголоод байна гээд хэлсэн чинь тэгвэл гаргачихъя гэхээр нь би хүүе болохгүй хүний малыг бид нар яаж мэддэг юм бэ гээд орхисон. Тэгээд маргааш нь буюу 2015.10.05-ны өглөө намайг хашаан дээрээ үхрээ саагаад байж байхад манай хүү ***, *** гэх залуутай ирээд ээж би нөгөө үхрийг нядаллаа гээд бариад авахаар нь би хэрэггүй ээ хүний үхрийг гаргаж байж хэрэгт орохон уу гэтэл миний үгийг аваагүй, нөгөө үхрээ оосорлож туугаад авч яваад байранд гэрийнхээ ард аваачаад гаргачихсан байсан. Тэгээд намайг үхрээ сааж дуусчихаад гэртээ ирээд байж байхад нэг хүүхэд орж ирээд *** ах таныг гараад ир гэж байна гэхээр нь гараад очиход нөгөө үхрийн эзэн нь гэх эхнэр нөхөр хоёр залуу ирчихсэн байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн” гэжээ. /хэргийн 11-р хуудас/

Гэрч *** хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2015.10.05-ны өглөө 08 цагийн үед намайг, хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад  *** манайд орж ирээд би үхрээ нядлах гэсэн юм туслалцаад өгөөч гэж гуйсан. Би ажилгүй байсан болохоор за тэгье ээ гээд хамт явсан. ***ийн малын хашаа руу явах замаараа бид хоёр тоочикийн байранд *** буюу ***ынхаар орж түүгээр туслуулахаар асуухад араас чинь очье гэж байсан. Тэднийхээс гараад бид хоёр Цэгмидийн малын хашаа нь дээр очиход ***ийн ээж нь малаа гаргах гээд зогсож байсан. Тэгтэл Цэгмид нэг буурал зүстэй үнээ бариад авсан. Тэгэхэд нь ээж нь наад үхрээ гаргаж яах гэсэн юм бэ гэхэд ***  энэ муу хөл нь доголоод байгаа юм одоо турчихна, турахаас нь өмнө гаргана аа гээд хүзүүнээс нь оосорлосон. Би ээж хүү хоёрын хувийн ярианд оролцоод яахав гэж бодоод дуугүй л зогсож байсан. Тэгтэл *** үхрээ хөтлөөд намайг араас нь туугаарай гэхээр нь би хаашаа аваачих гэж байгаа юм бэ гэж асуухад төв рүү оруулж байрныхаа ард аваачиж гаргана аа гэсэн. Тэгээд би үхрийг нь араас нь туугаад ***ийн байрны ард ирсэн. Тэгэхэд *** үхрээ хашааны булангаас уяад дэлгүүр рүү гүйж ороод газар дэвсэх ягаан өнгийн бүтээлэг, 10 литрийн төмөр хувин, хутга зэргийг авч гарч ирээд бид хоёр үхрийн нь хөлийг тушиж байгаад *** нугасалж нядалсан. Тэгээд бид хоёр үхрээ өвчөөд байж байхад *** ирсэн. Үхрээ өвчөөд талд нь оруулж байхад хажууд нэг суудлын жижиг машинтай хүмүүс ирээд тэр үхрийг тойрч харж үзчихээд энэ манай үхэр байна яагаад алж байгаа юм бэ гээд бөөн хэрүүл болоод байхаар нь би ***ийг өөрөө учраа ол гээд тэндээс яваад өгсөн” гэжээ. /хэргийн 12-р хуудас/

“***” ХХК-ний 2015.10.14-ний өдрийн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд: “...***ийн өмчлөлд байсан монгол үүлдрийн 4 настай үнээ 1 толгой, тугал 1 толгой зэрэг малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 1,100,000 төг /нэг сая нэг зуун мянган/ төгрөг байна гэжээ.  /хэргийн  18-19-р дүгээр хуудас/ 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34-р дүгээр хуудас/ Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр 2004 онд  ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан  гэжээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон ***-р багт оршин суух иргэн ***ийн бэлчээрээс алдагдсан 2 тооны үхрээс нэг үхрийг нь 2015 оны 10.дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит ***-р багт нядлан хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/, хэрэг бүртгэлтэд хохирогч ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 9-р хуудас/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/ ***” ХХК-ний 2015 оны 10 дугаар сарын .14-ний өдрийн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт  /хэргийн 18-19-р талд авагдсан зэргээр  нотлогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна. 

           Иймд шүүгдэгч ***ийг  2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон ***-р багт оршин суух иргэн ***ийн бэлчээрээс алдагдсан 2 тооны үхрээс нэг үхрийг нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит ***-р багт нядлан хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

       Шүүгдэгч  ***ийг  эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдэж хохирлоо бүрэн төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзэж  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна. 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон


                                                               ТОГТООХ НЬ: 
    
           1.Шүүгдэгч ***ийг бусдын  алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар ***д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт  зааснаар  түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.БАТТУЛГА.