Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0270

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0246/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Хохирогч ***,
Иргэний хариуцагч “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000366 тоот хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хонгор суманд 1972 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, одоо “***” ХХК-д захирал ажилтай, дээд боловсролтой, агро-инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны журам сахиулаагүйн улмаас Дархан-Уул аймгийн *** сум, Санжинт багт үйл ажиллагаа явуулдаг “***” ХК-ийн хашаан дотор “***” ХХК-ий нурааж байгаа барилгын тавцан нурж иргэн *** нас барж, иргэн ***ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хохирогч *** нотлох баримтын хүрээнд нийт 5,130,000 төгрөг өгсөн байгаа, замын зардал 84,000 төгрөгийг төлнө, өмгөөллийн хөлс болох 800,000 төгрөгийн тухайд урьд нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Ямар нэг маргалдах зүйлгүй гэдгээ хэлсээр байтал өнөөдөр шүүхийн шатанд өмгөөлөгч аваад орж ирж байгааг гайхаж байна. Нэхэмжилж буй нөхөн олговрын тухайд иргэний хариуцагч “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хохирогч нартай ярилцаж байгаад эвлэрэх саналтай байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн *** суманд үйл ажиллагаа явуулдаг “***” ХК-ийн хуучин нүүрс ангилах хэсгийн барилгыг нураах ажлыг авч нурааж, буулгаж эхэлсэн юм. Би барилгыг нураах ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр хувь хүмүүстэй гэрээ байгуулан хөлслөн авч ажил үүргийг гүйцэтгэсэн юм. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчим гадуур ажил хөөцөлдөөд явж байхад манай ажилтан ***над руу утсаар яриад барилга дээр осол гараад хоёр хүн уначихлаа гэж хэлсэн. Ажил дээр явж очиход *** уурхайн хамгаалагч нар хамгаалалт авчихсан, *** сумын Онцгой байдлын албаны ажилтнууд ирчихсэн байсан. Тухайн үед намайг очиход ***ыг эмнэлгийн машин руу оруулж байсан бөгөөд би юу болсон талаар асуухад юу ч дуугаралгүй ёолох чимээ сонсогдсон. Удаагүй цагдаа нар ирээд намайг архи уучихсан байна гээд эрүүлжүүлэхэд оруулсан. Би өөрөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байгаа. Барилга нураах үед ажилчдадаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч өдөр тутам хяналт тавьж байсан юм. Өглөө ажил эхлэхээс өмнө ажилчдыг цайгаа уусны дараа бүгдийг нь цуглуулан суулгаж байгаад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгдөг байсан. Манай компани бүх ажилчдадаа хамгаалалтын малгай, бээлий, хувцас, бүс, гутал, каск, нүдний шил зэргээр хангадаг. Намайг байхгүй тохиолдолд хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгдөг хүн байхгүй. Би өөрөө ирж өгдөг байсан. Хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтэрт ажилчдаар гарын үсэг зуруулж баталгаажуулж авдаг байсан. Тухайн үед манай ажилчид ихэнх нь амарч байсан ба туслах ажилтан ***, ***, *** нар нурааж байгаа барилгын хажуу талын төмөр замын орчим унасан хог хаягдал шороог цэвэрлэх ажил үүргийг гүйцэтгэж байсан юм. Туслах ажилтан нь барилгын эргэн тойронд унасан хог хаягдал цэвэрлэж 2 давхрын шалны хар цаас хуулах ажил үүргийг гүйцэтгэдэг. Манайд ажил үүргийн хуваарийн дэвтэр байгаагүй, тухай бүр ажилчдадаа амаар ажил үүрэг хуваарилж, өөрөө өдөр тутмын зааварчилгаа өгч хажууд нь удирдлагаар хангаж ажиллаж байсан. *** нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон. Харин *** нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажилд орсон байсан. Би осол болох өдөр ажилчидтайгаа уулзаагүй. Манай компани нь барилга, барилгын материалын худалдаа, автозасвар, гоо сайхны бараа зарж борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Би хохирогч ***ын эмчилгээ асаргаа, сувилгааны бүх зардал мөнгийг төлж барагдуулсан. Осол болж *** нас барсанд харамсаж байна. ***ыг Нийтийн аж ахуйн үйлчилгээний механик Алтанхуяг гуйснаар би ажилд авсан. Харин ***ийг ээж *** нь ажилд аваач гэж гуйхаар нь би ажилд авсан юм. Би туслах ажилтан нарыг дээд давхар руу гарч ажил үүрэг гүйцэтгэ гэж ямар нэг зааварчилгаа, чиглэл өгөөгүй. Тэд нар өөрсдөө гарсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-67, 69 дэх талууд/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би болсон асуудлын талаар одоо тодорхой мэдэхгүй байна. Миний биеийн байдал одоо маш хүнд байна. Байнга өвчин намдаах, тайвшруулах, унтуулах эм хэрэглэж байна. Миний толгой их өвдөж байгаа учраас ухаан санаа самуураад одоо юу ч санахгүй байна. Ажиллаж байсан байгууллагаас надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Мөн хамгаалалтын бүс, малгай өгсөн. харин би өөрийгөө яаж гэмтсэн болон ямар учраас эмнэлэгт ирснээ санахгүй байна. Би хэсэг хугацааны дараа болсон асуудлын талаар санаж магадгүй. Би “***“ ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажилд орсон. Ажилд ороод 6 хонож байна. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өглөө ***тай уулзаагүй. Тэр өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хоол хийдэг тогтооч ах дэвтэрт гарын үсэг зурчхаад ажилдаа гараарай гэхэд гарын үсэг зураад ажилд гарсан. Тухайн өдөр би талийгаач ***ийн хамт дээд шатны тавцан дээр цэвэрлэгээ хийж байсан. Надад гомдол санал байхгүй. Миний эм тариа эмчилгээний бүх зардал мөнгийг *** захирал гаргаж эмчлүүлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх талууд/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хүү *** нь *** ХК-ийн хуучин нүүрс ангилах хэсгийн байрыг нураах ажил гүйцэтгэж байсан “***” ХХК-д туслах ажилтнаар ажилд орсон. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад манай эхнэр *** над уруу утсаар яриад “барилга дээр хоёр хүн унасан гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгийнхээ ажиллаж байсан барилга дээр нь гүйж очиход хавтан нураад манай хүү нас барчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн үед миний бие Шарын голын уурхай дээр ажилчдын хуралд сууж байхад манай эхнэр залгаж нурааж байсан барилга дээрээс 2 хүүхэд унасан байна гэхэд нь гүйж очоод шатаар дээш гараад харахад 2 залуу сууж байсан. Миний хүү хаана байна гэхэд тэр 2 залуу дуугараагүй. Гэтэл хүү минь өндөр дээрээс хавтантайгаа доош унасан байдалтай амьсгал хураасан байсан. Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн осол гэж гарсан. Үүнд *** ХК болон “***” ХХК хоёул буруутай гэж гарсан. Хүүгээ алдсан эцгийн хувьд маш их гомдолтой байгаа. Оршуулгын зардлыг төлүүлсэн. Үлдэх хохирол төлбөрийг өмгөөлөгч тайлбарлана” гэх мэдүүлэг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хохирогчийн хувьд оршуулгын зардлыг гаргуулж авсан. Одоо өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, замын зардал 84,000 төгрөг, сарын дундаж цалинг барилгын салбарын тарифын хэлэлцээрээр салбарын дундаж цалинг мэргэжлийн 1 дүгээр зэргийн ажилтны дундаж цалин 1 цагийн 2136 төгрөгийг өдрийн 8 цаг гэж тооцон үржүүлээд нэг өдрийн цалин гарч байгаа. Үүнийг 21 хоногт үржүүлэх юм бол 358,848 төгрөг болж байгаа. Үүнийг бид 500,000 төгрөг гэж тооцон хөдөлмөрийн хуульд зааснаар 60 сараар үржүүлэн 30,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг Шарын гол ХК хариуцна. Иргэний хуульд зааснаар барилга байгууламж ашиглах явцад гарсан хохирол гэж үзэж байна. Нөгөө талаас ослын акт, шинжээчийн дүгнэлтээр 2 тал буруутай гэж гарсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 30,884,000 төгрөгийг “Шарын гол” ХК-аас нэхэмжилж байна” гэх тайлбар,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим өрөөндөө төлөвлөгөө гаргаад сууж байхад гагнуурчин Хавал гэх залуу над дээр орж ирээд барилга дээрээс хүн уначихлаа гэж мэдээлэл өгсөн. Тэгээд би барилга дээр гарч осол болсон гэх газарт очиход нэг нь хөдөлгөөнгүй, нөгөөдөх нь хөдөлгөөнтэй байсан. Тэр үед эмч болон хөдөлмөр хамгааллын ажилчид ирчихсэн байсан ба эмч нар гэмтсэн иргэнд тусламж үзүүлсэн байсан. Нэг хүнийг нас барчихсан гэж хэлж байсан юм. Тэгээд эмч нарын хамт гэмтсэн хүнийг насилка дээр тавьж эмнэлгийн тусламж үзүүлэхэд нь тусалсан юм. Тухайн үед нас барсан залуугийн аав нь барилга дээр гарч ирэхэд нь түүнийг тайвшруулж аргадсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... шатаар дээш өгсөөд барилга дээр гарахад албаны дарга Сарантуяа болон хоёр эмч очсон байсан. Тэгээд осол болсон газар уруу ойртож харахад нэг нь доош бөхийсөн байдалтай шороо тоосонд дарагдчихсан байсан. Харин нөгөө залууг нь эмч нар насилка дээр өргөж гаргачихсан тариа хийгээд байж байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан гэх ***аас юу болсон талаар асуухад “***, *** нар хуучин шат байсан хэсгийн рамаар 3 давхар руу өгсөн би нөгөө талын төмөр шатаар өгссөн юм. Тэгээд намайг шатаар өгсөж байхад юм нурах чимээ гарахаар нь харсан чинь дээд тааз хавтан нурчихсан нөгөө хоёр газар унасан байсан гэж хэлсэн юм. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай уурхайн уулын үйлдвэрийн менежер Шофёр намайг дуудаад маргааш өглөөнөөс эхлээд “***” ХХК-ийн ажилчид хуучин нүүрс ангилан ялгах хэсгийн барилгыг буулгах ажлыг хийнэ, чи тэр ажилчдад нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь “***” ХХК-ийн 10 ажилтанд уурхайн ерөнхий, зочдын, нийтлэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар болон материалыг уншуулж танилцуулан ерөнхий зааварчилгааны дэвтэрт ажилчдаар нь гарын үсэг зуруулж авсан юм. Тэгээд тэр өдрөөс уг компани барилга нурааж буулгах ажил эхэлсэн юм. Сүүлд хүн нэмж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад юу ч хэлээгүй, тэр хүмүүст би ямар нэг зааварчилгаа өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... туслах гурван ажилтан өглөө ажилд гарахдаа хөдөлмөр хамгааллын дэвтэрт гарын үсэг зураад ажилдаа гарсан. Тухайн үед дарга хүмүүсийг хөдөлмөр хамгааллын дэвтэрт гарын үсэг зуруулаад ажилд нь гаргаарай гэж хэлсэн. Түүнээс биш хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн хүн байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд бид нар ойр зуурын юм ярьж сууж байгаад ***, ***, *** нар надаас тамхи асуугаад надаас тамхи аваад ажлын байр руугаа явсан. Би хувцсаа солиод гарч ирэхэд өөдөөс *** гүйж гарч ирээд нөгөө хоёр уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед би сүртэй гэмтэж бэртээгүй юм байх гэж бодоод ***ыг түргэн эмнэлэг дууд гэж хэлчихээд осол болсон гэх газар очиход нөгөө хоёр газар тоосонд дарагдсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...их эмч Батцэцэгийн хамт анхны тусламж үзүүлэх цүнхээ аваад осол болсон гэх барилгын газарт очиж төмөр шатаар дээш өгсөн гарахад хоёр давхрын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт таазны хавтан унаж хагарч, бутарсан байдалтай, түүний гол дунд хэсэгт буюу ертөнцийн зүгээр баруун урагш талд нэг нь унасан, нөгөө нэг нь хойд зүгрүү харсан байдалтай хоёр хүн шороо тоосонд дарагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд их эмч бид хоёр эхэлж урд хэсэгт байсан хүнийг үзэхэд нас барчихсан тусламж үзүүлэх боломжгүй болсныг нь мэдээд хоёр дахь хүн дээр очиж үзэхэд зүрхний цохилт, пульс мэдрэгдэж байсан тул уг өвчтөнд сэхээн амьдруулах анхны тусламжийн эм тариаг их эмчийн удирдлага доор хийж гүйцэтгэсэн юм. Тэгээд эмчилгээний явцад өвчтөн ухаан орж хөдлөх, бөөлжих, дуугарах үйлдэл өгч эхлэхээр нь бид нар өвчтөнг зөөвөрлөөд сумын эмнэлэгт хүргэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би цаана хэвтэж байсан хүнийг үзэхэд хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судас нь зогсчихсон байсан. Тэгээд дуудлага өгсөн хүнээс хэзээ энэ асуудал болсон юм бэ гэж асуухад 10 орчим минутын өмнө болсон гэж хэлсэн. Тэгээд хажуу талд хэвтэж байсан хүнийг үзэхэд ухаангүй амьсгал өнгөц, дээгүүр судас сул цохилж байсан. Тэр хүнд өвчин намдаах тариаг зүүн гарын булчинд хийгээд хүзүүний гэмтлийг шалгаж үзээд, хүзүүнд нь чиг тавиад, амьсгал судас дэмжих кордиамин нэртэй тариаг судсаар хийсэн. Тухайн үед өвчтөн бага зэрэг ухаан орж бөөлжиж эхлэхэд өвчин намдаах морфин тариаг булчинд дахин хийж, амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор амыг нь цэвэрлэсэн. Тэгээд бөөлжихийн эсрэг церикал нэртэй тариаг судсаар хийсэн. Даралтыг нь үзэхэд зүрх цохилт 130, артери даралт 150/110 хэмжээтэй байсан. Ясны гэмтлийг шалгасны дараа хажуугийн байрлалд оруулсан. Тухайн үед өвчтөний биеийн хүзүүний талд 2 см хэмжээтэй язарсан шарх, биеийн энд тэнд зулгарсан шарх их байсан. Тэгээд цус тогтоох, халдвараас сэргийлэх зорилгоор викасол нэртэй тариаг судсаар хийсэн. Мөн циаколин тариаг судсаар хийсэн. Тэгээд өвчтнийг тээвэрлэн *** сумын эмнэлэг рүү хүргэн өгч *** эмчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** ХХК барилга нураах буулгах ажил эхлэхийн өмнө Шофер дарга надад өөрийн хариуцаж байгаа талбай доторх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг *** ХХК өөрсдөө хариуцна гэж гэрээнд тусгагдсан байгаа гэж байсан. Тухайн үед би өөрийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцсан ажилтан ***ийг *** ХХК-ийн байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг өгөх, аюулгүй ажиллагааг хэн хариуцаж байгааг асууж тодруулахыг үүрэг болгож явуулсан. Тухайн үед *** танилцуулахдаа ***ХХК 10 ажилтанд хантааз, хамгаалалтын бүс, ажлын хувцас бүх зүйлтэй байна. Уг компани хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг *** өөрийн биеэр хариуцна гэж хэлж байна гэж мэдэгдсэн байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэрч А.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед ***, *** болон нэрийг нь мэдэхгүй хоёр ахын хамт *** ХК-ий хуучин нүүрс ангилах хэсгийн байрыг нураах ажил хийсэн юм. Тэр өдөр 14 цаг өнгөрч байхад ***, *** бид гурав нурааж байгаа барилгын 3 давхрын хэсэгт байрлах тавцан дээрх хаягдал шороог буулгахаар дээшээ гарсан юм. Тухайн үед ***, *** нар нурааж байгаа барилгын дээшээ гарах рам төмрөөр дамжин /хуучин шат байсан/ дээш гарсан. Харин би эсрэг талын төмөр шатаар дээш өгсөөд гарч байтал түс тас гэх юм нурах дуу сонсогдсон. Тэгэхээр нь дээшээ гаралгүй буцаад доошоо хоёр давхрын хуучин хаалга байсан хэсгээр харахад доошоо уначихсан, тааз хэсгийн бетон хавтан хагарч унасан, ***, *** хоёр дээр нь хөдөлгөөнгүй атиралдчихсан хэвтэж байсан. Тэгээд би нөгөө хоёрыг харчхаад уурхайд түргэн тусламж үзүүлэх газар уруу гүй гэж хэлээд эмчийн хамт нөгөө хоёр дээр ирээд, эмч ***ын биед тариа хийж харагдсан. Тухайн үед би айж сандраад барилгаас буугаад явсан. *** уурхайн ажилчид сандарцгаан гүйлдсэн. Удалгүй *** сумын эмнэлгийн түргэний эмч болон цагдаа нар ирсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ***ийг нас барчихсан гэдгийг мэдсэн юм. Бид нарыг өглөө ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар манай захирал *** өөрийн биеэр зааварчилгаа өгч, тэмдэглэлд гарын үсэг зуруулдаг байсан юм. Өнөөдөр хэн нэгэн хүн ямар нэг хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгөөгүй. Бид нар өөрсдөө шууд ажилдаа орсон юм. Бид нар ажилд орох үедээ ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өдрийн 25,000 төгрөгийн цалинтай. Нурааж буулгаж байгаа хавтангуудыг кранаар авдаг, би сайн мэдэхгүй байна. ***, *** гурвын хувьд тусдаа хог шороог цэвэрлэх үүрэгтэй. Би 3 давхар руу гараагүй, 2 давхраар дээшээ харах үед хөндлөн байрлалтай 4 хавтан байсан. Түүнээс хоёр хавтан нурсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,                             

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Энэ жил уурхай үүсч байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа юм. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын ажлын төлөвлөгөөнд хуучин нүүрс ангилах байрыг нурааж буулгах ажлыг хийж гүйцэтгэх компани хайж улмаар хамгийн бага өртгөөр нураах санал ирүүлсэн “***” ХХК-ийг сонгон шалгаруулан авч гэрээ байгуулан барилгыг нурааж буулгах ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм. Ямар нэг тендер зарлаагүй, манай уурхайн худалдан авалтын одоогийн мөрдөж байгаа бодлогын 28.2.2-т заасны дагуу гүйцэтгэх захирал шийдвэр гаргаж хамгийн бага өртгөөр буулгах санал ирүүлсэн компанид барилга нураах ажлыг өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

2015 оны 5 дугаар сарын 28-ны 7660 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн “... ***ын биед тархи доргилт, хүзүүнд шарх, зулгаралт, 2 гарын зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40 дэх тал/,
2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-06-019/44 дугаартай шинжээчийн “... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль тогтоомж зөрчигдсөнөөс уг осол гарсан гэж үзэж байна.
Уг үйлдвэрлэлийн осол гарахад дараах хууль, дүрэм, журам зөрчигдсөн байна. Үүнд:
а/ Барилга байгууламжийг буулгах ажлын үед эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”
б/ ажил гүйцэтгэх үе шатны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны заавар, журам баталж мөрдүүлээгүй нь мөн хуулийн 28.1.6 дахь ”ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх”
в/ ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, зааварчилгаа өгөөгүй нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүргүүд биелэгдээгүй,
г/ ажилтан ***тэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалтыг ажил олгогч зөрчсөн байна.
д/ захиалагч тал нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 88 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм, БД 20-101-12”-ын 2 дугаар хэсгийн 2.1.2.6 дахь “Буулгах барилгын талаар мэргэжлийн зөвлөх компани, экспертээр барилгын төлөв байдал болон буулгалтын зураг хийлгэх, буулгах үеийн ажиллагаанд анхаарах зүйлсийн талаар дүгнэлт гаргуулсан байх” гэсэн эрх зүйн арга хэмжээ аваагүй.
е/ Захиалагч болон гүйцэтгэгчид нь дээрх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил гүйцэтгэх төслийг хамтран батлаагүй.
ж/ Мөн дүрмийн 6 дугаар хэсгийн 6.4-т заасан буулгах ажлын аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээнүүд авагдаагүй.
з/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал “эзэн”, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан.
Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрмийн БД 20-101-12”-ын 5 хэсэгт заасан ажил гүйцэтгэх төслийг батласнаар барилга байгууламжийг буулгах ажиллагааны үед захиалагч болон гүйцэтгэгч талууд хамтран аюулгүй ажиллагааг ханган ажиллах ёстой.
Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрмийн БД 20-101-12”-ын 6 дугаар хэсгийн 6.2-т “Буулгах ажлыг гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөл бүхий барилгын мэргэжлийн бусад хуулийн этгээд байна” гэж заасан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай үйлдвэрийн ослыг тогтоосон комиссын “... *** сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай захирамжаар байгуулагдсан сумын салбар зөвлөлийн шийдвэрээр уг ослыг “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 151 дэх заалтыг баримтлан үйлдвэрийн осолд оруулан тооцохоор шийдвэрлэв” гэх шийдвэр /хавтаст хэргийн 2 дахь хавтасны 7 дахь тал/,

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн “... Талийгаачийн биед гавал тархины доргилт, тархины эдийн няцрал, дарагдлын, хуйхны язралт, хүзүүний хугарал, дал мөр, тохой, шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.9-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь гэмтлийн хүндрэл болох тархины эдийн дарагдал, няцрал, цус алдалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаачийн цус нь В /lll/ бүлгийн харъяалалтай болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6, 59-60 дахь талууд/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 70-92 дахь талууд/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 185 дахь тал/,

Иргэний хариуцагч “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Намайг иргэний хариуцагчаар татаж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл “***” ХХК-тай манай “***” ХХК ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр “***” ХХК барилга нураах, буулгах явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллана гэсэн байдаг. Хохирогчийн ар гэрт *** ХК-ийн зүгээс тодорхой хэмжээний туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 194 дэх тал/,

Иргэний хариуцагч “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тендер зарлах асуудлыг 100.000.000 төгрөгөөс дээш гарахаар бол ТУЗ-өөс батлагдсаны дагуу тендэр зарлана. Түүнээс бага байх юм бол гүйцэтгэх захирлын эрх хэмжээний дагуу шийдвэрлэгдэх асуудал. Тиймээс энэ асуудал дээр заавал тендер зарлах шаардлага байхгүй. Манай талаас гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсонд харамсалтай байна. Манай талаас тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх болно. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа 30.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ***тэй манай тал хөдөлмөрийн гэрээ хийгээгүй шүү дээ. Тэрхүү барилга *** ХК-ийн өмчлөлөөс хасагдсан барилга. Гагцхүү “***” ХК-ийн эдэлбэр газарт байсан барилга учраас манай компани нураах ажлыг шийдвэрлэх болсон юм. Цаашид ашиглагдах боломжгүй гэсэн шийдвэрийг салбарын яамнаас гаргасан байсан. Манай талаас эрсдэлийн үнэлгээ гаргаагүй буруутай үйл ажиллагаа байгаа. Хэрэв эрсдэлийн үнэлгээ хийсэн бол ийм асуудал гарахгүй байсан байх. Манай компани хөдөлмөр аюулгүй байдлын сургалт хийсэн. “***” ХК-аас хийх ёстой хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалт болон аюултай зоонд тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг асуудлыг бүрэн хийсэн. “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуулийн дагуу гаргасан нэхэмжлэл дээр *** ХХК-тай хамтран хохирлыг төлж барагдуулахад татгалзахгүй. Гагцхүү хуульд нийцсэн хохирол гаргах хэрэгтэй. Нэгэнт манай компанийн буруутай үйл ажиллагаа байгаа учраас нөхөн олговрыг тэнцүү хувааж төлөхөөр боллоо. Өмгөөллийн хөлс, замын зардлыг манай компани бүрэн хариуцна. Шүүгдэгч нь өмнө нь оршуулгын зардал болон бусад хохирлыг төлж барагдуулсан тул ийм шийдвэр гаргасан ” гэх мэдүүлэг, тайлбар зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

“***” ХХК-ийн захирал шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн *** сум, Санжинт багт үйл ажиллагаа явуулдаг “***” ХК-ийн хашаанд байрлах хуучин ашиглаж байсан нүүрс ангилан ачих хэсгийн барилга, байгууламжийг нураах үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нурааж байсан барилгын тавцан нурж иргэн *** нас барж, иргэн ***ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай  болох нь  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 65-67, 69 дэх талууд/,  хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би “***” ХХК-д ажилд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр орсон. Ажилд ороод 6 хонож байна. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өглөө ***тай уулзаагүй. Тэр өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хоол хийдэг тогтооч ах дэвтэрт гарын үсэг зарчихаад ажилдаа гараарай гэхэд гарын үсэг зурчхаад ажилд гарсан. Тухайн өдөр би талийгаач ***ийн хамт дээд шатны тавцан дээр цэвэрлэгээ хийж байсан. Надад гомдол санал байхгүй. Миний эм тариа эмчилгээний бүх зардал мөнгийг *** захирал гаргаж эмчлүүлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх талууд/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрч Э.***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, гэрч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч А.***ын ... “***, *** бид гурвын хувьд тусдаа хог шороог цэвэрлэх үүрэгтэй. Би 3 давхар руу гараагүй, 2 давхраар дээшээ харах үед хөндлөн байрлалтай 4 хавтан байсан. Түүнээс хоёр хавтан нурсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, 2015 оны 05 дугаар сарын 28-ны 7660 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40 дэх тал/, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрэл зүргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6, 59-60 дахь талууд/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 70-92 дахь талууд/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***од гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3,158,100 төгрөг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч *** нь “Надад гомдол санал байхгүй. Миний эм тариа эмчилгээний бүх зардал мөнгийг *** захирал гаргаж эмчлүүлж өгсөн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс хохирогч ***од төлөх төлбөргүй байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач ***ийн эцэг ***-иргэний нэхэмжлэгчийн хувиар  иргэний хариуцагч “***” ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасны дагуу талийгаачийн авч байсан дундаж цалинг 500,000 гэж тооцон 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний “нөхөн олговорт 30,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, хуралд оролцохоор ирж очсон замын зардал 84,000 төгрөг нийт 30,884,000 төгрөг  гаргуулах” тухай” нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлд “ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан ба шүүгдэгч *** ... “барилгыг нураах ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр хувь хүмүүстэй гэрээ байгуулан хөлслөн авч ажил үүргийг гүйцэтгэсэн, *** нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажилд орсон байсан, гэрээ байгуулаагүй” гэж мэдүүлж байх боловч гэрээ байгуулаагүй нь ажил олгогч ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ажил олгогч тодорхой ажил гүйцэтгүүлэн хөлс олгохоор тохиролцсоноор хөдөлмөрийн харилцаа үүснэ.

*** сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай захирамжаар байгуулагдсан сумын салбар зөвлөл дээрх ослыг “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 151 дэх заалтыг баримтлан үйлдвэрийн осолд тооцсон тул нас барсан ажилтны ар гэр нөхөн олговор гаргуулахаар ажил олгогчоос шаардах эрхтэй.

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10-06-019/44 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ”захиалагч тал нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 88 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм, БД 20-101-12”-ын 2 дугаар хэсгийн 2.1.2.6 дахь буулгах барилгын талаар мэргэжлийн зөвлөх компани, экспертээр барилгын төлөв байдал болон буулгалтын зураг хийлгэх, буулгах үеийн ажиллагаанд анхаарах зүйлсийн талаар дүгнэлт гаргуулсан байх” гэж заасныг зөрчсөн гэж заасан, “***” ХК-ийн зүгээс дээрх дүгнэлтийг үгүйсгээгүй, тодорхой хэмжээгээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ “буулгах барилгын талаар дүгнэлт гаргуулах”-аар гүйцэтгэгч компанийн зүгээс шаардах эрхтэй байсан, осол гарахад нөлөөлсөн гол хүчин нь гүйцэтгэгч компаний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий этгээд ажилчиддаа аюулгүй ажиллагааны заавар бүрэн гүйцэд өгөөгүй, сургалт явуулаагүйгээс үүдэн гарсан байх тул “***” ХК-ийн тодорхой албан тушаалтныг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 123-р зүйлд ... “шаардлагатай гэж үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно” гэж заасан ба шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгч, хохирогч, ***ын гаргасан “нөхөн олговор 30,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, замын зардал гаргуулах” нэхэмжлэлийн талаар “***” ХК, шүүгдэгч ***, хохирогч *** нар “барилгын туслах ажилтны дундаж цалин, хөлсний жишгээр тооцон, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг захиалагч, гүйцэтгэгч нар тэнцүү хуваан хариуцаж, *** ХК-иас хохирогчийн өмгөөлөгчийн зардал, шүүх хуралдаанд ирж очсон замын зардлыг хариуцан төлөхөөр” нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч нар багасгасан шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрч “... ***т холбогдох 201509000366 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлийн талаарх доорх байдлаар харилцан тохиролцов. “... “*** ” ХК-иас 7,343,264 төгрөг, ***аас 6,459,264 төгрөг тус тус хохирогч ***ад гаргаж өгөхөөр тохиролцов. Энэ нь үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр юм. “***” ХК нь шүүхийн шийтгэх тогтоол гармагц төлбөрийг барагдуулна *** нь 2016 оны 01 дүгээр улиралд өгч барагдуулна” гэж харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул уг эвлэрлийн талаар тогтоолд тусган баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.
Талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрсэн нэхэмжлэлийн хүрээнд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй тул зөвхөн “нөхөн олговор”-той холбоотой нэхэмжлэлийн талаар эвлэрлийг баталгаажуулсан хэсэгт гомдол гаргах эрхгүй болохыг тогтоолд заах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *** гэм хорын хохиролд хохирогч ***ад 5,130,000 төгрөг  төлсөн ба энэ талаар маргаагүй, гэм хорын хохирлын талаар давж заалдах, хяналтын гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх талаар дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирол төлбөрийн талаар маргаангүй болсныг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн каск малгай 2 ширхэг, лоом 2 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг устгахаар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***т буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх “Ялаас өршөөн хэлтрүүлэх” хэсэгт хамаарч байх тул ***т оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 123-р зүйлийн 123.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Хашаат овогт Цэрэндоржийн ***ыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч  ***т тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрх хасахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар /хорих ялаар шийтгэтүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн каск малгай 2 ширхэг, лоом 2 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг устгаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг ***т буцаан олгосугай.
5. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. *** нь гэм хорын хохиролд 5,130,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар иргэний нэхэмжлэгч *** 30,880,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасган 13.802,528 төгрөг болгож, 6.452.264 төгрөгийг “***” ХХК-ийн захирал ***, 7,343,264 төгрөгийг *** ХК хариуцан төлөхөөр эвлэрснийг баталсугай.
8. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар “нөхөн олговор”-той холбоотой нэхэмжлэлийн талаар эвлэрлийг баталгаажуулсан хэсэгт гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
9. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй ба, хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтан ***т оногдуулсан 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД