Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 856

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2020/00856

*******-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00903

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын * дугаар баг, Ханжаргалангийн * дугаар гудамжны * тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:Т**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сумын * дугаар баг, Ханжаргалангийн * дугаар гудамжны * тоотод оршин суух Боржигон овогт *******ийн ******* /РД:**/-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэгт 760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.*******т 2019 оны 11 сарын 15-ны өдөр өөрийн хүүхдийн халамжийн тэтгэмжийг зээлж аваад 1,200,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Зээл авснаас хойш Л.******* нь нийт 440,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдэх 760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбарлаад байгаа 80,000 төгрөгийн хувьд бид хамтдаа зугаалганд явж байгаад Л.******* нь миний машиныг мөргөсөн. Тэгээд би машиндаа 120,000 төгрөгөөр засвар хийсэн бөгөөд түүний 80,000 төгрөгийг Л.******* гаргасан. Түүнээс зээлийн төлбөрөөс буцаан төлсөн асуудал байхгүй. Иймд 760,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтдаа бараа зардаг, найзууд юм. Миний бие найз П.*******гаас 1,200,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Үүнээс нийт 440,000 төгрөгийг төлсөн. Мөн П.******* машинаараа миний машиныг мөргөж өөрийн машинаа эвчдчихээд эгчтэйгээ нийлээд загнаад байхаар нь засварын 80,000 төгрөгийг би гаргасан. Би тэр асуудалд буруугүй тул 80,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж, нийт 680,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн төлбөрт 760,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.******* нь 680,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагч Л.******* нь 80,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа үндэслэлээ зохигчдын машин мөргөлдсөний улмаас нэхэмжлэгч П.*******гийн машинд учирсан эвдрэлийг засварлахад зориулж 80,000 төгрөгийг өгсөн боловч энэ асуудалд гэм буруугүй тул 80,000 төгрөгийг зээлийн төлбөрт оруулан тооцно гэж тайлбарлаж байна.

 

Талуудын тайлбараар нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Л.*******т 1,200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Л.******* нь энэхүү төлбөрөөс нийт 440,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч П.******* нь дээрх хуульд заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Л.******* нь мөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн татгалзаж байгаа үнийн дүн болох 80,000 төгрөгийг хариуцагч зээлийн гэрээний үүрэг болгон шилжүүлэн өгсөн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч П.*******гийн унаж явсан машиныг мөргөсний улмаас засварын зардалд дээрх 80,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаангүй болно.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд үүссэн гэрээний бус үүргийн талаарх маргаан нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй бөгөөд өөр зориулалт, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн төлбөрийг тус зээлийн гэрээний үүрэгт хамааруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч дээр дурдсан үндэслэлүүдээр Л.*******ээс 760,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.*******ээс 760,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 22,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ