| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0821/Э |
| Дугаар | 692 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 692
2020 5 28 2020/ДШМ/692
О.Б, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хур
алдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энх-Амгалан,
өсвөр насны шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дамба,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлээр О.Б, Б.Б нарт холбогдох 1909015880614 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Зочийхон овгийн О.Б, 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Өндөр хаан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 11в ангид сурч байсан, одоо Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн Цахим хэрэгслийн засварчны 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрханы 9 дүгээр гудамжны 911 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:СЮ03230518/;
2. Тоогүнд овгийн Б.Б, 2002 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 11в ангид суралцаж байсан, одоо Үндэсний биеийн тамирын лицей ахлах сургуулийн 11а ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2б гудамжны 1525 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПК02320818/;
О.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Этүгэн” их сургуулийн спорт зааланд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр У.Содцэцэгийн цүнхнээс гар утас, түлхүүр, хувцас, бичиг баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, У.Содцэцэгт 206.000 төгрөгийн, Н.Тунгалагт 254.000 төгрөгийн, бусдад нийт 460.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Б нь Б.Бтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” их сургуулийн зааланд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Бишрэлтийн “ай фоне” загварын гар утас, гар утасны 2 ширхэг чихэвч, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.348.750 төгрөгийн хохирол учруулсан,
В.Баатарням нь О.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн" их сургуулийн зааланд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Бишрэлтийн “ай фоне” загварын гар утас, гар утасны 2 ширхэг чихэвч, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.348.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зочийнхон овогт О.Б, Тоогүнд овогт Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, О.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б, Б.Б нарт оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Б, Б.Б нараас тус бүр 2.174.375 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бишрэлтэд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бд 1 жил 6 сарын хорих, Б.Бд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б, Б.Б нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэдгээрт энэ хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг, О.Б, Б.Б нар нь цагдан хоригдоогүйг тус тус дурьдаж, О.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байхад шүүх ял оногдуулахдаа үйлдэл тус бүрт нь ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 189 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Б: “Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Бий өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Харин өсвөр насны шүүгдэгч Б.Бд холбогдох шийтгэх тогтоолын заалт хуульд нийцсэн тул холбогдох заалтыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
О.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Этүгэн” их сургуулийн спорт зааланд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр У.Содцэцэгийн цүнхнээс гар утас, түлхүүр, хувцас, бичиг баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, У.Содцэцэгт 206.000 төгрөгийн, Н.Тунгалагт 254.000 төгрөгийн, бусдад нийт 460.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Б нь Б.Бтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” их сургуулийн зааланд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Бишрэлтийн “ай фоне” загварын гар утас, гар утасны 2 ширхэг чихэвч, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.348.750 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б нь О.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн" их сургуулийн зааланд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Бишрэлтийн “ай фоне” загварын гар утас, гар утасны 2 ширхэг чихэвч, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.348.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч У.Содцэцэгийн “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Этүгэн” их сургуулийн зааланд Монголын Сагсан бөмбөгийн холбооны нэрэмжит тэмцээн болж байсан. Тухайн сургууль нь хувцас солих тусгай өрөө байхгүй тул үзэгчдийн суудал дээр багийн хүмүүс хувцсаа сольдог. Тоглолт дууссаны дараа хувцсаа өмсөх гэсэн боловч миний цүнхийг онгойлгон дотор нь байсан эд зүйл болох найз Тунгалагийн “Ай фоне 6” загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, түлхүүрүүд, миний хантааз, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би утас руу залгатал машин дотор байдалтай цаана нь эрэгтэй хүн дуугараад байсан. “Энэ утсыг ломбардад Д.Билгүүн гэх 24 настай хүн тавьсан байна” гэж хэлсэн. ...Миний хохирлыг барагдуулсан, өөр нэхэмжлэх зүйлгүй ...” /1хх10-13/,
хохирогч Н.Тунгалагийн “...Би өөрийн “Ай фоне 6” загварын гар утсаа найз Содцэцэгийн цүнхэнд хийгээд тоглосон. Тоглолт дуусаад найз Содцэцэгээс авах гэтэл миний утас болон Содцэцэгийн иргэний үнэмлэх, түлхүүр, хантааз нь алга болсон байсан. Утас руугаа залгатал “эрэгтэй хүн аваад утасныхаа кодыг хэлчих, ломбардад тавьчихсан” гэсэн. Тэгээд миний утас удалгүй унтарсан. ...Миний хохирлыг нөхөн төлсөн бөгөөд гомдол саналгүй. ... ” /1хх14, 15, 16/,
хохирогч Б.Бишрэлтийн “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Этүгэн” их сургуулийн зааланд тэмцээнд оролцсон. Тоглолтод гарахдаа цүнхэндээ гар утсаа хийгээд үлдээсэн ба тоглож дуусчихаад утсаа үзтэл миний “Ай фоне Х S” загварын гар утас, 2 ширхэг чихэвч, түрийвч алга болсон байсан. ...” /1хх10-11/,
гэрч Б.Мягмардоржийн “...Хэзээ гэдгийг нь санахгүй байна. “Их Орд” дэлгүүрт засварын ажил хийж байхад нэг хүүхэд орж ирээд “гар утас авах уу, миний халаасанд байж байгаад кодлогдсон, сэлбэгэнд 300.000 төгрөгөөр аваач” гэсэн. Тэгэхээр нь би 250.000 төгрөгөд зарчих гээд 150.000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдсэн 100.000 төгрөгийг нь картнаас аваад өгсөн. Юмыг яаж мэдхэв гээд зургийг нь аваад явуулсан. ...” /1хх64, 65/
өсвөр насны шүүгдэгч О.Бий яллагдагчаар өгсөн “...Би хохирогч Бишрэлтийн гар утсыг хулгайлахад байгаагүй. Хулгайн утас гэдгийг мэдээгүй. Б.Б намайг зараад өгөөч гэхээр нь би туслах санаатай аваад гар утас засварын хүнд 250.000 төгрөгөөр зараад мөнгийг нь Б.Бд өгсөн. Мөн хохирогч Содцэцэгийн гар утсыг хулгайлахад Б.Б хамт байсан. Би мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаан дээр айгаад хэлээгүй юм. Хохирогч Содцэцэгийн хохиролд 460.000 төгрөг төлсөн. Хохирогч Бишрэлтийн хохирлыг Б.Батарнямтай хувааж төлнө. ...” /1хх40-43/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би “Этүгэн” их сургуулийн зааланд болсон тэмцээнд ороод хувцсаа солих гэж байгаад О.Бтэй тааралдсан. О.Б гартаа юм барьчихсан байсан бөгөөд надад “Манай найзын цүнхнээс утас, түрийвч, чихэвчийг аваад өгөөч” гэж хэлсэн. Би “Хэнийх юм бэ” гэхэд “Манай хуучин сургуулийн хүүхдийнх гэхээр нь тухайн үед юм бодолгүй хар цүнхнээс гар утас, чихэвч, түрийвчийг О.Бий хэлснээр авч өгсөн нь үнэн. Тухайн үед О.Бийг хулгай хийж байна гэж мэдээгүй. Надад хулгай хийх санаа бодол байгаагүй. Би О.Бтэй бүлэглэж хулгай хийгээгүй. Хохирлыг нөхөн төлнө. ...” /1хх33-36/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх2, 51/ гэрэл зургийн үзүүлэлт /1хх52/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх4/, Б.Бын нас тоолсон тухай тэмдэглэл /1хх6/, О.Бий нас тоолсон тухай тэмдэглэл /1хх8/, хөрөнгө үнэлгээний тайлан /1хх22-23, 69-70/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх55/, насанд хүрээгүй яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх77-78/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх83/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Б, Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин шүүгдэгч О.Б нь тухайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байхад анхан шатны шүүх ял оногдуулахдаа үйлдэл тус бүрт нь ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж заасныг бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч О.Б, Б.Б нарын хувийн байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд энэ талаар бичсэн прокурор Ж.Энх-Амгалангийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. “Прокуророос шүүгдэгч О.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Зочийнхон овогт О.Б, Тоогүнд овогт Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, О.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Зочийнхон овогт О.Бийг ганцаараа болон бүлэглэж, Тоогүнд овогт Б.Быг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих, О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бд 1 жил 6 сарын хорих, Б.Бд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бд 1 жилийн хорих ял, Б.Бд 1 жилийн хорих ял тус тус оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ