| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0605/З |
| Дугаар | 221/МА2026/0465 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0465
С.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.С, өмгөөлөгч Н.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0605/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.С-аас Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан “Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан С.С-ийн нэхэмжлэлийн Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар /дарга/-т хариуцагдах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн Б/43 тоот “С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С-ийг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын тогтоол, шийдвэр тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 5 сарын 5-ны өдрийг хүртэлх ажилгүй хугацааны цалин олговрыг тус байгууллагаас зохих ёсоор тооцож гаргуулан С.С-т олгох, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг хариуцагч Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар /дарга Т.Э/-т даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...3.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар хуульчилсан. Энэхүү маргаантай төсөөтэй, дараах Улсын дээд шүүхийн тогтоолууд бий.
Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0006 дугаартай тогтоолын үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэн” гэх заалт нь уг хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг үл харгалзан албан хаагчийг төрийн албанд томилох агуулгагүй байна” гэж, Улсын дээд шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 001/ХТ2025/0036 тогтоолын үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэн”, 13 дахь хэсэгт “Өөрөөр хэлбэл, уг хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчиж төрийн албанд томилох эрхийг олгоогүй. Энэ хугацаанд томилогдсон этгээдийг төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах агуулга, зорилго зохицуулалт уг хууль болоод Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй.
Уг хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон этгээдийг тухайн албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулж, томилох үр дагавар үүсэхээр байна” гэж тус тус хуулийг тайлбарлаж хэрэглэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний нэгдмэл байдлын хувьд, шүүхэд тогтсон хуулийн бодит хэрэгжилтийн хувьд, хуульд заасан сонгон шалгаруулалтын журмыг баримтлалгүйгээр иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох нь хууль бус бөгөөд ийм томилгоог хүчингүй болгох, холбогдох албан тушаалтныг чөлөөлөх нь хуульд нийцсэн” мөн төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа иргэнийг тухайн албан тушаалд эгүүлэн томилох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, боломжгүй юм.
Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд асуудал нь илүү тодорхой бөгөөд хуулийн хатуу тодорхой зохицуулалттай байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “сонгон шалгаруулалт”-ын үндсэн дээр томилогдож, хуулиар хамгаалагдсан байх ёстой. Ковид-19 цар тахлын үед батлагдсан тусгай зохицуулалтын үед буюу тодорхой хугацаанд үйлчлэх “онцгой” шинжтэй байсан нөхцөлд томилогдсон албан хаагч тухайн нөхцөл байдал арилж, хуулийн дагуу зарлагдсан албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалтад оролцож, шалгаран томилогдох нь хуульд нийцэх асуудал юм гэдгийг Улсын дээд шүүхийн дээрх тогтоолуудаар тайлбарласан.
Тодруулбал, цар тахлын үед хийгдсэн томилгоонууд нь тухайн үеийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулиар зөвшөөрөгдсөн “түр зуурын” харилцаа байсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд, хэрэв тухайн хүн томилогдсоныхоо дараа хууль тогтоомжийн дагуу (тухайлбал, Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэх) өөрийн статусыг баталгаажуулсан бол түүнийг жирийн төрийн албан хаагчтай адил түвшинд хамгаалах ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуулиар тусгайлан шаардсан нөхцөл, болзлыг хангаагүй энэ тохиолдолд тус албан тушаалд томилогдох эрх хязгаарлагдах юм.
Гэтэл шүүх “… Түүнчлэн ковидын үед сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдон ажилласан, энэ хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, Биеийн тамир, спортын газрын зөвлөмж ирсэн зэргээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн атлаа сонгон шалгаруулалт зарлан сонгон шалгаруулалтад мэргэжлийн индекс таараагүй шалтгаанаар шалгалтын бүртгэлээс хасагдсан гэж тайлбарлан нотлох баримтаа нэрлэн заах боловч эдгээр нь хоорондоо нийцэхгүй хийгээд энэ албан тушаалд 2024 оны 11 сарын 07-ны өдөр төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, улмаар бүртгэл хийгдэж салбар зөвлөлийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын хуралдааны тэмдэглэлээр шалгалтын бүртгэлээс хасагдсан болох нь тогтоогдох тул энэ үндэслэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй буюу томилгооны зөрчлийг арилгасан гэх үндэслэл нэхэмжлэгчид хамааралгүй болно…” зэргээр дүгнэж, шаардлага хангаагүй иргэн буюу нэхэмжлэгчийн буруу бус захиргааны байгууллага буруутай мэтээр маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.7-д “Биеийн тамир, спортын Улсын хорооны ажлын хэсэг тус байгууллагад ажиллаад 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай зөвлөмжид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах … Зөвлөмжийн хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана уу” гэж үүрэг болгосон гэх боловч зөвлөмжийг зөв хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн.
Гэтэл энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтын агуулгатай нийцэхгүй бөгөөд ямар үндэслэлээр ийм дүгнэлтэд хүрсэн нь тодорхойгүй, зөвлөмжийг буруу хэрэгжүүлсэн талаар нотлох баримт байхгүй, зөвлөмжийн аль заалт, аль агуулгыг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр буруу хэрэгжүүлсэн талаар дүгнээгүй.
Тухайлбал, Биеийн тамир, спортын Улсын хорооноос ирүүлсэн 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай, албан бичигт “… Ажлын хэсгийн зөвлөмжийг үүгээр хүргүүлэв. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана уу “Шүүр ажиллагааны талаар” хэсэгт … Шүүр ажиллагааны хэрэгжилтийг шалгах явцад Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр С.С-ийг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар С.С-ийг томилохдоо Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл хангагдаагүй …Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй байна. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжиж байгааг сануулах зүйтэй…” гэж хууль зөрчсөн томилгоог хуульд нийцүүлэхийг шууд чиглэл болгосон.
Өөрөөр хэлбэл, энэ зөвлөмж нь илэрсэн зөрчлийг арилгах талаар чиглэл болгосон агуулгатай юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тэр тусмаа эгүүлэн томилуулах албан тушаалын хувьд ТЗ-8 тогтоол, шийдвэр, тайлан, мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилуулахыг хүссэн. Энэ албан тушаалд 2024 оны 11 сарын 7-ны өдөр төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн. Мөн энэ албан тушаалын тодорхойлолтыг нэхэмжлэгч С.С 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрөө боловсруулсан байдаг.
Гэтэл Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй, мэргэжлийн индекс тохироогүй гэсэн үндэслэлээр бүртгэлээс хассан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эгүүлэн томилуулахыг шаардсан албан тушаалын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгааг эрх бүхий байгууллага тогтоосон.
Хариуцагч нь дээр дурдсан баримтаар нэхэмжлэгчийг ТЗ-8 тогтоол, шийдвэр, тайлан, мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилох эрх зүйн үндэслэл байхгүй талаар, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан мерит зарчмын дагуу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилохдоо хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах ёстой тул сонгон шалгаруулалтын шаардлага хангахгүй байгаа этгээдийг томилох боломжгүй гэж маргадаг юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын дүн, бүртгэлээс хассан шийдвэрийн талаар Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон хариуцагч байгууллагатай маргаагүй бөгөөд тухайн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Ийм байхад анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын энэхүү үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр, албан тушаалын шаардлага хангаагүй этгээдийг шууд томилох үр дагавартай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-д “Аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 10 сарын 14-ний өдрийн тушаалаар тус байгууллагын бүтэц орон тоог баталж нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний гэх албан тушаалын чиг үүргийг тогтоол, шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн ТЗ-8, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 гэж 2 салгаж тогтоосон болох нь тогтоогдох тул Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн хувьд энэ 2 албан тушаалын аль нэгийг давуу эрхээр сонгон ажиллах эрх нь нээлттэй байх ба энэ хүрээнд захиргааны байгууллагаас зохих ажиллагааг буюу Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “… тогтвортой байх”, 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасныг хэрэгжүүлээгүй, энэ талаар саналыг асуугаагүй, харилцан тохиролцоогүй, өөр ажил албан тушаал санал болгоогүй зэрэг нь хариуцагчийн “өөр албан тушаалд санал тавиагүй, ийм боломжийг олгоогүй” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “өөр албан тушаалд санал тавиагүй” гэх тайлбараар тус тус нотлогдож байна” гэж дурдсан. Энэ дүгнэлтэд:
-Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн хувьд энэ 2 албан тушаалын аль нэгийг давуу эрхээр сонгон ажиллах эрх нь нээлттэй,
-Нэхэмжлэгчийг чадахуйн зарчмын дагуу, шаардлагыг хамгийн сайн хангасан хүн,
-Хариуцагч өөр албан тушаал санал болгоогүй байна гэсэн гурван үндэслэл дурдагдсан боловч хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрх зүйн харилцаанд “давуу эрхээр сонгон ажиллах эрх” гэсэн ойлголт, зохицуулалт, хэм хэмжээ байдаггүй.
Харин Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж тус тус хуульчилсан.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ямар хуулийн зохицуулалтад үндэслэн “давуу эрхтэй” гэж үзсэн нь тодорхойгүй.
Түүнчлэн уг давуу эрх нь хэнтэй харьцуулсан давуу эрх болох, ямар шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдож байгаа талаар шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Төрийн албаны харилцаанд давуу эрхийн асуудал нь хуульд тусгайлан заасан зарим тохиолдол буюу шатлан дэвшүүлэх, нөөцөд бүртгэгдсэн албан хаагчийг томилох зэрэг тодорхой харилцаанд яригддаг болохоос тухайн албан тушаалыг шууд сонгон ажиллах эрхийг бий болгодоггүй.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг ТЗ-8 болон ТЗ-9 албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан хүн гэж үзсэн атлаа энэхүү дүгнэлтээ ямар нотлох баримтад тулгуурласан талаар огт заагаагүй байна. Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ТЗ-8 албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн боловч албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй, мэргэжлийн индекс тохироогүй гэсэн үндэслэлээр бүртгэлээс хасагдсан нь тогтоогдсон байдаг. Ийм нөхцөлд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид өөр ажил, албан тушаал санал болгох үүрэгтэй байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй байгаа төрийн албан хаагчид заавал өөр албан тушаал санал болгох үүргийг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд томилох асуудал нь мөн хуулийн 25.1, 26.1-д заасан шаардлага, сонгон шалгаруулалт болон чадахуйн зарчмын үндсэн дээр шийдвэрлэгдэхээр хуульчлагдсан байна.
Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хуульд заагаагүй “давуу эрх”-ийг бий болгосон, нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын шаардлагыг хангийн сайн хангасан гэж үзсэн үндэслэлээ тодорхойлоогүй, мөн хариуцагчид хуульд байхгүй үүргийг ногдуулж, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтсон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч С.С-аас “Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Маргаан бүхий Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон Биеийн тамир, спортын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.С-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
2.3. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, уг хуулийн үйлчлэлтэй байх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчиж төрийн албанд томилох эрхийг олгоогүй. Энэ хугацаанд томилогдсон этгээдийг төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах агуулга, зорилго зохицуулалт уг хууль болоод Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй. Уг хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон этгээдийг тухайн албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулж, томилох нь хуульд нийцэхээр байна.
2.4. Гэтэл нэхэмжлэгч С.С-ийн хувьд анх дээрх хуулийн үйлчлэлийн үед буюу сонгон шалгаруулалтгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ий өдөр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын Б/05 дугаар тушаалаар 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.
2.5. Улмаар Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгээр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газарт “...Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн С.С-ийг төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл хангагдаагүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй байна. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна” ...гэх зөвлөмжийг ирүүлсэн байх бөгөөд маргаан бүхий тушаалын хувьд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан болох нь тогтоогдож байна.
2.6. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 31 дүгээр 31.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 31.1.1-д “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус хуульчилсан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.С нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу уг албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд хууль, журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах үндэслэлгүй.
2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн томилогдохоор маргаж буй Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу мэргэжилд Багш, биеийн тамирын боловсрол /011437/, Биеийн тамирын арга зүй /101402/, Эрх зүйч /0421/, Хүний нөөцийн менежмент /041304/, Төрийн удирдлага /041306/ гэжээ. Харин нэхэмжлэгчийн хувьд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль Аялал жуулчлалын менежмент Бизнесийн удирдлагын бакалавр /мэргэжлийн индекс D340900/-ын зэрэг эзэмшсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасан бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нь Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалт болон Нийгэм, эдийн засаг, хүний нөөцийн удирдлагын “Соёмбо” академид Төрийн удирдлага-Эрх зүй мэргэжлээр мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тус тус хамрагдсан болох нь тогтоогдож байх боловч үүнийг нь мэргэжлийн зэрэг эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй буюу мэргэжил тохирохгүй байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийг Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх учиртай тул уг албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа иргэнийг томилохыг даалгаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.8. Түүнчлэн хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, Мэдээллийн цахим сан, статистик хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлуулахаар материал ирүүлж, улмаар тус орон тоог нөхөн сонгон шалгаруулалт зарлагдаж, Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоон дээр 3 иргэн бүртгүүлэхээр хүсэлт гаргасны дотор нэхэмжлэгч С.С багтсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар С.С-ийг тухайн ажлын байранд тавигдах шаардлага буюу албан тушаалын тодорхойлолтод тавигдсан тусгай шаардлага хангаагүй буюу мэргэжлийн индекс шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тусгай шалгалтад бүртгэх хүсэлтийг цуцлах шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын дээрх шийдвэр, үйл ажиллагаатай маргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-аас Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН