Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 65

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Х.Даваабаяр, түүний өмгөөлөгч А.Ганбат /ҮД:0-659/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Хилэнбаатарын Даваабаярт холбогдох эрүүгийн 201626031506 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кадастрын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 3 дугаар гудамжны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Элжигэн овогт Хилэнбаатарын Даваабаяр /РД:УЗ89061443/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Даваабаяр нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант караокены газарт согтуугаар, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч хохирогч Х.Хачиндуламыг үсдэн зодож, хохирогч М.Ганцэцэгийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Даваабаяр нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тухайн караокед үйлчлүүлэхээр хүлээн сууж байсан иргэн Г.Мөнхсүхийг “чи муу Хятад хүн байна” гэж хэлсэн маргалдаж хохирогч М.Ганцэцэгийг “чи муу Хятад хүнтэй уулздаг, бараг Хятад хүнд биеэ үнэлдэг” хэмээн үндэс угсаагаар нь ялгаварлан хэл амаар доромжилж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Х.Даваабаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч М.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би ерөнхий боловсролын 118 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай. Энэ хэрэг болсон өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз эмэгтэй болох хамт ажилдаг Ц.Энхтуяа, Б.Мөнхнаран, Х.Хачиндулам нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Жаргалант” нэртэй караокены газарт 22 цагийн үед орцгоосон. Тухайн үед бид нар эрүүл байсан. Энд орж ирэхийн өмнө найз Х.Хачиндуламын гэрт бүгдээрээ нэг, нэг шил жижиг шилтэй пиво л уусан байсан. Тэгээд караокены газарт ороод сул өрөө байна уу гэж асуутал “10” минутын дараа нэг сул өрөө гарна гэж ажилуулж байгаа хүн нь хэлсэн. Тэгэхээр нь бид нар хүлээгээд сууж байсан. Энэ үед манай нөхөр Г.Мөнхсүх нь бид нартай хамт караокены газарт ирсэн байсан юм. Бид нар хүлээх зуураа нэг ширээний өмнө тойрч суугаад хоорондоо ойр зуурын юм яриад сууж байсан чинь караокены нэг өрөөнөөс гурван согтуу эмэгтэй гарч ирсэн. Тэгтэл тэр гурван эмэгтэйгийн нэг нь буюу дээгүүрээ саарал өнгийн цамцтай нэг эмэгтэй нь “та нар Хятад хүмүүс байна, муусайн Хятад юмнууд Хятад хүнд биеэ үнэлдэг юмнууд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай найз Х.Хачиндулам нь “хүүе ээ адилхан эмэгтэй хүмүүс байж чи ингэж хэлж болохгүй шдээ” гэж хэлтэл уг эмэгтэй нь Х.Хачиндуламтай зууралдаад авсан. Нэг нэгнийгээ үсдээд зулгаалцсан. Харин би “хүүе ээ яаж байна” гээд босоод очтол уг саарал цамцтай эмэгтэй миний нүүрэн тус газар буюу зүүн нүд хэсэгт цохьсон. Намайг тэр үед гараараа цохьсон, нэг удаа цохьсон. Цохиулаад би “миний нүдийг цохьчихлоо шдээ” гээд буцаад сандал руугаа суусан. Харин нөгөө хэд хоорондоо барьцалдаж аваад нэг нэгнээсээ зууралцаж байсан. Миний нөхөр Г.Мөнхсүх нь тэр эмэгтэйг Х.Хачиндуламаас салгах гэж оролцсон. Тэр намайг цохьсон эмэгтэйтэй хамт явж байсан хоёр эмэгтэй нь намайг цохиж зодоогүй. Миний биед тэр хоёр эмэгтэй нь гэмтэл учруулаагүй. Сүүлд нь намайг цохьсон эмэгтэйгийн нэрийг цагдаад ирээд сонсож мэдэхэд Х.Даваабаяр гэдэг юм байна лээ. Уг хүн миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Өөр байдлаар гэмтэл учруулаагүй. Уг согтуу эмэгтэй намайг цохьчихоод Х.Хачиндуламтай зууралцаад байхаар нь манай хэд болон сүүлд нь ирсэн нэгнийх нь нөхөр гээд залуу бас ирээд тэднийг салгасан. Найз Х.Хачиндуламын хувьд тийм сүртэй цохиулж зодуулаагүй. Харин үснээс нь зулгаасан гэсэн. Х.Хачиндулам хэлэхдээ “намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулаагүй тул гомдол саналгүй” гэж хэлсэн. Харин зүгээр үснээс л зулгаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18, 19, 20/

            3. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: “...хэлтсийн 307 тоот өрөөнд...№4 дугаарт Хилэнбаатарын Даваабаяр...нарын зургийг байрлуулав...танигч /хохирогч/ М.Ганцэцэгийг оруулж ирэхэд танигдагч нарын зургийг сайтар ажиглан харж байснаа №4 дугаартай Хилэнбаатарын Даваабаярын зургийг шууд зааж “энэ зурган дээрх эмэгтэй тухайн үед намайг цохьсон эмэгтэй мөн байна. Шар царайтай, махлаг биетэй, 27-28 орчим настай хүн байсан уг шинжээр нь таниж оллоо” гэв...Мөн №5, №2 дугаартай зурган дээрх 2 эмэгтэй тухайн үед намайг цохьсон эмэгтэйтэй хамт явж байсан хоёр хүн мөн байна, гэхдээ энэ хүмүүс намайг болон бусдыг маань цохиж зодоогүй гэмтэл учруулаагүй гэснийг тэмдэглэлд тусгав...” /хх-ийн 13-15/

            4. Гэрч Г.Мөнхсүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би тэднийг хүргэж тэр газарт хамт орсон. Тэгтэл дуулж суух сул өрөө байхгүй гэхээр нь сулрахыг нь хүлээгээд нийтийн зааланд нь ширээ тойроод ойр зуурын юм яриад инээгээд сууж байсан чинь караокены өрөөнөөс гурван эмэгтэй гарч ирсэн. Тэр гурван эмэгтэй согтуу байсан. Нэг эмэгтэй нь буюу дээгүүрээ саарал цамцтай, махлаг биетэй эмэгтэй нь намайг харчихаад “чи муу Хятад хүн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “үгүй ээ би Монгол хүн байна, би Яармагт амьдардаг, чи андуураад байна” гэсэн. Тэгтэл тэрээр “үгүй чи Монгол хүн биш байна, би өөрөө Яармагийнх” гэж хэлсэн. Харин манай эхнэр болон Х.Хачиндулам нар “энэ хүн чинь Хятад хүн биш ээ, Монгол хүн байна” гэж хэлсэн. Тэгтэл дээрх эмэгтэй “чи муу Хятад хүнтэй уулздаг, бараг Хятад хүнд биеэ үнэлдэг” гэж хэлээд Х.Хачиндулам тэр махлаг, саарал цамцтай хоёр эмэгтэй нар маргалдсан. Тэгээд Х.Хачиндуламыг үснээс нь зулгааж тэд нэг нэгнийгээ үснээс нь зулгаасан. Энэ үед эхнэр маань “хүүе ээ” гэж босоод салгах гэж очоод тэр саарал цамцтай эмэгтэйд цохиулсан...харин эхнэрийг цохьсон эмэгтэйтэй хамт явж байсан хоёр эмэгтэй нь миний эхнэр М.Ганцэцэгийг миний харснаар цохиж зодоогүй. Тэр баарны ажилчид тэр үед цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

            5. Гэрч Б.Мөнхнарангийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...тэгээд бид нар бөөндөө хүлээгээд сууж байтал нэг өрөөнөөс эхлээд нэг саарал цамцтай эмэгтэй гарч ирсэн. Тэгэнгүүтээ тэр бид хэд дээр хүрч ирсэн. Харж байснаа М.Ганцэцэг эгчийн нөхөр Г.Мөнхсүхийг харснаа “чи Хужаа байна, муу Хятад” гэх зэргээр хэлсэн. Тэгэхээр нь бид хэд “юу яриад байгаа юм, энэ чинь Монгол хүн” гэх зэргээр хэлсэн. Тэр эмэгтэйгийн араас нь өрөөнөөс нь бас хоёр эмэгтэй гарч ирсэн. Тэгээд уг эмэгтэй Х.Хачиндуламтай үсдэлцсэн. Тэр хооронд найз М.Ганцэцэгийн зүүн нүд хэсэгт нь цохьсон. М.Ганцэцэг цохиулаад нүдээ дараад суусан. Түүнд хариу үйлдэл үзүүлээгүй. М.Ганцэцэг тэр үед энэ хүн чинь Хятад хүн биш миний нөхөр, Монгол хүн гэж хэлэхэд тэр саарал цамцтай эмэгтэй М.Ганцэцэгийг “тэгвэл чи Хятад хүнд биеэ үнэлдэг” гэх зэргээр хэлж байсан. Харин намайг цохиж зодоогүй, мөн Ц.Энхтуяа, Х.Хачиндуламыг цохиж зодоогүй. М.Ганцэцэгээс бусад бид хэдэд ер нь гэмтэл учруулаагүй. Миний хувьд цохиж, зодуулаагүй тул надад гомдол санал байхгүй. Дээрх М.Ганцэцэгийг цохьсон эмэгтэй нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

            6. Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...тэр хэдийн цаг нь дуусаад гарч ирэхдээ зааланд өрөө хүлээгээд сууж байсан хүмүүс рүү нэг саарал цамцтай эмэгтэй нь очоод эрэгтэйг нь чи Хятад хүн юм уу гээд асуусан. Харин нөгөө эрэгтэй нь үгүй би Монгол хүн гэж хэлсэн тэгтэл тэр хэд нэг мэдсэн маргалдаж эхэлсэн...Тэгээд Даваабаяр гэж эмэгтэй тэнд байсан эмэгтэйчүүдийн нэгийг буюу Хятад гэж хэлсэн залуугийн эхнэр бололтой хүнийг гараараа нүдэн тус газарт нь цохьсон аль нэг нүд нь цохигдсон байх яг хашаа цохисныг нь сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

            7. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№14738/-ын дүгнэлт:

                        -М.Ганцэцэгийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх-ийн 35/ 

            8. Сэжигтэн Б.Халиунаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би тэр үед тэр хүмүүстэй эхэлж маргаан өдөөгүй. Нэг харсан чинь найз Х.Даваабаяр нь тэр хүмүүс дээр оччихсон. Эрэгтэй залууг нь “Чи Хужаа байна” гэж хэлээд хэрэлдээд зогсож байсан. Тэгтэл нөгөө хүмүүс нь өөдөөс нь хэрэлдсэн. Ингэж маргалдаж байх хугацаандаа найз Х.Даваабаяр тэнд байсан нэг эмэгтэйг нь цохиж авсан байх. Сайн санахгүй байна. Ямар ч байсан Д.Мягмардаваа бид хоёр найз Х.Даваабаярыг тэд нараас салгахаар очоод согтуудаа зууралцсан байсан. Гэхдээ Д.Мягмардаваа бид хэн нэгнийг нь цохиж аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-65/

            9. Сэжигтэн Д.Мягмардаваагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Дуулж дуусаад байсан өрөөнөөсөө гарахад найз Х.Даваабаяр нь нийтийн зааланд сууж байсан хэдэн эмэгтэй нарын өмнө оччихсон маргалдаад зогсож байсан. Юуны талаар яриад байгааг сонсоход тэнд байсан нэг эмэгтэй нь “юу яриад байгаа юм бэ, энэ чинь миний нөхөр” гэж хэлж байсан. Харин нөгөө залуу нь “юу яриад байгаа юм” гэж хэлж байсан. Найз Х.Даваабаяр нь тэр дуулах өрөөнөөс гарангуутаа нийтийн зааланд сууж байсан эмэгтэй нартай хамт явж байсан нэг залууг нь “чи Хятад биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь буюу одоо энэ хэргийн хохирогч эмэгтэй М.Ганцэцэг гэж эмэгтэй “юу яриад байгаа юм бэ, энэ чинь миний нөхөр” гэж хэлсэн. Тэгтэл Х.Даваабаяр нь “Хужаа л байна шдээ, Хятад хүн байна” гэж хэлээд хэрүүл хийсэн. Би тэр үед нь дөнгөж өрөөнөөс хувцсаа өмсөөд гарч ирж байсан юм. Найз Б.Халиунаа бас надтай зэрэг шахуу гарч ирж байсан. Х.Даваабаяр нь өрөөнөөс арай түрүүлж гараад дээрх байдлаар маргаан хийсэн байсан. Тэгээд Х.Даваабаяр нь нэг мэдсэн нэг эмэгтэйтэй барьцалдаж авсан. Дээрх үйл явдал хурдан болж өнгөрсөн. Би найз Б.Халиунаагийн хамт болиоч гээд салгах гэж тэнд очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68, 69-71/

            10. Яллагдагч Х.Даваабаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Тэгээд би тэр залууг нь харсан чинь надад тэр ах нэг л Хятад хүн шиг харагдсан. Тэр үед би нилээн согтолттой байсан тул болсон үйл явдлаа сайн санахгүй байна. Ямар ч байсан тэгж харагдсан болохоор би очоод тэр ахтай хэрүүл өдсөн байх. Ямар ч байсан одоо миний санаж байгаагаар тэр ахаас би “чи Хужаа юм уу, Вьетнам юм уу” гэж асууж байснаа санаж байна. Тэгтэл энэ хэргийн хохирогч эмэгтэй “энэ хүн чинь миний нөхөр шдээ, манай нөхөр Монгол хүн ш дээ” гэж байсан. Тэр ах надад яг юу гэж хэлснийг санахгүй байна. Тэр үед болсон асуудлаа сайн хэлж мэдэхгүй байна. Би тэр ахтай хэрэлдэж байх хооронд хажуугаас эхнэр нь босч ирээд надад цохиулсан байх. Яг сайн санахгүй байна. Би өөрийгөө тэр хохирогч эмэгтэйг яг яаж цохьсон болохоо санахгүй байна. Ямар ч байсан гараараа цохьсон. Ямар ч байсан тэр үед хохирогч эгч миний нүдийг цохьчихлоо гэж хэлж байсан. Тийм аймар гэмтэлтэй байгаагүй. Би мөн тэр үед тэнд байсан нэг эмэгтэйтэй нь үсдэлцэж байснаа санаж байна. Өөр байдлаар хэн нэгэнтэй нь зодоон хийгээгүй. Би өөр хүний биед гэмтэл учруулаагүй. Харин Б.Халиунаа, Д.Мягмардаваа нар бас тэнд байсан хүмүүсийн биед гэмтэл учруулаагүй. Намайг хохирогчийг цохих үйлдэлд энэ хоёр хамт оролцоогүй. Согтуудаа нөгөө хэдтэй л хэрүүл хийж байсан. Намайг тэр хэдээс салгаж холдуулах гэж оролдож байхдаа тэр хэдтэй зууралдсан байх. Удалгүй цагдаа нар ирээд Д.Мягмардаваа бид хоёрыг саатуулсан. Ингээд бид хоёр эрүүлжүүлэхээр орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-75/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Даваабаяр нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№14738/-ын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Х.Даваабаяр нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тухайн караокед үйлчлүүлэхээр хүлээн сууж байсан иргэн Г.Мөнхсүхийг “чи муу Хятад хүн байна” гэж хэлсэн маргалдаж хохирогч М.Ганцэцэгийг “чи муу Хятад хүнтэй уулздаг, бараг Хятад хүнд биеэ үнэлдэг” хэмээн үндэс угсаагаар нь ялгаварлан хэл амаар доромжилж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь “...зүүн ухархайн дотор ханын хугарал...” бүхий хөнгөн гэмтэл учруулсныг бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Х.Даваабаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч М.Ганцэцэгт эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Х.Даваабаярт  3 жил 1 сарын хорих ял оногдуулах нь зохимжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Харин түүний бага насны буюу 7 нас 1 сар 1 хоногтой, 2 нас 8 сар 5 хоногтой, 2 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 115-116/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасны дагуу Х.Даваабаярт 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, түүнд ял шийтгэл оногдуулж, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйл/ үндэслэлээр хойшлуулж байгааг шүүгдэгч Х.Даваабаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь хууль зүйн үр дагавартай болохыг тайлбарлая.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Элжигэн овогт Хилэнбаатарын Даваабаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Элжигэн овогт Хилэнбаатарын Даваабаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Даваабаярын эдлэх 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Х.Даваабаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Даваабаярт 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Даваабаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР