Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 279

 

Д.А-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0325 дугаар магадлалтай, Д.А-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хамитханы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэрээр:  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.6, 17.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.А-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Д.А-ыг томилохыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0325  магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хамитхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: иргэн Д.А-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0325 дугаар магадлалуудыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.А нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Д.А-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд Д.А-ыг томилохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд томилохыг даалгуулахыг хүссэн албан тушаалд гуравдагч этгээд Х.Ж нь хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар жинхлэн томилогдож, улмаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, ажлаас түр чөлөөлөгдөөд байгаа билээ.

Гуравдагч этгээдийн хувьд дээрх байдлаар хууль, журамд заасны дагуу албан тушаалд томилогдож, хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа аван, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаагийн зэрэцээ, түүний албан тушаалд томилсон, амралт олгосон зэрэг тушаалууд хүчинтэй хэвээрээ, Х.Ж нь төрийн албан хаагч хэвээрээ, нэхэмжлэгчийн зүгээс ч эдгээр тушаалуудтай маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийг томилсон нь буруу, хууль бус учраас хуульд заасан баталгааг эдлэхгүй гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлтийг хийж, мөн хэрэгт нотлох баримтыг дутуу цуглуулан өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, түүнийг нь давж заалдах шатны шүүхээс хамгаалж, хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь, гуравдагч этгээд Х.Ж-гийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 100 дугаар зүйлийн 100.1-т “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”, 104 дүгээр зүйлийн 104.1-т “эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж тус тус заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа бөгөөд хуулийн дагуу амралтаа эдэлж байгаагийн зэрэгцээ төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа, нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл, Х.Ж нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах зэрэг  асуудал   зохицуулагдах   ёстой.  

Гэтэл   Төрийн   албаны   тухай   хууль   болон Хөдөлмөрийн тухай хуульд огт байхгүй нөхцөл байдал буюу үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд ажлаас чөлөөлөгдөх болоод байна. Түүнчлэн захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь, хэрэгт гуравдагч этгээд Х.Ж-г ажилд жинхлэн томилсон тушаал авагдаагүй байгаагаас болоод түр томилогдон ажиллаж байгаа учраас төрийн албан  хаагчийн баталгааг эдлэхгүй, ажлын байр хадгалагдаагүй зэргээр дүгнэсэн нь шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Х.Ж-г ажилд томилсонтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй байхад шүүхүүдээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийж, байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0325 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар албан бичгээр “... Баяннуур сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагч Х.Даулетбек өндөр насны тэтгэвэрт гарсан тул тус ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж өгөх”-ийг хүссэний дагуу Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс уг сул орон тоог “... нөөцөөс нөхөх”-өөр олон нийтэд зарласан, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэн, тус салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн нэхэмжлэгч Д.А нь уг албан тушаалд нөөцөөс нэр дэвшихээр бүртгүүлсэн, улмаар Баян-Өлгий-аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар тогтоолоор уг албан тушаалд Д.А-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “... /хуульд/ заасан ерөнхий болон … тусгай шаардлага, … болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх”-ээр, 17.3-т “... /иргэдээс/ төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх”-ээр, 17.6-д “... шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулах”-аар тус тус зааснаас үзэхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 37 дугаар тогтоолоор “Баяннуур сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагч”-ийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшүүлсэн Д.Аыг уг албан тушаалд томилох үүрэгтэй, ийнхүү томилоогүй нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, хууль бус, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд Х.Ж нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, уг байдлаараа төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлага, болзлыг хангаагүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид уг асуудлаар маргаагүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гуравдагч этгээдийн хувьд ... хууль, журамд заасны дагуу уг албан тушаалд томилогдсон” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Гуравдагч этгээд Х.Ж-г маргаан бүхий албан тушаалд томилсон хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/08, түүнд жирэмсний болон амаржсаны амралт олгосон мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалууд “хүчинтэй” байгаа нь хариуцагчийг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Д.А-ыг маргаан бүхий албан тушаалд томилох үүргээс чөлөөлөх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх уг хуулийн тусгайлсан журмыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд, “нэхэмжлэгч Д.А-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Д.А-ыг томилохыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь төрийн жинхэнэ албанд “зохих ёсоор” томилогдоогүй гуравдагч этгээд Х.Ж-гийн “...төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа, нэмэгдэл баталгааг эдлэх эрх”, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, эдгээр үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хамитханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0325 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА