Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 886

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00795/и

...аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ...аймгийн ... сумын ... дугаар баг, ...дүгээр хэсэг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух ...овогт А.Х /РД:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...аймгийн ... сум, ... дугаар баг, ... дүгээр хэсэг, ... тоотод оршин суух ... овогт Н.Г /РД:.../-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Хшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Хнь Н.Гзээлийн гэрээг 2019 оны 05 сарын 28-ны өдөр байгуулж, 2,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Гэрээнд зээлийн хүүг 10 хувиар тохирч, 1 сарын хугацаатай байгуулсан. Н.Г нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, огт төлөлт хийгээгүй бөгөөд 2019 оны 12 сарын 10-ны өдөр дахин тооцоо нийлж, үндсэн төлбөр 2,500,000 төгрөг дээрээ 3 сарын хүү 750,000 төгрөг, нийт 3,250,000 төгрөгийг төлнө гэдгээ баталж, Н.Г нь өөрөө бичиж гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ гэх баримтыг төлбөр тооцоогоо нийлсэн баримт гэж хэлж болно. Иймд хариуцагч Н.Гээс зээлийн үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 750,000 төгрөг, нийт 3,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Хнь хариуцагч Н.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 2,500,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 750,000 төгрөг, нийт 3,250,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тшүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар 2020 оны 07 сарын 30-ны өдөр түүний ... дугаарын утсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийвдвэрлэсэн болно.

 

            Хэрэгт авагдсан 2019 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд 2,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон, нэхэмжлэгч А.Хнь хариуцагч Н.Гт 2,500,000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлэн өгсөн болох нь тус зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.1-д “зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно”, 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х “хариуцагч Н.Гийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 2019 оны 12 сарын 10-ны өдөр дахин тохиролцоо хийж, нийт тооцоог 3,250,000 төгрөгөөр тооцож, хариуцагч Н.Г төлөхөөр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 750,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарладаг болно.

 

Дээрх гэрээнд зааснаар хариуцагч Н.Г нь нэхэмжлэгч А.Х-д үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, 1 сарын хугацааны 10 хувийн хүү 250,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байгаа бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Н.Гийг зээлийн төлбөрөөс огт төлөөгүй гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тайлбар болон түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад “17 хоногийн хугацаатай гэрээгээ сунгав” гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь 2019 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 28-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд ямар гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 10-ны өдрөөс 17 хоногоор сунгаад байгаа нь тодорхойгүй байна.

Мөн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтын доод хэсэгт “...А.Х-с2019.12.27 нийт өгөх мөнгө 3,250,000 төгрөг өгнө” гэсэн бичилт нь 2019 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нөхцлөөр хүүг тооцож сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт 2 сарын хугацааны хүү гаргуулах тухай шаардлагын үндэслэл нь энэхүү хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд хариуцагч Н.Г нь үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, 1 сарын хугацааны хүү 250,000 төгрөгийг тус тус гэрээний дагуу төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал илүү 2 сарын хүү 500,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тнь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 07 сарын 22-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Гээс 2,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгож,  нэхэмжлэлийн шарадлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 58,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ОЮУНЦЭЦЭГ