Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0273

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                            Хэргийн индекс: 171/2015/0150/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Иргэдийн төлөөлөгч Д.Жамъян,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000292 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд нь:
1994 оны 03 дугаар сарыын 11-ний өдрийн Дархан хот дахь сум дундын шүүхийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 
1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 216 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж үлдсэн 4  сар 25 хоногийг 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн шүүхийн 121 дүгээр захирамжаар тэнсэн суллагдсан,
2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан сум дундын шүүхийн 390 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2003 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 228 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 15 хоногийг тэнсэн сулласан,
2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан сум дундын шүүхийн 311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар,
2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дархан сум дундын шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2008 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Дархан сум дундын шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** 

Шүүгдэгч *** нь 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Дархан сум дундын шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан буюу дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 30-наас 2015 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар баг 26 дугаар байрны 04 тоотод ***ийг нүүрлүү нь гараараа толгой, нуруу руу нь модон сандлаар цохиж хүч хэрэглэн зодож Самсунг S-3 маркийн гар утас, бугуйн цаг зэргийг зэвсгийн чанартай бусад зүйлс хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дархан сумын 13 дугаар баг 26 дугаар байрны 04 тоот ***ын гэрт ороход ***, ***, *** нар байсан. Бид нар 1 шил 0.75 литрийн Болор архи хувааж ууж байхад *** намайг түлхэхэд нь би зөрүүлж хажууд байсан хуванцар сандлаар цохисон. *** буйдан дээр сууж байхад цаг нь унасан байсан. Би ***ийг сандлаар цохичихоод цагийг нь аваад гарсан юм. Тухайн үед хажууд байсан *** эрүүл байсан, болсон явдлыг мэдэж байсан. Би ***ын гэрээс гараад хуучин Дархан руу явахдаа таксины мөнгө байхгүй байсан тул ***ийн цагийг жолоочид барьцаанд үлдээсэн” гэх мэдүүлэг

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”...Би тухайн өдөр үйлчилгээний төв дээр Хаяатай таараад 1 шил архи уучихаад ***ын гэр лүү явсан. Тэгээд ***ийнд очиход ***, ***, *** нар байсан. ***, *** 2 унтаж байсан, *** унтаагүй байсан, тэгээд надад хандаж ах нь хүнд зодуулчихлаа гэсэн, тухайн үед ***ийн нүүр нь шалбарсан, нүүр хэсэгтээ маажуулсан байсан. Тэгээд би мөнгөтэй яахлаараа зодуулдаг юм түлхтэл *** унасан. Унахдаа гараараа тулахад цаг нь тасарч унасан, тэгээд би цагийг нь аваад шууд гарсан юм. Би цагийг таксины жолоочид өгсөн. Надтай хамт ***, Өлзий нар байсан” гэх мэдүүлэг /хэргийн 43-46 дугаар хуудас/

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэгээд ***ын гэрт Гок, *** бид 3 Болор архи хувааж уучихаад би бага зэрэг согтсон ба 1 цаг унтчихаад гэртээ харъя гэж бодоод том өрөөнийх нь буйдан дээр нь хэвтээд жаахан унтсан. Тэгээд байж байтал 22 цагийн үед хаалга чанга цохиод байхаар нь *** босоод хаалгаа онгойлгосон. Тэгтэл Ганбаа гэх залуу орж ирээд газар унтаж байсан Гокийн толгой руу өшиглөөд зодсон. Тэгэхээр нь би босоод Ганбааг боль гэж хэлэхэд Ганбаа миний хамар луу цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгээд Ганбаа миний зүүн гарыг арагш нь мушгиж байгаад миний алтны хольцтой цагийг авсан. Тэгээд миний хүрэмний халаасыг нэгжиж байгаад миний зүүн талын дотор халаасанд байсан Галакси S-3 маркийн гар утсыг авсан. Дахиад зодох гээд байхаар нь би Ганбаатай хамт явж байсан Хаянаа гэх залууг наадахаа аваад гараач гэж хэлэхэд Хаянаа, Ганбаа нар гараад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... би хуучин Дархан явж байсан болохоор тэр 2 залууг замаараа авчихъя гэж бодоод зогстол хаалга онгойгоод 4 хүн болоод чихээд суусан. Тэр 4 залуу миний машинд суухад архи их үнэртэй байсан, тэгээд тэд нар янз бүрийн юм яриад байсан, би тэр хүмүүсийг хартал их эвгүй хүмүүс байхаар нь айгаад шууд очих газар нь хүргэсэн. Шинэ захын буудал дээр буулгасан, тэгтэл нэг ах нь бид нар мөнгөгүй явна, миний дүү машиныхаа дугаарыг өгчих гэхээр нь айгаад шууд хэлсэн, тэгтэл тэр залуу ах нь маргааш өгчихнө, би энд Далай ээж гэдэг цайны газар ажиллуулдаг юм, манай найз цагдаад ажилладаг, маргааш утасдаад авчихъя, түр энэ цагийг авчих гэхээр нь би шууд айгаад авсан, тэгээд тэр ах нар буугаад явсан” гэх мэдүүлэг / хэргийн 23 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайд Гок, *** нар байж байсан. Тэгээд бид 3 Болор архи уугаад амарч байтал орой хаалга нүдээд байсан, тэгэхээр нь *** ах хаалга онгойлготол Ганбаа, Хаянаа 2 хамт орж ирсэн. Тэгтэл *** ах оруулахгүй гэж байх шиг байсан тэгээд маргалдаад зодолдсон, тэгтэл *** ах яагаад байгаан гээд босч ирэхэд Ганбаа сандлаар *** ахыг цохисон, тэгээд цус гарахаар *** аваад гарсан. Харин *** 2 гарсны дараа *** ах цаг мултлаад явчихлаа гээд араас нь гарсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...23 цагийн үед байх, би сайн санахгүй байна хаалга гэнэт хүчтэй нүдсэн, *** очоод онгойлготол *** нэг залуутай орж ирсэн /***/ орж ирээд сандал дээр сууж байхад нь би тухайн үед газар хэвтэж байсан, тэгээд би нэг сэрээд хартал *** ***ийн хажууд очоод суусан байсан, *** тухайн үед хэвтэж байсан юм, тэгсэн чинь *** Гок ахаа *** ***ийн халаасыг уудлаад байна гэхээр нь босоод чи яахлаараа ***ийн халаасыг уудалдаг юм бэ гээд би бариад автал намайг Гок ахаа яах  гэсэн юм бэ гээд барьсан, тэгтэл *** сандлаар цохисон тэгээд би ноль ороод гарж иртэл тэнд байсан бүгд гараад явсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 27, 118 дугаар хуудас/

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***ийг зодуулчихлаа гэхэд нь хохь чинь гээд нүүр цээж хэсэгт нь цохьсон. Дараа нь гарахад *** цаг болон утсыг нь авчихлаа гэж хэлсэн...“гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/

Хохирогч ***, гэрч *** нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...Хаянааг хэзээ орж ирсэнийг мэдэхгүй ямар ч гэсэн үүдний өрөөнд таарах үед нь би зодуулчихлаа гэж хэлэхэд *** намайг цохисон. 
-Ганбаагаас арай сүүлд орсон байх тэгэхэд ямар ч гэсэн *** ах би зодуулчихлаа гэж хэлсэн тэр үед нь Ганбаа хохино гээд ***ийг цохиод авсан.
-Миний эд зүйл том өрөөнд байсан тэр үед хажууд Гок буюу *** байсан харсан байх.
-*** ***ээс эд зүйл авахыг хараагүй, хэд хоногийн дараа *** таараад гар утас болон цагийг нь авсан талаар хэлсэн юм.” гэх тэмдэглэл /хэргийн 140-141 дүгээр хуудас/

2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №1376 дугаартай "Хамар ясны хугарал, толгой, хөмсөгт язарсан шарх, хацарт зулгаралт, зовхи, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 146 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч  *** нь  урьд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан боловч  ялтай байх хугацаандаа  2015 оны 03 дугаар сарын 30-наас 2015 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар баг 26 дугаар байрны 04 тоотод ***ийг нүүрлүү нь гараараа толгой, нуруу руу нь сандлаар цохиж, зэвсгийн чанартай зүйлс хэрэглэн хүч хэрэглэн зодож Самсунг S3 маркийн гар утас, бугуйн цаг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэн судлагдсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 21 ху/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч  ***  /хх 21 ху/, гэрч *** /хх- 22, 119 ху/, А.*** /хх- 26 ху/, *** /хэргийн 27, 118 дугаар хуудас/, *** /хх 24, 113 ху/ нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 1376 дугаартай  дүгнэлт /хх-146 ху/ болон  бичгийн   нотлох  баримтуудаар нотлогдон тоогдоогдсон гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч *** нь 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Дархан сум дундын шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан боловч дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа энэ гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1- дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа боловч шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай бусад зүйлс хэрэглэн бусдыг дээрэмдсэн тул  ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосноор хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэлгүй байх тул “өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч ***ыг энэ гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-дэх  хэсэгт шүүгдэгч  ***ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг хамаарч байх тул түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн цагийг дээрэмдэж аваагүй газар байсныг авсан, гар утсыг аваагүй гэж мэдүүлж байгаа боловч, хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн зэвсэгийн чанартай бусад зүйл сандлаар цохиж зодож авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан,  хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон  болно.

Шүүгдэгч ***ад ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч ***  500,000 төгрөг нэхэмжилж байгааг хуульд зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 134 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,  284, 286, 290, 294,  297 , 298, дугаар  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг энэ гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсэгийн чанартай бусад зүйл хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  ***ад 5 жил 10  хоног хорих ял  шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1- дэх  хэсгийг баримтлан шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан  5 жил 10 хоногийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч үлдэх 3 жил 10 хоногийн хорих ялыг  эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 134 хоног /нэг зуун гучин дөрөв хоног/-ийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар ***аас 500,000 төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1а байрны 84 тоотод оршин суух ***-д олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.


                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                    Ж.МӨНХТУЯА
                 ШҮҮГЧИД:    Г.ГЭРЭЛТ-ОД
                        Т.ЭНХЖАРГАЛ