| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0283/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0274 |
| Огноо | 2015-12-09 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0283/Э/
Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг
Иргэдийн төлөөлөгч Ө.Дэлгэрсайхан,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000553 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
Шүүгдэгч *** нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэг 2 дугаар гудамжны 47 тоот хашааны ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин зэвсэг хэрэглэж иргэн ***ыг хэвлий тус газар нь 2 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ***, *** нартай хуванцар сав авах цэг дээр *** *** нартай тааралдсан юм. Би дэлгүүр ороод тамхи аваад, гараад иртэл ***, ***тай зодолдож байсан, *** аавыгаа салгаарай, аавыг чинь аллаа гээд байсан, би гүйж очоод боль гээд ***ийг салгах гэтэл *** чамд ямар хамаатай юм бэ гээд намайг цохисон юм үүнээс хойш яг юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд би ***ыг хутгалсан байсан” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***гийн өгсөн: “*** хуванцар сав авдаг хашаанд байсан, гэнэт *** *** нар зодолдоод эхэлсэн, би тэр 2-ыг салгах гэж оролдоод дийлэхгүй байсан болохоор ***ийг дуудаж, аавыгаа аваарай ***тай зодолдоод байна гэж дуудахад *** гүйж ирээд тэднийг салгах гээд оролдоход *** ***ийг цохиод толгой уруу нь өшиглөсөн юм. Энэ үед *** хутгалсан байх, гарт нь нэг цагаан юм гялалзахад нь би ***ийг хутгалчихлаа гэж бодоод ***ээ хутгаа хая хая гэж хэлсэн” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***ийн өгсөн: “Үдээс хойно би ***тай тааралдаад манай нөхөр бид 3 батальон орох санаатай явж байтал ***, ***, *** нартай таарсан юм. Гэтэл *** нь ***аас хэрүүл гуйж байгаад, ***ыг сууж байхад нь толгой уруу нь цохиход тэд зодолдож эхэлсэн, тухайн үед дэлгүүрт байсан *** гарч ирээд тэднийг салгах гэж дундуур нь ортол *** ***ийг 2 удаа цохисон юм. Би *** ***, *** хоёрыг салгаж байна гэж бодсон, тэгтэл *** нь ***ыг хэвлийн тус газар нь цохиж байна гэж бодож байтал хажуугаар өнгөрч явсан 2 хүн наад хүн чинь хуталчихлаа гэж хэлэх сонсогдоод харахад *** гартаа хутга байсан байхад нь би ***ыг хутгалсан байна гэж ойлгосон. Тэр дороо *** нь ***ийн хамт хашааны булан тойроод яваад өгсөн. ***ыг харахад хэвлийн тус газраас нь цус гарч байсан, бид цагдаа дуудсан юм..” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “...Би дэлгүүр орж ширхэгийн тамхи аваад эргээд гараад ирэхэд *** гэх залуу *** ахтай барьцалдаад бие биенийгээ газар унагаад цохиод байсан. ***, *** 2 болон *** эхнэртэйгээ бас хажууд нь хараад зогсож байсан. Намайг гараад иртэл *** эгч над руу наад хоёроо салгаач гээд наад залуу чинь аавыг чинь аллаа ш дээ гээд орилсон. Би *** ахыг хүндэлээд ер нь ааваа гэж дууддаг, бид 2 их дотно байдаг юм. Тэгээд би *** болон *** ах хоёрыг салгах гээд дундуур нь ороод болиоч гэтэл *** нь миний хамар луу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь дургүй хүрээд ***г өөрт явсан хар иштэй жижиг хутгаараа гэдэс хавьд нь нэг удаа хутгалсан 2 удаа ч хутгалсан байж магадгүй учир нь би тухайн үед согтуу их уур хүрсэн байсан тул яг хэдэн удаа хутгалсанаа сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар би ***г гэдэс хавьд нь нэг удаа хутгалсанаа санаж байгаа. Надад явж байсан ***г хутгалсан хутга бол өглөө нь би өөрсдийн хуучин хорооллын 39 дүгээр байрны хажуугийн улаан тоосгон дутуу баригдсан барилгаас хуванцар савны хий гаргах зорилгоор авч гарсан хар иштэй жижиг хутга байсан. Тэр хутгаа би өөрийн өмсөж явсан гутлын түрийндээ хийж явсан юм... ” гэх мэдүүлэг /хэргийн 83-84 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “...*** ах явж байгаад эргэж ирээд намайг зүүн бөөр рүү нэг удаа цохисон. ***тай хамт явсан 2 хүүхэн тал талаас зуураад байсан. Энэ үед Баагий гэнэт гарч ирээд намайг хутгалсан. Эхлээд би Баагийг намайг хутгалсаныг мэдээгүй. ***тай зууралдсан, заамдалцсан байхад гэнэт дундуур орж ирээд намайг хутгалсан. Баагий ирээд намайг газар унсан байхад баруун мөр нурууруу гуталтай хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөснийг би санахгүй байна. ...Баагий миний гэдсэнд 2, баруун хавьрагны хавьд 1 нийт 3 удаа хутгалсан. ... ” гэх мэдүүлэг /хэргийн 27-29 дүгээр хуудас/,
“....миний гэдсэнд 2, баруун суганы орчим бас нэг шарх, нийт 3 шарх байхаар нь Баагийг намайг 3 удаа хутгалсан юм байх гэж бодоод тэгж мэдүүлсэн. Гэтэл эмч нар намайг эмнэлгээс гарах гарах үед та 2 газар хутгалуулсан шархтай ирсэн. Харин баруун суга орчим байгаа шарх бол бид таны хатгуулсан шарх хэвлийн хөндий нэвтэрсэн үү үгүй юу гэдгийг чинь тогтоохоор эмнэлэгт зүсэлт хийх гуурс тавьж үзсэн шарх байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр би Баагийд 2 хутгалуулсан юм....”гэх мэдүүлэг хэргийн 30 дугаар хуудас
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.***гийн өгсөн: “...Тэгээд *** манай нөхрийг заамдаад тэр 2 бие биенийгээ заамдалцаж байгаад газар унсан. Энэ үед би болиоч гэхэд *** манай нөхрийг тавихгүй байсан. Тэгсэн Баагий тамхи авчихаад дэлгүүрээс гараад ирсэн. Баагий руу аавыгаа ав салга гэтэл өмднийхөө араас хутга гаргаж ирээд очоод шууд ***г хутгалсан. Гэтэл ***тэй хамт явсан хүүхэн нь Баагийг чи хутгалчихлаа ш дээ гээд орилхоор нь *** гэдсээ дараад доошоо эвхэрээд, Баагий гартаа хар иштэй манай мах ногоо хөшиглөдөг хутга барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.***ийн өгсөн: “...тэгж байгаад намайг заамдаж авахаар нь би яаж байгаа юм бэ чи гэж хэлээд ***ыг зөрүүлж заамдаж аваад зүүн мөрнийх нь тийшээ гараараа түлэхтэл намайг *** миний зүүн мөр лүү гараараа цохисон. Тэгээд би ***ыг хавсарч унагаад тэгсэн *** татаад газар шороон дээр, дээр доороо ороод бие биенийгээ заамдсан чигтээ өнхөрч байгаад заамдсан чигээрээ газраас босч иртэл Баагий цаанаас ирээд бид 2-н дундуур ороод манай эхнэр, *** хоёр бас хажуугаас боль гээд байсан. Тэгээд би ***аас салаад тэгсэн Баагий надад гэнэт л би ***г хар иштэй хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн. ...Баагийгийн ***ыг хутгалсан хутгыг би нүдээрээ хараагүй. ...хамт явж байхдаа манай хоол хүнсэндээ хэрэглэдэг хар иштэй хутга надад явж байсан юм, гай боллоо тэрэнгээр би сая ***ыг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэр үед Баагийгийн гарт хутга байгаагүй, Баагий тэр хутгыг чухам хаанаа хийсэн байсан юм мэдэхгүй байна. Гэхдээ Баагийг хүн хутгалсан хутгыг би энэ асуудал болохоос бүр урд нь харж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...Тэгээд тэнд байж байтал нэг мэдсэн нэрийг мэдэхгүй эхнэр, нөхөр 2 бололтой эрэгтэй хүнтэй *** муудалцаад байсан юунаас болсоныг мэдэхгүй ээ. Тэгж байгаад *** тэр хүнтэй барилцаж аваад бие биерүүгээ чанга дуугараад байсан. ...тухайн үед Баагий харагдахгүй, хаашаа явсан юм мэдэгдэхгүй байж байгаад гэнэт л цаанаас гарч ирээд ***г 2 удаа элэг рүү нь элэгдэх шиг болсон ба Баагий гартаа жижиг хэмжээтэй хутга барьсан, хутганы ир нь гарных нь тэндээс цухуйж байсан ба ***гийн гэдэс хавиас цус гараад царай нь хувхай цайгаад эхэлсэн. ...манай нөхөр сандараад цагдаад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг /хэргийн 98 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...мөнгө яриад хоорондоо маргаад барьцалдаж аваад ***г өвгөн нь цохиж харагдсан. Тэгсэн цаанаас Баагий цаанаас гарч ирээд тэгээд ***г салгах гэсэн тэгсэн өвгөнийг би салгаад цааш аваад эргэтэл манай эхнэр *** Баагий чинь хутгатай байна, ***г Баагий хутгалчихлаа ш дээ гээд хашгирсан. Тэгээд харсан чинь Баагийгийн баруун гарт хар иштэй хутга барьсан, ***гийн гэдэс хавиас цус гарсан байдалтай гэдсээ дарж байсан. Тэгээд би цагдаад дудулага өгсөн. ” гэх мэдүүлэг /хэргийн 50-52 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...Баагий дэлгүүрийн тэнд зогсож байгаад гүйгээд ***, *** 2 дээр очоод тэгээд би тамхиа авах гээд дэлгүүр ороод гараад ирэхэд хутгалчихлаа ш дээ гээд орилоод байсан. Намайг харахад Баагийгийн гарт хар иштэй, иш нь санжигнадаг жижиг хар хутга барьсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/,
2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 943 тоот шинжээчийн: “...***ын биед хэвлийн өмнө хананы шарханууд, 2 гарын тохойн дахь зулгаралт тогтоогдлоо. Хэвлийн өмнө хананд үүссан шарханууд нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Биед илэрсэн 2 гарын тохойны зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 60 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч *** нь ***, ***, *** нарын хамт цуглуулсан 2 дах түүхий эд ундааны лааз, саваа 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэг 2 дугаар гудамжинд байх түүхий эд авдаг газар тушааж архи ууцгаан 47 тоот хашааны ойролцоо байхад нь *** ирж ***оос мөнгө нэхэж шаардсанаас болж тэр хоёр маргалдан ноцолдож байхад нь дэлгүүрийн хажуунаас *** харж, очиход *** ***д хандан ***ийг салга аавыг чинь аллаа /*** ***ийг аав гэж дууддаг байсан/ гэж хэлснээр *** салгахдаа ***т нүүрлүүгээ цохиулж, ***ийг өмөөрч түүний хэвлийн тус газар нь 2 удаа хутгалаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***, *** нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /27-29 дүгээр хуудас/ гэрч *** /хэргийн 44-45 дугаар хуудас/, Б.*** /хэргийн 46-47 дугаар хуудас/, *** /хэргийн 98 дугаар хуудас/, *** /хэргийн 50-52 дугаар хуудас/, *** /хэргийн 55-56 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 943 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ийг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэг 2 дугаар гудамжны 47 тоот хашааны ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин зэвсэг хэрэглэж иргэн ***ыг хэвлий тус газар нь 2 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байна гэж шүүх үзэв.
Учир нь Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь ***, *** хоёрыг маргалдан ноцолдож байхад дэлгүүрийн хажуунаас харж очин салгах явцадаа өөрөө цохиулж, Б.***ийг өмөөрч хутгалсан, дээрхи хэрэг хохирогчийн зүй бус харьцааны улмаас үүссэн болох нь тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчлэв.
Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь хохиролд хохирогчийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй болно.
***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 см урттай хар өнгийн хуванцар бариултай, нийт 19 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
*** нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 132 /нэг зуун гучин хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ***ийг 3 сар баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ***ийн цагдан хоригдсон 132 хоногийн нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн оногдуулсан 3 сарын баривчлах ялыг эдэлсэнд тооцсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 см урттай, хар өнгийн хуванцар бариултай, нийт 19 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД: Г.ГЭРЭЛТ-ОД
Т.ЭНХЖАРГАЛ