Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат

Улсын яллагч Г.Эсэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Алтандөш

Шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарт холбогдох эрүүгийн 1922002920002 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995  оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 9-р баг Мандал 10-15 тоотод оршин суух, Модон овогт Ганбатын Энхтөр /РД:ЗЮ95022213/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 сарын 29-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандал 10-15 тоотод оршин суух, Дугант овогт Ууганбаярын Эрдэнэцэцэг /РД:УЗ95122902/

          Шүүгдэгч Г.Энхтөр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 07 дугаар сарын 01-ээс Үүдэн цахир  ХХК-н Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус салбарын эрхлэгч буюу өөрийн хамтран амьдрагч У.Эрдэнэцэцэгтэй бүлэглэн өөрөө 2.095.845 төгрөгийг завшсан, 

          Шүүгдэгч У.Эрдэнэцэцэг нь 2019 оны 03 дугаар сарын 01-ээс Үүдэн цахир  ХХК-н Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн үйлчилгээний ажилтан буюу өөрийн хамтран амьдрагч Г.Энхтөртэй бүлэглэн  өөрөө 8.276.661 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          - Шүүгдэгч Г.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.  

          - Шүүгдэгч У.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

          - Шүүгдэгч Г.Энхтөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “2019 оны 09 сарын 28-ны өдөр тооцоо нийлээд 5.7 сая төгрөгийн дутагдал гарсан. Энэ нь гэрээт салбарууд дээр зээлээр олгосон төлбөр төлөлт, картын нэгж зэрэг, дээрээс нь 2019 оны 09 сарын 06-ны өдрийн орлогоос 695.902 төгрөг гэх мэтчилэн дутагдлууд байсан. Уг дутагдлууд нь Эрдэнэцэцэг бид хоёртой ямар нэг холбоогүй байсан тул бид хоёр гэрээт байгууллагуудад хандан зээлээр олгосон дүнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт багтаан Үүдэн цахир ХХК-ийн 5041009725 дугаарын дансанд 4.429.243 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа захирал Бэхбаттай утсаар холбогдож хохирлыг барагдуулсан тухай мэдэгдэхэд дахиад 3 сая төгрөг нэмээд хийчих гэж хэлсэн. Учрыг асуухад бараа материалын тооллогоос ингэж дутах ёстой гэж хэлсэн. Тухайн үед бараа материалын тооллогын хариу гараагүй байсан. Ингээд уг үнийн дүнг Эрдэнэцэцэг бид хоёр зөвшөөрөөгүй. 2019 оны 09 сарын 28-ны өдөр 5.700.000 төгрөг байснаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр 8.700.000 төгрөг, 2019 оны 11 сард 10.372.506 төгрөг болж, ажил хүлээлцсэнээс хойш 2 удаа зохиомлоор нэмэгдсэн. Энэ нь Эрдэнэцэцэг бид хоёрын хохирлын хэмжээг үлэмж хэмжээний болгох гэсэн зүйл харагдаж байна. Тухайн үед Эрдэнэцэцэг бид хоёр ажил хүлээлцээд 2 сар гаруй болсон байсан тул бараа материалын тооллогын хариу болон бэлэн мөнгөний дутагдлыг шалгах боломжгүй байсан...” гэжээ.

          - Яллагдагч У.Эрдэнэцэцэг яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

          - Хохирогч Б.Бэхбатын “”Манай компанийн зүгээс 2019 оны 09 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн юнителийн гэрээт салбарын 2019 оны 08 сарын тооцоог Уртнасан гаргаж дуусгахад санхүүгийн зөрчил гарсан. Мөнгө бараа материал дутсан. Тэгээд би салбарын эрхлэгч Эрдэнэцэцэгт утсаар “алдаа дутагдал гарсан байна, оройн цагаар сууж агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн тоолж асуудлаа нэг тийш болго” гэж хэлсэн. Тэгж хэлсэн боловч Дундговь салбарын эрхлэгч Эрдэнэцэцэг алдаа дутагдлаа засаж, байгууллагын хохирол барагдуулахгүй, өмнөх өдрийн орлогыг дараа өдрийн орлогоор нөхөж хийж явдаг  болсон. У.Эрдэнэцэцэгийн явуулсан баримтууд, орж ирсэн орлогыг Уртнасан, Шинэбаяр хоёр тулгаж явдаг байсан боловч мөнгөн дүн болон бараа материалууд  дутаж эхэлсэн болохоор 2019 оны 09 сарын 28-ны өдөр Уртнасан бид хоёр Дундговь аймагт ирээд Эрдэнэцэцэгтэй уулзаад “авлагууд яагаад орж ирэхгүй байгаа юм бэ” гэж асуухад би авсан юм гэхээр нь өөрийнхөө шамшигдуулсан юмаа бичиг өг гэхэд 5,7 сая төгрөгийг авснаа хүлээж төлөх хугацаагаа өргөдлөөр бичиж өгсөн. 2019 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш дахин шалгалт хийхэд бараа бүтээгдэхүүн, төхөөрөмж, гэр интернет, сим карт, ДДШ таваг, удирдлага, орсон орлого нийлээд 10,524,556 төгрөгийн зөрчил илэрсэн, Түүнээс 4,429,243 төгрөгийг Энхтөр, Эрдэнэцэцэг хоёр төлж барагдуулсан, одоо 5,399,411 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Эрдэнэцэцэгийг 2019 оны 09 сарын 28-ны өдөр ажлаас чинь чөлөөллөө шүү, ажлыг нь Баярцэцэг аваад тооцоогоо хийгээрэй гэж хэлээд буцсан юм. Эрдэнэцэцэг 2019 оны 09 сарын 28-ны өдөр “Үүдэн цахир” ХХК-ийн нэр дээр байдаг утасны дугаар дээр самсунг А50 маркийн утсыг лизингээр авсан байсан юм. Эрдэнэцэцэг өөрийнхөө албан тушаалыг ашиглаж зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн самсунг А50 маркийн утсыг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-рт/

            - Гэрч Ц.Уртнасангийн “...Дундговь аймгийн Юнителийн гэрээт салбарын орлогын мөнгө их удлаа гэхэд 2-3 хоногийн дотор ордог байсан болов  ч бүүр сүүлдээ 14-15 хоногийн дараа ордог болохоор 2019 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн программ дээрх тайлангууд дээрээ тулгалт хийж эхэлсэн чинь авлага хэвийн хэмжээнээс хэт их нэмэгдсэн байхаар нь салбарын эрхлэгч  Эрдэнэцэцэгтэй утсаар холбогдоод “авлага их байна, ямар учиртай юм бэ” гэж асуухад “дэлгүүрүүд дээр авлагатай байгаа, удахгүй хийнэ” гэсэн хариу өгөөд байхаар нь биеэр шалгаж үзэх гээд  2019 оны 09 сарын 28-ны өдөр Дундговь аймагт ирсэн. Тухайн үед эрхлэгч байсан Эрдэнэцэцэг, ажилтан Баярцэцэг, Пүрэвцэнд нарын хамт тайлангийн баримтаа тулгаж үзээд авлага гэсэн байхаар нь “энэ авлага ямар учиртай авлага юм бэ, яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм, ямар дэлгүүрүүд юм бэ” гэж асуухад Эрдэнэцэцэг аймгийн томоохон дэлгүүрүүд болох “Номгон” “Хайрхан” гэх мэт дэлгүүрүүдийн нэрийг хэлэхээр нь би “одоо залгаж яагаад мөнгөө өгөхгүй байгаа талаарх шалтгааныг асуу” гэхэд Эрдэнэцэцэг залгаагүй. Хэсэг байж байгаад “надтай холбоотой юмаа, би авчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэцэцэгтэй хамт тушаах ёстой орлогыг  тулгаж үзэхэд 7.371.813 төгрөгийг тушаагаагүй зөрчил илэрсэн.  Тэгэхээр нь Эрдэнэцэцэгээс яагаад ийм их хэмжээний дутагдал гарж байгааг асуухад Эрдэнэцэцэг би “эгчдээ зээл хийгээд өгчихсөн юм. Тэрний төлбөрт өгсөн юм” гэж хэлсэн. Тэгээд би Энхтөрийг оруулж ирээд “Эрдэнэцэцэгийг мөнгө аваад байгаа талаар мэдэх үү”  гэж асуусан чинь “мэдэж байгаа,  Эрдэнэцэцэгийн эгчид нь зээл аваад өгсөн болохоор тэр өрөө төлж чадахгүй, тэрнийхээ өрөнд орсон юм” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэцэцэг, Энхтөр хоёрыг санхүүгийн хариуцлагагүй, ажилдаа алдаа дутагдал гаргасан учраас ажлаас нь чөлөөлж байна, ажлыг нь Баярцэцэг хүлээж авна гэж хэлээд явсан.

Тэгээд Баярцэцэг,Эрдэнэцэцэг хоёр ажил хүлээлцэх гээд байгаа материалын тооцоогоо хийж над руу баримтаа  явуулахаар нь тулгаж үзсэн чинь ДДШ төхөөрөмж, /антен/ гэр интернетийн төхөөрөмж, юнивишний удирдлага, сим карт дутсан. Мөн Эрдэнэцэцэг 2019 оны 02 сарын 28-ны өдөр “Үүдэн цахир” ХХК-ийн нэр дээрх утасны дугаар дээр хувьдаа лизингээр зөвшөөрөлгүй утас авч компанид нийт 9,828,654 төгрөгийн учруулсан байснаас 4,429,243 төгрөгийг Энхтөр, Эрдэнэцэцэг хоёр төлж барагдуулсан. Ер нь бол Эрдэнэцэцэг, Энхтөр хоёр дараа өдрийн орлогыг өмнөх өдрийнхөө орлогоор хийгээд яваад байсан юм байна лээ. У.Эрдэнэцэцэг, Г.Энхтөр хоёрын яг хэн нь хэдэн төгрөг авч хувьдаа ашигласныг мэдэх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17/

 

- Гэрч Ц.Уртнасангийн 2 дахь удаагаа өгсөн “...дээрх дугаартай гэр интернет зарж борлуулагдсан мэдээлэл программ дээр огт байхгүй. BRX7S 18613001318 гэр интернет программ дээр Эрдэнэдалай сум руу гарсан гэж харагдаж байгаа болохоос шилжүүлсэн гэсэн огт баримт байхгүй. Тухайн үед Эрдэнэцэцэг нь ямар нэгэн тайлбар хэлж чадахгүй байсан юм. Уг нь бол зарлагын падаанаар өгсөн байх ёстой. VXD7S1904001052, VXD7S18C10000898  дугаартай гэр интернет Дундговь аймгийн Юнителийн салбар дээр байгаа төлөвтэй боловч салбар дээр бодитойгоор байхгүй байна. Эрдэнэцэцэгээс  VXD7S1904001052, VXD7S18C10000898  дугаартай гэр интернетийг хаашаа явуулсан талаар асуухад тухайн шалгалт хийж байх үед ямар нэгэн тайлбар хэлэхгүй байсан. VXD7S1904001052 VXD7S18C10000898    дугаартай гэр интернетүүд одоо хаана байгааг мэдэхгүй, ашиглагдаагүй төлөвт байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/

-  Гэрч Г.Баярцэцэгийн “...Би Дундговь аймгийн юнителийн салбарт ажиллаж байхад 2019 оны 09 сард “Үүдэн цахир, ХХК-ийн  захирал Б.Батбэх, Ц.Уртнасан нар ирж ажил шалгасан юм. Тэгэхэд тухайн үед ажиллаж байсан У.Эрдэнэцэцэг, Пүрэвцэнд бид нарыг суулгаад “зарим тушаах ёстой орлого албан байгууллагуудаас авах ёстой байсан  орлого ороогүй болохоор тухайн байгууллага болон хувь хүн лүү залгаж орлогоо нэхэж ав, утсаар ярь” гэж Уртнасан захирал хэлсэн чинь Эрдэнэцэцэг “би өөрөө аваад хэрэглэсэн юм” гээд тухайн орлого өгөөгүй байгаа хувь хүн, байгууллага руу яриагүй юм. Тэгээд Пүрэвцэнд бид хоёрыг гаргаад У.Эрдэнэцэцэг, Г.Энхтөр нартай Ц.Уртнасан захирал тусдаа уулзсан юм. Тэр өдрөөс хойш Эрдэнэцэцэг, Энхтөр хоёрыг ажиллуулаагүй юм.

Ц.Уртнасан, Б.Бэхбат хоёр тухайн үед Пүрэвцэнд бид хоёртой уулзаад “Эрдэнэцэцэг, Энхтөр хоёр байгууллагын мөнгийг зөвшөөрөлгүй авсан учраас өнөөдрөөс халж байна, ажил болон бусад юмнуудыг намайг хүлээж ав” гэсэн юм. Тэгээд сарын сүүлийн өдөр тооллого хийгээд хэд хоногийн дараа хариу нь ирсэн чинь 3 ширхэг гэр интернетийн төхөөрөмж дутсан юм. Тэгээд тухайн үед салбарыг Эрдэнэцэцэг хариуцаж байсан учраас дутагдал гарсныг Эрдэнэцэцэг дээр тооцсон байх, энэ талаар сайн мэдэхгүй байна.

Тухайн өдрийн өглөөний 09 цагаас 17ц аг хүртэл орсон орлогыг нэг хүн дээрээ бөөгнүүлж 17 цагт банкнаас хүн ирж авахад хүлээлгэж өгдөг юм. Тухайн өдөр хэдэн төгрөгийн орлого хийсэн, түүнийгээ нэг болгож өгдөг юм. Тухайн хүн өөрийнхөө орлогыг тухайн өдөрт нь тушаах ёстой байдаг юм. Эрдэнэцэцэг, Энхтөр хоёр тухайн өдөрт тушаах орлогоос тушаагаагүй алдаа гаргасан юм гэж би ойлгосон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21-рт/

 

- Гэрч У.Оюунцэцэгийн “Би 2018 оны 01 дүгээр сард дүү У.Эрдэнэцэцэгийн нэр дээр ХААН банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл хийлгүүлж, 1 сая төгрөгийг нь У.Эрдэнэцэцэг аваад үлдсэн 7 сая төгрөгийг нь би авч хэрэгцээндээ хэрэглэсэн. Би У.Эрдэнэцэцэгээр хийлгэсэн цалингийн зээлийг 2019 оны 02 сар хүртэл төлж явсан. 2019 оны 02 сараас хойш У.Эрдэнэцэцэг өөрөө цалингийн зээлээ төлж яваа ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-рт/

 

- Гэрч Н.Мөнхжаргалын “...Би Юнителийн Эрдэнэдалай сумын гэрээт борлуулагчийн ажил хийдэг. 2019 онд гэр интернетийн төхөөрөмж авч борлуулж байсан нь үнэн. Тухайн хугацаандаа авсан төхөөрөмжүүдийг борлуулж дууссан. Гэрээний нэг нь авсан хүнд, нөгөө нь аймгийн төв рүү явдаг. Надад үлдэх баримт бол байдаггүй. Тэгэхдээ тухайн 2019 онд өгсөн төхөөрөмжүүдийг бүртгэсэн миний өөрийн гар хөтөлгөө байдаг. Би ирсэн гэр интернетийн төхөөрөмжүүдийг бүгдийг нь зарж борлуулаад холбогдох баримтуудыг Дундговь аймаг дахь Юнителийн салбарт хүргүүлсэн. Надад одоо ямар ч гэр интернетийн төхөөрөмж байхгүй. Би сериал дугаараар нь бүртгэж авдаггүй. Би хэнтэй холбогдож байснаа мэдэхгүй, надтай Дундговь аймаг дахь Юнителийн салбараас гэр интернетийн төхөөрөмжийн үлдэгдэл хэд байна гэж, мөн тулгалт хийх гэж сарын сүүлээр ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-рт/

 

- Гэрч О.Ганбатын “...Манай хүү Г.Энхтөр нь 1995 оны 02-р сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1-р сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь аймгийн мэргэжил сургалтын төвд цахилгаанчны ангид суралцаж төгссөн. Урьд нь хэрэг төвөгт орж байгаагүй. Зан байдлын хувьд хүү маань их тусч нийтэч, хүнд тусархуу, архи тамхи хэрэглэдэггүй, зөв хүмүүжилтэй хүүхэд, ажилсаг, дөлгөөн тайван зантай. Би Г.Энхтөрийг хүнд туслах гэж байгаад ийм хэрэгт оролцсон байх гэж бодож байна. Бэр У.Эрдэнэцэцэг зан байдлын хувьд төлөв даруухан, нийтэч хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 133-134/

 

- Гэрч Г.Баярмаагийн “...Манай охин Эрдэнэцэцэг нь 1995 оны 12-р сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын эх нялхаст төрсөн. Бага насаа аав, ээж, эгч нарын хамт өнгөрүүлсэн. Цэцэрлэг сургуульд суралцсан. Хүний нөөцийн мэргэжилтнээр төгссөн. Одоо Дундговь аймгийн Сайнцагаан суманд нөхөр Г.Энхтөр охин Э.Есүй нарын хамт амьдарч байгаа. Миний  охин Эрдэнэцэцэг даруу төлөв зантай,  их төлөв хүн, янз бүрийн ааш байхгүй, ажилсаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 135-136/

 

-  Гэрч М.Мөнхболдын “...Би 2019 оны 02-р сард байна уу 03-р сард өглөө болгон нэгжийн карт хүлээн авч аймгийн төвийн дэлгүүрүүдэд тараалт хийдэг байсан юм. Тухайн үед би дотроо 10 ширхэг карттай 7 хайрцаг 3000 төгрөгийн нэгжийг тараах гэж авсан байсан боловч тараагаагүй. Өөр дээрээ байлгаж байгаад хэд хоногийн дараа тэр тараах гэж авсан байсан нэгжээс нэг багц буюу 10 ширхэг 3000 төгрөгийн нэгжийг “Мэнгэт баян булаг” буюу Өндөр ээжийн баруун талд байдаг дэлгүүр  зарсан юм. Тэгсэн тухайн үед салбарын эрхлэгч Эрдэнэцэцэг нэгжүүдээ буцааж аваад ир / ирж тооцоогоо хий/ гэсэн болохоор 6 багц нэгжийг хүлээлгэж өгсөн юм. Нэг багц нэгжийг зарсан байсан болохоор мөнгийг өгсөн. Өөрөөр алдаа дутагдал гаргаж байсан асуудал байхгүй. Би тэр нэгжийг хувьдаа ашигласан юм бол байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 135-136/

 

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтэд:  “Үүдэн цахир” ХХК-ний  2020-ны 03 сарын 25-ны өдрийн 231 дугаартай өр төлбөр тогтоох акт нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр “Үүдэн цахир” ХХК-д Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр ажиллаж байсан У.Эрдэнэцэцэг нь 8,276,661,00 төгрөг, үйлчилгээний ажилтан Г.Энхтөр нь 2,095,845,00 төгрөг, нийт 10.372.506.00 төгрөгийн авлагын үлдэгдэл гарсан. Энэ нь “Үүдэн цахир” ХХК-ийн 2019 оны 09 сарын борлуулалтын дэлгэрэнгүй тайлан, өр авлагын бүртгэл, тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байна.

Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд Дундговь аймаг дахь  “Үүдэн цахир” ХХК-д Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр ажиллаж байсан У.Эрдэнэцэцэг нь 8,276,661,00 төгрөг үйлчилгээний ажилтан байсан Г.Энхтөр нь 2,095,845,00 төгрөг нийт 10,372,506,00 төгрөгийн авлагын үлдэгдлийг 2019 оны 09 сарын 01-ээс 2019 оны 09 сарын 30 хүртэлх хугацаанд гаргасан байна. Үүнээс  “Үүдэн цахир” ХХК-ний нягтлан бодогч Ц.Уртнасангийн ХААН банкны 5041009725 тоот дансны хуулгаар орсон орлого болон хөнгөлөлт нийт 5,499,243,00  төгрөгийг хасаж тооцно

Шинжилгээгээр  “Үүдэн цахир” ХХК-ийн нийт авлагын үлдэгдэл 4,873,263,00 төгрөгөөс 3,437,414,00 төгрөгийн зөрчил дутагдаж тооцогдож, 1,435,849,00 төгрөгийн нийт дүнтэй хоёр ширхэг А50 утас нь урт хугацааны гэрээтэй боловч, төлөлтийг хэн хэдэн төгрөг төлж байгаа, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй эсэхийг тогтоох, бодит хохирлыг нотлох санхүүгийн баримт шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэжээ. /1-р хх-ийн 71-73/  

 

  • Үүдэн цахир ХХК-ийн захирал Б.Бэхбат, ерөнхий нягтлан бодогч Ц.Уртнасан нарын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 тоот өр төлбөр тогтоосон акт /1-р хх-ийн 78-87-рт/
  • Үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 55-56-рт/
  • Үүдэн цахир ХХК-ийн “хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тухай ” 2021 оны 02 сарын 17-ны өдрийн албан бичиг /3-р хх-ийн 200/
  • Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч У.Эрдэнэцэцэг нь 2019 оны 03 дугаар сарын 01-ээс Үүдэн цахир  ХХК-д Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн үйлчилгээний ажилтан буюу өөрийн хамтран амьдрагч Г.Энхтөртэй бүлэглэн  өөрөө 8.276.661 төгрөгийг завшсан, шүүгдэгч Г.Энхтөр нь 2019 оны 07 дугаар сарын 01-ээс Үүдэн цахир  ХХК-д Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус салбарын эрхлэгч буюу өөрийн хамтран амьдрагч У.Эрдэнэцэцэгтэй бүлэглэн өөрөө 2.095.845 төгрөгийг завшсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч У.Эрдэнэцэцэг нь Үүдэн цахир  ХХК-д Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр, шүүгдэгч Г.Энхтөр нь  Үүдэн цахир  ХХК-д Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг болон хөрөнгө борлуулсны орлогыг хувьдаа завшиж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Шүүгдэгч У.Эрдэнэцэцэг нь Үүдэн цахир ХХК-д Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон боловч Эрүүгийн хуулийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх шинж тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Эрдэнэцэцэг нь Дундговь аймаг дахь Юнителийн гэрээт салбарын эрхлэгчээр ажиллаж байсан хэдий ч бусад үйлчилгээний ажилтнуудын нэгэн адил тухайн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, эд хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй байх тул эрхлэгчийн албан тушаалаа ашигласан гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна.

          Иймд шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарт холбогдуулан Эрүүгийн  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзээд шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нар нь өөрсдийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ.

          Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” санал гарган шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарт холбогдох эрүүгийн 1922002920002 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Модон овгийн Ганбатын Энхтөр, шүүгдэгч Дугант овгийн Ууганбаярын Эрдэнэцэцэг нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн  хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Энхтөр, У.Эрдэнэцэцэг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч  нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Г.МӨНХБАТ