Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 896

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00539/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...хот, ... дүүрэг, ... хороо, ... тоот хаягт байрлах /Компанийн регистр: .../, И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ...сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, ... овогт Б.А-д холбогдох

2 443 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь тус компаниас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 650 000 төгрөгийг 5.9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүгийн эргэн төлөлтийг сар бүр төлж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгах байсан. Гэвч Б.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба өнгөрсөн хугацаанд зээлээ 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 270 000 төгрөг төлсөн боловч үлдсэн хугацаанд нэг ч удаа төлөөгүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 09-нэий өдрийн байдлаар Б.Агийн үндсэн зээлийн үлдэгдэл 1 412 450 төгрөг, зээлийн хүү 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 341 хоногийн хугацаанд нийт 1 030 800 төгрөг, нийт 2 443 250 төгрөг байна. Б.Агийн зээлийн хүүг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцосон болно. Иймд Б.Агаас зээлийн гэрээний үүрэгт 2 443 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.А 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр группын мөнгөө барьцаалан 8 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл И ХХК-ийн зээлийн хоршоо нь анх миний бие Б.А нь 1 650 000 төгрөг аваад үүнээс 1 сарын мөнгө болох 270 000 төгрөг төлөөд явна байтал миний бие аргагүй байдлын улмаас эмнэлэгт хэвтэн 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байсан учраас өрхийн орлого байхгүйн улмаас тухайн зээлийг төлж чадахгүй удаасан нь үнэн болно. Энэ тухайн миний бие нь аргагүй байдал зовлонгоо тоочиж байсан боловч миний энэхүү аргагүй байдлыг илтэд үл хүндэтгэн хууль мэдэхгүйг далимдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1 412 450 төгрөг, зээлийн хүү 1 030 800 төгрөг, нийт 2 443 250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж үндсэн зээл 1 412 450 төгрөг, хүүгийн төлбөр 947 236 төгрөг, нийт 2 359 686 төгрөг гаргуулахаар шаардаж, үлдэх төгрөгийн шаардлагаас татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч И ХХК нь группын мөнгө барьцаалж зээл өгөх эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.А нар нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2595 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ээр хариуцагч Б.Агийн нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэмжийг барьцаалан, 1 650 000 төгрөгийг, сарын 5,9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай олгохоор гэрээ байгуулж, зээлдэгч Б.Ад зээлийн төлбөрийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн төлбөрт 270 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч Б.А нь барьцаат зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, нэхэмжлэгч байгууллага нь группын мөнгө барьцаалж зээл олгох эрхтэй эсэх талаар тодруулахаар И ХХК-ийн дотоод журам, зээл олгох тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны дагуу нотлох баримтаар И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, И ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмыг ирүүлсэн байна.

И ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдаж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгасан байх бөгөөд зээл олгохдоо зээлийн үйл ажиллагааны журмын 10.1.1-д Барьцаалан зээлдүүлэх байгууллага нь хуулиар хориглоогүй бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч, батлан даагчийн хууль ёсны өмчлөлд байгаа хөдлөх болон эд хөрөнгийн эрх, мөн зээлдүүлэгчээс зөвшөөрсөн бусад эрх, эд зүйлийг барьцаалж болно гэж заасны дагуу зээлдэгч нарын эд хөрөнгийг барьцаалахаар, зээлдүүлэгчийн зээлийн зорилго, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, барьцааны зүйл, зээл эргэн төлөх эх үүсвэр зэргийг судалж зээл олгохоор журамласан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах, 286.2-т Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохирч тогтооно, 286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул Барьцаалан зээлдэх зээл олгох эрхгүй этгээд гэж маргаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Б.А нь гэрээнд зааснаар үндсэн зээл 1 650 000 төгрөг, түүний хүү 1 650 000 төгрөгх5.9% =97350 төгрөг /1 сарын/, 8 сар х 97350 төгрөг=778 800 төгрөг, нийт 1 650 000 төгрөг+ 778 800 төгрөг =2 428 800 төгрөг төлөх үндсэн үүрэгтэй бөгөөд үүнээс 1 сарын төлбөрт төлсөн 270 000 төгрөгийг хасч, 2 158 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Б.А д шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Б.А-аас 2 158 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, 200 886 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 042 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 491 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА