| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0298/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0276 |
| Огноо | 2015-12-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0298/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч ***,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000595 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 16-нд Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн өрлөгчний курст сурдаг, ам бүл 3, ах, эгчийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, Урьд:
-Сэлэнгэ аймгийн сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эмээ, эхнэр, 1 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***
3. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ***тоотод оршин суух, Урьд:
-2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
4. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 03-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн гагнуурын 3 дугаар курст сурдаг, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг Хушаатын12-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***
Шүүгдэгч ***нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Ширээ нуруунд байх иргэн ***ын ногооны талбайгаас 8 шуудай буюу 304 кг тарвас хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 12-нд ширээ нуруунаас ногоо аваад ***ыд аваачиж тавьсан. Маргааш нь машин олж Буян зах дээр очиж кг-ийн нь 800 төгрөгөөр зарж 210.000 төгрөг болохоор нь ачсан машиндаа 5000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 12-нд Цогтбаатар манайд ирээд ширээ нуруунаас ногоо авъя гээд орой уулзахаар болсон. Бид орой саадан дээр очсон чинь ***, *** хоёртой таарсан. Тухайн үед бороо орж байсан болохоор больё гэсэн чинь *** “би ойрхон ногоотой газар мэднэ” гээд тэр газарруу нь явцгаасан. Бид нар 8 шуудай тарвас аваад манайд аваачиж тавиад маргааш нь машин олж Буян зах дээр аваачиж кг-ийн нь 800 төгрөгөөр зараад 210.000 төгрөг болохоор нь ачсан машиндаа 5000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 12-нд ширээ нуруунаас ногоо аваад ***ыд авч ирж тавьсан. Маргааш нь машин олж Буян зах дээр аваачиж 200 гаруй мянган төгрөгөөр зарж бид нар тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 12-нд ширээ нуруунаас ногоо аваад ***ыд авч ирж тавьсан. Маргааш нь машин олж Буян зах дээр аваачаад хилийг нь 800 төгрөгөөр зарж 210.000 төгрөг болохоор нь бид нар тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дархан-Уул аймгийн 2-р багт орших ширээ нурууны ногооны талбайгаас тарвас алга болсныг өглөө 6 цагт мэдээд дуудлага өгч цагдаа нар ирж үзлэг хийгээд 304 хил тарвас хулгайд алдагдсан гэж тооцоолсон. Одоогоор гомдол санал байхгүй, хохиролоо барагдуулсан. Шүүгдэгч нар энэ явдлаас их сургамж авсан байх гэж бодож байна. Тиймээс шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд карьер дээр 23 цаг өнгөрч байхад очоод тэндээ авсан пивоо уучихаад 01 цагийн орчим *** ***, *** бид 4 карьерын хажууд байрлах ногооны талбай руу ороход *** талбайн голд хучсан юм байна түүнийг очиж үзье гэхээр нь бид 4 очиж үзэхэд шуудайтай тарвас байсан. Тэгэхээр нь бид 4 нэг, нэг шуудайг үүрээд ногооны талбайгаас гаргаад карьерын хажуу талын жалганд тавьж байгаад буцаж яваад дахиж нэг нэгийг үүрээд урд нь тавьсан 4 шуудай тарвастайгаа нийлүүлж тавьчихаад тэндээ хэсэг амарч байгаад тарвасаа үлдээгээд древень рүү машин олж ирэх гээд 4-лээ алхсан. ...Буян захын шатны доогуур ногоо зардаг хүмүүстэй уулзаж байгаад нэг ах эгч 2-т нэг кг-ийг нь 800 төгрөгөөр зарахаар болоод буцаад нөгөө ирсэн машин руу *** ***ын утсаар ярихад уулзвар дээр байна гэхээр нь бид захаас таксинд суугаад уулзвар дээр буугаад нөгөө таксины жолоочтой уулзаад 5000 төгрөгөөр зах орчоод ирэхээр тохирсон. Ингээд бид 4 машинаа аваад ***ыд очоод тарвасаа ачаад зах руу очоод тарвас авахаар тохирсон хүндээ тарвасаа зарахад нийт 200 гаруй мянган төгрөг болж байсан яг одоо хэд болж байсныг нь би сайн санахгүй байна. Бид нар мөнгөө авчихаад таксины жолоочид 5000 төгрөг өгөөд 20.000 төгрөгөөр нь хоолонд ороод нэг хүний 50000 төгрөгөөр хувааж авсан” гэх мэдүүлэг /хэргийн 65-66 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...23 цаг болж байхад очоод тэндээ сууж байгаад пивоо уучихаад 00 цаг өнгөрч байхад карьерьт байрлах ногооны талбай руу орж талбайн голд байрлах туургаар хучаад тавьсан байсан шуудайтай тарваснаас хүн тус бүр нэг нэг шуудайг үүрээд буцаад карьер луу явж тэндээ буулгачихаад бүгдээрээ дахиад нэг нэг явья гэж яриад дахин ногооны талбай орцгоогоод мөн нэг нэг шуудай тарвас үүрч гарч ирээд урд буулгасан байсан тарвасан дээрээ нэмж тавьчихаад бөөндөө ачиж древень рүү оруулах машин олох гээд уулзвар луу явсан. Тэгээд древеньгийн уулзвар дээр 01 цагийн орчим ирэхэд тэнд нэг цагаан өнгийн машин зогсож байсан тэгэхээр нь би очоод жолоочтой нь уулзаад карьерийн ард байдаг ногооны талбайгаас 8 шуудай тарвас аваад ирье танд 5000 өгье гэхэд жолооч тэгье гэхээр нь би цаана зогсож байсан найз нараа дуудаж машинд суулгаад карьер луу очоод тарвасаа тэр машинд ачаад буцаад древеньд манайд ирээд манай хашаанд буулгахад би найз нартаа маргааш хүрээд ир бүгдээрээ маргааш бирж орж тарвас авах хүн байна уу асууж байгаад энийгээ зарья гээд салцгаасан. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг болж байхад манайд цуглацгаагаад хуучин бирж дээр очоод шатны доор жимс зардаг ХҮН дээр очоод тарвас авах уу гэхэд шатны доор байсан ганц лангуутай хүн аваад ир гэхээр нь 1000 төгрөгөөр авья гэхэд бид нар хүлээн зөвшөөрөөд биржээс саарал соната маркийн машинд суугаад древень руу манайх руу явцгаасан....” гэх мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нөгөө гуравт хандаж би древеньгийн гүүрний цаана ойрхон ногооны талбай мэднэ тэндээс очиж авах уу гэхэд бүгд зөвшөөрөөд сараанаас гараад дэлгүүр явж тэндээсээ 2 том савтай пиво аваад Ширээ нурууны талбайн тийшээ алхацгаагаад карьер дээрээ 23 цаг өнгөрч байхад очоод тэндээ сууж байгаад пиво уучихаад 00 цаг өнгөрч байхад карьерийн ард байрлах ногооны талбай руу орж талбайн голд байрлах туургаар хучаад тавьсан байсан шуудайтай тарваснаас хүн тус бүр нэг нэг шуудайг үүрээд буцаад карьер луугаа явж очоод тэндээ буулгачихаад бүгдээрээ дахин 1 явья гэж яриад дахин ногооны талбай руу орцгоогоод дахин 1, 1 шуудай тарвас авч гарч ирээд урд буулгасан байсан тарвасан дээрээ нэмж тавьчихаад бөөндөө древень рүү оруулах машин олох гээд уулзвар луу алахсан тэгээд уулзвар дээр 01 цагийн орчим ирэхэд тэнд 1 цагаан өнгийн Соната зогсож байсан. ... Бид нар тэр тарвасыг гэрийнх нь гадаа хураачихаад бүгдээрээ маргааш нь ***ыд 10 өнгөрөөгөөд уулзацгаая маргааш бирж орж тарвас авах хүн байна уу асууж байгаад энийгээ заръя гээд салцгаасан. ... тарвасаа худалдахад 220 кг болж байсан болохоор тэр нь 220.000 төгрөг болж байсан түүнийгээ бид нар хүн тус бүрд 50.000 төгрөгөөр хувааж аваад таксиндаа 5000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь Буян зах дотор хоолонд орцгоосон”гэх мэдүүлэг /хэргийн 62-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** би өнөөдөр Ширээ нурууны карьерын хажуугаар явж байгаад нэг ногооны талбай дээр хучаад тавьсан ногоо харсан түүнийг бүгдээрээ хамт өнөөдөр хулгайлья гэж хэлэхэд бүгдээрээ зөвшөөрөөд явахаар болсон.
...ногооны талбайн голд хураалттай байсан шуудайтай шийгуанаас хүн бүр нэг нэг шуудайг үүрээд талбайгаас гараад нэг их холдолгүй доохон талд нь тавиад дахиад буцаж ороод мөн нэг нэг шуудайг үүрч гарч ирчихээд тэр газраа бөөгнүүлээд древень рүү явж такси олох гээд 4-лээ алхсан. ...***ыхаас шийгуагаа аваад машинд ачаад зах дээр ирээд нөгөө ярьсан ах эгч 2-тоо 1 кг-ийг 800 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 69-70 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ширээ нуруунд өөрийн тарьсан ногооны талбайд 18 цагаас эхлээд т3 хүүхдийн хамт 21 цаг 30 минут хүртэл тарвасаа түүгээд түүсэн 22 шуудайтай тарвасаа талбайн гол хэсэгтээ хураагаад юмаар хучаад тавьсан. Тэгээд бид нар тухайн үед ногооны талбайн хашаан дотор байдаг эсгий гэр дотроо 22 цагийн үед амарсан. Тэгээд тэр шөнө бороо орж байхад 00 цагийн орчим нохой хуцаад байхаар нь манай дүү *** хураасан ногоогоо гарч харахад хураасан ногоо бүтэн байна гээд буцаж орж ирээд унтсан. Үүнээс хойш үүрээр 05 цагийн орчим дахиад нохой хуцахаар нь би гараад хураасан тарвасаа хартал хураалттай байсан тарваснаас минь 8 шуудай буюу 280-300 кг орчим тарвас дутсан байсан. Шуудай нь улаан өнгийн сеткэн, уяа нь ногоон өнгийн бучтэй байсан.Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан тарвас 1 шуудайндаа 38-40 кг нийтдээ 280-300 кг байгаа. Би 13 хувийн чихэрлэгтэй хар ногоон өнгийн судалтай, дугуй бөөрөнхий эрт ургацын тарвас тарьсан. Би хураасан тарвасаа Улаанбаатар хот руу зөөж 1 кг-ийг нь 8 дугаар сарын 10-ны байдлаар 2000 төгрөгөөр зарсан тийм учраас би өөрийн алдсан тарвасаа 600,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх 27 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр лангуун дээрээ зогсож байхад манай лангууны урд 4 хүүхэд ирээд шуудайтай тарвас зарж байсан. Тэгэхээр нь би 1 шуудай тарвас худалдаж авсан. Одоо 1 шуудайд нь хэдэн кг байсныг санахгүй байна. Мөн хэдэн төгрөгөөр авсанаа ч санахгүй байна. Би тэд нарыг хэдэн шуудай тарвас авч явсаныг мэдхгүй. Судалтай зууван ногоон өнгөтэй тарвас худалдаж авсан, ямар шуудай байсаныг мэдэхгүй байна...“ гэх мэдүүлэг / хэргийн 28 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тарвас худалдаж аваагүй манай дүү лангуун дээр зогсож байхдаа 4 хүүхдээс шуудайтай тарвас худалдаж авсан.Тийм учраас би хэдэн кг тарвас хэдэн төгрөгөөр худалдаж авсаныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хэргийн 29 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөх ах ***ын Ширээ нуруунд байдаг ногооны талбай дээр хот руу өгч явуулах 22 шуудай тарвасыг 18-21 цагийн хооронд хурааж дуусаад ногоон талбайн гол хэсэгт юмаар хучиж тавьсан. Тэгээд би *** ахын хамт ногоон талбай дотор байрлах гэртээ ороод амарч байхад бороо орж байсан учир гадаа юу болж байгаа талаар мэдэгдээгүй. Тухайн үед 12 цагийн орчим нохой хуцахад би гарч харсан чинь гадаа ямар нэгэн зүйл харагдаагүй болохоор би тэгээд унтсан. Тэгээд өглөө намайг унтаж байхад *** ах сэрээгээд тарвас алга болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 31 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 7-9 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 20-25 дугаар хуудас/
Эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хэргийн 33-34 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 93-96 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Ширээ нуруунд байх иргэн ***ын ногооны талбайгаас 8 шуудай буюу 304 кг тарвас хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /хэргийн 36 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 28 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 29 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч *** нарын өгсөн мэдүүлэгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 7-9 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 20-25 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэж бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь Сэлэнгэ аймгийн сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 167 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн ялтай байдлууд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т тус тус зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэснээр тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т зааснаар шүүгдэгч ***ын Сэлэнгэ аймгийн сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас, мөн шүүгдэгч *** Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 167 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтай байх хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч ***т 2 жил 3 сар /хоёр жил гурван сар/, ***, ***, *** нарт тус бүр 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, ***, ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, ***, ***, *** нарт тус тус оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ***нарт мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч ***нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин *** болтол ***нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА