Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0279

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                          Хэргийн индекс: 171/2015/0305/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагч Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн  хуралдаанаар

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000627 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын  26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дархан Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, 

Шүүгдэгч *** нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 2 дугаар багийн 39-03 тоотод оршин суух иргэн ***г өөрийн нөхөр ***тай эр эмийн харьцаатай гэж хардан улмаар гэрийнх нь цонх руу тоосго шидэж зочны өрөө болон гал тогооны өрөөний вакум цонхнууд болон цонхны тавцан дээр байсан 6 ширхэг ваартай цэцгийг санаатайгаар хаглан 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлт бичигдсэнээр/,

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ *** гэдэг хүнтэй би найз байгаа юм. 2015 оны 04 дүгээр сард би Ховд аймаг руу яваад 2 сар болсон. Энэ хугацаанд над руу хүмүүс залгаад танай нөхөр чинь танай найз *** өдөр шөнөгүй хамт яваад байна гэхэд нь залгаад нөхөр, найз хоёроосоо асуухад тийм зүйл байхгүй гэсэн. Үнэндээ манай найз, нөхөр 2 явалддаг л байсан юм билээ. *** манайд орж ирээд танай нөхөрт чинь хайртай салж чадахгүй гээд байхаар нь нөхрийнхөө хувцасыг бэлдээд наад хүүхнийдээ очиж амьдар гээд явуулахад юу ч хэлэхгүй яваад өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн удаа ***гийн гэрээс ирдэг байсан. Би  надад ингэж хандаж байхаар тэр айлдаа очиж амьдар гэхэд 5 хүүхдээсээ салж чадахгүй чи өөрөө салах гээд байгаа бол яв гэхээр нь надад гэр барьж өг очих газар байхгүй гэхэд мөнгө нэхлээ *** надаас мөнгө нэхдэггүй гэхээр нь уурандаа очоод 2 цонхийг нь хагалсан юм. Тэгтэл *** цонхоороо хүүхэд оночихлоо гэхэд нь би гэртээ харьсан. Маргааш нь гэрт нь очоод хүүхдийнх нь хөлийг харахад арьс нь улайгаад жаахан зулгарсан байсан. Хагалсан цонхоо шиллүүлж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг 
 
         Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 07 дугаар сарын сүүлээр эмнэлэгт хэвтээд 08 дугаар сарын эхээр эмнэлгээс гараад Шарынголд гэртээ 14 цагийн орчим очоод гэртээ хоноод маргааш өглөө 11 цагийн орчим дэлгүүр лүү явчихаад буцаад харьж байсан чинь манай нөхөр ***гийнхаас цамцаа сольчихсон ирж байсан. ...Тэр өдрийн 21 цагийн орчим дэлгүүр лүү ороод нөхөртэйгөө мөнгөнөөс болоод дахиад маргалдахад манай нөхөр “*** чам шиг мөнгө нэхдэггүй,  надаас мөнгө авдаггүй гэж хэлэхээр нь “тэр чинь чамаас мөнгө авдаггүй би чамаас дандаа мөнгө авдаг юм чинь чамаас дахин зарлага гарган тэр хүүхний чинь цонхыг очиж хагална” гэтэл тэг тэг чи ямар хагалж сураагүй биш” гэж надад хэлэхээр нь уур хүрээд ***гийнх руу очоод цонхыг нь газар байсан тоосго авч шидээд хагалчихсан“ гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/
      
         Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын 12-ны орой гэгээ тасарсан байхад би тухайн үед цаг хараагүй манай гэрийн цонхоор тал тоосго ар араасаа орж ирсэн. Тэгээд би 2 охиныхоо хамт босоход манай 2 охин шкафны араар нуугдах гээд гүйж байхдаа охин *** шидэгдсэн тоосгонд зүүн талын гуяны дотор хэсэгтээ оногдсон. Тэгээд би гал тогооны өрөөний цонхоор гадагш харахад миний таних Цэвэлмаа гэдэг эмэгтэй цааш гэр лүүгээ алахаад явж байсан тэгээд би Цэвэлмаагийн араас чи хүүхдийн хөл цохичихлоо ш дээ гэтэл тэр чигээрээ алахаад явчихаар нь би ээждээ гэрийн цонх хагарсан талаар хэлэхэд цагдаа дуудсан байсан. 3 цонхыг нь нийт 220 000 төгрөг, ... 6-7 цэцгийг 35 000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...том өрөөний цонх хагараад тоосго орж ирэхэд би ***о эгчийн хамтаар том өрөөний хананд байрлах шкаф руу нуугдах гээд орноосоо босоод шкаф руу гүйж байсан чинь гүйж байх замдаа тоосгонд оногдсон. Тэгээд би тэр үед тоосгонд оногдчихоод шкафны араар ороод тоосгонд цохиулсан хөл өвдөөд байхаар нь уйлсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч ***,  Д.Цэлмэг нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 26-27, 29 дүгээр хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хэргийн 8 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг болно. 
Шүүгдэгч *** нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 2 дугаар багийн 39-03 тоотод оршин суух иргэн ***г өөрийн нөхөр ***тай эр эмийн харьцаатай гэж хардан улмаар гэрийнх нь цонх руу тоосго шидэж зочны өрөө болон гал тогооны өрөөний вакум цонхнууд болон цонхны тавцан дээр байсан 6 ширхэг ваартай цэцгийг санаатайгаар хаглан 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 19 дугаар хуудас/, гэрч ***, Д.Цэлмэг, насанд хүрээгүй гэрч Э.*** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 25-26, 22, 28 дугаар хуудас/, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 8 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв. 
 ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалж шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

          Хохирогч *** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт  хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5,  55.1.9 дахь  хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж үзэв.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. ***г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч ***г 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн  хорих ял  оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
    
            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг тал тоосгыг устгасугай.
    
            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
 
     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.МӨНХТУЯА