Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2015/ШЦТ/286

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                     Хэргийн индекс: 171/2015/0326/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын  прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч***,
           Шүүгдэгч ***нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *** овогт Аюурзаны Дарханбаатарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.. 


Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  оны ***  дугаар сарын *** -ны өдөр *** аймгийн***  сумд төрсөн, ***  настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр, хүүхдийн хамт *** аймгийн *** сумын ***  дугаар баг, *** -***  тоотод оршин суух, “***” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагнал,  ял шийтгэл үгүй гэх бие эрүүл хэрэг хариуцах чадвартай *** овогт *** ны ***  РД: ***
 
Үйлдсэн хэргийн талаар :
***нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр архдин согтуурсан үедээ  хамтран амьдрагч***ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 
                                                       
                                                      Тодорхойлох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 

-Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтэд болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэртэй ярилцахаар ажил дээр нь 2 удаа очиход эзгүй байсан. Асуухаар бирж руу бараа материалд явсан, айл руу материалд явсан гэх шалтгаан хэлсэн. Үүнээс болоод би бухимдаад *** хүүхдээ эхнэрийн ажил дээр эхнэрт үлдээчихээд түрүүлээд гэрт очиж угаалгын машин оруулчихаад буцаад гарсан. Гараад явж байтал *** гэх найз маань залгаад машинд чинь байгаа 3 ширхэг пиво аваад хүрээд ирээч гэхээр нь би *** хотхоны дулаан граншинд машинаа тавьчихаад  3 пиво аваад шинэ хороололын ***-*** тоотод ***ын гэрт очиж уусан. *** ахин 6 пиво аваад түүнээс би нэгийг нь уусан. Нийтдээ би 2 пиво уучихаад тэндийхээс  19 цаг өнгөрч байхад гараад гэртээ очсон. Гэрт ороод би хамгийн түрүүлж ***д хандаж надад хэлэхгүй яагаад үр хүндүүлсэн юм гэж хэлээд хэрүүл эхэлсэн. Бид 2 буйдан дээр өөд өөдөөсөө хараад сууж байхдаа би толгой нүүр орчим нь 3 удаа цохьсон. Одоо бид хоорондоо эвлэрч  хамтдаа амьдарч байгаа хохирол төлбөр нэхэмжлэхгүй  гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг. /хэргийн 10-р тал/    

-Хохирогч*** хэрэг бүртгэлтэд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байгаад айл руу материал зээлээр авахаар явчихаад ирсэн чинь намайг эзгүй байх хооронд нөхөр *** ажил дээр ирээд явсан байсан. Өдөр нөхөртэй ярихад *** хүүхдээ авчихъя гэхээр нь би өдөр гараад бирж ороод явж байтал араас нөхөр залгаад чи хаашаа явчихав гээд байсан. Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд ажил дээр ирсэн чинь ажлын гадаа нөхөр *** хүүхэдтэй хамт байсан. Намайг ажил дээрээ байсангүй дэмий тэнэлээ гээд уурлаад тэгээд төлөлтийн мөнгө чинь бүтсэн үү гэхээр нь хүрэхгүй байна гэсэн чинь *** хүүхдээ орхиод уурлаад явсан. Би *** хүүхдээ аваад гэртээ очоод байж байтал орой 21 цаг өнгөрч байхад нөхөр согтуу ирсэн. Чи яасан хүнийг доромжилж ханадаггүй юи бэ? гэж хэлээд би өөдөөс нь яасан бэ гэхэд чи ажил дээрээ байсангүй. Намайг доромжиллоо гээд байснаа миний толгой руу цохиж үснээс зулгааж, гал тогооны өрөө рүү ороод тонгорог авч ирээд чамайг дүрээд өгье нэг нь шоронд ороод нөгөө нь шороонд орно биз гээд дайраад байсан. Тэгсэн миний *** настай охин миний хүзүүнээс зуураад тавихгүй орилж уйлаад байсан чинь нөгөө хутгаа шидчихсэн. Тэгж байтал хаалга нүдээд 2 цагдаа хүрээд ирсэн. Одоо ямар нэгэн санал гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй тул эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг. /хэргийн 24-р тал/    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн *** тоот дүгнэлтэд***ын биед тархи доргилт, нүүрний цус хуралт, хүзүү хоолойны зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хэргийн 15-р тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар талд авагдсанаар ял шийтгэлгүй гэжээ.

             Шүүгдэгч *** нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр архдин согтуурсан үедээ    хамтран амьдрагч***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, хохирогч*** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 10, 24-р тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 1419 тоот дүгнэлт /хэргийн 27-р талд/ авагдсанаар  нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдэж хохирогч***тай  сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  нь зүйтэй гэж үзлээ.

.     Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх  нь зүйтэй байна. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, ,295,296, 297, 298,  418 дугаар зүйлийн 418.5-д  заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч *** овогт ***ны ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар *** овогт ***ны ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3.Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар  ***бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    


                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БАТТУЛГА.