Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 2020              04           28                                        2020/ДШМ/510                                                                           

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор А.Ариунаа,

            шүүгдэгч Б.Б-,

            хохирогч Н.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Б.Хүрэлтулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906074750214 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Б-ын Б, Увс аймгийн Өлгий суманд 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 дүгээр орцны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000000/

Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны гадаа Н.Болорцэцэгтэй автомашины зогсоолоос болж маргалдах явцдаа толгой болон нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б-гээс 428,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Болорцэцэгт олгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг билээ. Энэ хэрэг хохирогч гэх Болорцэцэгийн дээрэнгүй үйлдлээс болсон. Би зогсоолд автомашинаа байрлуулах гээд эхнэртээ зогсоол харж байхыг захиад автомашинаа эргүүлээд ирэх хооронд Болорцэцэг эхнэрийн үгийг үл тоомсорлон хүчээр зогсоолд дайрч орсон. Болорцэцэг тархи доргисноос болоод 10 удаа бариулсан гэдэг боловч тамгагүй баримт гаргаж өгсөн. Би энэ тухай мөрдөн байцаалтын явцад мэдүүлж байсан. Гэтэл шүүх хуралдааны үеэр санхүүгийн тамгатай баримт гэж авчирсан. Энэ баримтыг анхан шатны шүүх хүлээн авч 420,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд надад оногдуулсан торгох ялыг багасгаж, хохирол гаргуулсан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож байсан, ёс зүйтэй хүн. Надад тийм дээрэнгүй зан чанар байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Болорцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б- нь үл ялих зүйлээр шалтаглан бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан. Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд нийцэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Н.Болорцэцэг болсон үйл явдлын талаар хараат бусаар, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой шууд заан мэдүүлдэг. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тухайн гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүссэн гэж үзсэн. Хохирогчийн хэрэгт хавсаргасан 428,000 төгрөгийн баримтаас 120,000 төгрөг нь КТГ шинжилгээний баримт, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 8,000 төгрөгийн баримт, хувь хүнээр толгойгоо бариулсан зардал 300,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Шүүгдэгч уг хохирлын баримтыг тамга тэмдэггүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч бариачаар тодорхойлолт бичүүлж шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Мөн 300,000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга ч хэрэгт байдаг. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ түүний давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны гадаа Н.Болорцэцэгтэй автомашины зогсоолоос болж маргалдах явцдаа толгой болон нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Болорцэцэгийн “... зогсоолд автомашинаа байрлуулахад Б.Б- гэгч “би автомашинаа байруулах гэж байсан” гэж уурлаад хэрүүл маргаан хийж ... намайг автомашинаас буулгахаар угзарч татаад ... миний толгой болон нүүрэн тус газар гараараа цохисон. Дахин хэд, хэдэн удаа гараа атгаж байгаад цохихоор нь би “Миний бие муу” гэж хэлэхэд “Миний ч гэсэн гар муу” гээд намайг цохиод байсан...” /хх-н 19-20/,

гэрч Б.Сарнайн “... би зогсоол харахаар буусан. Хажуугаас нэг автомашин ирээд дайрчих шахаад зогсоол руу орохоор нь “Манай нөхөр автомашинаа тавих гэж байна” гэхэд нөгөө эмэгтэй “би автомашинаа тавих гээд хүлээж байсан юм” гээд маргалдсан. Би эмэгтэйг орхиод цааш яваад байрны жижүүртэй уулзаад зогсч байхад нөхөр ирээд “зогсоолоо харж байхгүй яасан юм бэ” гэхээр нь “... дайруулах шахлаа” гэж хэлэхэд нөхөр нөгөө эмэгтэй дээр очоод маргалдсан...” /хх-н 27-28/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Н.Болорцэцэгийн биед тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 405 тоот шинжээчийн дүгнэлт /хх 30-31/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “... тархи доргилт гэмтэл нь толгой руу цохих үед үүснэ. Мангасдах гэж нүүрэн тус газар 1 гарын 5 хуруу, алга оролцуулан цохих гэж ойлгож байна. Тиймээс мангасдах болон цохих үед үүсэх боломжтой...” /хх-н 35/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Н.Болорцэцэгтэй автомашины зогсоолоос болж маргалдах явцдаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар автомашины зогсоолоос болж маргалдан хэн алиндаа хүндэтгэлгүй хандсан, таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж дүгнэхээр байх тул “хохирогчийн дээрэнгүй зан гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон” гэх шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хохирлын талаарх баримтуудыг судлахад хохирогч Н.Болорцэцэг нь шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 8,000 төгрөг /хх 39/, толгойн КТГ зураг авахуулсны төлбөр 120,000 төгрөг /хх 38/, толгойд бариа заслын эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг /хх 37/, нийт 428,000 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.

Шинжилгээний төлбөр, зургийн үнэ нь санхүүгийн шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон бол бариа заслын эмчилгээ хийлгэсэн 300,000 төгрөгийн нэхэмжлэл нь тухайн үйлчилгээг үзүүлсэн иргэний тодорхойлолт /хх 88/ болон дансны лавлагаа /хх 40, 41/ бүхий бичгийн баримтаар батлагдаж байх тул шүүгдэгч Б.Б-гээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 428,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “ялыг хөнгөрүүлэх, хохирлын нэхэмжлэлээс 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” талаар шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР         

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН