Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0469

 

“Б н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 531 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 95/2019 дугаартай дулаан түгээх, 96/2017 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 297 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч С.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс 128/2025/0605/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б н” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 531 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 95/2019 дугаартай дулаан түгээх, 96/2017 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалтад заасныг тус тус баримтлан “Б н” ХХК-ийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 531 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 95/2019 дугаартай дулаан түгээх, 96/2017 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-т “Эрчим хүчний зохицуулах хороо нь хамтын шийдвэр гаргадаг захиргааны байгууллага, шүүхээс тухайн байгууллагын шийдвэрийг хянахдаа хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргасан эсэх, шийдвэр гаргахад үндэслэл болгосон нөхцөл нь тогтоогдсон эсэхийг шалгахад дээр дурдсанаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Ингэхдээ шүүх нь шүүх хуралдааны явцад, Эрчим хүчний зохицуулах хорооноос манай тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой шинээр нөхцөл байдал илэрсэн болохыг нягталж дүгнээгүй байх ба Эрчим хүчний зохицуулах хорооноос журам зөрчиж манай эрхийг хязгаарласан нөхцөл байдлуудыг мөн орхигдуулж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

            3.1. Шүүх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-аар нарийвчлан тогтоосон гээд энэхүү журмыг үндэслэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгчээ.

            Гэтэл манай компанийн 2024 оны нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан 1, 2 дугаар хавсралтаар тогтоосон бөгөөд 2024 оны журмаар тогтоосон нөхцөл шаардлагыг шинэ журам буюу 2025 оны шинэ журмыг буцаан хэрэглэсэн нь хууль ёсны зарчимд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгөлгүй орхигдуулжээ.

            Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн зарчмаар бодож үзвэл, хуульд нийцэж гаргасан журмыг буцааж хэрэглэх үндэслэлгүй гэж үзвэл шүүх хуулийн хэрэглээнд алдаа гаргасан байх үндэстэй гэж үзэж байна.

            Хэрэв 2024 оны нөхцөл шаардлагыг үнэлэхдээ, хуулийг буцааж хэрэглэхгүй байх зарчмын хүрээнд 2025 оны бус өмнөх журмын дагуу үнэлэх байсан гэж үзвэл хэргийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөхөөр үр дагавар гарах нь тодорхой байтал шүүх “нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн.

            3.2. Шүүх хангалтгүй дүгнэгдэх нөхцөл байдал үүссэн тухай удаа дараа мэдэгдэж байсан гэж дүгнэж тэрхүү мэдэгдлүүдийг дурдсан байдаг.

            Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06/321 тоот мэдэгдлээр хугацаат үүрэг даалгавар өгсөн байх боловч энэхүү хугацаа дуусахаас өмнө 2024 оны нөхцөл шаардлагыг дүгнэж “Хангалтгүй” хэмээн дүн тавьсан байдаг.

            Энэ утгаар нь бодож үзвэл, энэхүү мэдэгдлүүд нь урьдчилан гарсан “хангалтгүй” гэж үнэлэх шийдвэрээ хуульд нийцүүлж ёс төдий мэдэгдэл өгч хуульд заасан шаардлага руу процессыг дөхүүлсэн гэж үзэх нөхцөл байдлыг бий болгож байна.

            Мэдэгдэлд заасан хугацаанд мэдэгдэлд заагдсан зөрчил, дутагдлуудыг арилгахаар ажиллаж байх үед нь зөрчил дутагдлыг арилгах боломжийг олголгүй 2024 оны нөхцөл шаардлагыг дүгнэсэн байтал шүүх тодорхой бус шалтгаанаар “нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн.

            3.3. Шүүх манай компанийн зүгээс 2024 оны нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооноос дүгнэсэн үнэлгээ бүхий баримт материалыг гаргуулж авахаар амаар болон бичгээр хүсэлт гаргаж 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр телеграммаар олж авсан нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрт огт дурдалгүй дүгнэлт өгөхгүй орхигдуулсан байна.

            Бидний ойлгож байгаагаар Эрчим хүчний зохицуулах хороо нөхцөл шаардлагыг дүгнэсэн баримт материал буюу үнэлгээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид танилцуулах үүргийг хүлээдэг. Гэтэл хороо энэ үүргээ биелүүлэхээс ямар зорилгоор татгалзаж, “хангалтгүй” дүн тавьснаас хойш 34 хоногийн дараа буюу хуулиар тогтоосон гомдол гаргах 30 хоног өнгөрсний хойно тусгай зөвшөөрлийг цуцлах хурал болохоос 1 хоногийн өмнө гаргаж өгсөн нь ойлгомжгүй юм.

            Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байтал шүүх тодорхой шалтгаанаар “нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн.

            3.4. Шүүх хуралдааны явцад Эрчим хүчний зохицуулах хороогоор тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг хэлэлцэх үед мэдэгдээгүй байсан хэд хэдэн шинэ нөхцөл байдал илэрсэн.Үүнд:

            -Дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд, хувийн компанийн зүгээс уг шугам сүлжээг шилжүүлэхтэй холбоотойгоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах элчин сайдын яам руу албан хүсэлтийг өгч асуудлыг хамтран шийдвэрлэх оролдлогуудыг удаа дараа хийж байсан нь батлагдсан.

            Харин өөрийн өмчлөлд авах гэж буй төрийн байгууллагын зүгээс энэ чиглэлд ямар ажил хийсэн нь тодорхойгүй үлдсэн.

            Зөвхөн манай компанид хамаарал бүхий шугам сүлжээг төрийн өмчлөлд шилжүүлэх тухай асуудал яригдаж байсан бол шүүхийн дүгнэлт зөв байж болох нь хэд хэдэн компанийн эрх ашиг нэгэн зэрэг хөндөгдөж байгаа асуудлаар нэгэн хувийн компанийг эрхээ хэтрүүлж бусад компаниудад “албадлага” хэрэглээгүй хэмээн буруутгах нь буруу гэж үзэж байна.

            -Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллах хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авах бүрэн шийдвэрлэх ажлын хүрээнд, 2024-2025 оны хооронд 2024 оны нөхцөл шаардлагын хугацаанд тус компани дээр халаалттай холбоотойгоор хэрэглэгчдээс нийтдээ 185 дуудлага, санал гомдол ирсэн байх бөгөөд бүгд бүрэн шийдвэрлэгдсэн байна.

            Энэ хугацаанд компаниас шалтгаалсан осол, аваар гарч иргэдийг хохироосон нөхцөл байдал Эрчим хүчний зохицуулах хорооны тайланд байхгүй болох нь тогтоогдсон.

            Гэтэл 11-11-т ирсэн 2179 тооны дуудлагаар компани “огт” санал гомдол шийдвэрлэдэггүй гэсэн дүгнэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо хийсэн нь ойлгомжгүй юм. 11-11-т бүртгэлтэй дуудлагын тоо нь нийт ирсэн дуудлага, санал гомдлын хувь болж байхад хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний зөрчил мэтээр дүгнэж шүүх тэр нөхцөл байдлыг хүлээж авсан шалтгаан нөхцөл ойлгомжгүй юм.

            11-11 заагдсан санал гомдлыг арилгаагүй хугацаагаар бодож үзвэл, 21 тооны байр ... 13 цагийн хугацаанд дулааны доголдолтой болон усгүй байсан мэт сэтгэгдлийг төрүүлж байх ба энэ нь дулааны улиралд онцгой нөхцөл байдалд тооцогдож Эрчим хүчний зохицуулах хорооны тайланд дурдагдах ёстой байжээ. Гэтэл тийм мэдээлэл байхгүй болох нь тодорхой болсон.

            -Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд, хийгдсэн ажлын тайланг 2025 оны 01 дүгээр сард цахимаар хүргүүлсэнтэй Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн танилцаагүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Хорооны мэргэжилтэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн манай компаниас ирүүлсэн ажлын тайланг байхгүй мэтээр хурал дээр танилцуулсан гэсэн үг юм.

            -Санхүүгийн зохистой харьцааг хангаж дулааны эрчим хүчний өргүй байх ажлын хүрээнд, нөхцөл шаардлагыг дүгнэх хурал хуралдаан дээр эрчим хүчний өр буураагүй гэж дүгнээд өрийн хэмжээг 110 сая төгрөг гэж ярьсан байдаг.

            Гэтэл үнэн хэрэг дээрээ 110 сая төгрөгийн өрнөөс 4 сард 13 114 762, 5 сард 13 424 126, 26 538 888 төгрөгийн өрийг барагдуулсан байсан байх бөгөөд мөн нь Хорооны мэргэжилтэн өр барагдсан нөхцөл байдлыг дарагдуулж өр барагдаагүй гэсэн агуулгаар Хорооныхоо хуралд танилцуулсан нь тогтоогдсон.

            Шүүх хуралдааны үед шинээр илэрч тогтоогдсон энэхүү нөхцөл байдлууд нь Хорооны зүгээс “зохиомлоор” оноо хасах шалтгаан нөхцөл болсныг баталж байгаа хэрэг юм. Гэтэл шүүх энэ бүх нөхцөлүүд 100 хувийн биелэлттэй байх ёстой гэж өрөөсгөл дүгнэснийг алдаа гэж үзэж байна. Хороо үнэлэхдээ, 10 хүртэл оноог өгдөг бөгөөд хийгдсэн ажлууд, биелэлтээс шалтгаалан оноо өгдөг ба шүүхийн шатанд илэрсэн дээрх ажлуудыг хэдээр үнэлэх байсан нь нээлттэй үлдэж байна.

            Тэгвэл энэ боломжоор хангаагүй нь тогтоогдсоор байтал шүүх тодорхой шалтгаанаар “нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн.

            3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д “Харин нэхэмжлэгчээс тухайн албан бичгүүдийг хариуцагчаас зохих журмын дагуу мэдэгдээгүй гэж маргасан боловч албан бичгүүдийг тухай бүр нь шуудангаар хүргүүлж байсан нь явсан бичгийн бүртгэлээр тогтоогдсон, үүний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлуудад оролцсон нь тухайн өдрүүдийн хурлын тэмдэглэлээс харагдана” гэж дүгнэжээ. Гэтэл захиргааны байгууллагаас албан бичгээ шууданд хийхээс гадна телеграммын цахим хаяг ашиглаж харилцагч нартаа хүргүүлдэг бөгөөд энэ нь хуульд нийцсэн эсэх тал дээр дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

            Бидний зүгээс хариуцагч албан бичгүүдээ шууданд хийсэн эсэх дээр маргадаггүй боловч энэ нь бидэнд хэзээ ирж, албан бичигт дурдсан шаардлага, мэдэгдлийг боломжит хугацааны дотор биелүүлэх эсхүл бэлтгэх боломж байсан эсэх дээр хуульд заасан журмыг зөрчсөн байна хэмээн маргадаг болно.

            Энэ бүх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл, манай эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тодорхой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Б н” ХХК-иас “Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийнх 531 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 95/2017 дугаартай дулаан түгээх, 96/2017 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд 95/2017 дугаартай дулаан түгээх, 96/2017 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу ус, дулаанаар хангах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийн хугацааг өмнө нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 576 дугаар тогтоолоор 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар дахин хүсэлт гаргасан байна.

2.3. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны хуралдаанаар нэхэмжлэгч компаниас гаргасан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцээд маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 531 дүгээр тогтоолоор тус компанийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгосон ба тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл нь “Б н” ХХК нь дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлүүдийн 2024 онд тогтоосон нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдсэн, мөн хорооноос 576 дугаар тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ... “Б н” ХХК нь цаашид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх санхүүгийн боломжгүй байдалд орсон гэж дүгнэгдсэн, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 2024 оноос хойш 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 110.52 сая төгрөгийн өр төлбөртэй, тус компанитай холбоотой хэрэглэгчдээс 2024 онд 44 гомдол бүртгэгдсэн, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 58 гомдол бүртгэгдсэн нь хэрэгцээний халуун ус болон хүйтэн ус хязгаарласантай холбоотой гомдол ирсэн”-тэй холбоотой байна.

2.4. Нэхэмжлэгч компанийн зүгээс “...Ф200 мм-ээс дээш шугам сүлжээг төрийн өмчид бүртгүүлэх ажлын хүрээнд дундын өмчлөлд байгаа компани, байгууллагуудад албан тоот хүргүүлсэн. Энэ ажлын хүрээнд дээрх шугамууд манай компанийн дангаар өмчлөлд биш тул ганцаар шийдвэр гаргаж, дур мэдэн бусдад шилжүүлэх боломжгүй, ... түүнчлэн эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд манай байгууллагаас эрчим хүчний хэмнэлт гаргахуйц ажил нэлээдгүй хийж, холбогдох баримтыг өгсөн байхад оноо өгөлгүйгээр 2024 оны байдлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн, ... “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д төлөх өр төлбөр хуримтлагдсан асуудал нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф батлаагүй, бөөний тарифаар зохицуулагдаж байснаас үүссэн, түүнчлэн манай үйлчлэх хүрээний айл өрхүүд ихэвчлэн түрээсээр оршин суудаг нөхцөл байдлаас үүдэлтэй, ... манай зүгээс өр төлбөрийг үе шаттай бууруулсаар санхүүгийн бэрхшээлийг өөрсдийн боломжоор бууруулж байна, ... түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх Эрчим хүчний зохицуулах хорооны хуралд манайхаас биечлэн оролцох, тайлбар гаргах хүсэлттэй байсан ч биечлэн оролцож тайлбар гаргах эрхээр хангаагүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолоор “Б н” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон байх бөгөөд тус хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 427 дугаар тогтоолын хавсралтаар нэхэмжлэгч компанийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн 2024 онд мөрдөж ажиллах шаардлагыг “Дулаан түгээх, хангах үйл ажиллагааг осол, аваар, сааталгүй явуулах, гарсан аваар, саатал тасралтыг тухай бүрд нь шуурхай мэдээлэх, тайлагнах”, “Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудын үйл ажиллагааг тухайн ус дулаан дамжуулах салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, түүнээс шилжүүлэн авах”, “Дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах”, “Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллах, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авах, бүрэн шийдвэрлэх”, “Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцааны дүрэм”-д заасан “Дулааны нэг худалдан авагч”-тай загварын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах”, “Санхүүгийн зохистой харьцааг хангаж дулааны эрчим хүчний өр, төлбөргүй байх”, “Татварын болон аудитлагдсан санхүүгийн тайлан, түүний тодруулгууд, холбогдох судалгаа, мэдээллийг үнэн зөв гаргаж хууль, дүрэм, журамд заасан болон шаардсан хугацаанд ирүүлэх, тайлагнах” гэсэн 8 үзүүлэлт болгон баталжээ.

2.6. Нэхэмжлэгчээс 2024 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дээрх 8 үзүүлэлтээр гаргаж, тайлангаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06/321 дүгээр албан бичгээр “...Хорооны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр урьдчилсан хуралдаанаар “Хангалтгүй” гэж дүгнэгдэхээр болоод байна. Иймд ... Хорооны 2024 оны 427 дугаар тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2,3,4,5,7 дахь шаардлагууд, мөн 2024 оны 576 дугаар тогтоолын 2.2, 2.3 дахь заалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан бүрэн биелүүлж тайлагнахыг мэдэгдсэн”, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн 2024 оны нөхцөл шаардлагын биелэлтийг хэлэлцэж 53.5 буюу “хангалтгүй” гэж дүгнэн, мөн өдрийн 411 дүгээр тогтоолыг гаргасан байна.

2.7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч энэхүү хугацаа дуусахаас өмнө 2024 оны нөхцөл шаардлагыг дүгнэсэн, ... мөн манай компанийн 2024 оны нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан 1, 2 дугаар хавсралтаар тогтоосон бөгөөд 2024 оны журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг шинэ журам буюу 2025 оны шинэ журмыг буцаан хэрэглэсэн...” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Х.Б, нягтлан бодогч, ерөнхий инженер нар оролцсон боловч дээрх хугацаатай үүрэг даалгаврын талаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлбар хэлээгүй байх төдийгүй уг тогтоосон хугацаанд болон маргаан бүхий акт гаргах хүртэл хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл холбогдох тайлан, шаардсан баримтыг ирүүлээгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр, “Б н” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн 2024 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолд тус хорооны 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын холбогдох хэсгүүдийг үндэслэсэн гэх боловч нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 427 дугаар тогтоолын хавсралтаар баталсан нөхцөл, шаардлагаар үнэлгээгээ хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-аар дүгнэсэн мэтээр хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Гэсэн хэдий ч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохооргүй байна.

2.8. Түүнчлэн эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг 2025 оны 01 дүгээр сард цахимаар хүргүүлсэнтэй Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн танилцаагүй гэх боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад 2025 оны 01 дүгээр сард тус тайланг хүргүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлж ажилласан талаарх тайланг ирүүлбэл зохих хугацааны дотор Эрчим хүчний зохицуулах хороонд ямар хэмжээний эрчим хүч, хэрхэн хэмнэсэн, хэдэн төгрөгийн хэмнэлт, үр дүн гаргасан талаарх нарийвчилсан тооцоолол гаргаж, ирүүлээгүй байх төдийгүй хэрхэн яаж хэмнэлттэй тоног төхөөрөмжийг суурилуулснаараа үр ашигтай ажилласныг нотолсон баримтыг ирүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.9. Мөн “дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд, уг шугам сүлжээг шилжүүлэхтэй холбоотойгоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах элчин сайдын яам /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд/ руу албан хүсэлтийг өгч асуудлыг хамтран шийдвэрлэх оролдлогуудыг удаа дараа хийсэн” гэх бөгөөд шугамыг төрийн өмчид шилжүүлэн өгөхөд ф200мм-ээс дээш голчтой шугам, тоноглолын тоо, хэмжээ, ажлын зураг төсөл, төсөв, одоогийн үнэлгээ /элэгдэл тооцсон/, трасс схем зураг, засварын ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлсэн өгсний үндсэн дээр шилжүүлэх ажил хийгддэг болох нь хавтаст хэрэгт авагдсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны 01/2589 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч компанийн хувьд шугамыг шилжүүлэх ажлын хүрээнд өөрөөс шалтгаалах баримт бичгийг бүрдүүлж, холбогдох байгууллагатай хамтран ажилласан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

2.10. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д өр барагдсан нөхцөл байдлыг буруу тооцсон гэх гомдлын хувьд, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэснээс хойш 110.52 сая төгрөгийн өрнөөс 26 538 888 төгрөгийн өрийг барагдуулсан байгаа нь түүнийг огт өр төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

2.11. Үүнээс гадна нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн Эрчим хүчний зохицуулах хорооны тайланд нэхэмжлэгч компаниас шалтгаалсан осол, аваар гарч иргэдийг хохироосонтой холбоотой нөхцөл байдал гарсан талаар дурдаагүй байх боловч нэхэмжлэгч компанитай холбоотойгоор хэрэглэгчдээс 11-11 дугаарт ирсэн гомдол, мэдээллийг хэрхэн шалгаж, ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй тул дуудлага, мэдээллийн талаар арга хэмжээ аваагүй гэх хариуцагчийн дүгнэлт, тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

2.12. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, дүгнэх нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхэд хамаарах бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгадаг. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх Эрчим хүчний зохицуулах хорооны хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж, нэхэмжлэгч компанийн 2024 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэн, харгалзах оноонуудыг нэмж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлүүдийн 2024 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч маргаагүй төдийгүй Эрчим хүчний зохицуулах хорооноос тус компанид хүргүүлсэн албан бичгүүдийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН